2012
Мацаг биднийг бие бялдар болон сүнслэг байдлын хувьд хүчирхэгжүүлдэг
2012 оны зургадугаар сар


Бид юунд итгэдэг вэ?

Мацаг биднийг бие бялдар болон сүнслэг байдлын хувьд хүчирхэгжүүлдэг

Мацаг нь Хуучин Гэрээний үеэс хойш Есүс Христийн сайн мэдээний хэсэг байсаар ирсэн юм (жишээ нь: Даниел 9:3; Иоел 2:12-ыг үз). Мацаг нь хүмүүсийг сүнслэг байдлын хувьд хүчирхэгжүүлж, залбирлынх нь үр нөлөөг дээшлүүлдэг (Исаиа 58:6–11-ийг үз). Өнөөдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүд мацаг барьж, идэх ёстой байсан хоолныхоо мөнгийг ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд Сүмд өгдөг.

“Сүм сар бүр нэг ням гарагийг, ихэвчлэн эхний ням гарагийг мацаг барих өдөр болгосон юм. Бид дараалсан хоёр удаагийн [24 цагийн турш] хоол идэхгүй, юм уухгүй байж, мацаг болон гэрчлэлийн цуглаанд оролцон, мацгийн өргөлөө тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахад зориулан өгснөөр мацгийн ням гарагийг зохих ёсоор сахьдаг.

Мацгийн өргөл нь хамгийн багадаа идээгүй хоёр хоолны үнэтэй тэнцүү байх ёстой. Боломжтой бол өгөөмөр сэтгэл гаргаж, үүнээс илүүг өгч бай.

Сүмийн удирдагчдын тогтоосон мацгийн өдрөөс гадна та өөрийнхөө болон бусдын хэрэгцээг харгалзан өөр ямар ч өдөр мацаг барьж болно. Гэвч та хэтэрхий олон удаа эсвэл зааснаас илүү хугацаагаар мацаг барих хэрэггүй.”1 Мацаг барих нь эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж болох хүмүүс хэрхэн мацаг барихаа ухаалгаар зохицуулах хэрэгтэй.

Сүмийн гишүүд янз бүрийн зорилгоор мацаг барьдаг. Жишээ нь, бид өвчтэй байгаа гэр бүлийнхээ гишүүний төлөө мацаг барьж, залбирч болно. Мөн Бурханд талархал илэрхийлж, улам даруу болж, сул тал буюу нүглээ ялахын төлөө, Сүмийн дуудлагадаа сүнсний удирдамж хүлээн авахын төлөө гэхчлэн бусад зорилгоор мацаг барьж болно. Мацаг барих нь байнга өлсөж явдаг хүмүүсийг энэрэн хайрлах сэтгэлтэй байхад бидэнд тусалдаг. Мацаг нь бас бидний махан биеийг ялахад сүнсэнд тусалдаг.

  • Их Эзэнд ойр дотно байж, Түүний адислалуудыг авахын төлөө сайн дураараа тодорхой хугацаанд хоол ундгүй явахыг мацаг барилт гэдэг.

  • Биднийг мацгийн өргөлөө өгөөмрөөр өгөхийг урамшуулан дэмждэг бөгөөд Сүм энэ мөнгийг ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүст туслахад ашигладаг.

  • Бид мацгийн ням гарагт ариун ёслолын цуглаан дээр гэрчлэлээ хэлдэг.

  • Мацгаа залбиралтайгаар баривал илүү үр нөлөөтэй.

  • Жинхэнэ итгэлтнүүд тогтмол мацаг барьдаг. Жишээ нь, эх орон нэгтнүүдээ хамгаалахын төлөө хаанаас гуйхад нь Естерийн төлөө эртний иудейчүүд мацаг барьсан билээ (Eстер 4:16-г үз).

Эшлэл

  1. Итгэлдээ үнэнч байх нь (2004), 67–68.

Гэрэл зураг, чимэглэлийг Талат Мехмуд, Жон Лук, Велден Андерсен; Энэ цаг үеийн төлөөнөө Элспет Янг