Бяцхан лигийн сургамж
“Энд дэлхий дээр надад гэр бүл бий. Манай гэрийнхэн надад маш сайн байдаг. Үүрд мөнхөд би тэдэнтэйгээ хамт байхыг хүснэ” (Children’s Songbook, 188).
“Би яагаад энд байх ёстой юм бэ?” хэмээн Линдси гомдоллов.
“Дүүгээ дэмжих хэрэгтэй шүү дээ” гэж ээжийгээ хэлэхэд,
“Энэ чинь уйтгартай ш дээ. Түүнийг би сайн харж чаддаггүй ш дээ” гэж Линдси бувтнав.
Линдсигийн жаахан эрэгтэй дүү Майкл нь бейсболлын Бяцхан Лигийн гишүүн болжээ. Тиймээс ээж нь Линдсийг дүүгийнх нь дадлага сургуулилт, тоглолт бүрд дагуулж явдаг байв. Тэр үед Линдсид цаг өнгөрч өгөхгүй, уйтгартай байдаг ажээ. Майклыг бейсболлын бөмбөг цохьж байхад Линдси хөгжим сонсон, ном уншиж, жаахан эмэгтэй дүүдээ зориулж зураг зурж суудаг байлаа.
Линдси санаа алдаад бейсболлын талбайд зогсож байгаа дүүгээ харлаа. Тэр дүүгээ бөмбөг барьж авах гэж гүйгээд бөмбөгөө алдахыг, дараа нь бөмбөгөө буруу хүн рүү шидэхийг харлаа.
“Гүйгээд байгаарай, Майкл!” гэж ээж нь чанга хэлэв. “Чи сайн тоглож байна аа!”
“Үгүй ээ, ээж ээ, тэр сайн тоглохгүй байна” гэж Линдси хэлэв.
“Тийм учраас л, ялангуяа Майклыг тааруухан тоглож байгаа үед нь хөгжөөн дэмжих л гэж чи бид хоёр энд байгаа шүү дээ, Линдси. Хэрэв чи бид хоёр энд байхгүй бол Майкл бүр дордож, огт хичээхгүй болно. Би түүнийг үргэлж хичээгээсэй гэж боддог. Яг л би чамайг уран зургийн авьяасаа хөгжүүлэхээр хичээгээсэй гэж үргэлж хүсдэгийн адил” хэмээн ээж нь хэлжээ.
“Хэн ч намайг зургийн хичээлд урамшуулан дэмждэггүй ш дээ. Майкл надтай хамт очоод, намайг будгаа нийлүүлж зөв өнгө гаргаж ирэхэд ‘Ёстой мундаг байна!’ гэж хашгирдаггүй биз дээ.”
“Үгүй л дээ, гэвч чамайг зургаа бидэнд үзүүлэхэд тэр зургийг чинь дандаа магтдаг шүү дээ” гэж ээж хэллээ.
Линдси тэр тухай бодов. Ээж нь түүнийг зургийн хичээлд хэрхэн хүргэж өгдгийг бас Майкл заримдаа найз нартайгаа тоглохоо болиод машин дотор түүнтэй хамт явдаг байсныг Линдси саналаа. Тэр бейсболлын талбай дээр байгаа Майклыг харлаа. Нөгөө багийн цохигч бөмбөгийг цохитол бөмбөг яг Майклыг чиглэн ирлээ!
“Майкл аа, урагшаа!” ‘Бөмбөгийг бариад аваарай’ гэж Линдси хашгирав.
Майкл бейсболын бээлийтэй гараа урагш сунган, бөмбөгний өөдөөс гүйлээ. Бөмбөгийг бариад авлаа!
Линдси ээжтэйгээ хоёул босч зогсон, баяр хүргэж хашгирлаа. “Майкл сайн байна! Миний хамгийн хайртай дүү!” гэж Линдси хашгирав.
“Би ганцхан дүү чинь шүү!” гэж Майкл яралзтал инээмсэглэн хариу хашгирлаа.
Линдси буцаж суугаад баяртайгаар инээмсэглэв.
“Нээрээ би Майклд анхаарал тавьж, түүнийг дэмжих хэрэгтэй юм байна шүү” гэж тэр бодлоо. “Түүнийг бөмбөг барьж авахыг харсан нь тэр өдрийн хамгийн сонирхолтой үйл явдал байлаа. Түүний тоглолтыг үзсэн нь дүүд нь их таалагджээ. Би дүүгээрээ бахархаж байна.”
“Ээжээ, таны зөв байна шүү” гэж Линдси хэллээ. “Бид Майклыг хөгжөөн дэмжих хэрэгтэй юм байна.”
Ээж нь инээмсэглэв. “Чамайг бодлоо өөрчилсөнд би баяртай байна.”
“Одоо хоёул түүнийг дахиад хөгжөөн дэмжье!” гэж Линдси хэллээ.
“Гүйгээрэй. Майкл! гэж Линдси, ээж хоёр нь түүнийг хөгжөөн дэмжлээ. “Чи сайн тоглож чадна!”