Сайн үлгэр дуурайл
Бид удирдагчдынхаа зааврыг сонсох ёстой бөгөөд тэдгээрийг өөрсдөдөө хамаагүй гэж бодох ёсгүй.
Манай Залуу Эмэгтэйчүүдийн удирдагчид хоногоор явах үйл ажиллагааг аялал зугаалгаар явахад бэлтгэх нэг арга гэж үзжээ. Ингээд АНУ-ын өмнөд Аризона дахь Сан Педро голын эрэг дээр дадлагаа хийхээр сонгожээ.
Аяны хөнжлөө дэлгэсний дараа би бусад охидын хамт орчинтойгоо танилцаж, голын усанд ормоор санагдав. Удирдагчид биднийг явахаас өмнө аюулгүй байдлыг хангах болон анхан шатны тусламж үзүүлэх тухай ярилцах хэрэгтэй гэж үзлээ. Иймээс бид зааварчилгаа сонсохоор голын эрэг дээрх сүүдэртэй газарт суулаа.
Наранд гялалзан харагдах голын усанд анхаарал төвлөрч зааврыг сонсоход саад болж байлаа. Браун (нэрийг өөрчилсөн болно) эгчийг ярьж байхад хөвөнгийн моддыг сэвшээ салхи зөөлхөн үлээж байлаа. Энэ зааврыг өмнө нь сонссон болохоор одоо бидэнд юунд хэрэгтэй юм бол гэдгийг би ойлгосонгүй. Цус гарч шалбарвал шархан дээр нь наалт тавихыг бид бүгдээрээ сайн мэддэг ч энэ талаар дахин дахин л заах юм.
Удирдагчид биднийг гол руу явуулахаасаа өмнө голд гуталгүй орж болохгүй шүү хэмээн давтан хэллээ. “Гол дотор юу ч байж болно, тиймээс хөлөө хамгаалах хэрэгтэй.”
Намайг голын эрэг рүү очиход нэлээд олон охин аль хэдийн голд тоглож байлаа. Ус шавраас болж хүрэн өнгөтэй болсон байв. Усны гүн гучин см хүрэхтэй үгүйтэй байсан болохоор би айх юу байхав хэмээн бодож,
гутлаа тайлахаар шийдлээ. Би ганцхан гутал авчирсан болохоор гутлаа норгочихоод усанд норсон хүнд нойтон гуталтай өдөржингөө явахыг хүссэнгүй. Миний дотны найз Марта, Элизабет хоёр удирдагчид юу гэж хэлснийг надад сануулав. Би гутлаа тайлах болсон шалтгаанаа тэдэнд тайлбарлалаа. Марта ч бас гутлаа тайлав. Элизабет эргэлзсэн хэвээр байв. Би ус руу ороод “Хүсвэл гуталтайгаа бай л даа” гэж егөөдсөн аясаар хэлэв.
Тэр гутлаа тайлаад, ус руу гүйж орлоо. Тэр ус руу орж тав алхаад л гэнэт зогсож, царай нь цайснаа, уснаас хөлөө гаргаж, “Өө” гэж тайван хэллээ. Хөл нь зүсэгдсэнээс цус гоожиж байлаа. Тэр хагархай шилэн дээр гишгэсэн ажээ.
Цус гоожихыг хараад миний дотор палхийж, зүрхний цохилт зогсчих шиг санагдав. Би анхан шатны тусламж үзүүлэх тухай хичээлийг саяхан сонссон ч, юу хийхээ мэдэхгүй байлаа. Тэгээд тусламж эрэн гүйлээ. Өөр хоёр охин түүнд уснаас гарахад нь туслав.
Би Браун эгчийг олж уулзаад юу болсныг хэллээ. Тэр намайг тоглож байна гэж боджээ. Гэвч тэр хөлнөөс нь цус гоожин, зөрөг зам дээр сууж байгаа Элизабетийг хараад, “Зүсэгдсэн газар дээрээ наалт тавь!” гэж хашгиран, түүнийг чиглэн гүйв.
10 минутын өмнөх заавар санаанд орлоо. Элизабетийг тойрон зогссон охид түүний хөлийг өргөж, шархан дээр нь наалт тавилаа.
Элизабетийг эмнэлэгт хүргэж өгөхөд, хөлөө маш гүн зүссэн болохыг нь түүнд хэлжээ. Хөлд нь маш олон оёдол тавьсан бөгөөд эдгэрэлт нь удаан хугацаа шаардана гэжээ. Дараагийн удаа намайг түүнтэй уулзахад тэр суга таягтай байлаа.
Би өөрийгөө хамгийн дотны найздаа хор уршиг тарьж болох ямар нэг муу зүйлийг хий гэж итгүүлэх юм гэж огт санаагүй. Би урьд нь хэзээ ч бусдад муугаар нөлөөлж байсангүй.
Одоо би найз нартаа сайн үлгэр дуурайл үзүүлэхийг хичээж, удирдагчдынхаа үгийг илүү анхааралтай дагах хүсэлтэй болсон. Манай удирдагчид бидэнд юу ярихаа мэддэг хүмүүс.