Сүмд үйлчилсэн нь
Залуучуудын үйлчлэлийн боломж
Нигеричүүд өөрсдийгөө “Африкийн төөнөм халуун наран” дор аж төрдөг гэж хэлэх дуртай. Эквадорын ойролцоо агаарын хэм улирлаас үл хамааран зөвхөн бага зэрэг өөрчлөгддөг. Тиймээс бид наймдугаар сард бүх Африкийн төслийг хэрэгжүүлэх үеэр өглөөний сэрүүн цагаар ажлынхаа ихэнх хэсгийг амжуулахын тулд ажлаа 7 цагт эхэлдэг байлаа.
Бид хүрз, тармуур аваад, Нигерийн Лагос Гадасны Яаба тойргийн ойролцоох сул газрын зэрлэгийг цэвэрлэж, хогийг зөөв. Бид гурван цаг ажилласны эцэст 1.6 га газраас 1.2 га орчмыг цэвэрлэсэн байлаа.
“Энэ хэсгийг дуусгаад өөр нэг өдөр үлдсэн газрыг нь цэвэрлэж дуусгавал яасан юм бэ? Чи юу гэж бодож байна?” гэж бишоп асуув.
Багш нарын чуулгын ерөнхийлөгч Эммануел бишопын хэлснийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж, дургүй байгаагаа илэрхийлжээ.
“Бид энэ хэсгийг цэвэрлэлгүй орхивол залуучууд маань сэтгэл дундуур байх болно” гэж тэр хэллээ. “Үүнийг дуусгая л даа.”
Хогийн ургамал ихэнх газарт 1.8 метр орчим өндөр ургасан учраас хэдий хэр үлдээд байгааг харж баримжаа авахад саад болж байлаа.
“Хилл ах аа, 70 см орчим энэ нарийхан жимийг цэвэрлэхэд та бид хоёрт хэр зэрэг хугацаа шаардагдахыг үзье” гэж Эммануел хэлэв. “Хэрэв бид хоёр үүнийг түргэн дуусгачихвал бусад нь энэ ажлыг бодож байснаасаа илүү түргэн дуусгах боломжтой юм байна гэдгийг харах болно.”
Хоёр бүлэг болж хуваагдсан залуу эрэгтэйчүүд цэвэрлэх газрын хоёр талд өдөржингөө ажиллав. Хэн нь ч өтгөн шигүү зэрлэгийг хадаж нөгөө тал руугаа хүрч чадсангүй. Миний нуруу өвдсөн учир жаахан амрахын тулд зэрлэгийг илдээр хадсан хэвээр өвдөглөн явж үзлээ. Хэдэн залуус Эммануел бид хоёрыг өөд өөдөөсөө харан зэрлэгийг хоёр талаас нь хадаж байгааг хараад бидэнд туслахаар хүрч ирэв. Бид хэдэн минутын дотор өндөр шигүү зэрлэгийг хоёр талаас нь хадаж бие биеэ хараад баярлав. Шигүү зэрлэг дундуур гаргасан жимийг бусад залуус хараад бид хоёртой адил хос болон ажиллаж эхлэв.
Тэгээд бид цаг хүрэхгүй хугацаанд дуусгалаа. Бид сэтгэл хангалуун байдлаар бие биедээ, ялангуяа үүнийг санаачилсан Эммануелд баяр хүргэлээ.
Бишоп бид хоёр өөрсдийгөө залуу эрэгтэйчүүдийг юу хийж чадахыг нь мэддэг гэж бодож байлаа. Бид халууцаж, ядарсан хөвгүүдийг л харсан бол харин Эммануел найз нартаа нэр төр, өөртөө итгэлтэй байдлыг төлөвшүүлэх боломжтойг харжээ. Ажлаа хойшлуулахын оронд хүчээ дайчлан шаргуу ажилласан нь илүү их сэтгэл ханамж авчрахыг тэр мэдэж байлаа. Тэрээр Сүмийн залуучуудын хүч чадал болон тэдний тус дэм, нөлөө хэчнээн чухал болохыг бидэнд сануулсан.
Хэрэв бид тэдэнд одоо боломж олгох юм бол тэд сайн зүйлс хийх болно. Заавал тэднийг өсч том болохыг хүлээх хэрэггүй.