2012
Миний сонголт намайг хааш нь хөтлөх вэ?
2012 оны зургадугаар сар


Миний сонголт намайг хааш нь хөтлөх вэ?

Карина шийдвэрээ өөрчилснөөр зүг чигээ өөрчилж чадсан уу?

Карина инээмсэглэхээ больж, хөлөрч эхлэв. Гэхдээ энэ нь гадаа халуун байснаас биш ээ. Карина тусламж эрж эргэн тойрноо харав. Гэвч нээлтийн үйл ажиллагааны үеэр цугласан үй олон хүн дотроос хэн нь ч түүнийг сонины сурвалжлагчийн асуултанд хариулах гээд сандарч байгааг ажигласангүй.

Тэр хормыг хүртэл Украйны Киевийн Ариун сүмийн нээлттэй хаалганы өдөр сайн дураараа үйлчлэх нь 17 настай Каринад таалагдаж байжээ. Харин одоо сонины сурвалжлагчид ээрүүлэн хэл нь гацсан юм шиг санагдах болов.

Өнгөрсөн үеийнх нь алдааны улмаас Бурхан түүнд туслахгүй байх вий гэдгээс Карина айжээ. Алдаагаа засахын төлөө тэр хичээсэн шүү дээ.

Олныг дагасан нь

Карина насанд хүрсэн үедээ ариун сүмд гэрлэхийг мөрөөддөг. Гэвч өсвөр насны залуусын адил тэрээр хүмүүсийн дунд нэрд гарахыг хүсдэг байлаа.

Карина эгч шигээ гоо үзэсгэлэнтэй, олны дунд нэрд гарахыг хүсдэг байв. Тэр нэрд гарч, хүмүүсээр хүндлүүлэхийг хүсдэг ч бусдаас хэтэрхий өөр байж, бусдын доог тохуу болохоос айдаг байжээ. Аавыгаа дуурайж цагдаагийн академид суралцах болсон нь түүнд бас их ачаалал нэмжээ. 2000 оюутны дөнгөж 70 нь эмэгтэйчүүд байв. Бусдын анхаарлыг татах нь түүнд аятайхан бас аймаар байдаг ажээ.

Карина үе тэнгийхэндээ таалагдахын тулд зарим буруу сонголтыг хийжээ. “Дэлхийн уруу таталт хүчтэй. Миний эргэн тойрон дахь хүмүүс архи ууж, тамхи татах юм. Тэд намайг шахахад би бууж өгсөн. Юунд ч санаа зовдоггүй хүмүүстэй байх нь надад таалагддаг байлаа” гэж Карина ярив.

Өөрийнх нь хийж байгаа зүйл буруу гэдгийг тэр мэдэж байсан ч, олныг дагахаар хийсэн сонголтууд нь түүнийг Бурханаас холдуулах юм гэж санасангүй (Maтай 7:13–14-ийг үз).

Арга замаа өөрчлөх нь сонголтыг чинь өөрчилдөг

Нэг өдөр түүнд таалагддаг нэг залуу сүмийнх нь итгэл бишрэлийг хүндэтгэдгээ Каринад хэлжээ.

Карина итгэлийнхээ дагуу амьдардаггүй болохоор ичиж, амьдралынхаа хэв маягийг өөрчилж, өмнөх зам мөрөө орхижээ. (Хаггаи 1:5–7-г үз). Өөрийнх нь гаргасан шийдвэр түүнийг Бурханаас, Ариун Сүнсний нөхөрлөлөөс тэрчлэн мөнхийн гэр бүлтэй болох мөрөөдлөөс нь холдуулж байгааг тэр ойлгожээ.

Зам мөрөө өөрчлөх цорын ганц арга зам нь өдөр бүр гаргадаг шийдвэрээ өөрчлөх явдал байв.1 Гэвч тэр буруу замаар ороод бүр хол явчихсан. Зам мөрөө өөрчлөхөд оройтсон болов уу? хэмээн тэрээр санаа зовж байв.

Карина өдөр бүр залбирч, судар уншиж, өөрчлөлт гаргахаар шийджээ. Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг авахад нь юу тусалсныг өдөр бүр тэмдэглэлдээ бичиж эхлэв. Хэрэв ярианы сэдэв буруу тийшээ эргэвэл тэр сэдвийг өөрчилдөг болов.

Муу нөлөөтэй найз нарыг сонгохын оронд хэсэг хугацаанд найзгүй байх нь түүний хамгийн хэцүү сонголт байсан. Тэр найз нараа илүү өндөр жишгийн дагуу сонгодог боллоо.

Найдварын ач холбогдол

Дараагийн хэдэн сарын турш Сатан түүний гаргасан шийдвэр бүрд эргэлзээ, айдсыг төрүүлдэг байв. Аврагчийг дагах хүч чармайлт нь үр дүнгээ өгөх болов уу гэж заримдаа түүнд бодогддог байв. Сайн хүн болох хүсэл нь биелэгдэх боломжтой юм шиг санагдах болсон гэнэ.

Карина бат бөх гэрчлэлээрээ амьдардаг эцэг эхээ болон бусад хүмүүсийг ажигласнаар айдас, эргэлзээнээс илүү хүчтэй зүйл байдгийг бас наманчилбал найдвар бий болдгийг мэджээ.

“Зөв замаар амьдрах боломжтойг би харсан” хэмээн тэр хэллээ. Алдаа дутагдлын улмаас биднийг зэмлэдэггүй. Тэнгэрлэг Эцэг бидэнд залбирч, зам мөрөө өөрчлөх боломжийг олгосон юм” хэмээн тэр ярилаа.

Хуучин сонголтоо орхиж, өдөр бүр Аврагчийг дагахыг хичээсэн нь Тэнгэрлэг Эцэг маш тэвчээртэй болохыг түүнд заажээ. “Тэр надад өөрчлөгдөж, улам сайн хүн болох олон боломжийг олгосон. Хүнд үеийг даван туулахад Тэнгэр дэх Эцэг минь надад тусалсан” хэмээн Карина хэллээ.

Бид Түүнийг дагахаар сонговол Тэр тусалдаг

Карина мөрөө цэх шулуун болгоод сурвалжлагч руу очихоор эргэлээ. Нүүрэнд нь инээмсэглэл гэрэлтэнэ. Тэнгэрлэг Эцэг одоо өөрт нь тусална гэдгийг тэр мэддэг болсон. Учир нь Тэнгэрлэг Эцэг түүний төлөө маш олон зүйлийг хийсэн.

Сурвалжлагч асуултуудаа асууж дууссаны дараа Карина инээмсэглэн гараараа даллав. Сурвалжлагч хариу инээмсэглээд гарч явлаа. Карина ярьсан зүйлийнхээ ихэнхийг санахгүй байгаа ч, Тэнгэрлэг Эцэг Өөрийг нь дагахаар сонгосон хүмүүст туслахад үргэлж бэлэн байдаг ба өнө удаан хугацаанд санасаар байх болно гэдгийг мэдэж байлаа.

Эшлэл

  1. Томас С.Монсон, “Pathways to Perfection,” Лиахона, 2002 оны 7-р сар, 111–14.

Адам К.Өүлсоны гэрэл зураг