Би буцах хэрэгтэйгээ мэдэрсэн
Нестор, Квиералес, Португаль
Би Португалийн Лоулед гадасны санваартны удирдагчаар үйлчилж байхдаа гадасны үйл ажиллагааны дараа хэдэн залуусыг гэрт нь хүргэж өгөв. Их орой болсон байлаа. Залуусыг буулгачихаад хэдхэн машин явж байсан хөдөөгийн харанхуй зам руу эргэн орлоо. Замдаа жижигхэн гүүрээр гарах үед миний баруун гар талд доор голын эрэгт түймэр гарч байгаа бололтой гэрэл сүүмэлзэж байхыг харав.
Түймэр гарсан байлаа ч чийгтэй байгаа учир дорхноо унтарна гэж бодоод өмнөх зам руу анхаарлаа хандууллаа.
Гэвч хэдхэн метр явтал “Зогс!” гэх дуу гарахыг сонсов. Ганцаараа явж байсан болохоор гайхсан ч, тэр дууг хайхарсангүй цаашаа явлаа. Гэтэл намуухан нүргэлэх дуу гарч, “Зогсоод буц!” гэх нь тэр. Би тэр дороо машинаа эргүүлж буцаж явлаа. Тэгээд би “Их Эзэн минь юу болоо вэ?” хэмээн Тэнгэрлэг Эцэгээс асуулаа. Гүүр хүрээд машинаасаа гармагц, гүүрэн дор нэг хүн “Туслаарай, бидэнд туслаарай” гэж хашгирсан нь Их Эзэний хариулт байжээ.
Гүүрэн дор гэрэл байхгүй учир би сүүмэлзэх жижигхэн улаан шаргал гэрлээс өөр юу ч олж харсангүй. Гүүрэн дор гэрэл байхгүйгээс гадна эгц эрэгтэй жалгатай болохоор яаж туслахаа мэдсэнгүй. Би тэр даруй онцгой байдлын албанд утасдахад аврагчид удалгүй хүрч ирэв.
Таван хүнтэй машин замаас доошоо унасан байжээ. Нөгөөх сүүмэлзсэн жижиг гэрэл тэдний машиных байсан аж. Таван хүнээс хоёр нь нас барсан байв. Хэрэв би Ариун Сүнсний дуу хоолойг анхаарч дагаагүй бол түүнээс ч дор юм болж мэдэх байжээ.
Их Эзэн Сүнсээр дамжуулан намуухан нүргэлэх аянгын дуу лугаа адил хоолойгоор бидэнтэй ярьдгийг би гэрчилж байна. Тэр орой би сүнсний өдөөлтийг дагасандаа баяртай байдаг. Их Эзэн амьд, Тэр бидэнд хайртай мөн Ариун Сүнс бидэнтэй ярьдгийг би мэднэ. Бид гагцхүү Түүний дуу хоолойг анхааралтай сонсож дагадаг байх хэрэгтэй.