Найзаас найзад
Бошиглогчийн амлалтууд
“Эдгээр зарлигуудыг судлагтун, учир нь тэдгээр нь үнэн бөгөөд итгэмжлэгдсэн юм, мөн тэдгээрт буй бошиглолууд хийгээд амлалтууд бүгд биелэгдэх болно” (С ба Г 1:37).
Бид бошиглогчдынхоо зааврыг дагах юм бол амлагдсан адислалуудыг хүлээж авдгийг би амьдралынхаа туршид яс махандаа шингэтэл ойлгосон хүн. Хэрэв гэр бүлүүд судруудыг тогтмол хамтдаа уншиж байх юм бол Сүнс гэр орныг нь дүүргэх болно хэмээн Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994) 1986 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр амлан хэлсэн билээ.1
Би хайрт гэргийнхээ хамт эл зөвлөгөөг дагахаар шийдсэн юм. Гэргий бид хоёр гурван хүүхэд, 10 настай Хорхе, 9 настай Сюзи, 3 настай Люис нартайгаа хамт Мормоны Номоос өдөрт нэг бүлэг уншиж байх зорилго тавьсан юм. Бид өдөр бүр ингэж уншдаг. Ингэхдээ хүн бүр нэг удаа нэг шүлэг уншина. Люис уншиж чаддаггүй байсан ч, оролцохыг хүсдэг байлаа. Тэр миний өвөр дээр Мормоны Ном бид хоёрын дунд миний өөдөөс харан суудаг байлаа Миний унших ээлж болоход бид хоёр үг бүрийг хуруугаараа зааж, намайг уншихад миний уншсан үг бүрийг Люис дээрээс нь доош нь хараад чанга дуугаар давтан хэлдэг байв.
Люис дөнгөж тав хүрсэн үедээ, “Миний унших ээлж хэзээ вэ?” гэж асуув.
Нас нь арай ахихаар сургуульд ороод аяндаа уншиж сурна гэж бид түүнд хэллээ.
“Би хэдийнээ уншаад сурчихсан шүү” гэж Люис хэлэх нь тэр.
Би гайхан,түүнд Мормоны Номыг өгөв. Тэр номыг доош нь харуулан нээснээ, дээд талаас нь хараад, гарамгай сайн уншиж гарлаа. Тэр Мормоны Номыг дагаж уншсаар байгаад нэг мэдэхэд уншаад сурчихсан байлаа!
Люис зургаан настай байхдаа Сүмийн гишүүдийн гэрээр очиж уулзахад заримдаа надтай хамт явдаг байсан. Би түүнээс гэрчлэлээ бас өөрийнхөө заасан судрын нэгэн захиасыг товч хуваалцахыг хүслээ. Тэр Мормоны Номноос хэдийд ч уншлаа гэсэн, номыг дээрээс доош нь харуулан барьж, дээд талаас нь хардаг байлаа.
Хэрэв та нар бүр бяцхан хүүхэд байхаасаа л судруудыг уншиж эхлэх юм бол та нар Их Эзэний амлалтуудыг илүү сайн ойлгож, Тэрээр та нараас юу хүсэн хүлээдгийг мэдэх болно гэдгийг би гэрчилж байна. Нэгэн цагт та нар эцэг эх болж, үрийн зулай үнэрлэх болно. Хүүхдүүддээ судар уншихыг заа. Тэгвэл та Сургаалт Үгс 22:6 дахь: “Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй” гэсэн амлалт хэрэгжихийг харна.
Люис одоо их сургуулиа дүүргээд бүрэн цагаар ажиллаж байна. Тэрээр ажил, сургууль, Сүмийн үүрэгт ажлаасаа хэчнээн оройтож ирлээ ч гэсэн унтахаасаа өмнө Мормоны Номын нэг бүлгийг заавал уншдаг хэвээр байна. Бид энэхүү ариун номыг уншсаны ачаар гэрийнхэн маань арвин баялгаар адислагдаж, бид улам эв нэгдэлтэй болсон билээ. Ийнхүү бошиглогчийн амлалт бүрэн хэрэгжсэн юм.
Судруудыг өдөр бүр уншиж байхыг би та нараас хүсч байна. Боломжтой бол судруудыг гэрийнхэнтэйгээ хамт уншиж бай. Хөвгүүд та нарыг номлолд үйлчлэхээр бэлтгэхийг би хичээнгүйлэн хүсье. Ариун сүмд үүрд мөнх лацдан холбуулах зорилготой бай гэж би та бүгдийг урьж байна. Эцэст нь би та нарт Ерөнхийлөгч Гордон Б.Хинклийн сүнслэгээр нөлөөлөгдсөн дараах зөвлөгөөг сануулахыг хүсч байна: “Та нар чадах л хэрээрээ бүгд боловсролтой болох хэрэгтэй. … Хөргөгч засварчин байна уу, чадварлаг мэс засалч ч байна уу, ялгаагүй та нар өөрсдийгөө сурган, дадлагажуулж байх ёстой.2
Хайрт хүүхдүүд ээ, багш нарынхаа үгэнд орж, хичээл дээрээ дуулгавартай бай, боломжтой бүхнийг сурахын тулд чадах бүхнээ хий. Та нарт болон гэр бүлд чинь зориулсан арвин баялаг адислалуудыг Их Эзэн нөөцөлсөн байдаг. “Бошиглогчийг дагах нь бидний үүрэг юм. Учир нь тэрээр замыг мэддэг.”3 ●