2012
Номлолын албанд оч!
2012 оны зургадугаар сар


Номлолын албанд оч!

Фелисиен Догбо Мобио, Гана

Би Зааны Ясан Эрэгт хийсэн номлолоосоо Гана дахь гэртээ буцаж ирсний маргааш өглөө нь 6:00-д сэрлээ. Намайг номлолоос чөлөөлөх гадасны ерөнхийлөгчтэй үдээс хойш уулзахаар цаг товлосон болохоор буцаад унтахаар шийдэв. Намайг унтаж байх үеэр: “Кейп Көүстийн номлолын албанд оч” гэсэн мэдрэмж миний оюун ухаанд гялсхийн орж ирлээ. Би Ганын Кейп Көүст номлолын албыг мэддэг байсан ч тэр өглөө чухам юуны учир тийшээ очих хэрэгтэй болсноо ойлгосонгүй.

Ийм бодол төрсний дараа санаа зовон номлолын алба руу яаран гарлаа. Замд явж байхдаа номлолын ерөнхийлөгчид юу гэж хэлдэг билээ хэмээн санаа зовов. Тэр намайг юу гэж ирснийг асууна гэдгийг мэдэж байсан болохоор юу гэж хариулахаа бодлоо.

Номлолын албанд ирсэн хойноо ч юу гэж хариулахаа мэдсэнгүй. Номлолын ерөнхийлөгч Мелвин Б.Сави намайг чөлөөлж өгөхийг хүсэхээр ирлээ гэж бодоод албан тасалгаандаа орохыг урив. Ерөнхийлөгч Саби хэдэн асуулт асуусны дараа гадасны ерөнхийлөгч рүү очиж номлолоос чөлөөлөгд гэхэд нь

“Би мэдэж байна аа, Ерөнхийлөгч өө” гэж би хариуллаа.

Тэр хэдэн хором дуугүй байснаа юу гэж хариулдаг билээ хэмээн миний толгойгоо гашилгасан нөгөөх асуултыг асуув. “Наашаа яах гэж ирсэн юм бэ, Ахлагч Мобио?”

“Ерөнхийлөгч Саби, би таны асуултанд тодорхой хариулж чадахгүй байна” гэж би хэллээ. “Наашаа хүрч ир гэсэн хүчтэй мэдрэмж өнөө өглөө надад гэнэт төрсөн юм.”

Ерөнхийлөгч дахин хэдэн хором дуугүй болсноо, “Ахлагч Мобио, өчигдөр тусламж хүсч залбирсан миний залбирлын улмаас та энд ирсэн юм байна” гэж намуухан дуугаар хэллээ. Түүний туслахууд шинэ номлогчидтой дөнгөж саяхан энд ирээд байгааг хэлэв. Тэдний дунд Зааны Ясан Эргээс ирсэн, франц хэл төрөлх хэл нь болох нэг номлогч байгаа бөгөөд түүнтэй яаж хэл амаа ололцохыг мэдэхгүй байлаа гэв. Тэгээд тэр, “Тэнгэрлэг Эцэг өчигдөр орой миний залбирлыг сонссон нь тодорхой байна” гэлээ.

Би тийнхүү өглөө надад төрсөн мэдрэмжийн шалтгааныг мэдэж билээ. Бид тэр даруй шинэ номлогчидтой уулзаж, Зааны Ясан Эргийн ахлагчид номлолоо яаж эхлэхийг нь би орчуулж өглөө.

Долоон сарын дараа би иргэний үнэмлэхээ шинэчлэхээр Зааны Ясан Эрэгт буцаж очсон үеэрээ нөгөөх гайхалтай туршлагаа номлолын ерөнхийлөгчтэйгөө хуваалцав. “Бид Их Эзэний мутарт зэмсэг нь юм шүү дээ. Тэрээр биднийг хэрхэн, хэзээ ашиглахаа мэддэг” хэмээн тэр хэлж билээ.

Тэнгэрлэг Эцэгийн ажилд чин сэтгэлээсээ хандсан үед бидэнд санаа зовох зүйл гардаггүйг би мэднэ. Бид намуун, зөөлөн дуу хоолойн өдөөлтүүдийг анхааралтай сонсож, өөрийгөө удирдах боломжийг Их Эзэнд олгох хэрэгтэй.