2012
Асуулт, хариулт
2012 оны зургадугаар сар


Асуулт, хариулт

“Сайн мэдээгээр амьдрахын тулд өөрийнхөө хийх ёстой олон зүйлийн талаар бодоод би заримдаа дотор бачимдах шиг болдог. Би юунаас эхлэх вэ?”

Нэг дор дэндүү ихийг хийх гэж хичээвэл амьдрал төвөгтэй болно. Жишээ нь, хэрэв чи ганцхан өдөр семинар, сургууль, ажилд явж, ариун сүмд орон бас Мючелд явах гэвэл тэвдэн самгардах болно. Харин чи сайн мэдээний үйл ажиллагаануудыг эн тэргүүнд тавьж, тэдгээрт зориулах цагаа төлөвлөвөл илүү өсч хөгжинө. Семинар, залбирал, Бурханы өмнө хүлээсэн үүрэг буюу Хувийн Хөгжил Дэвшил бол өсвөр үеийнхэн та нарын хийх хамгийн чухал зүйлс юм. Эдгээр үйл ажиллагаа нэлээд цаг хугацаа шаардах ч, дуулгавартай байхын тулд хийсэн золиослол бүрийнхээ төлөө та нар адислагдах болно.

Эдгээр үйл ажиллагаанд цаг гаргаж сурахын тулд залбирлаар дамжуулан сүнсний удирдамж эрэлхийлж, цаг заваа хэрхэн зохицуулахыг сайтар тунгаа. Дараагийн долоо хоногт сайн мэдээний болон бусад чухал үйл ажиллагаануудад оролцохоор төлөвлөхөд ням гараг хамгийн тохиромжтой. Бас энэ талаар эцэг эх болон Сүмийн удирдагчидтайгаа зөвлөх нь тустай.

Хийх зүйлсийнхээ талаар бодохдоо Сүмийн хичээл, хөтөлбөр, үйл ажиллагаанууд нь сүнслэг нөлөөтэй бөгөөд гэрчлэлээ бэхжүүлэх, зарлигуудыг сахих, номлолд үйлчлэхэд бэлтгэх болон ариун сүмд гэрлэхэд тань туслах болно гэдгийг сана.

Сайн мэдээнд итгэлтэй байхыг хичээвэл, бүр тэвдэж самгардсан үед чинь ч гэсэн зарлигуудыг сахихад тань туслахын тулд Их Эзэн “замыг бэлтгэх” (1 Нифай 3:7) болно. Зарлигуудыг сахих нь таны амьдралд Сүнсийг урих болно. Харин Сүнсийг мэдрэх нь сүнслэг байдлын зам дээр байгаагаа мэдэх боломжийг чамд олгоно.

Жижиг бөгөөд энгийн зүйлсийг хий

Их Эзэн биднийг бүх зүйлд төгс байхыг биш, харин чадах бүхнээ хийхийг хүсдэг. Хэрэв өдөр бүр судар судалж, залбирах гэхчлэн жижиг зүйлсээс эхэлбэл Тэрбээр өөрийн чинь хүч чармайлтад баяртай байдаг. Бид сайн мэдээгээр амьдрах чин хүсэлтэй байж, өөрсдөдөө хэрэгтэй жижиг бөгөөд энгийн зүйлсийг хийх юм бол биднээс Түүний хүсдэг давшгүй мэт санагдах зүйлс тийм ч хэцүү биш болох нь мэдэгдэх болно.

Хантер Д., нас 17, Теннесси, АНУ

Гэр бүлээрээ сайн мэдээгээр амьдар

Гэр бүлээрээ сайн мэдээгээр амьдрах нь маш чухал юм. Бид гэр бүлийн залбирал, гэр бүлээрээ судар судлах, гэр бүлийн үдэш болон гэр бүлийн түүхийн ажлыг хамтдаа хийснээр сайн мэдээний дагуу гэр бүлээрээ амьдарч чадна. Эдгээр үндсэн зарчим Есүс Христийн сайн мэдээ бидний амьдралд ямар үүрэг гүйцэтгэдгийг гүнзгий ойлгоход чухал ач холбогдолтой.

Черри О., нас 19, Давао, Филиппин

Чадах бүхнээ хий

Хүн олон зүйлийг хийх гэж оролдсон үед самгардаж бухимддагийг би мэдсэн юм. Хэрэв чи өдөр бүр чадах бүхнээ хийвэл энэ нь хангалттай байх болно. Хэрэв чи залбирал болон өдөр бүр судар судлахаар дамжуулан Ариун Сүнсийг сонсож, Их Эзэнд ойр байх аваас юм бүхэн зохих байрандаа орж, удахгүй чи Их Эзэн чамайг ямар хүн болоосой хэмээн хүсдэг тийм хүн болно. Би бараг л төгс хүн байхыг хичээдэг ч хангалттай сайн байж чаддаггүйдээ санаа зовдог байлаа. Энэ бол Их Эзэн надаас хүсэн хүлээдэг зүйл биш шүү дээ. Өөрийгөө голж чамлах мэдрэмж нь Их Эзэнээс ирдэггүй. Хийж чадах бүхнээ Түүнд зориул. Тэгвэл чи амьдралдаа амар амгалан, баяр баясгаланг олно.

Занди К., нас 16, Вайоминг, АНУ

Их Эзэний тусламжийг эрэлхийл

Судруудыг өдөр бүр уншиж, өдөр болгон залбир Ариун Сүнстэй үргэлж эв нийцтэй байхыг хичээ. Сайн мэдээгээр амьдрахад чинь Тэнгэрлэг Эцэг тусална. Түүний тусламжийг үргэлж эрэлхийл. Өөрөөс чинь Түүний хүсдэг зүйлийг хийхийн тулд удирдамжийг хүс. Чи зөв сонголт хийх бүрдээ Сүнсийг мэдрэх болно. Энэ нь чамайг цаашдаа улам олон зөв сонголт хийх хүсэлтэй болгоно.

Таис С., нас 15 Тио Гранде до Сул, Бразил

Их Эзэнд итгэх итгэл

Бидэнд туслах сайн мэдээ байгаа болохоор бүү санаа зов. Хэрэв бид Их Эзэнд итгэвэл Түүний сайн мэдээнд итгэлтэй байж чадна. Итгэлтэй байж, сайн мэдээгээр амьдарвал юуны учир үүгээр амьдарч байгаагаа ойлгох учраас самгардаж тэвдэхгүй байх болно.

Чарлотт Р., нас 14, Юта, АНУ

Хийж чадах ажил дээрээ анхаарлаа төвлөрүүл

Амьдралынхаа хугацаанд бүх зүйлийг хийж амжуулна гэж бүү бод; одоо юу хийх хэрэгтэй байгааг л анхаар. Чадах бүхнээ хий тэгвэл Тэнгэрлэг Эцэг ажлыг тань бүтээж өгнө. Жишээ нь, би семинар дээр Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн тухай хичээл заахаар бэлтгэж байхдаа долоон хүүхдийн (бүгдээрээ надаас ах) анхаарал, сонирхлыг яаж татаж, заах зүйлээ ойлгуулдаг юм билээ гэж бодсон. Би тэднийг чадахынхаа хэрээр хичээлд аль болох идэвхтэй оролцуулахаар шийдсэн. Хичээл дажгүй сайн болсон шүү! Тиймээс яг одоо өөрийн чадах зүйлийг л хий.

Бетани Ф., нас 15, Кентакки, АНУ

Алгуураар сайжир

Их Эзэн сургаалыг бидэнд “алхам алхмаар, шат шатаар энд бяцхан мөн тэнд бяцханыг” (2 Нифай 28:30) өгөх болно хэмээн хэлсэн. Бид сайн мэдээг нэг удаа бүгдийг нь ойлгож чадна гэж бодож болохгүй. Харин энэрэл, итгэл, найдвар мэт суурь ойлголтуудаас эхэлж, судруудыг судлан, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, үргэлж залбирвал бид алгуураар сайжирч, Христэд улам бүр ойртож байгаагаа мэдэх болно.

Рилей К., нас 16, Юта, АНУ