2012
Цагаа олсон мэдрэмж
2012 оны зургадугаар сар


Цагаа олсон мэдрэмж

Жеффери Стокетт, Юта, АНУ

Сүнс бидэнтэй олон хэлбэрээр харилцдаг. Амар амгалан, тайтгарлын мэдрэмж, шинэ сэргэг санаа бодлыг мэдэрч байсан үе надад цөөнгүй бий. Надад хамгийн хүчтэй мэдрэгдсэн зарим сэтгэгдэл зүгээр л үнэний мэдрэмж, залруулга байдлаар ирдэг. Ийм мэдрэмжийг дүрслэхэд хэцүү ч та ямар нэг зүйл үнэн гэдгийг бас үүний дагуу үйлдэх хэрэгтэйг мэдсэн үед ийм мэдрэмж төрдөг.

Байшин худалдаж авахаар хайх үед ийм нэгэн хүчтэй мэдрэмж надад төрсөн юм. Би тэр үед ганц бие байсан бөгөөд байшин худалдаж авахаар төлөвлөөд хэдэн жил болсон байлаа. Би байшин хайж байгаагаа үл хөдлөх хөрөнгийн зуучлагчдаа хэлсэнд тэр миний санаанд нийцсэн байшин олохын төлөө ихэд чармайн ажилласан юм. Тэр надад нэлээд хэдэн байшин үзүүлсэн ч миний санаанд аль нь ч нийцээгүй учир би худалдаж авахаас татгалзлаа. Миний хэрэгцээнд яг тохирох байшин олохын тулд надад үзүүлсэн байшин бүрээс чухам юу нь таалагдаагүйг тэр надаас асуув. Би тэдгээр байшингийн юу нь таалагдахгүй байгааг яг тодорхой хэлж чадсангүй.

Эцэст нь нэг өдөр бид урьдын үзсэн байшингуудаас гойд ялгарахгүй нэгэн байшинг үзэв. Энэ байшин өмнөх байшингуудаас бага зэрэг илүү үнэтэй байв. Өмнө нь үзсэн байшингуудын зарим шиг тийм сайхан биш байсан ч миний санаанд нийцлээ. Гэвч байшинг сайн үзсэний эцэст үнийн саналаа байшингийн эзэнд тавья гэж зуучлагчид хэллээ. Намайг ийм хурдан шийдсэнд тэр нэлээд гайхав бололтой. Өмнөх саруудад үзсэн байшингуудаас би алийг нь ч аваагүй болохоор тэр гайхах нь ч аргагүй байсан биз. Гэвч би энд амьдрах хэрэгтэй гэсэн бодол миний сэтгэлийг эзэмдсэн. Бодож цаг алдах хэрэггүй гэсэн мэдрэмж надад төрсөн юм.

Намайг байшинг худалдаж авах үнийн саналаа хэлэхэд энэ санал тэдний хүлээж авсан хамгийн өндөр үнийн санал биш байсан ч байшингийн эзэн зөвшөөрлөө. Чухам яагаад гэдгийг мэдэхгүй байсан ч би энэ байшинд амьдрах хэрэгтэй гэдгээ гэр бүлийнхэндээ хэллээ.

Би яагаад тэгэж мэдэрч байснаа удалгүй ойлгосон. Би тэр байшинд нүүж ирээд сар хүрэхгүй хугацаанд ганц бие хүмүүсийн тойрогт нэг эмэгтэйтэй танилцсан. Жил гаруй болсны дараа бид хоёр ариун сүмийн тахилын ширээний өмнө өвдөг сөгдөн эхнэр, нөхөр болж лацдан холбуулав.

Их Эзэн үнэхээр нууцлаг замаар ажилладаг. Их Эзэн надад байшин сонгож авахад тусалснаар намайг мөнхийн гэрлэлт өөд хөтөлснийг би тэр үед огт мэдээгүй юм. Миний мэдэж байсан бүх зүйл гэвэл тэр байшинг худалдаж авах шийдвэр гаргасан явдал. Харин одоо энэ нь Түүний Сүнснээс ирсэн удирдамж байсныг би ойлгосон.