Биднийг дахин уулзтал
Аянгын нүргэлэх дуу шиг мөртлөө намуухан дуу хоолой
Би газар хөдлөхийг огт анзаардаггүй атал бусад хүмүүс яагаад үүнийг мэдэрч чаддаг юм бол оо? Энэ асуултын хариу надад газар хөдлөлтийг судлах шинжлэх ухаанаас илүү ихийг заасан юм.
Би номлолд очоод хэдхэн долоо хонож байхдаа нэг удаа шөнө дунд нүргэлэх чимээнээр сэрж билээ. Алсад гарсан дуу ойртож, чангарч байв. Удалгүй манай байшин тэр чигээрээ доргив. Доргилт удалгүй зогсоход нүргэлэх чимээ намдав. Тэр нутагт газар нэлээд хөдөлдгийг хамтрагч маань надад анхааруулсан байлаа. Бүх зүйл хэвийн мэт санагдсан тул би удалгүй буцаад унтав.
Тийнхүү шөнө дунд сэрснээс хойш хэдэн долоо хоногийн дараа хүмүүс өглөө эрт газар хөдөлсөн хэмээн ярилцахыг сонсов. Тэр өглөө газар хөдөлснийг би мэдрээгүй болохоор, хүмүүс андуурсан юм болов уу гэж бодлоо. Би гайхаж “газар хөдлөлт” хэзээ болсныг асуув. Хүмүүсийн яриад байгаа тэр цагт би дасгал хийж, шүршүүрт орж байсан болохоор чухам юу болсныг мэдрээгүй ажээ. Шөнө дунд биднийг сэрээсэн анхны газар хөдлөлтөөс хойш сэрүүн байхад маань дахиад газар хөдлөлт болсныг би мэдээгүй ажээ.
Харин энэ нь дараалсан олон газар хөдлөлтийн ердөө эхлэл байж. Би тэр газар хөдлөлтүүдийг огт мэдрээгүй болохоор газар хөдлөлтийн талаар хүмүүс буруу төсөөлөлтэй байдаг юм биш байгаа гэж бодлоо.
Газар хөдлөлт гэж иймэрхүү байдаг юм байна гэсэн төсөөлөлтэй болсноос хойш найман сарын дараа манай Ням гарагийн хичээлийн багш ярианыхаа дундуур зогсож, “Газар хөдөллөө. Та нар мэдрэв үү?” гэж асуув. Надаас бусад нь бүгд толгой дохив. Би юу ч ойлгосонгүй. Ямар нэгэн нүргэлэх чимээ гараагүй шүү дээ. Миний сандал чичирхийлсэнгүй. Хана доргисонгүй. Тэгэхээр яаж газар хөдөлсөн байх билээ?
Багш газар хөдөллөө гэж хэлэхэд би юу мэдрэгдсэн билээ хэмээн санахыг хичээв. Нээрээ бага зэрэг толгой эргэж, хажуу тийшээ дайвах шиг болсон юм байна шүү. Газар хөдлөхийг мэдрэхэд ийм нарийн мэдрэмж хэрэгтэй байдаг гэж үү?
Багшийнхаа тэр үгнээс хойш би нөгөөх яриад байсан газар хөдлөлт үнэхээр бодитой байсныг мэдэрч эхэлсэн билээ. Газар хөдлөх үед би дасгал хийж, усанд орж эсвэл унтаж байсан учраас үл мэдэг чичирхийлэхийг мэдрээгүйгээ ойлгосон. Гэвч би бага зэрэг толгой эргэх шиг мэдрэмж, бараг анзаарагдамгүй чичирхийллийг газар хөдлөлт гэж аажимдаа мэддэг болсон.
Хожим нь би номлолын шинэ хамтрагчтай болов. Нэг өдөр биднийг хичээл зааж байтал, нэг эмэгтэй “Хүүе, газар хөдөлж байна” гэж хэлэхэд би үнэхээр газар хөдөлж буйг мэдсэн. Хамтрагч маань биднийг галзуураагүй байгаа даа гэсэн янзтай харж билээ. Гэвч би үл мэдэг санжигнаж байгаа чийдэнгийн шил рүү заагаад газар хөдлөхийг мэдрэх нарийн мэдрэмжтэй болоход цаг хугацаа хэрэгтэй байдгийг түүнд хэллээ.
Газар хөдлөлт надад Сүнсийг хэрхэн танин мэдэхийг заасанд би их баяртай байдаг. Сүнс заримдаа аянгын намуухан нүргэлэх дуу хоолой болон бидний зүрх сэтгэлд нэвтрэн орох нь байдаг. Гэвч Сүнс нь олонх тохиолдолд чимээ аниргүй шивнээ, шинэ соргог санаа, хүчтэй сэтгэгдэл, ямар нэг хийх буюу хэлэх хэрэгтэй гэсэн торгон мэдрэмжээр ирдэг билээ (Хиламан 5:30-ийг үзнэ үү). Хэрэв бид зөвхөн хүчтэй доргилтыг л мэдэрдэг байвал Сүнснээс ирдэг олон аятай сайхан мэдрэмжийг мэдэхгүй өнгөрүүлж мэднэ. Бид анхаарлаа торгон мэдрэмж дээрээ төвлөрүүлэн Сүнсийг хэрхэн мэдрэхийг зарим үед бусад хүмүүст зааж өгөх хэрэгтэй байж болно. Бид ингэснээрээ мэдлэг ба мэдрэхүйн цоо шинэ ертөнцийг нээж болно.