2012
Би хоёр дахь удаагаа сонссон
2012 оны зургадугаар сар


Би хоёр дахь удаагаа сонссон

Маттью Д.Элиттон, Сүмийн сэтгүүлүүд

Намайг аялалд гарахын өмнөх шөнө арвантаван жил болсон машиндаа обод, дугуй хоёр худалдаж авах хэрэгтэй гэсэн мэдрэмж унтаж байхад минь төрлөө. Маргааш нь завгүй байсан болохоор нөгөөх мэдрэмжийн тухай таг мартчихаж. Бид машиндаа гурван хүүхдээ суулгаж, авч явах юмаа ачаад дөрвөн цаг явж хүрэх аавынхаа гэрийг зорин гарлаа.

Замд явж байтал нэг дугуй хагарчихлаа. Бид машинаа чирүүлж, хамгийн ойрын хотод очиж, дугуйгаа солихоос аргагүй боллоо. Энэ нь гэртээ байхдаа обод, дугуй хоёр худалдаж авахаас гурав дахин илүү үнэтэй туссанаас гадна 90 минут хүлээж цаг алдлаа. Би Сүнсний өдөөлтийн тухай илүү анхаарах ёстойгоо ойлгож, цаашдаа сүнсний өдөөлтийг үргэлж дагаж байхаар шийдэж билээ.

Дөрвөн жилийн дараа бид таван хүүхэдтэй болсон байлаа. Тэр үед 13 цаг явж хүрэх газарт амьдарч байсан аав дээрээ дахин очихоор төлөвлөж байлаа. Энэ удаад бид шинэ өөр машинтай болсон байлаа. Би явахаасаа долоо хоногийн өмнө машиныхаа нөөц дугуйг солих хэрэгтэй гэж сүнсээр өдөөгдлөө. Өмнөх гашуун туршлагаа санаад би өдөөлтийг дагалаа. Хоёр өдрийн дараа, өмнө нь ачаагаа татдаг олсны оронд тэлүүрт араатай татлага худалдаж авъя гэсэн бодол төрлөө. Хоёр тийм татлага хэрэгтэй байсан ч юмыг яаж мэдэхэв гээд дөрвийг худалдаж авлаа. Илүү хоёрыгоо багажны хайрцгандаа хийлээ.

Аавынхаас буцах замдаа бид үдийн хоол авахаар зогсов. Намайг машин дээрх савнаас юм гаргаж байх үед манай гурван настай охин машины хаалганд хүртэл хаалга газар унах нь тэр! Хаалга охиныг цохиогүйд бид баяртай байлаа. Баасан гарагийн тэр орой бид гэрээсээ бараг 805 км хол байсан бөгөөд аян замаа хөөхийн тулд машины хаалгыг ховилд нь түлхэж оруулсан ч ховилдоо суусангүй, биднийг цааш хөдлөхөд замын чимээ шуугиан тэр чигээрээ сонсогдож байлаа. Тэгэхээр нь хаалгыг ховилоос нь буцааж аваад тэлдэг араатай илүү татлагаараа бэхлэн уяв.

Хэдэн цагийн дараа машин хүчтэй салганан чичирч эхэллээ. Савлан чанга дуугарах хаалгыг татлага тогтоон барьж байлаа. Машины хажуу тал уруу өнгийж харвал нэг дугуйны бэхэлгээ мултарч хаягджээ. Энэ дугуйг хэдэн долоо хоногийн өмнө худалдаж авсан нөөц дугуйгаар солиод бид аяны замаа дахин хөөв.

Аяллын үед биднийг аюулгүй авч явсан Ариун Сүнсний өдөөлтүүдэд би талархалтай байдаг. Хэрэв бид “намуун, зөөлхөн дуу хоолойг” сонсож, Түүний өдөөлтүүдийг анхаарч, тусламж хэрэгтэй үед гуйвал Тэнгэрлэг Эцэг бидний дээрээс харж байдгийг би мэднэ (Хаадын дээд 19:12; мөн 1 Нифай 17:45; C ба Г 85:6-г үз).