2012
Гэрлэлтийн талаар хамтран зөвлөлдөх нь
2012 оны зургадугаар сар


Бидний гэр орон, гэр бүл

Гэрлэлтийн талаар хамтран зөвлөлдөх нь

Би Канадын Викториад гэрлэлт ба гэр бүлийн зөвлөгөө өгдөг хүний хувьд хамтран шийдвэр гаргахдаа үргэлж санал зөрөлддөг гэр бүлийн хос Боб, Мэри (нэрсийг өөрчилсөн) хоёрт зөвлөгөө өгсөн юм. Бобтой нэг удаа уулзахад тэр надад, “Би гэр бүлээ тэргүүлж, юу хийх хэрэгтэй байгаа талаар санал дэвшүүлэхэд Мэри санваарыг дэмждэггүй юм!” гэлээ.

Түүний үгнээс харахад Боб тэргүүлэх гэдэг үгийн утгыг бүрэн ойлгоогүй ажээ. Эрэгтэй, эмэгтэй хоёр гэрлэснээр эрх тэгш, эв нэгдэлтэй хос болж, хамтран шийдвэр гаргахыг хичээх ёстой.

Би санваартны зөвлөлүүдийн загвараас сурч мэдсэн хамтран зөвлөлдөх зарчмуудыг энэ гэр бүлтэй хуваалцсан. Гэр бүлийн хүрээнд зөвлөлдөх нь Сүмд зөвлөлдөхөөс нэлээд өөр ч гэсэн олон зарчим нь адил юм. Бид эдгээр зарчмыг гэр бүлийн хүрээнд хэрэгжүүлэхийг хичээвэл уг зарчмууд Их Эзэний таалалд нийцэх замаар гэрлэлтээ бат бөх болгоход бидэнд тусалж чадна.

Зарчим 1: Нэгдмэл саналаар шийдвэр гаргах нь

Санваартны зөвлөлүүдэд

Ерөнхийлөгчийн болон бусад зөвлөлүүд, бишопын зөвлөл бүгд санал нэгтэй, эв нэгдэлтэй байх зарчмаар ажилладаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга ямар ч асуудлаар үйл ажиллагаа явуулахаас өмнө санал нэгтэй шийдвэр гаргадгийг Ахлагч М.Рассел Нелсон тайлбарлахдаа: “Бид Сүмийг удирдахаас эхлээд дэлхий дахины үйл явдлуудыг хүртэл өргөн цар хүрээтэй, үй олон асуудлыг чин сэтгэлээсээ илэн далангүй хэлэлцдэг. Заримдаа шийдвэр гаргахаас өмнө асуудлыг хэдэн долоо хоног, хэдэн сар, зарим үед бүр хэдэн жил хэлэлцдэг” гэжээ.1 Санал нэг байх нь туйлын чухал учраас тэд нэгдмэл саналд хүрэхээс нааш шийдвэр гаргадаггүй.

Их Эзэн зөвлөлүүд дэх нэгдмэл байдлын энэ зарчмыг Иосеф Смитэд ийн заасан билээ: “Эдгээр чуулгуудын аль алиных нь гаргасан шийдвэр бүр мөн тэдний нэгдмэл дуу хоолойгоор байх ёстой; энэ нь тэд бие биентэйгээ нэгэн адил хүч хийгээд хүчин төгөлдөр байх шийдвэр гаргахын тулд чуулга бүр дэх гишүүн үүний шийдвэрүүдийг зөвшөөрсөн байх ёстой гэсэн үг юм” (С ба Г 107:27).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар, “Хэрэв бид эв нэгдэлгүй байвал сүнслэг удирдамж хүлээн авч чадахгүй” хэмээн сургаж, энэхүү зарчмыг давтан бататгасан юм.2 Бид зорилго болон залбирлаар нэгдсэн үед Ариун Сүнсний удирдамж хийгээд нөлөөг урьдаг.

Гэр оронд

Санваартны зөвлөлүүдэд байдаг санал нэгдмэл байх зарчим гэрлэлтэд бас үйлчилдэг. Гэр бүлийн зөвлөл бол Сүмийн анхдагч зөвлөл мөн хэмээн ах нар сургасан билээ.3 Гэр бүлд нөхрийн санал эсвэл эхнэрийн санал хамгийн чухал гэж тэд сургаагүйг анхаар. Эхнэр, нөхөр хоёрын санал нэгдмэл байх ёстой.

Гэр бүлийн хос, ялангуяа чухал асуудлаар нэгдмэл шийдвэрт хүрэхийг хичээдэг нь зүй ёсны юм. Түүнчлэн гэр бүлийн хосууд зөвлөлдөхийн оронд нэгнээсээ илүү эрхтэй байхыг хичээвэл “Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаа, улмаар өөрсдийнх нь хоорондох харилцаа тасалдаж зогсоход хүрнэ. Ингээд Тэнгэрлэг Эцэг оролцохоо болино. Түүнийг урихгүй л бол хөндлөнгөөс бараг оролцдоггүй шүү дээ.”4 Хамгийн гол нь Тэнгэрлэг Эцэгийг жинхэнэ ёсоор урьж, яриа хэлэлцүүлэгтээ оролцуулах нь чухал. Хэрэв бид даруухнаар хамтран ажиллаж, бие биеэ дэмжих юм бол Их Эзэнээр удирдуулснаас ирдэг нэн чухал адислалыг хүлээн авах болно.

Ялангуяа гаргах гэж байгаа шийдвэр хамгийн сайн хувилбар биш мэт санагдсан үед Сүнсний удирдамжаар санал нэг шийдвэр гаргах нь нэн чухал юм. Нэгдмэл санаа бодолтой удирдагчдын зөвлөлийг Их Эзэн дэмжин, тэдний боловсронгуй биш төлөвлөгөөг сайжруулж, “үүнийг Өөрийн мэргэн ухаан хийгээд хүчээр баяжуулан, үр ашигтай болгодог” хэмээн Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Жорж К.Каннон (1827–1901) хэлжээ.5 Энэ амлалтыг бүх зөвлөлүүдэд түүний дотор гэр бүлийн хост өгсөн юм.

Гэвч, шийдвэр гаргах нь зөвхөн албан ажил хэргээр хязгаарлагддаггүй. “Эхнэр нөхөр хоёр хоорондоо ярилцах нь гэр бүлийн зөвлөгөөн хийж байгаа хэрэг” хэмээн Ахлагч Баллард заажээ.6

Түүнээс гадна, Их Эзэн бидэнд бүх зүйлээр зарлиг өгдөггүйн адил гэр бүлийн хос шийдвэр гаргах бүрдээ гэр бүлийн зөвлөгөөн хийх шаардлагагүй. Гэр бүлийн хос мөнхийн үр дагавар багатай өдөр тутмын асуудлаар шийдвэр гаргахад бие биедээ итгэдэг байх хэрэгтэй. Тэд Их Эзэний удирдамж, судрууд болон бошиглогчдын үгс дээр тулгуурлан хамтран ярилцсаны үндсэн дээр шийдвэр гаргах шаардлагатай асуудлуудыг тодорхойлно.

Зарчим 2: Идэвхтэй оролцоо

Санваартны зөвлөлүүдэд

2010 оны 11-р сард болсон дэлхий дахины удирдагчдын сургалт дээр Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч Жюли Б.Бек дараах судрыг хуваалцжээ: “Өөрсдийнхөө дунд багшийг томил, мөн бүгдээрээ нэгэн зэрэг яригчид бүү байг; бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд мөн хүн болгон тэгш боломжтой байж болохын тулд нэг нь хэсэг хугацаанд ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог” (С ба Г 88:122). Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн Ахлагч Уолтер Ф.Гонзалес түүний энэ үгийг дагасан нь сүнслэг нөлөөнд түлхэц үзүүлсэн оролцоог харжээ.7 Хүн бүр үгээ хэлэх адил тэгш боломжтой байгаа үед хувь хүмүүсийн нэгдмэл санаа бодол илүү хүчтэй болдог.

Гэр оронд

Идэвхтэй оролцооны зарчим нь эхнэр, нөхөр хоёр аль аль нь шийдвэр гаргахад оролцохын чухлыг бидэнд зааж байна. Эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь бүх шийдвэрийг гаргаж, нөгөө нь зөвхөн зөвшөөрдөг байх нь хангалтгүй юм. Эхнэр, нөхөр хоёулаа сүнсний удирдамжийг эрэлхийлж, дараа нь бие биеийнхээ бодол санааг сонсон дэмждэг байвал илүү амжилтанд хүрч чадна.

Ерөнхийлөгч Ховард В.Хантер (1907–1995) хэлсэн нь: “Санваартан хүн гэр бүл, гэр орноо тэргүүлэн авч явахад эхнэрээ гэр бүлтэйгээ холбоотой аливаа шийдвэрийг гаргахад бүрэн оролцох ёстой өөрийн хамтрагч гэж үзнэ. … Эр хүнд эхнэр нь тэгш эрхтэй туслагч буюу бүх зүйлд хамтрагч, түнш байх ёстойг Их Эзэн заажээ.8 Эрэгтэй, эмэгтэйчүүд биднийг бие биедээ тусалж байхаар бүтээсэн юм. Бид эхнэр буюу нөхрөө гэр бүлийн чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцуулвал гэрлэлтийн үр шимийг мэдэрч чадна.

Зарчим 3: Зөв шударгаар тэргүүлэх нь

Санваартны зөвлөлүүдэд

Тэргүүлэх гэдэг үгийн утгыг зөв ойлгох нь санваартны зөвлөлийг үр ашигтайгаар удирдан явуулахад нэн чухал юм. Тэргүүлэгч хүмүүс “сүмийн дээр хянадаг” (Aлма 6:1) бөгөөд зөвлөлдөх үйл явцын нэгдмэл байдал, эрх тэгш оролцооны болон бусад зарчмуудыг хангах үүрэгтэй. “Санваар атгадаг хүмүүс бусдыг айлгах замаар захирахын тулд санваарын эрх мэдлийг ашиглах ёсгүйг хэзээ ч мартаж болохгүй хэмээн Ахлагч Баллард бидэнд сануулсан юм. … Санваар боолчлолын төлөө бус үйлчлэхийн төлөө, албадлагын төлөө бус энэрлийн төлөө, хянахын төлөө бус халамжлахын төлөө байдаг. Үүнээс өөрөөр боддог хүмүүс санваарын эрх мэдлийн хүрээнээс гадуур ажилладаг.”9

Гэр оронд

Гэр бүлдээ тэргүүлэх нөхрийн патриархын үүрэг нь бусдыг захирах биш, харин гэрлэлт, гэр бүлээ цэцэглэн хөгжүүлэх явдал мөн. Нэгэн цагт эр хүн бүр Аврагчтай биечлэн санваарын ярилцлаганд ороход Тэрээр: “Нэгдүгээрт, эхнэртэйгээ хэрхэн харьцдаг байсан талаар таны тайланг хүсэх болно гэж Ерөнхийлөгч Давид O.МкКей (1873–1970) хэлжээ. Та эхнэрээ аз жаргалтай байлгахын төлөө, хувь хүнийх нь хэрэгцээг хангахын төлөө чадах бүхнээ хийсэн үү?10

Нөхөр нь эхнэрийнхээ өсөлт хөгжилт, аз жаргалын төлөө хариуцлага хүлээдэг. Харин энэ хариуцлага нь эхнэрээ захирах эрх биш юм. Эхнэр, нөхөр хоёул гэрлэлтийнхээ төлөө хариуцлага хүлээдэг. Зөв шударга гэрлэлтэд эхнэр, нөхөр хоёр бие биедээ туслахтай холбоотой үнэт зүйлсийг хуваалцдаг.

Бид тэдгээр үнэт зүйлсийн заримыг Сургаал ба Гэрээ 121:41-ээс судалж болно: “Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар тэтгэгдэж чадах буюу байх ёстой ажгуу.”

Бид хүч, нөлөөтэй болохын төлөө санваарыг ашиглаж болохгүй. Тийм учраас бид гэрлэлтэд давуу эрхтэй болохын тулд шударга бус аргыг ашиглаж болохгүй. Жинхэнэ хүч нь бид шударгаар хамтран ажилласан үед ирэх бөгөөд биднийг Их Эзэний адислалуудад тэнцэхээр болгодог.

Мөнхийн гэрлэлт

Цагаа зохицуулах, мөнгөө зарцуулах, үр хүүхдээ хүмүүжүүлэх, хүргэн, бэрүүдтэйгээ харьцах гэхчлэн гэр бүлийн амьдрал дахь заримдаа санал зөрж, маргаж болох олон асуудлаа шийдвэрлэх гэж чармайж яваа гэр бүлийн хосууд гэрлэлтэндээ мөрдөхөөр сонгосон суурь зарчмуудаа санаж мөрдөж байх хэрэгтэй. Гэр бүлийн хосууд жинхэнэ хайраар хамтран зөвлөлдөх загварыг бий болгосноор гэрлэлтээ төгөлдөржүүлж чадах уу?

Эв нэгдэл, идэвхтэй оролцоо зөв шударгаар тэргүүлэх зарчим нь эхнэр буюу нөхөртэйгөө нягт эв нийцтэй байж, Сүнсийг амьдралдаа урих боломжийг бидэнд олгодог. Энэрэл хайр, нинжин сэтгэлийн хүчинд тулгуурлах нь санал зөрдөг олон асуудлыг зөөлрүүлж, гэрлэлтэд гүнзгий сэтгэл ханамжийг бий болгон, үүрд мөнх үргэлжлэх харилцааг төлөвшүүлдэг.

Эшлэл

  1. M.Рассел Баллард, Counseling with Our Councils: Learning to Minister Together in the Church and in the Family (1997), 18–19.

  2. Дaвид A.Беднар, “Төгсгөлийн хамтарсан ярилцлага,” 2010 оны Дэлхий дахины удирдагчдын сургалт, lds.org/broadcasts/archive/worldwide-leadership-training/2010/11.

  3. Teachings of Presidents of the Church: Спенсер В.Kимбалл (2006), 211-ийг үз.

  4. M.Рассел Баллард, “Family Councils: A Conversation with Elder and Sister Ballard,” Лиахона, 2003 оны 6-р сар, 17.

  5. Gospel Truth: Discourses and Writings of George Q. Cannon, эмхтгэсэн Жеррелд Л.Ньюквист (1957), 163.

  6. M.Рассел Баллард, “Family Councils,” Лиахона, 2003 оны 6-р сар, 14.

  7. “2010 оны Дэлхий дахины удирдагчдын сургалт,” “Төгсгөлийн хамтарсан ярилцлага-”ыг үз.

  8. Ховард В.Хантер, “Being a Righteous Husband and Father,” Ensign, 1994 оны 11-р сар, 50–51.

  9. M.Рассел Баллард, “Strength in Counsel,” Ensign, 1993 оны 11-р сар, 78.

  10. Давид O.МкКей, Роберт Д.Хейлс эш татжээ, “Understandings of the Heart” (Brigham Young University devotional address, 1988 оны 3-р сарын 15, 8), speeches.byu.edu.

Санваартны зөвлөлүүд шийдвэр гаргахдаа нэгдмэл саналтай байхыг хичээдэг шиг гэрлэлтэд нэгдмэл санал бас чухал юм.

Зөв гэрлэлтэд эхнэр, нөхөр хоёул харилцан хүндлэл, нинжин сэтгэл, гэр бүлийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргахад бүрэн оролцох замаар гэр бүлийн харилцаагаа төлөвшүүлж, эв нэгдлийг бий болгохыг хичээдэг.

Тэмдэглэснээс бусад гэрэл зураг чимэглэлүүдийг Роберт Касей; гэрэл зураг чимэглэлийг Крейг Даймонд