2012
Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахиснаар ирдэг баяр баясгалан
2012 оны зургадугаар сар


Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахиснаар ирдэг баяр баясгалан

Elder Marcos A. Aidukaitis

Би Бурханы ариун өдөр Түүнийг шүтэн биширснээр ирдэг адислалуудыг тэр дундаа бидний харж чаддаггүй адислалуудын талаар гэрчилж байна.

Хожмын Үеийн Гэгээнтнүүд амьдардаггүй орчинд Хожмын Үеийн Гэгээнтэн болж өссөн маань миний амьдралын хамгийн сайхан туршлагуудын нэг билээ. Төрсөн өдөр, амралт, баяр ёслол, хөл бөмбөгийн тэмцээн болон шарсан мах хийж идэхээр гэр бүлээрээ болон найз нөхдөөрөө цугладаг байсан цаг үеийг би хамгийн ихээр санадаг. Ням гараг бүр гэр бүлээрээ сүмд явдаг байсан нь бас нэгэн сайхан дурсамж юм.

Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахиж, Тэнгэр дэх Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг хүндэтгэн бишрэх явдал нь манай гэр бүлийн нэгэн чухал уламжлал болсон байлаа. Сүм дэх залуу хөвгүүний хувьд би үргэлж мягмар гарагийн орой хөл бөмбөг тоглохыг тэсэн ядан хүлээдэг байсан төдийгүй ариун ёслолын цуглаан, Ням гарагийн анги болон Ням гараг бүрт болдог санваартны цуглаандаа явахыг ч мөн адил маш ихээр хүсдэг байлаа. Ах эгч нартайгаа хамт сайн мэдээг суралцах нь үнэхээр сайхан санагддаг байсан төдийгүй сүмийн цуглааны дараа гэртээ харих гэж тийм ч их яардаггүй байсансан.

Би гэрлэж, өөрийн гэсэн гэр бүлтэй болсныхоо дараа өсвөр насанд маань үзүүлсэн аав ээжийнхээ үлгэр жишээнд талархаж эхэлсэн юм. Гэр бүлийн тэргүүний хувьд би “залбирлын өргөөнд очиж, [Их Эзэний] ариун өдөрт ариун ёслолуудаа өргөх нь” (С ба Г 59:9) хэчнээн чухал болохыг илүү сайн ойлгож билээ. Энэхүү зарлигийг дуулгавартай дагадаг хүмүүст амласан Түүний адислалуудыг ч мөн адил илүү сайн ойлгодог болсон.

Залуу байхдаа найзуудтайгаа бүхэл жилийн турш ганц ч Сүмийн цуглааныг алгасаагүй тухайгаа ярилцахдаа хэчнээн аз жаргалтай болдог байснаа би тод санадаг. Бидний итгэлийн оролцооны үр дүнд юу ирж байгааг бид бүрэн дүүрэн ойлгохгүй байж болох ч бид өөрсдийгөө дэлхийгээс толбогүй байлгаж чаддаг. Нэмж хэлэхэд бидний зүрх сэтгэл баяртай, нүүрэндээ инээмсэглэлтэй, үнэхээр их аз жаргалтай байсныг би санадаг (С ба Г 59:9, 13–15-г үз).

Хүндэтгэлийн өдрийн уламжлал

Олон жилийн турш манай гэр бүл өмнөд Бразил дахь гэрийн маань ойролцоо байдаг жижигхэн далайн эрэг рүү зуныхаа амралтаар явдаг уламжлалтай байсан юм. Заримдаа бид ажлын шаардлагаас болж нүүх хэрэгтэй болдог байсан ч хэр хол байх нь хамаагүй үргэлж баяр баясгалантайгаар далайн эрэг рүү явдаг байж билээ. Мөн ээж аав, ах дүүс маань уулзах гэж жилд нэг удаа холоос цуглардаг байсан юм. Хүн бүр аль болох хурдан ирж, удаан хугацаанд гэрийнхэнтэйгээ байхыг хичээдэг байлаа.

Тэрхүү жижигхэн арал дээр манай гэр бүл сүнслэг өсөлт, сайн мэдээний сургаалын талаар олон гайхамшигтай гэрчлэлтэй болсон юм. Хамаатан садны маань ихэнх нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн биш учраас бидний итгэлд тийм ч анхаарал хандуулдаггүй байсан. Тэдний хувьд Их Эзэний өдөр зүгээр л нэг тоглож, наадах өдөр байдаг байлаа. Ихэнх гэр бүлүүд ажлын өдөр гэхээсээ илүү амралтын өдрөөр далайн эрэг рүү явдаг байсан учраас биднийг Ням гарагийн үйл ажиллагаануудад оролцож Сүм рүү явахыг хүмүүс тэр дундаа хүүхдүүд маань хүсдэг байлаа.

Хүүхдүүд маань бага байсан учраас дөнгөж л сайн мэдээний үнэнүүдийг хэрэгжүүлж эхэлж байсан юм. Үеэлүүдтэйгээ болон найзуудтайгаа тоглож ням гарагийг өнгөрөөх уруу таталт тэдэнд ирдэг байв. Гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөх нь сайн мэдээний чухал хэсэг болохоор Хүндэтгэлийн өдрийг зөрчих явдлыг зөвтгөх нь амархан санагдаж болно. Сүмийн хамгийн ойрхон нэгж далайн эргээс 96 километрийн зайд оршдог байв. Манай найзууд болон хөршүүд биднээс хол сүмийн өөр байранд цуглардаг байсан учраас бид ням гарагт сүмдээ явалгүй далайн эрэг дээр үлдсэн ч тэд мэдэх боломжгүй байлаа. Бид бүхэл жилийн турш сүмд тасралтгүй явсан бөгөөд хамаатан садантайгаа зөвхөн ажлын хэдэн өдрүүдээр л хамт байдаг байв.

Ямар ч байсан бид нэг ч Ням гарагийг таслаагүй юм. Бид Их Эзэний заасан зүйлийг санадаг байсан юм:

“Мөн чи өөрийгөө дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбогүй байлгаж болохын тулд, чи залбирлын өргөөнд очиж мөн миний ариун өдөрт ариун ёслолуудаа өргөх ёстой;

Учир нь үнэнээр энэ бол хөдөлмөрүүдээсээ амрахаар, мөн Бүхний Дээдэд чи бүхнээ зориулахаар чамд өгөгдсөн өдөр юм.

Гэхдээ энэхүү, Их Эзэний өдөр чи өөрийнхөө өргөлүүд хийгээд өөрийнхөө ариун ёслолуудыг Бүхний Дээдэд өргөх ёстой гэдгийг санагтун. …

Мөн чиний мацаг барилт төгс байж болохын тулд, эсвээс, өөр үгээр, баяр хөөр чинь дүүрэн байж болохын тулд энэ өдөр чи хоол хүнсээ гагцхүү чин сэтгэлээсээ бэлтгэхээс өөр юу ч хийх ёсгүй.” (С ба Г 59:9–13).

Бид энэ зарлигийг дагахыг сонгосон бөгөөд хүүхдүүддээ үүний дагуу амьдрахыг заасан. Удалгүй хүүхдүүд маань гэр бүл, найз нөхдийгөө баясгаж, өөрсдийн хүслийг хангахын оронд Бурханы ариун өдөр Түүнийг хүндэтгэн бишрэх нь хамаагүй илүү чухал болохыг ойлгосон.

Дуулгавартай байснаар адислагдсан нь

Далайн эрэг дээр байхдаа ням гараг бүр бид өглөө эрт босож, Ням гарагийн цуглаанууддаа бэлтгэж, хамгийн ойрхон цуглааны байр руу машинаар явдаг байлаа. Бүхэл өдрийн туршид бид Өөрийн зарлигуудыг дагадаг хүмүүст амласан Их Эзэний амар амгалан, баяр баясгаланг мэдэрдэг байж билээ. Бид тэрхүү амар амгалан, баяр баясгалангийн мэдрэмж дэлхийгээс ирдэггүйг ойлгосон юм.

Хэдэн жилийн дараа нэгэн гайхамшиг тохиолоо. Хүүхдүүд маань Бурханы ариун өдөр Түүнийг шүтэн бишрэх нь яагаад чухал талаар асуухаа больж, ах дүүсийн маань хүүхдүүд биднээс сүмд хамтдаа явж болох уу гэж асуудаг болов. Бидний мэдэрсэн тэрхүү амар амгалан, баяр баясгалангийн сүнсийг цуглаанаас ирсний дараа тэд ч бас мэдэрдэг байсныг бид ойлгосон. Эцэст нь агуу адислал ирсэн юм. Тэдгээр хүүхдүүдийн хоёр нь өсвөр насандаа аав ээждээ “бид Хожмын Үеийн Гэгээнтнүүд болмоор байна” гэж хэлжээ. Тэд хоёулаа нэг гэр бүлийнх байсан юм. Удалгүй тэд гэр бүлээрээ баптисм хүртсэн билээ. Саяхан тэдний номлолд явсан нэг хүүхэд нь ариун сүмд гэрлэжээ.

Бид тэр далайн эрэг рүү жил бүр явсаар байгаа боловч хүн бүр манай гэр бүл ням гарагт тэдэнтэй хамт тоглож наадахгүй гэдгийг мэддэг болсон юм. Харин бид бидэнтэй нэгдэхийг хүсч байгаа ах дүүстэйгээ хамт сүмд явдаг болсон бөгөөд улам олон ах дүүс маань бидний нэг болсоор байна.

Бид тэдгээр жилүүдийг эргэн харахдаа хийсэн сонголтоо эргэцүүлэн бодож, зөв зүйлийг хийж, хүүхдүүддээ мөн зөвийг сонгохыг заах эр зоригийг өгсөн Бурханд талархдаг. Тэр сонголт бидний хүүхдүүдийг болон ах дүүсийг маань хүчирхэгжүүлсэн гэдэгт бид өчүүхэн ч эргэлздэггүй. Энэ нь бидэнд Их Эзэний амласан амар амгаланг өгч, гэр бүлийн гишүүдийн маань хөрвөлтөнд чухал үүрэг гүйцэтгэж, сүнсийг тэжээж чаддаггүй хүндэтгэлийн өдрийн зөрчсөн дэлхийн зүйлсээс олж чадаагүй сэтгэл ханамжаар биднийг адисалсан юм.

Би Бурханы ариун өдөр Түүнийг хүндэтгэн биширснээр ирэх адислалууд тэр дундаа бидний харж чадахгүй адислалуудын талаар гэрчилж байна. Би “Эзэнийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ” (Дуулал 144:15) хэмээн гэрчилж байна.

Сүүлчийн зоог Саймон Дюви; ар тал © Getty Images; өөр бусад зургуудыг Айдукайтисын гэр бүлийнхэн өгөв