Номлолын талбараас
Сүнсний эдгээлтийн гайхамшиг
Нэг өдөр хамтрагч бид хоёр Бразилын Коломбо дахь шинэхэн хөрвөгчтэй уулзахаар очтол тэднийд баахан хамаатнууд нь ирсэн байлаа. Гэр пиг дүүрэн хүнтэй байсан ч тэд биднийг захиасаа хуваалцахыг урилаа. Нөгөөх хөрвөгчийн ах нь орж ирэхэд бид захиасаа эхлэх гэж байв. Тэр Сүмийн гишүүн биш бөгөөд бидний ирсэнд дургүй байлаа. Тэр ямар нэг аргаар бидэнтэй сөргөлдөхийг хичээж байгаа бололтой.
Энд цугласан гэр бүлийн бүх гишүүдийн тухай бас тэдний өвчний тухай бичсэн тэмдэглэлийн дэвтэр түүнд байдаг ажээ. Биднийг эдгээлтийн бэлэгт итгэдэг үү? гэж тэр асуув. “Мэдээж хэрэг бид үүнд итгэдэг” гэж бид хариуллаа. “Аа тийм үү, би энэ тэмдэглэлийн дэвтэр дэх бүх хүмүүсийг эдгээсэн” гэж тэр хэлээд, Та нар хэчнээн хүмүүсийг эдгээсэн бэ?” гэж асуулаа.
Бид санваар, итгэл болон бүх зүйлс хэрхэн Бурханы хүслийн дагуу болдгийг тайлбарлахыг хичээсэн ч биднийг дайрч довтолж байгаа мэт санагдав.
Тэгтэл “яг тухайн цагт нь” (С ба Г 100:6) юу гэж хэлэх хэрэгтэйг Сүнс бидэнд шивнэсэн юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогч бид эдгээлтэд итгэхийн сацуу бидний ажил сайн мэдээг заалгаж байгаа хүмүүст сүнсний эдгэрэлтийг авчирдаг. Энэхүү эдгээлт Есүс Христийн Цагаатгалыг хүлээн зөвшөөрсний дараа итгэл, наманчлал, усанд умбуулалтаар хийх баптисм, Ариун Сүнсний бэлэг авч, эцсийг хүртэл тэвчсэнээр ирдгийг би тайлбарлалаа.
Бид биеийн эдгээлтэд итгэдэг ч хамгийн чухал эдгээлт бол сүнсний эдгээлт гэдгийг тайлбарлав. Бид энэ төрлийн эдгэрэлтийг өдөр бүр хардаг. Биеийн өвчнөөсөө эдгэрсэн хүмүүс Христийг дагахын тулд наманчилж, амьдралаа өөрчлөх шаардлагагүй нь мэдээж юм.
Сүнс биднийг тайван байдлаар хариулахад удирдсан учраас өрөөн дэх хурцадмал байдал арилж, нөгөөх ах сөргөлдөх бодлоо орхисноор бид захиасаа хуваалцах боломжтой болсон.
Хэдэн сарын дараа номлолоо дуусгаснаас хойш би Лиахона сэтгүүлээс Жон Таннерын тэмдэглэлд: “Хөрвөлт бол хамгийн агуу гайхамшиг” гэж бичсэнийг уншиж билээ. Энэ бол өвчтэй хүнийг эдгээх буюу үхсэн нэгэнд амь оруулж босгохоос илүү чухал гайхамшиг юм. Бие махбодын өвчнөөс эдгэрсэн хүн эцэстээ дахин өвчилж, бүрмөсөн үхдэг бол хөрвөлтийн гайхамшиг үүрд мөнх үргэлжилж, зөвхөн хөрвөгчид төдийгүй түүний хойч үр удамд үүрд нөлөөлдөг. Бүхэл бүтэн үеийнхэн хөрвөлтийн гайхамшгаар эдгэрч, үхлээс гэтэлгэгддэг билээ.”1
Таагүй байдалтай учирсан номлогч бидэнд хүмүүсийн сүнсийг аврах нь бидний зорилго гэдгийг сануулсанд би Ариун Сүнсэнд маш их баярлан талархдаг.