2012
Итгэлийн эв нэгдлээр цугларсан нь
2012 оны зургадугаар сар


Итгэлийн эв нэгдлээр цугларсан нь

Залуу насанд хүрэгчдийн төвүүд сайн мэдээнээс суралцах, нийгэм соёлын үйл ажиллагаанууд, номлолын болон идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулдаг.

Угандагийн Барбара Матови. Непалын Сам Баснет. Норвегийн Элизабет Олсен Гурван өөр орны гурван өөр хүн. Барбара, Сам, Элизабет гурав бүгд нэг газар буюу Норвегийн Осло дахь залуу насанд хүрэгчдийн төвд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний дагуу цуглажээ.

Энэ гурав Залуу насанд хүрэгчдийн төв дээр номлогчдоор хичээл заалгаж, Ослод Сүмийн гишүүн болцгоожээ. Осло дахь энэ барилгатай адил Сүмийн барилгуудыг нийгэм соёлын үйл ажиллагаа зохион байгуулах, институтийн хичээл заах, компьютер ашиглах, интернетэд нэвтрэх, сургуулийн хичээлээ давтах тэр ч байтугай хоол хийх зориулалтаар ашигладаг.

Барбара 1998 онд есөн настай байхдаа Угандагаас Норвегид нүүж иржээ. Арван жилийн дараа хоёр номлогч түүнийг сэргээгдсэн сайн мэдээнээс суралцахад урьж, түүнтэй залуу насанд хүрэгчдийн төв дээр уулзъя гэжээ. Барбара эхлээд эргэлзэж байжээ.

‘Залуучуудын өөр нэг төв л байгаа биз’ гэж би дотроо бодсон” хэмээн тэр хэлсэн. “Би иймэрхүү олон газарт өмнө нь очиж үзсэн. Гэхдээ тэдгээрийн алинд нь ч ийм аятайхан байгаагүй.”

Харин энэ төв огт өөр юм. “Энэ төвийн хаалгаар хөл тавьсан дороо л би гайхсан шүү” хэмээн Барбара хэллээ. “Би өөртөө төрсөн мэдрэмжийг цэгцэлж дүгнэлт хийхээр түр зуур зогслоо. Надад хайрын бүлээн мэдрэмж төрсөн юм. Би зөв газар, зөв хүмүүстэй, зөв зорилгын төлөө байгаагаа баттай мэдэрсэн.”

Залуу насанд хүрэгчдийн төвүүдэд цугларах нь

Залуу насанд хүрэгчдийн төвүүд байгуулах санаачлага 2003 онд эхэлжээ. Эдгээр төвүүд институтээр зөвхөн шашны боловсрол олгохоос илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Ганц бие залуу насанд хүрэгчид бас төвийн үйл ажиллагааны зөвлөлд үйлчлэх, үе тэнгийнхэндээ зааж, тэднийг идэвхжүүлэхэд туслах талаар бүрэн цагийн номлогчид болон үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулдаг ахмад гэр бүлийн хостой хамтран ажиллах боломжтой юм. Орон нутгийн санваартны удирдлага Бүсийн Далуудын чиглүүлэл дор хариуцсан бүсүүддээ залуу насанд хүрэгчдийн төв байгуулах асуудлыг шийдэж байна.

Анхны дөрвөн төв Данийн Копенгаген, Германы Берлин, Гамбург, Лейпцигт байгуулагджээ. Дөрөвхөн байсан залуучуудын төв 2011 оны байдлаар Шведээс эхлээд Киприйг хүртэл олон оронд 141 болтлоо өсчээ. Дэлхийн бусад хэсгүүдэд, тухайлбал Нэгдсэн Улс болон Африкт өөр олон төв баригдаж байна.

Жеральд Соренсен, Нанси Соренсен нар Норвегийн Трондейм дахь залуу насанд хүрэгчдийн төвд үйлчилсэн ажээ. Тэд энэ төвд дэлхийн бүх орны, түүний дотор Афганистан, Хятад, Гана, Иран, Ирак, Мозамбик, Нидерланд, Нигери, Орос, Турк, Украйны залуу насанд хүрэгчидтэй уулзжээ.

“Залуучуудын төвд олон янзын хэл, соёл заншил, боловсролтой, өөр өөр шүтлэг бишрэлтэй хүмүүс ирдэг ч, тэдэнд нийтлэг нэг үнэт зүйл байдаг. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийнхээ болон Түүний Хүү, Есүс Христийн тухай илүү ихийг мэдэх хүсэл юм” гэж Соренсен ах хэлэв. Бид тэднийг болон тэдний хүсэл мөрөөдөл, тулгарч буй сорилт бэрхшээлийг нь мэддэг болсон үед тэднийг Бурханы хүүхэд хэмээн харахад амар болдог. Бурхан тэдний залбиралд хариулан, алхааг нь удирдаж, тэднийг агуу хайраар хайрладаг нь тодорхой юм.”

Залуу насанд хүрэгчид тодорхой зорилгоор түүний дотор ирээдүйн ажил үүргийнхээ талаар сургалт авахын тулд төв рүү ирж байна гэж Норвегийн Осло Номлолын ерөнхийлөгч Арманд Жохансен боддог. “Норвеги дахь Сүм улам олон үндэстнээс бүрддэг болсон” гэж тэрээр хэллээ. Залуу насанд хүрэгчдийн төвүүд нь Сүм олон өөр соёл, ёс заншилтай хүмүүсийг хооронд нь холбогч шижим болж байгаа нь хэчнээн чухал болохыг ойлгоход залуу хүмүүст тусалж байна. Эдгээр төвүүд нийгмийн ялгааг багасгаж, хүмүүсийг нэгтгэдэг газар болж байгааг би харж байна” гэж Ерөнхийлөгч Жохансен хэллээ.

Христэд нэгдэх нь

Номлогчид анх удаа түүнийг ганц бие залуу насанд хүрэгчидтэй танилцуулахаар уг төвд авчирсныг Барбара Матови санадаг. Залуучуудын төв нь ямархуу газар болохыг өөрийгөө мэддэг хэмээн тэр боджээ.

“Би амьдралынхаа туршид үргэлж л ямар нэг бүлэгт харьяалагдаж ирсэн л дээ. “Тэдгээр бүлгүүд спортын, олон улсын буюу өөр ямар ч бүлэг байсан үргэлж нэг нэр хаягтай байсан. Харин хүмүүс энэ төв дээр ирээд, хэн нь ч, ‘Би’ нэрд гарсан ийм тийм бүлэгт харьяалагддаг хүн, тиймээс тантай ярьж чадахгүй нь гэсэн байдлаар бусдад хандахгүй байгаа нь сонин байлаа.’

Би эхлээд, ‘Тэд дүр эсгэж, жүжиглэж байгаа юм биш үү? Энэ чинь жүжиг биш үү? гэж бодож билээ. Гэвч удалгүй бид хэн бэ гэдэг нь, хаанаас ирсэн нь эсвэл ямар хэлээр ярьдаг нь энд үнэхээр хамаагүй болохыг мэдсэн. Бидний Тэнгэрлэг Эцэг хүн бүрийг хайрладаг. Харьяалагдах бүлгээ олоход надад бага хугацаа шаардагддаг байлаа. Харин энэ удаа надад ямар нэг бүлэг хэрэггүй юм байна гэж бодлоо. Би энд ердөө Барбара, хүн болгоны хувьд зөвхөн Барбара л байлаа” хэмээн тэр ярив.

Элизабет Олсен тэнгэрлэг гэр бүлдээ өөрийн байрыг олж харсандаа даруусгагдсан хэмээн хэллээ. Өөр өөр соёл, ёс заншилтай хүмүүстэй уулзаж танилцсан үед тэднийг таньж мэдэх хавьгүй хялбар байдаг. Би хүмүүсийг Христийн мэлмийгээр харахын тулд нүдээ илүү сайн нээж сурсан” гэж тэр ярилаа. “Төв дээр өөр өөр соёл, ёс заншилтай хүмүүс ирдэг ч, бид бүгдэд адил нийтлэг нэг зүйл бий. Энэ бол бид Есүс Христ, Бурхан хоёртой дахин хамт амьдрахыг хүсдэг явдал юм.

Нэг болно гэдэг нь бүгд адил болно гэсэн үг биш

Зарим хүмүүс нэгдмэл байдал нь хувь хүнд золиослолын үнэ цэнээр ирдэг учраас нэгдмэл нэг байх гэдэг санаанд хянуур болгоомжтой ханддаг байж магадгүй. “Адил зарлигуудаар амьдардаг тул энэ нь биднийг адилхан нэг хэвийн хүмүүс болгодог хэмээн боддог учраас шашин шүтлэгээс олон хүн айн болгоомжилдог” гэж Элизабет ярив. “Гэтэл энэ нь огт тийм биш. Бурхан бид бүгдийг давтагдашгүй өөр хүмүүс болгосон. Бид адил итгэл бишрэлтэй байж болно, гэхдээ бид янз бүрийн зан төлөв, бэлэгтэй хүмүүс. Чухам энэ нь биднийг өөр өөр хувь хүмүүс болгодог. Бид бүгд өөр үүрэг зорилготой учраас Бурхан биднийг давтагдашгүй өөр хүмүүс болгосон юм.”

Шашны дүрмүүд хатуу хязгаарлагч шинжтэй гэж үздэг найз нарынхаа үзэл бодлыг Сам Баснет ямар нэг хэмжээгээр үнэний хувьтай байх гэж боддог байж. “‘Хэрэв чи сүмд явах юм бол бусдын тогтоосон дүрмүүдийг дагахаас аргагүй болно’ гэж нэг найз маань надад хэлж билээ” гэж тэр ярилаа. Харин Сам залбирч, өөрийнх нь үйлдлүүдийг батлах хувийн илчлэлтийг эрэлхийлсэн учраас Сүмийн жишгүүдийг дагадаг ажээ.

Бурхан хүүхдүүдээ нэгтгэж байгааг Түүний хүүхдүүдэд нэг бүрчлэн ойлгуулах хэрэгтэй гэж Сам ярилаа. “Бүх үндэстэн, бүх хэлтэн Түүнийг шүтэн бишрэх болно гэж Бурхан айлдсан шүү дээ” (Moзая 27:31-ийг үз) хэмээн тэр хэлэв. “Би янз бүрийн хүмүүстэй танилцсанаар олон өөр соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандаж сурсан. Ийм олон янз байдлыг биеэр үзэж мэдэрсэн нь Бурханы агуу төлөвлөгөө биднийг амар амгалан байдалд нэгтгэдэг юм байна гэж бодоход намайг хүргэсэн юм.

Эцсийн цугларах газарт хүрч очих нь

Сүмийн ирээдүйн удирдагчид болох эдгээр залуу насанд хүрэгчид өөрсдөд нь зориулсан энэ төвд цугласнаас ирдэг хүч чадалд талархалтай байдаг бөгөөд энэ бол ердөө эхлэл гэдгийг ойлгодог. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар, ариун сүм бол цугларах хамгийн чухал газруудын нэг мөн хэмээн сургажээ.1

Сам энэ төв дээр сайн найз нараар өөрийгөө хүрээлүүлснээр Их Эзэний өргөөнд орохоор бэлтгэж эхэлжээ. “Олон газраас ирсэн хүмүүстэй танилцсан нь дэлхийн талаар илүү ойлгоход маань тусалсан юм” гэж тэр хэллээ. “Би найз нартаа сайн үлгэр дуурайл үзүүлэхийг хүсдэг. Энэ нь намайг Бурханд болон Түүний ариун сүмд илүү сайн тэнцэх болгосон.”

Барбара баптисм хүртсэнээсээ хойш сарын дараа төв дээр болсон нэг гэр бүлийн үдшийн үеэр анх удаа ариун сүмд орох тухай бодсон гэнэ. Хичээлийн дараа тэр асуулт асууж эхлэв.

“Ариун сүмийн ач холбогдлыг сайн ойлгодог найз нөхөдтэй байх нь хэчнээн чухал болохыг ойлгоход тэд надад тусалдаг. Тэднийг ариун сүмийн талаар тайлбарлахад би Ариун Сүнсийг мэдэрсэн” хэмээн Барбара ярилаа. “Гэрлэж болох бүх газрын талаар бодоод, ямар ч сайхан сүм дуган эсвэл далайн эргийг ариун сүмтэй зүйрлүүлэх аргагүйг би ойлгосон. Тэр үеэс хойш ариун сүм миний хувьд зүгээр нэг барилга байхаа больсон юм. Ариун сүм бол нэгэн өдөр ирээдүйн нөхөртэйгөө хамт орохыг хүсэх тийм газар байхыг би хүсдэг.”

Элизабет бас ариун сүмийг өөрийнхөө хамгийн чухал зорилгуудын нэг болгожээ. “Би ариун сүм явах бүрдээ яг сая доллар хожсон юм шиг инээмсэглэдэг” гэж тэр хэллээ. “Бурхан хүн бүрийг ариун сүмд орж, бид бүгдэд Өөрийн нөөцөлсөн бүх адислал хийгээд бэлгүүдийг өгөхийг хүсдэгийг би мэднэ. Ариун сүмд орох болон тэнд орох зохистой байх нь үнэхээр том амжилт мөн. Би ариун сүмд орж, Бурханд бас тэнгэрлэг гэртээ хамгийн ойрхон байж чадна.”

Мэдээж хэрэг, селестиел хаант улс бол эцсийн цугларах газар, тэнд хоосон суудал үлдэхийг Барбара хүсдэггүй ажээ. “Бид зөвхөн Христээр дамжин Тэнгэрлэг Эцэгтээ очиж чадна гэдгийг Есүс хэлсэн билээ. Тэрээр бас энэ амьдралд бидний хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг нь бие биедээ үйлчлэх явдал гэж хэлсэн [Иохан 21:15–17-г үз]. Бие биедээ үйлчилснээр бид Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очиход нь нэгэндээ тусалдаг. Учир нь та ганцаараа тэнгэр дэх гэр рүүгээ явахыг хүсэхгүй шүү дээ.”

Эшлэл

  1. Давид A.Беднар, “Honorably Hold a Name and Standing,” Лиахона, 2009 оны 5-р сар, 97-г үз.

Дээд талаас: Барбара Матови, Сам Баснет, Элизабет Олсен.

Залуу насанд хүрэгчид төвийн үйл ажиллагааны зөвлөлд үйлчлэх, үе тэнгийнхэндээ зааж, тэднийг идэвхжүүлэхэд туслах талаар бүрэн цагийн номлогчид болон төвийн үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулдаг ахмад гэр бүлийн хостой хамтран ажиллах боломжтой юм.

Залуу насанд хүрэгчдийн анхны 4 төв дэлхийн бусад хэсгүүдэд баригдаж, одоо 141 болжээ.

Дараагийн хуудасны баруун талд: Симон Жөүнсийн (Ковентри, Англи) гэрэл зургууд; Жерри Гарнс (Сан Диего, Калифорни, АНУ); Хенрих Оолз (Копенгаген, Дани); Гленда Стөүнхокер (Соуэто, Өмнөд Африк)