2012
Таны Аароны санваарын үүргүүд
2012 оны зургадугаар сар


Таны Аароны санваарын үүргүүд

Чи Аароны санваарт томилогдлоо. Одоо юу хийх хэрэгтэй вэ?

Чи дөнгөж өнгөрсөн ням гарагт томилогдсон шинэхэн дикон эсвэл долоо хоног бүр ариун ёслолыг бэлтгэхэд тусалдаг багш байж болно. Эсвэл чи үйлчлэлийн төслүүдэд оролцох болон шинээр томилогдсон багш нар, диконуудыг үүрэгт ажилд удирдан дагуулахад туршлагажсан прист байж болно. Гэвч бүх санваартнууд: “Хүн бүр өөрийн үүргийг мэдэж аваг, Тэрээр томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллаг” (С ба Г 107:99) гэсэн энэ дуудлагыг Их Эзэнээс авдгаараа адилхан юм.

Харин бид энэхүү дуудлагаа хаанаас мэдэж болох вэ? Хамгийн түрүүнд судруудыг үз. Тухайлбал, та нар Аароны санваартнуудын үүргүүдийг тодорхойлсон, Сургаал ба Гэрээний 20:46–60, 72–79; түүнчлэн 84:111-ийг судлах хэрэгтэй.

Өөр нэг чухал эх сурвалж бол Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь: Аароны Санваартнуудад зориулав товхимол юм. Энэ товхимолд та нарын санваарын үүргүүдийг гурван хэсэгт хуваасан байдаг. Үүнд: (1) “Санваарын ёслолуудыг гүйцэтгэх нь,” (2) “Бусдад үйлчлэх нь,” (3) “Бүх хүмүүсийг Христэд ирэхийг урих нь.” “Санваартны үүргүүд” хэсэгт дикон, багш, пристийн албан тушаал бүрээр судлах нэмэлт судрууд болон санваартны үүргээ илүү сайн ойлгоход тань туслах хувийн төлөвлөгөө гаргаж ажиллах зөвлөмжүүд байгаа.

Аароны санваартнуудын үндсэн үүргүүдээс заримыг нь товч авч үзье.

Диконууд

Дикон нь чуулгынхаа гишүүд, Сүмийн бусад гишүүдэд сайн үлгэр дуурайл үзүүлж, зөв шударга амьдран, санваараа зохистой ашиглана.

Тэр ариун ёслолыг түгээнэ. Энэ бол диконы хамгийн ариун үүргүүдийн нэг мөн. Дикон энэхүү үүргээ гүйцэтгэхдээ Их Эзэнийг төлөөлдөг. Тэр ариун ёслолыг Сүмийн гишүүдэд түгээхдээ зохистой байх ёстой. Дикон нь ариун ёслолын эрхэм ариун байдлыг хувцаслалт болон үйлдлээрээ харуулах ёстой. Боломжтой бол тэр цагаан цамц өмсөх ёстой.

Дикон нь “сүмийг харж хандахаар томилогдсон” (С ба Г 84:111) байнгын үйлчлэгч юм. Тэр бас “сануулж, тайлбарлаж, ухуулж мөн зааж, мөн Христэд ирэхэд бүхнийг урьдаг байх” (С ба Г 20:59) ёстой. Энэ үүрэгт нь чуулгын гишүүд болон бусад залуу эрэгтэйчүүдтэй нөхөрлөх, Сүмийн цуглаануудын тухай гишүүдэд мэдэгдэх, цуглаан дээр үг хэлэх, сайн мэдээг хуваалцах болон гэрчлэлээ хэлэх зэрэг орно.

Дикон “цаг зуурын зүйлсийг … гүйцэтгэхэд” (С ба Г 107:68) бишопт тусалдаг. Энэ үүрэгт нь мацгийн өргөл цуглуулах, ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүст туслах, цуглааны байр, Сүмийн газрыг арчилж тордох, цуглаануудын үеэр бишопын элч болж үйлчлэх зэрэг орно.

Тэрээр сайн мэдээнээс идэвхтэй суралцагч байж, чуулгын хурал цуглаануудад оролцоно. Бусад үүрэгт нь гишүүдэд материаллаг хэрэгцээгээ хангахад нь туслах, номлогчийн үйлчлэлд бэлтгэх болон оролцох, чуулгын ерөнхийлөгчөө дэмжиж, ажилд нь туслах, чуулгынхаа насны залуу эрэгтэйчүүдийг идэвхжүүлэх, сайн мэдээнээс суралцах нь орно.

Багш нар

Багш нь диконы бүх үүргийг гүйцэтгэхээс гадна дараах үүргүүдтэй:

Тэрээр ариун ёслолыг бэлтгэнэ. Ариун ёслолын цуглаанд зориулж ариун ёслолыг бэлэн болгох нь багш нарын байнгын үүрэг юм. Ариун ёслолыг бэлтгэх нь аливаа магтаал сайшаал горьдолгүйгээр үйлчлэл хийх нэг жишээ юм. Багш нар ариун ёслолыг бэлтгэнэ гэдэг нь үйлчлэл хийж байгаа хэрэг гэдгийг гишүүд тэр болгон ойлгодоггүй. Энэ бол жинхэнэ үйлчлэл учраас Их Эзэн үүнд талархдаг.

“Багшийн үүрэг нь сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн тэднийг бэхжүүлэх нь болой” (С ба Г 20:53). Энэхүү үүргээ биелүүлэх нэг арга зам бол гэрийн багшаар үйлчлэх юм.

Тэр бас “сүмд алдас байхгүй, мөн бие биендээ хахир хатуу хандахгүй, мөн худал хэлэхгүй, хов жив хөөцөлдөхгүй, мөн шүүмжлэхгүй байхад анхаарах” (С ба Г 20:54) ёстой. Энэ үүрэгт бие биетэйгээ эвсэг байхад гишүүдэд туслах замаар энхийг тогтоогч байх нь мөн багтана. Багш нь бусдаас үргэлж сайн зүйлийг олж харахад эргэн тойрныхоо хүмүүсийг дэмжих ёстой.

Тэр “сүм хамтдаа олонтаа цуглахыг анхаарч, мөн тэрчлэн бүх гишүүд үүргээ биелүүлж байгааг анхаарах” (С ба Г 20:55) үүрэгтэй. Энэ үүргийн хэсэг нь сүмд ирэхэд бусад хүмүүсийг урих явдал юм.

Пристүүд

Прист нь диконы болон багшийн үүргийг гүйцэтгэхээс гадна дараах үүргүүдтэй:

Тэрээр ариун ёслолын ширээний дэргэд үйлчилнэ. Ариун ёслолын залбирлуудыг хэлж ариун ёслолыг адислах хүндэт үүрэг пристүүдийнх юм. Прист нь ариун ёслолын залбирлуудыг мэддэг, зохих журмын дагуу хувцасладаг, энэхүү ёслолыг гүйцэтгэхийн өмнө гараа угаадаг байх ёстой. Түүнээс гадна пристүүд нь Аврагчийн төлөөлөгчийн хувиар энэхүү эрхэм ариун ёслолыг гүйцэтгэхээр зохистой байх ёстой.

Пристүүдийн өөр нэг үүрэг бол бишоп буюу салбарын ерөнхийлөгч эрх мэдэл олгосон үед баптисм хүртээх юм (С ба Г 20:46-г үз). Зохих эрх мэдлээр баптисм хүртээх нь Сүм дэх хамгийн чухал, хамгийн ариун нандин ёслолуудын нэг юм. Учир нь бид энэ ёслолоор Сүмийн гишүүд болж, нүглээсээ уучлагдан, селестиел хаант улсад очих зам дээр гардаг.

“Санваартны [пристийн] үүрэг нь номлох, заах, тайлбарлах, [мөн] ухуулах нь болой” (С ба Г 20:46). Энэ нь прист сайн мэдээний зарчмуудыг бусдад заахаар дуудагддаг гэсэн үг юм. Сайн мэдээний зарчмуудыг заахын тулд, мэдээж хэрэг, өөрөө эхлээд эдгээр зарчмыг судалж мэдсэн байх ёстой. Энэ үүрэг нь түүнийг бүрэн цагийн номлолд бэлтгэхэд маш их тус болно.

Тэр “гишүүн бүрийн гэрээр айлчлан, мөн чанга дуугаар болон чимээгүй залбирахыг мөн гэр бүлийн бүх үүргээ гүйцэтгэхийг тэдэнд ухуулах” (С ба Г 20:47) ёстой. Прист нь энэхүү үүргээ гэрийн багшаар ажиллаж, томилогдсон гэр бүлүүддээ очиж заах замаар биелүүлдэг.

Тэрээр зөвхөн бишоп буюу салбарын ерөнхийлөгч эрх мэдэл олгосон үед Аароны санваар олгож, бусад пристүүд, багш нар, диконуудыг томилох эрх мэдэл эдэлдэг (С ба Г 20:48-ыг үз). Аароны санваар олгох хүч бол ариун юм.

Залуу Эмэгтэйчүүд ба Аароны санваартнууд

Санваарын эрх мэдлийг зөвхөн Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд олгодог ч, санваарын адислалууд нь хүн бүрд боломжтой, эрэгтэй эмэгтэйчүүд, охид, хөвгүүд, баян болон ядуу хүмүүст адилхан хүртээмжтэй юм. Бурханы бүх хүүхдүүд санваарын аврагч ёслолуудыг хүлээн авах боломжтой.

Бурханы сонгогдсон охидын хувьд баптисм хүртсэн бүх залуу эмэгтэй бүр Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан байгаа. Тэд “хэлний, бошиглолын, илчлэлтийн, үзэгдлийн, эдгээхийн, хэлнүүдийн хөрвүүлгийн болон бусад бэлгүүд” (Итгэлийн Тунхаг 1:7) зэрэг сүнсний бэлгүүдийг эрэлхийлж, тэдгээр бэлгүүдээр адислагдах эрхтэй юм. Залуу эмэгтэйчүүд Сүнсний эдгээр бэлгүүдтэй болж, тэдгээрийг хөгжүүлэн, зөв шударга амьдарч, бусдад үйлчлэхийг хичээвэл, тэдний сайн үлгэр дуурайл ойр орчных нь залуу эрэгтэйчүүдэд хүчтэй нөлөө үзүүлэх болно.

Залуу эмэгтэйчүүд залуу эрэгтэйчүүдэд зохистой санваартан байхад нь хэрхэн тусалж болох вэ? Нэг залуу эрэгтэй хариулсан нь: “Тэдний хийж болох хамгийн том хоёр зүйл бол даруухан хувцаслаж, хүн бүхэнд эелдэг уриалгахан хандах явдал мөн. Даруухан хувцас намайг бодол санаагаа хянаж цэгцтэй байхад тусалдаг бөгөөд би ярихдаа үг яриагаа хянаж чаддаг!”

Тэнгэрлэг Эцэг чамд үргэлж туслах болно

Дикон, багш нар, пристүүд та нар санваарын үүргээ ойлгож, биелүүлснээр санваарын ёслолуудыг гүйцэтгэхээс, бусдад үйлчлэхээс, түүнчлэн бүх хүмүүсийг Христэд ирэхийг урихаас ирдэг баяр баясгаланг биеэрээ үзэх болно. Тэргүүн Зөвлөл Аароны санваартнуудад өгсөн захиастаа: “Тэнгэрлэг Эцэг та нарт агуу итгэл хүлээлгэдэг бөгөөд та нараар гүйцэлдүүлэх чухал ажил Түүнд бий. Түүнд хандан залбирч, Сүнсний өдөөлтүүдийг даган, зарлигууд болон хийсэн гэрээнүүдээ дуулгавартай сахьсан үед Тэрээр та нарт туслах болно” (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь [2010], 5) гэж бичжээ.

Аароны санваарт томилогдох нь онцгой эрх, үүрэг хариуцлагуудыг бий болгодог. Эдгээр үүрэг хариуцлага, эрхийг мэдэхийн тулд юуны өмнө судруудаа унш. Өөр нэг чухал эх сурвалж бол Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь: Аароны Санваартнуудад зориулав товхимол юм.

Санваарын эрх мэдлийг зөвхөн Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд олгодог ч, санваарын адислалууд нь хүн бүрд, эрэгтэй эмэгтэйчүүд аль алинд нь боломжтой юм.

Гэрэл зураг чимэглэлийг Коди Белл