Санваарын нэр хүнд ба дүрэм журам
Санваарын түлхүүрүүд
“1976 онд бүсийн ерөнхий чуулган Данийн Копенгагенд болов. Хаалтын хуралдааны дараа Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл [1895–1985] Христ болон Түүний Арванхоёр Төлөөлөгчийн хөшөө байдаг Торвальдсен дахь Вор Фруе Сүмд очиж үзэхийг хүсчээ. …
Сүмийн өмнө талд тахилын ширээний ард, урагш сунгасан гар дээр нь хадаасны ором, хавирган талд нь шархны сорви тодхон харагддаг Христийн танил хөшөө сүндэрлэнэ. Христийн хөшөөг тойруулан Төлөөлөгчдийн хөшөөг, баруун талд өмнө нь Петрийнхийг түүнээс цааш нь бусад Төлөөлөгчдийн хөшөөг дэс дараагаар нь босгожээ.
Бидэнтэй явж байсан хүмүүсийн ихэнх нь уг сүмийн байрны үүд хавьцаа сахиултай хамт зогсож байлаа. Би Ерөнхийлөгч Кимбалл, Ахлагч Рекс Д.Пинегар, Копенгаген гадасны ерөнхийлөгч Жохан Нелж Бентин нарын хамт Петрийн хөшөөний өмнө зогслоо.
Петрийн гарт гантигаар хийсэн, хүнд түлхүүрүүд байв. Ерөнхийлөгч Кимбалл түлхүүрүүдийг заагаад түлхүүрүүд юуг бэлгэддэгийг тайлбарлалаа. Тэгээд тэр Ерөнхийлөгч Бентин руу эргэж, хуруугаараа ер бусын шийдэмгийгээр түүн рүү зааж, ‘Намайг энэ түлхүүрүүдийг атгадгийг Данийн бүх хүмүүст хэлээрэй гэж танаас хүсье! Бид жинхэнэ түлхүүрүүдийг атгаж, тэдгээрийг өдөр бүр ашигладаг’ гэж хэлснийг нь би хэзээ ч мартахгүй.
“Бошиглогчийн тэрхүү үгийг, түүний тэр гэрчлэлийг би хэзээ ч мартахгүй. Тэр үгийн сүнслэг нөлөө, төрүүлсэн хүчтэй мэдрэмж нь бодитой байлаа.
Хамт явж байсан хүмүүс биднийг хүлээж байсан газар бид хүрч очлоо. Ерөнхийлөгч Кимбалл хөшөөнүүд рүү заагаад, ‘Тэд нар бол нас барсан Төлөөлөгчид’ гэж хэлснээ над руу зааж, ‘Одоо бидэнд амьд Төлөөлөгчид байгаа.’ Ахлагч Пакер бол төлөөлөгч. Ахлагч Томас С.Монсон, Ахлагч Том Перри нар Төлөөлөгч, би бас Төлөөлөгч. Бид бол амьд Төлөөлөгчид.
‘Та Шинэ Гэрээнээс Далуудын тухай уншсан байгаа. Одоо энд хоёр Далын гишүүн, Ахлагч Рекс Д.Пинегар, Ахлагч Роберт Д.Хейлс нар байна’ гэж сайхан зантай тэр сахиулд хэлж билээ.’
“Тэр хормыг хүртэл сэтгэл нь хөдлөөгүй байсан сахиул гэнэт уйлж эхлэв.
“Энэ үйл явдлыг би насан туршдаа мартахгүй.”2
Санваарыг жижиг хэсгүүд болгон хувааж болдоггүй
“Санваар нь өөрийн аль ч албан тушаалаас илүү чухал юм. Хүн Аароны буюу Мелкизедек санваар анх авахад уг санваарыг түүнд гар тавилтаар олгодог. Санваар олгосны дараа түүнийг санваарын аль нэг албан тушаалд томилдог. Бүх албан тушаалын эрх мэдэл санваараас үүдэлтэй юм.
Санваарыг жижиг хэсгүүд болгон хувааж болдоггүй. Ахлагч нь Төлөөлөгчтэй яг адил санваарыг атгадаг (С ба Г 20:38-ыг үз). Хүн санваар авснаар түүний бүх эрх мэдэл, хүчийг хүлээн авдаг. Гэвч эрх мэдэл, үүрэг хариуцлагын зааг ялгаа санваарын албан тушаалуудад байдаг. Хүн өөрийн томилогдсон буюу онцгойлон адислагдсан албан тушаалын эрх мэдлийн дагуу санваараа ашиглах ёстой. …
“Мелкизедек санваар буюу дээд санваар атгадаг хэн ч бай Аароны буюу бага санваарын бүх эрх мэдлийг атгадаг.3
Бэлтгэл санваар
Аароны санваарыг бага санваар хэмээн нэрлэдэг нь энэ санваарын ач холбогдлыг бууруулж байгаа юм биш. Энэ санваар Мелкизедек санваар авахад зайлшгүй чухал гэж Их Эзэн хэлжээ. (С ба Г 84:29-ийг үз.) Дээд санваар атгагч хэн боловч Аароны санваарын ёслолуудыг гүйцэтгэх нь өндөр нэр төрийн хэрэг гэж үзэх ёстой. Учир нь эдгээр ёслолууд сүнслэг байдлын агуу ач холбогдолтой.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байхдаа ч би ариун ёслолыг түгээдэг байсан. Зарим хүмүүс нэг янзын хэвшмэл ажил гэж үздэг байж мэдэх ариун ёслолыг түгээхийг би нэр төрийн хэрэг гэж үзэн, даруусгагдаж, дүрслэхийн аргагүйгээр сэтгэл догдолдог байснаа та нарт батлан хэлж байна. …
Эрт үед хүмүүс тахил өргөх ёслолоор дамжуулан Христийн цагаатгалыг хүсэн хүлээдэг байлаа. Бид ч бас ариун ёслолоор дамжуулан тэрхүү үйл явдлыг эргэн хардаг.
Эрт дээр үеийн тахил өргөлт, дараа нь бий болсон ариун ёслол хоёул Христ дээр, Түүний цус урсалт, бидний нүглийн төлөө Түүний хийсэн цагаатгал дээр төвлөрдөг. Эрт үед эдгээр ёслолыг гүйцэтгэх эрх мэдэл Аароны санваартнуудынх байсан, одоо ч хэвээрээ байна.
Энэ бол үнэхээр ариун үүрэг бөгөөд та нарыг Их Эзэний эрт дээр үеийн үйлчлэгчидтэй ахан дүүсийн шижмээр холбож байна. Бид Аароны санваартнуудын үүрэг болон томилогдсон ёслолуудад оролцохдоо туйлын даруу байдагт гайхах зүйлгүй. …
Одоо энд сууж байгаа дикон, багш нар, пристүүдээс зарим нь нэгэн цагт Төлөөлөгч, бошиглогч болж, Сүмийг тэргүүлэх болно. Та нар үүнд бэлтгэх ёстой.
“Чухам ийм учраас Аароны санваарыг бэлтгэл санваар гэж нэрлэсэн нь зөв юм.”4
Ахлагч болохуйц ах нарын урилга
“Ахлагчийн албан тушаал бол нэр төр, сүнслэг эрх мэдэл ба хүчний дуудлага юм. ‘Ахлагч болохуйц’ гэдэг үг нь найдвар, өөдрөг үзэл, боломж гэсэн утгыг илэрхийлдэг. Өнөөдөр би ахлагч болохуйц ах нарт хандаж үг хэлэхдээ, өөр олон хүн энэхүү захиасыг амьдралдаа хэрэгжүүлэх болно гэдгийг мэдэж байна. …
Хэрэв та нар сүнслэг үнэнүүд яригдсан орчинд эргэж очвол, алдагдсан хэмээн та нарын үзсэн зүйлс оюун ухаанд чинь эргэж ирэх болно. Олон жил ашиглаагүй, идэвхгүй байсан нуугдмал зүйлс ил гарч ирнэ. Сүнслэг үнэнүүдийг ойлгох та нарын чадвар сэргэх болно. …
“Хэрэв та нар Гэгээнтнүүдийн дунд эргэж ирэх шүтлэг бишрэлийн аяныг хийвэл сүнслэг нөлөөний хэлийг дахин ойлгох болно. Та түүнийг хэдийчинээ түргэн төсөөлнө, Гэгээнтнүүдийн дундаас хаашаа ч холдоогүй юм шиг санагдана. Тийнхүү эргэж ирээд хаашаа ч холдоогүй юм шиг мэдрэмжтэй, санаа сэтгэл өөдрөг байгаагаа мэдэх нь танд хэчнээн чухал, хэчнээн сайхан байхсан билээ. …
“Удалгүй та өөрийгөө Түүний сүм, Түүний хаант улсад бүрэн тэнцэх болсноо мэдэрч, сэтгэл хангалуун байна. Тэгээд та өөрийгөө энд хэчнээн их хэрэгтэйг, өөрийн чинь туршлага, хүчирхэг дуу хоолой бусдыг гэтэлгэхэд хэчнээн их хэрэгтэйг мэднэ.5
Санваарын дуудлагууд
“Дуудлага бол урилга буюу хүсэлтээс илүү чухал зүйл юм. Энэ бол Түүний сонгогдсон үйлчлэгчээр дамжин Их Эзэнээс ирдэг дуудлага юм. Олон жилийн тэртээ Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллыг Аризонад гадасны ерөнхийлөгч байхад нь дуудлага өгөхтэй холбоотой нэг үйл явдал болжээ. Гадасны Залуу Эрэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөлд нэг хүн дуудах хэрэгтэй болжээ. Ерөнхийлөгч Кимбалл ажлаасаа гарч, гудамжаар уруудан хэдэн барилга өнгөрөөд нэг компанийн үүдэнд очиж, ‘Жак аа, чи гадасны Залуу Эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч болмоор байна уу?’ гэж асуухад
Жак, ‘Спенсер та надад хэлж байна уу?’ гэжээ.’
‘Тэгэлгүй яахав. Та залуу хүн, тиймээс залуу хүмүүстэй нөхөрсөг харилцаатай байж чадна. Та маш сайн ерөнхийлөгч болж чадна.’
“Тэгтэл Жак дуудлагыг хүлээж авахаас татгалзсан учир тэдний хооронд санал зөрөлдсөн яриа болжээ. Тэр банк уруу буцаж очоод ширээнийхээ ард сууж, ажил хэрэг нь бүтээгүйд гутарчээ. Тэгээд тэр яах хэрэгтэйгээ ойлгожээ. Тэр ширээнийхээ ардаас босч гудамжаар уруудан нөгөөх хаалган дээр, нөгөө хүн дээрээ очиж, түүнийг бүрэн нэрээр нь дуудан, ‘Өнгөрсөн ням гарагт гадасны ерөнхийлөгчийн зөвлөл хуралдаж, Залуу Эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлд хүн дуудах тухай ярилцсан юм. Бид залбирч, ярилцсан. Эцэст нь бид өвдөг сөгдөн залбирч, энэ талаар асуухад таныг дуудах ёстой гэсэн сүнсний удирдамжийг Их Эзэнээс хүлээн авсан. Би Их Эзэний үйлчлэгчийн хувьд энэ дуудлагыг танд өгөхөөр ирлээ.’
гэхэд Жак, ‘За ойлголоо, Спенсер, та ийм байдлаар тайлбарласан болохоор’
би дуудлагыг хүлээн авъя гэжээ.’”6
“Дуудлага бол урилга буюу хүсэлтээс тэр ч байтугай үүрэг даалгавраас илүү чухал зүйл гэдгийг ахлагч бүр ойлгох ёстой. ‘Ахлагч нарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр үйлчилнэ үү гэж надаас хүслээ’ гэж хэлэхийг бид байнга сонсдог. Үүний оронд ‘Би зөвлөхөөр үйлчлэхээр дуудагдлаа’ гэж хэлэх нь илүү тохиромжтой юм.’
“Сүмийн албан тушаалуудад бид өөрсдийгөө дууддаггүй. Үүний оронд бид өөрсдийгөө удирддаг хүмүүсийн дуудлагад хариулдаг. Сүм дэх аль нэг дуудлагын талаар Их Эзэний хүслийг мэдэхийн тулд залбирах нь удирдагчдын үүрэг юм. Үүний дараа илчлэлтийн зарчим үйлчилдэг. Ингээд Их Эзэний нэрээр үйлддэг тэргүүлэх албан тушаалтан дуудлагыг өгдөг.”7
Томилолтын ач холбогдол
“Санваарыг зүгээр гэрээ хийсэн буюу адислал хүлээн авснаар биш томилолтоор олгодог. Бүр эхлэлээс хойш ийм байгаа билээ. Хүмүүс хэн нэгний хэлсэн, бичсэн зүйлээс өнгөрсөн болон өнөө үеийн тухай ямар нэг зүйлийг битүүгээр таамаглах буюу энэ талаар өөрийн санааг илэрхийлж, дүгнэлт хийдэг ч, уг зүйлийг мэдэх цорын ганц арга зам нь тухайн хүнийг санваарын албан тушаалд томилох явдал мөн. Үүнийг ийм байдлаар олгосоор ирсэн, одоо ч ийм байгаа.
“Хүчин төгөлдөр санваар олголт нь гагцхүү ‘эрх мэдэл бүхий хэн нэгнээр томилогдсон мөн тэрээр эрх мэдэлтэй, бас сүмийн тэргүүнүүдээр зохих ёсоор томилогдсон гэдэг нь сүмд мэдэгдсэн нэгнээс’ [С ба Г 42:11] ирдгийг судруудад тодорхой өгүүлсэн байдаг. …
Санваарыг зохих эрх мэдэлтэй, уг эрх мэдэл түүнд байгааг Сүм мэддэг хэн нэгэн томилолтоор үргэлж олгодог байсан, олгох болно гэсэн энгийн бөгөөд маш тодорхой зарчмыг мартаж болохгүй. Түүнчлэн санваар авсан тохиолдолд ч хувь хүн өөрийн томилогдсон албан тушаалаас илүү эрх мэдэл эдэлдэггүй. Энэхүү хязгаарлалт тухайн хүний онцгойлон адислагдсан албан тушаалд бас хамаатай. Эрх мэдэл олгогдоогүй томилолт буюу онцгойлон адислалтад санваарын хүч, эрх мэдлийн аль нь ч байдаггүй.”8
Санваарын хүч
“Санваарын эрх мэдлийг олгох талаар бид сайн ажиллаж, энэхүү эрх мэдлийг үндсэндээ газар сайгүй дэлгэрүүлээд байна. Ахлагч нарын болон дээд пристүүдийн чуулгууд дэлхий даяар байдаг. Гэвч миний бодлоор санваарын эрх мэдлийг олгох үйл явц нь санваарын хүчийг хүртээх үйл явцаас түрүүнд байдаг. Санваарын хүч гэр бүлүүдэд бат бөх үндэс суурьтай болох ёстой бөгөөд ингээгүй цагт санваар хүчгүй байдаг.
“Санваарын эрх мэдэл бидэнд байгаа. Санваарыг зохион байгуулж, эмх журамд оруулсны дараа Сүм дэх санваарын хүчийг идэвхжүүлэх нь бидний үүрэг юм. Санваарын эрх мэдэл томилолтоор ирдэг бол санваарын хүч нь гэрээнүүдээ эрхэмлэн дээдэлж, итгэлтэй бөгөөд дуулгавартай амьдарснаар ирдэг. Энэ хүч санваарыг зөв шударгаар ашигласан үед өсөн нэмэгддэг.
“Аав нар аа, дуудлага тань ариунаас ариун гэдгийг би та нарт сануулж байна. Та нар гэр бүлээ хамгаалах санваарын хүчийг Их Эзэнээс шууд авдаг. Энэхүү хүч нь гэр бүлийг тань дайсны хор хөнөөлөөс хамгаалах цорын ганц бамбай болох цаг үе тохиох болно. Та Ариун Сүнсний бэлгээр Их Эзэнээс удирдамж хүлээн авах болно.”9
Таны хүлээн авдаг хүч энэхүү нүдэнд үл үзэгдэх ариун хүчийг хэрхэн ашиглаж, хамгаалснаас хамааралтай байна.
“Таны эрх мэдэл томилолтоор ирдэг бол таны хүч дуулгавартай болон зохистой байдлаар дамжин ирдэг. …
“Санваарын хүч нь цуглаануудад оролцох, ажил үүрэг хүлээн авч биелүүлэх, судар унших, Мэргэн Ухааны Үгийг сахих зэрэг энгийн зүйлүүдийг хийж үүргээ биелүүлэхээс ирдэг.”10
Их Эзэний жинхэнэ үйлчлэгчид
“Санваарын түлхүүрүүдийг Христийн бусад сүмүүдэд ашигладаг тухай бид сонсоогүй. Зарим хүмүүс биднийг Христэд итгэгчид биш хэмээн ярьдаг нь байж боломгүй хачирхалтай юм. Гэтэл Түүний үндэслэсэн эрх мэдэл, зохион байгуулалт биднээс өөр хэнд ч байхгүй шүү дээ.
Одоогийн Арванхоёр бол жирийн л нэг хүмүүс. Тэд тус тусдаа зөн билгийн хүчтэй биш, харин анхны Арванхоёр шиг Арванхоёулаа нийлж нэг хүч болдог.
Бид янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс. Бид эрдэмтэд, хуульчид, багш нар.
“Ахлагч [Рассел М.] Нелсон зүрхний анхны мэс засалчдын нэг байлаа. …
“Энэ Чуулгын нэлээд хэдэн гишүүн цэргийн хүн бөгөөд зарим нь далайчин, усан цэргийнхэн, нисгэгчид юм.
“Тэд Сүмд янз бүрийн албан тушаалд: гэрийн болон сайн мэдээний багш, номлогч, чуулгын ерөнхийлөгч, бишоп, гадасны ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байснаас гадна хамгийн гол нь нөхөр болон эцгүүд юм.
“Тэд бүгдээрээ Есүс Христийн сайн мэдээний суралцагчид бас багш нар юм. Аврагчийг болон Түүний Эцэгийн хүүхдүүдийг хайрлах бидний хайр, Тэр бол манай Сүмийн тэргүүн мөн гэдэг гэрчлэл биднийг нэгтгэдэг.
“Арванхоёр нь Аврагчийг дэлхий дээр байсан үеийн Арванхоёр шиг эгэл даруухан хүмүүс юм. Амьд Арванхоёр нь Есүс Христийн сайн мэдээний үйлчлэлээр нэгдмэл болдог билээ. Хүн бүр дуудлагаа аваад, зүйрлэн хэлбэл, загасны тороо орхиж, Их Эзэнийг дагасан.”11
“Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд бол бүгдээрээ Төлөөлөгчид гэдгийг би гэрчилж байна. Миний бие үүнийг тунхаглахдаа Их Эзэний зааснаас өөрийг, Сүнсний гэрчийн төлөө чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр эрж хайдаг хүмүүст илчилснээс өөрийг хэлсэн нь үгүй.
“Эдгээр хүмүүс бол Их Эзэний жинхэнэ үйлчлэгчид. Тэдний зөвлөгөөг анхааралтай дага.”12
Төлөөлөгчийн гэрчлэл
“Надад олон чадвар дутагдаж байна. Шаардлагатай хэмжээгээр үйлчлэхэд их хүч чармайлт хэрэгтэй байна. Би нэг онцгой зүйл, нэг нөхцөлийн тухай тайлбарлаж чадна. Петр болон тэр үеэс хойш томилогдсон бүх хүмүүст байдагтай адил дараах гэрчлэл надад байдаг.
“Бурхан бол бидний Эцэг гэдгийг би мэднэ. Тэрбээр Өөрийн Хүү Есүс Христийг Иосеф Смитэд танилцуулсан. Есүс бол Христ гэдгийг мэднэ гэдгээ би та бүхэнд тунхаглаж байна. Тэрээр амьдыг би мэднэ. Тэрбээр цагийн голчид мэндэлсэн билээ. Түүнийг Өөрийн сайн мэдээг заасны төлөө шүүсэн юм. Тэр гашуунаар зовон шаналж, цовдлогдоод гурав дахь өдрөө амилсан. Тэрбээр Эцэгийнхээ адил мах, ясан биетэй. Тэрбээр Өөрийн Цагаатгалыг хийсэн. Түүний тухай би гэрчлэлээ хэллээ. Би Түүний гэрч.”13