2012
Сонгох эрх ба сүнсний нөлөө
2012 оны зургадугаар сар


Сайн мэдээний сонгомол бүтээл

Сонгох эрх ба сүнсний нөлөө

Брус Р.МкКонки 1915 оны 6-р сарын 29-нд АНУ-ын Мичиган мужид төржээ. Тэрбээр 1946 онд Далын Нэгдүгээр Чуулгад дэмжүүлэн батлагдаж, 1972 онд Төлөөлөгчөөр томилогдсон байна. Тэр 1985 оны 4-р сарын 19-нд нас баржээ. Дараах үгийг тэрээр 1973 оны 2-р сарын 27-нд Бригам Янгийн Их Сургууль дээр хэлжээ.

Ахлагч Брус Р.МкКонки

Бид хамгийн сайн шийдвэр гаргахаар чадах бүхнээ хийсний дараа Их Эзэнээс тусламж хүсч болно, ингэх ч хэрэгтэй.

Бид Тэнгэрлэг Эцэгийн дэргэд амьдарч байхдаа сонгох эрхийн хишиг хүртсэн билээ. Энэ нь аливаа зүйлийг хийхэд ямар нэг хязгаарлалтгүй, чөлөөтэй сонголт хийх эрх болоод боломжийг бидэнд олгодог. … Бид өөрсдөдөө өгөгдсөн бэлэг, авьяас чадвар, оюун билэг, мэдлэг, мэргэн ухаан хийгээд сонгох эрхийг ашиглах ёстой.

Гэвч нөгөө талаар Их Эзэн болон Түүний Сүнсийг эрэлхийлж, илчлэлтийн сүнс болон сүнсний нөлөөг амьдралдаа байлгахыг бидэнд зарлиг болгосон юм. Биднийг Сүмд нэгдэхэд эрх мэдэл бүхий ёслол гүйцэтгэгч бидний толгой дээр гараа тавьж “Ариун Сүнсийг хүлээн авна уу” хэмээн хэлдэг. Ийнхүү Бурхан тэргүүтний нэг гишүүн болох бидний итгэл дээр тулгуурлан байнга нөхөрлөх Ариун Сүнсний бэлгийг бидэнд олгодог.

Ингэснээр бидэнд хоёр асуудал тулгардаг. Нэг дэх нь бид илчлэлтийн сүнс болон сүнслэг нөлөөгөөр удирдуулах ёстой. Хоёр дахь нь бид өөрсдөө юу хийхээ тодорхойлохын тулд сонгох эрхээ ашигладаг бөгөөд энэ хоёрын хооронд тэнцвэртэй байдлыг хадгалах шаардлагатай болдог. …

Тэгэхлээр би энд дүгнэлт хийх гурван жишээг танилцуулъя. Бид эдгээр жишээнээс амьдралдаа тохиолдож болох зүйлийн талаар нэн бодитой, эрүүл саруул дүгнэлт хийж болно. Эдгээр жишээг би Их Эзэний бидэнд өгсөн илчлэлтүүдээс авсан юм.

“Чи ойлгосонгүй”

Нэг дэх жишээ: Оливер Каудери гэдэг нэг хүн байжээ. … Тэрээр Сүнстэй байсан үедээ Бошиглогчийн хэлсэн үгсийг тэмдэглэж байв (тэр үед Мормоны Ном орчуулагдаж байв). Каудери ах сүнслэг байдлаар сайн өсч амжаагүй атлаа өөрийн сүнсний хүч чадлаас ахадсан зүйл хийхийг эрэлхийлж, хүсчээ. Тэр өөрөө орчуулахыг хүссэн. Тэгээд тэр Бошиглогчоос [гуйсанд], Бошиглогч гуйлтыг нь Их Эзэнд өргөн толилуулжээ. Ингээд тэд нэг илчлэлт хүлээж авсан. “Оливер Каудери, үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, чиний Бурхан мөн чиний Гэтэлгэгч болох Их Эзэн амьдардаг нь эргэлзээгүйн адил, чи хүлээн авна гэдэгт итгэн, үнэнч зүрх сэтгэлээр итгэн асуух ямар ч зүйлүүдийн тухай мэдлэгийг чи лавтайяа хүлээн авах болно” хэмээн Их Эзэн хариулжээ. Ингээд дараа нь түүний хүлээн авч болох нэг зүйлийг “Миний Сүнсний илэрхийллээр яригдсан судрын минь тэдгээр хэсгүүдийг агуулсан, эртний хуучин цэдгүүдийн сийлбэрийн талаарх мэдлэг” хэмээн тодорхойлсон байв.

Их Эзэн тийнхүү энэ асуудлыг шийдэхдээ тухайн нөхцөл байдал болон түүнтэй төстэй бусад бүх нөхцөлд хэрэглэгдэх нэг зарчмыг илчилж: “Тийм ээ, болгоогтун, чамд ирж, мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно. Эдүгээ болгоогтун, энэ бол илчлэлтийн сүнс болой” (С ба Г 8:2–3) гэжээ. …

… Оливер Каудерийн гуйлт ийнхүү бүтээгүйг та нар мэднэ. Тэр орчуулж огт чадахгүй байв. … Тэд асуудлыг Их Эзэнд дахин тавиад амлалтыг нь батлахаар оролдтол хариу ирсэн аж. Бас тэр яагаад орчуулж чадаагүйн шалтгаан ч тодорхой болжээ: “Болгоогтун, чи ойлгосонгүй; чи надаас асуухаас өөрөөр санаа тавиагүй байхад чинь би үүнийг чамд өгөх юм шигээр чи бодсон байна” (С ба Г 9:7).

Итгэлээр гуйх нь түүнд зааварласан бүх зүйл юм шиг санагдах хэдий ч, үнэхээр итгэлээр гуйхын урьдчилсан нөхцөл нь бид тавьсан зорилгодоо хүрэхийн тулд эхлээд өөрөө чадах бүхнээ хийх явдал юм. Бидэнд бэлэглэсэн сонгох эрхээ бид ашигладаг. Бид өөрсдийн авьяас билэг, чадвараа бүрэн ашиглавал ирээдүйн боломжууд маань нээгддэг. Энэхүү зарчмыг бид Мормоны Номыг орчуулахад, эхнэрээ болон хийх ажлаа сонгоход, бидний амьдралд тохиолдох 10 000 чухал зүйлсээс алийг нь хийхээ сонгоход ашиглах болно. …

“Чи яагаад надаас асуусан юм бэ?”

Одоо хоёр дахь жишээг авч үзье: … [Жаредчууд] их ус руу орж, түүнийг гатлах хэрэгтэй болоход Их Эзэн [Жаредын ахад], “Хөлгүүдийг бэлтгэ” хэмээн хэлжээ. …

[Тэр хөлгийг] онцгой хүнд нөхцөлд ашиглах учраас [Жаредын ахад] тэдэнд өөр нэг зүйл хэрэгтэй байсан нь агаар байлаа. Чухамдаа энэ нь түүнд ахадсан асуудал байв. Иймээс тэр энэ асуудлыг Их Эзэнд өргөн толилуулсанд, энэ яах аргагүй түүнд ахадсан зүйл байсан учир Их Эзэн үүнийг шийдэж “Ингэж хий, тэгвэл та нар агаартай байх болно” хэмээн заажээ.

Жаредын ах итгэлтэй байж мөн Их Эзэнтэй ярьж, Түүнээс хариу авсан учраас: … “Хөлөг дотор гэрэл байхын тулд бид юу хийх билээ?” хэмээн өөр нэг асуулт асуув.

Их Эзэн энэ тухай түүнд багахан зүйл яриад: “Та нар хөлгүүд дотроо гэрэлтэй байхын тулд намайг хэрхэхийг хүснэ вэ?” гэж асуужээ Ифер 2:23. Өөрөөр хэлбэл, “… Би та нарт сонгох эрхийг чинь өгсөн; та нарт хүч чадал, чадвар байгаа. Асуудлыг өөрсдөө шийд” гэсэн захиасыг Жаредын ах хүлээж авсан юм. Тэрээр Шелем нэртэй уулан дээр гарчээ. Цэдэгт энэ тухай “хаднаас арванзургаан жижиг чулууг хайлуулан гаргаж авав; мөн тэдгээр нь цагаан бөгөөд тунгалаг, бүр нэвт харагдах шил лүгээ адил байв” (Ифер 3:1) хэмээн өгүүлсэн байдаг.

…Их Эзэн ийнхүү Жаредын ахын гуйсан зүйлийг хийсэн юм. Үүний дараа тэр Их Эзэний хурууг харсан үйл явдал тохиож, тэр үеийг хүртэл ямар ч бошиглогчийн хүлээж аваагүй, ер бусын илчлэлт хүлээн авсан билээ. Их Эзэн Өөрийн бие махбод, зан чанарыг илчилж, бүх зүйлсээс илүү ихийг түүнд илчилжээ. Жаредын ах өөрийн хийж чадах бүхнийг хийж мөн Их Эзэнтэй зөвлөлдсөн учраас энэ бүхэн түүнд тохиосон юм.

Сонгох эрх, сүнсний удирдамж хоёр хоорондоо маш уялдаа холбоотой. Бид хамгийн сайн шийдвэр гаргахаар чадах бүхнээ хийсний дараа Их Эзэнээс тусламж хүсч болно. Ингэснээр заримдаа бидний огт бодоогүй үнэн ба мэдлэг бидэнд ирэх нь бий.

“Тэд өөр хоорондоо хийгээд надтай зөвлөлдөх ёстой”

Одоо гурав дахь жишээг авч үзье: Их Эзэн Сүмийн түүхийн эхэн үед Гэгээнтнүүдэд Миссурид цугларахыг зарлиг болгосон билээ. … Тэгээд юу болсныг харъя. Их Эзэн ийн хэлсэн юм:

“Бибээр өөрийн үйлчлэгч Эдвард Партрижийн талаар хэлсэнчлэн энэ нутаг бол түүний мөн тэрчлэн өөрийн зөвлөхүүдээр түүний томилсон тэдний оршин суух газар болой; мөн тэрчлэн агуулахыг минь ажиллуулахаар миний томилсон түүний оршин суух нутаг буюу;”

“Иймийн тул, тэд өөр хоорондоо хийгээд надтай зөвлөлдөн гэр бүлүүдээ энэ нутагт [энд гол санаа нь байна] авчраг” [С ба Г 58:24–25; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн]. …

Их Эзэн Сионд “цугла” хэмээн хэлснийг та харж байгаа байхаа. Зохион байгуулалтын нарийн ширийн зүйлс буюу хэрхэн, хэзээ, ямар нөхцөлд гэдэг нь цуглахаар дуудагдсан хүмүүсийн сонгох эрхээр тодорхойлогдох ч, тэд Их Эзэнтэй зөвлөлдөх ёстой байлаа. …

Их Эзэн үүнийг Сүмийн Тэргүүлэх Бишопын Зөвлөлд хэлсний дараа тухайн нөхцөл байдалд удирдамж болгох зарчмыг өгсөн нь бүх нөхцөл байдалд удирдамж болж чадна. Энэ бол бидэнд илчлэгдсэн агуу үнэнүүдийн нэг мөн. Тэрбээр ийн хэлжээ:

“Учрыг болгоогтун, бүх зүйлд би зарлиглах нь тохирохгүй бөлгөө; учир нь бүх зүйлд албадуулдаг тэр нь лазан хийгээд ухаалаг биш үйлчлэгч лугаа адил юм; иймийн тул, тэрээр шагнал хүлээж авах нь үгүй.

“Үнэнээр би хэлнэ, хүмүүс сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах ёстой” [С ба Г 58:26, 27; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн]. …

Эдгээр гурван жишээнд дүгнэлт хийцгээе”. …

… Хэрэв та Бурханы өгсөн сонгох эрхээ хэрхэн ашиглахыг сурч, шийдвэрийг өөрөө гаргахыг хичээж, буурь суурьтай, зөв дүгнэлт хийгээд энэ дүгнэлтийнхээ талаар Их Эзэнтэй зөвлөж, Түүний баталгааг авбал, та илчлэлт хүлээн авах бөгөөд дараа нь нэг зүйлийн талаар мөн өөр нэг зүйлийн талаар; мөнх амьдралын агуу шагналыг хүртэж, эцсийн өдөр өргөмжлөгдөх болно гэсэн илчлэлт хүлээн авах болно. …

Бурхан эдгээр зүйлсээр бидэнд мэргэн ухааныг соёрхсон юм. Бурхан бидэнд хөл дээрээ зогсож, өөрсдийн сонгох эрх, хүч чадал болоод чадвараа ашиглах зориг, тэвчээрийг өгсөн юм. Тиймээс Сүнс хүлээн авахуйц даруухан, дуулгавартай байж, өөрсдийн хүслийг Түүний хүсэлд захируулан, Түүний сайшаал дэмжлэг, зөвшөөрлийг авдаг байцгаая, ийм замаар илчлэлтийн сүнстэй байцгаая. Хэрэв бид ийм байвал, ирэх үр жимснийх нь талаар эргэлзэх хэрэггүй. Энэ бол энэ амьдрал дахь амар амгалан, ирэх амьдрал дахь алдар хүнд, нэр төр юм.

Гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер; Моднуудын зураг © Plainpicture/Hasengold