Институт
Номлогчийг бэлтгэх ангийн багшийн гарын авлагын оршил (Шашин судлал 130)


Номлогчийг бэлтгэх ангийн багшийн гарын авлагын оршил (Шашин судлал 130)

Бидний зорилго

Шашны институт, семинарын зорилго:

“Бидний зорилго бол өсвөр үеийнхэн, залуучуудыг Есүс Христийн сургаал ба Цагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авах зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ, түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнхийн амьдралд бэлтгэхэд нь туслахад оршино” (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 1).

Та институтийн багшийн хувьд сайн мэдээг үр дүнтэй зааснаар дараах зорилтыг биелүүлэхэд тусална: “Бид суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыг бошиглогчдын үгс болон судрууд дээр байгаагаар заадаг. Энэхүү сургаал, зарчмууд ойлгож, сэнхрүүлэхэд чиглүүлэх арга замаар заадаг. Бид суралцагчдад суралцах явцдаа өөрсдийн үүргийг биелүүлэхэд нь тусалдаг ба сайн мэдээг бусдад заахад бэлтгэдэг” (Сайн мэдээг заах ба судлах нь, x).

Сайн мэдээг заах, суралцах үндсэн зарчмууд нь танд болон танай суралцагчдад судар, бошиглогчдын үгс, Миний сайн мэдээг номло гарын авлагыг хамтад нь судалснаар Шашны институт, семинарын зорилгыг биелүүлэхэд туслах болно. Үүнд дараах зарчмууд орно:

  • Сүнсээр заах ба суралцах;

  • Хайр хүндэтгэл, зорилго бүхий суралцах орчинг бүрдүүлэх;

  • Судраас өдөр бүр судалж, хичээлийн материалыг унших;

  • Судруудын болон бошиглогчдын үгсийн хам сэдэв, агуулгыг ойлгох;

  • Сайн мэдээний сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг олж тогтоон, ойлгож, мэдрэх мөн тэднийг амьдралдаа хэрэгжүүлэх;

  • Сайн мэдээний сургаал, зарчмуудыг тайлбарлан, хуваалцаж, гэрчлэх;

  • Чухал судрын хэсгүүдийг болон үндсэн сургаалуудыг төгс эзэмших зэрэг юм.

“Эдгээрийг ухаалгаар нэг нэгэнтэй нь уялдуулан хэрэгжүүлэхэд суралцагчдын судар ба судруудад агуулагддаг зарчим, сургаалыг ойлгох чадварыг нэмэгдүүлдэг. Эдгээр нь суралцагчдыг сайн мэдээг судлахад урамшуулж, тэдний сайн мэдээний дагуу амьдрах мөн үүнийг бусдад заах чадварыг нэмэгдүүлдэг” (Сайн мэдээг заах ба судлах нь, 10). Эдгээр зарчмыг заах арга барил гэхээс илүүтэй үр дүн гэдгээр нь харах ёстой (Сайн мэдээг заах ба судлах нь, 10-ыг үзнэ үү). Энэ гарын авлага дахь заах зөвлөмжүүд эдгээр үр дүнг хүлээн авах арга замуудыг харуулдаг.

Энэхүү ангийн зорилго

Шашин судлал 130: Номлогчийг бэлтгэх гарын авлагыг судрууд, бошиглогчдын үгс, Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх сургаал, зарчмууд, зөвлөгөөн дээр анхаарлаа төвлөрүүлснээр суралцагчдыг бүрэн цагийн номлолын үйлчлэлд бэлдэхэд нь туслах зорилгоор боловсруулсан болно. Энэ гарын авлага, судрууд болон Миний сайн мэдээг номло гарын авлага нь энэ ангид бэлтгэж, заах үед хэрэглэх гол эх сурвалж тань байх болно. Миний сайн мэдээг номло гарын авлага нь энэ ангийн суралцагчдын гарын авлага байх ба та суралцагчдадаа хувиараа суралцах мөн ангид ашиглахад зориулан өөрсдийн гэсэн нэг хувийг олж авахад урамшуулан дэмжих хэрэгтэй. Та суралцагчдадаа үүнтэй танил болж, номлолд үйлчлэхэд бэлтгэхдээ ашиглахад нь тусалснаар тэдний амьдралыг адислах болно.

Хичээлүүдийг хэрхэн зохион байгуулах вэ?

Энэ гарын авлага нь шинээр дуудагдсан болон туршлагатай багш нарын аль алинд зориулагдсан болно. Энэ ангийг хичээлийн жилийн нэг улиралд заахаар боловсруулсан ба 15 хичээлд хуваасан байгаа. Хичээл бүрийг 90 минут үргэлжлэх ангид заахад зориулсан. Хэрэв танай анги 90-ээс бага минутаар хичээллэдэг бол та хичээлийг богиносгох эсвэл хоёр эсвэл түүнээс илүү хичээлийн цагт заахад зориулан хэдэн хэсэг болгон хувааж болно.

Гарын авлага дахь хичээл бүр таван хэсгээс бүрдэнэ:

  • Оршил

  • Нэмэлт бэлтгэл

  • Заах зөвлөмж

  • Заах тусламж

  • Үйлдэх урилга

Оршил

Хичээл бүр хичээлийн туршид заах сургаал, зарчим, үндсэн санаануудыг нэгтгэн дүгнэсэн товч оршлоор эхэлнэ.

Нэмэлт бэлтгэл

Энэ хэсэгт судлах гол эх сурвалжууд орсон байхаас гадна хичээл бүрийн төлөвлөгөөнд ашиглах мөн таны урьдчилан бэлдэх хэрэгтэй эх сурвалжуудыг (жишээлбэл, видео бичлэг, тараах материалууд гэх мэт) жагсаасан байна. Жишээлбэл, хичээлд видео бичлэг үзүүлэхийг санал болгосон байвал видео бичлэгийг урьдчилан татаж авах эсвэл ямар нэгэн байдлаар бэлдсэн байх нь зүйтэй.

Заах зөвлөмж

Энэ хэсэгт тогтсон хичээлийн сэдвүүдийг заах зөвлөмжүүд орсон байгаа. Та багшийн хувьд энэ хэсгийг анхаарал тавин судлах ёстой. Энэ гарын авлага дахь заах зөвлөмж нь Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 3-р бүлэгт тайлбарласан загварыг дагасан байдаг. Тэдгээр нь суралцагчдад сайн мэдээний зарчмуудыг ойлгон, хэрэгжүүлэхэд мөн тэдний хувийн хөрвөлтийг гүнзгийрүүлэхэд туслахаар заахдаа Сайн мэдээг заах ба судлах үндэс суурийг хэрхэн ашиглахыг харуулдаг.

Та хичээл бүрийн гол хэсэгт тодоор бичсэн хэд хэдэн гол сургаал, зарчим, үнэнийг олж харах болно. Эдгээр сургаал ба зарчим нь (1) судруудаас болон Миний сайн мэдээг номло гарын авлагаас олж болох чухал үнэнүүдийг тусгасан; (2) ирээдүйн номлогчдын хэрэгцээ, нөхцөл байдалд яв цав нийцсэн; эсвэл (3) суралцагчид ба Их Эзэний хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд тусалж, тэднийг бүрэн цагийн номлогчийн үйлчлэлд бэлтгэж чадах чухал үнэнүүд учраас энэхүү сургалтын материал дээр тодорхойлогдсон юм. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Та хичээл заахаар бэлдэхдээ хөрвүүлэх зарчмуудыг хайгаарай. … Хөрвүүлэх зарчим нь Бурханы хүслийг дуулгавартай дагахад чиглүүлдэг зарчим юм” хэмээн зөвлөжээ (“Converting Principles” [address to CES religious educators, Feb. 2, 1996], 1; si.lds.org). Энэ гарын авлага нь хичээл дээр зааж болох бүх сургаал, зарчмыг олж тогтоохыг зориогүй бөгөөд та Сүнсээр удирдагдан хичээлийн материалд дурдагдаагүй бусад зарчим, сургаалыг заахаар удирдагдаж болно гэдгийг санах нь зүйтэй. Хичээлүүдийг тохируулан заах тухай илүү олон санааг мэдэхийн тулд доорх “Юуг мөн хэрхэн заахаа шийд” хэсгийг үзнэ үү.

Заах тусламж

Заах тусламж нь хайрцган дотор байх ба олон төрлийн заах арга барил, ур чадвар, техникийн талаар удирдамж өгдөг. Тэдгээр нь шашны боловсролын үндсэн зарчмуудын талаар нэмж ойлгуулах зорилготой. Заах үедээ эдгээр тусламжийг үр дүнтэй, тогтмол хэрэгжүүлэх арга замыг олж мэд.

Үйлдэх урилга

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар: “Та нарын хүн нэг бүрийг [ирээдүйн номлогчдыг] зүгээр нэг номлолд явах биш, харин номлолынхоо маягтыг бөглөж, үйлчлэх дуудлага хүлээн авахаасаа өмнө мөн гадасны ерөнхийлөгч тань онцгойлон адислахаас өмнө болон НБТ рүү явахаасаа бүр өмнө номлогч болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” (“Becoming a Missionary,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар, 45). Энэ ойлголтын дагуу хичээл бүрд ирээдүйн номлогчдыг Номлогчийг бэлтгэх төв рүү орохоосоо өмнө номлогчийн адил бодож, үйлдэж, үйлчлэхэд урамшуулан дэмжих санал болгосон үйл ажиллагаанууд орсон байна. Энэ хэсэгт орсон үйл ажиллагаанууд нь ангийн гишүүдийг ангид сурсан зүйлээ гэртээ давтахад урамшуулан дэмждэг. Тэдгээр үйл ажиллагааг даалгаж өгөх эсвэл санал болгох хэд хэдэн арга бий. Жишээлбэл, та эхний хичээл дээр хичээлийн улирлын долоо хоног бүр хийх санал болгосон үйл ажиллагаануудыг жагсаасан тарааж өгөх материалыг тарааж өгч болно. Түүнчлэн та долоо хоног бүрийн үйл ажиллагааг самбар дээр жагсааж бичих эсвэл долоо хоног бүр суралцагчдадаа мессеж илгээх юм уу э-мэйл бичиж болно.

Юуг мөн хэрхэн заахаа шийд

Суралцагчдын хэрэгцээнд тохирсон заах санаануудыг сонго

Та заахаар бэлтгэх явцдаа дараахтай адил асуултыг өөртөө тавьж болно. Тухайлбал: Ямар арга барил эсвэл суралцах үйл ажиллагаа суралцагчдадаа мэдвэл зохих зүйлээ ойлгоход туслах вэ? Суралцагчдад маань чухал сургаал, зарчмуудыг олж тогтоон, ойлгож, тайлбарлахад юу туслах вэ? Би суралцагчдад эдгээр сургаал, зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд нь туслахын тулд юу хийж болох вэ? Би суралцагчдад эдгээр сургаал, зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Энэ гарын авлагыг таны хичээлээ төлөвлөх үйл явцад туслах зорилгоор боловсруулсан болно. Хичээлийн материалыг анхааралтай судал. Суралцагчдын тань хэрэгцээнд хамгийн сайн нийцэх заах санаануудыг сонгоод, тэдгээрийг өөрийн заах арга барилд тохируул. Ариун Сүнс таныг энэ үйл явцад удирдах болно. Та сургалтын материалын санал болгосон зөвлөмжийг бүгдийг юм уу заримыг ашиглахаар сонгож эсвэл санал болгосон санаануудыг ангийнхаа хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулж болно. Та хичээлийн материалуудыг хэрхэн тохируулахаа шийдэж байхдаа хичээлдээ бүрэн бэлтгэж, Сүнсээр удирдагдах боломжийг өөртөө олгох хэрэгтэй гэдгээ сана. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах зөвлөгөөний талаар бодож үз: “Бид эхлээд сонгож, дараа нь тохируулан өөрчилдөг. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтар судалсан бол үүнийгээ тохируулан өөрчлөхдөө Сүнсийг дагаж чадна” (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], 6; si.lds.org).

Суралцагчдад заах боломж олго

Олон залуу хүн сайн мэдээний сургаал, зарчмуудыг заахдаа итгэлгүй байдаг учраас энэ ангийн багшийн хувьд таны хийж болох хамгийн чухал зүйлсийн нэг бол хичээлийн үед суралцагчдад хэрхэн зааж, гэрчлэх дадлага хийх олон боломжийг олгох явдал юм. Суралцагчдад асуултуудад хариулан, ангийн бусад гишүүнд сайн мэдээний үнэнүүдийг тайлбарлаж, Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх номлогчийн хичээлүүдийг заах боломж олго. Ирээдүйн номлогчид сайн мэдээний сургаал, зарчмууд хэрхэн аврал руу хөтөлдөг болохыг ойлгохын хэрээр сайн мэдээг чин сэтгэлээсээ, илүү агуу хүчтэй заана.

Ирээдүйн номлогч юу хэлэх мөн хийхээ олж мэдэхээс гадна сонирхогчдын хэрэгцээнд анхаарлаа хандуулж, сонирхогч бүрд хөрвөлтийн замаар үргэлжлүүлэн явахад юу хэрэгтэй болохыг Сүнсээр ялган таньж сурах ёстой. Суралцагчдад сонирхогчийн бат бөх хөрвөлт нь номлогчийн юу хэлж, хийхээс биш, харин сонирхогч итгэлээр үйлдэж байгаа эсэхээс хамаардаг гэдгийг ойлгоход тусал. Хамгийн үр бүтээлтэй номлогчид эхлээд сонирхогчдынхоо юу хэлж, хийж байгаад анхаарал хандуулан, дараа нь тэднийг хөрвөлт рүү өсөж хөгжихөд хайраар тусалдаг.

Суралцагчдаас юу хүсэн хүлээж байгаагаа тодорхойл

Дараах зөвлөмжүүд нь хичээлдээ бэлтгэж, заах үед тус болж болно:

  • Суралцагчдад хичээл бүрийн эхэнд Миний сайн мэдээг номло гарын авлагаас эсвэл Ерөнхий чуулганы захиасаас зохих хэсгүүдийг унших даалгавар өг. Хичээлийн эхэнд хичээл болгон дээр юу заахыг мөн хичээл бүрд бэлэн байхын тулд юу унших ёстойг тайлбарласан сургалтын хөтөлбөр эсвэл хичээлийн төлөвлөгөөг суралцагчдад өгөх талаар бодож үз. Өөрсдийгөө урьдчилан бэлдсэн суралцагчид хичээлийн үеэр Ариун Сүнсээр заалгах магадлал тун өндөр.

  • Суралцагчдаас суралцагчдынхаа үүргийг биелүүлэхийг хүс (Сайн мэдээг заах ба судлах нь, 6, 15, 55).

  • Сайн мэдээний үнэнүүдийг өөрсдөө олж мэдэх боломжийг суралцагчдад олго. Та хичээлд бэлтгэж байхдаа мэдэрсэн мэдрэмжээ суралцагчдад мэдрүүлснээр тэдэнд заадаг. Суралцагчдад сургаал, зарчмуудыг өөрсдөө олж мэдэх явцад дараах үнэнийг өөрсдийн үгээр тайлбарлах, юуг мэдэж, мэдэрч, хийхээр төлөвлөж байгаагаа хуваалцан, гэрчлэх боломж олго.

  • Суралцагчдад нэг нэгэндээ зааж, суралцах явцдаа Их Эзэний Сүнсийг мэдрэх орчинг бүрдүүлж өг (С ба Г 88:78, 122-ыг үзнэ үү).

  • Суралцагчдыг өөрсдийн судар, Миний сайн мэдээг номло гарын авлага, судлах тэмдэглэл зэргийг хичээл болгон дээр авчирч байхад урамшуулан дэмж. Судлах тэмдэглэл гэж юу болох, үүнийг хэрхэн ашиглах талаар тайлбарла.

Та юуг хэрхэн заахаа шийдэхдээ Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах үгийг сана:

“Миний амьдралд хамгийн том нөлөө үзүүлсэн багш нараасаа би нэгэн ижил төстэй зан чанарыг олж харсан юм. Тэд надад итгэлээр суралцахаар эрэлхийлэхийг зааж өгч тусалсан. Тэд хэцүү асуултуудад хялбар хариулт өгөхөөс татгалздаг байсан. Үнэндээ тэд надад ямар ч хариулт өгөөгүй. Харин тэд надад зам зааж өгөн, өөрийн хариултыг олж авах алхмыг хийхэд тусалсан юм. Энэ арга барилд нь үргэлж талархалтай хандаж байгаагүй ч, өөр хүнээс олж авсан хариулт удаан хадгалагдалгүй мартагддаг болохыг би өөрийн туршлагаас ойлгож авсан юм. Харин итгэлээ хөгжүүлснээр олж авсан хариулт амьдралын туршид үлддэг” (“Seek Learning by Faith” [an evening with Elder David A. Bednar, Feb. 3, 2006], 5; si.lds.org).

Заах үйл ажиллагаанууд

Хичээлийн төлөвлөгөөнд санал болгосон заах үйл ажиллагаануудыг зохицуулах хэд хэдэн арга зам байдаг. Суралцагчдын сонирхлыг төрүүлэн, анхаарлыг татахын тулд үйл ажиллагаануудыг өөр хооронд нь соливол тустай байдаг. Жишээлбэл, жүжигчилсэн тоглолтын үеэр суралцагчдыг номлогч, сонирхогч, хэрэв боломжтой бол хөндлөнгийн дүгнэгч болоход урих талаар бодож үз. Хэрэв шаардлагатай бол та эдгээр дүрийн аль нэгэнд тоглон оролцож болно.

4 дүрээс бүрдсэн бүлэг
2 ба 3 дүрээс бүрдсэн бүлэг

Н = Номлогч; С = Сонирхогч; Д = Дүгнэгч

Сургалтын загвар

НБТ суралцагчдад ур чадвар, авьяас билгээ хөгжүүлэхэд туслахын тулд сургалтын материалд хэрэглэсэн сургалтын загварыг тохируулан ашиглаж болно. Суралцагчдад дадлага хийснээр сайжрахад туслах зорилгыг биелүүлэх үүднээс энэ загварын бүрэлдэхүүн хэсгийг ямар ч дарааллаар ашиглаж мөн дахин давтаж болно.

Тайлбарла—Биечлэн үзүүл—Дадлага хий—Үнэлж дүгнэ—Дахин давт

Тайлбарла

Суралцагчдын мэдэж байх ёстой ойлголт, ур чадваруудыг тайлбарлаад, дараа нь тэнд эдгээр ур чадвар, ойлголт номлогчийн зорилгыг биелүүлэхэд нь хэрхэн тус болохыг заа.

Биечлэн үзүүл

Суралцагчдад юу хийх хэрэгтэйг жишээгээр харуул. Үүнийг биечлэн үзүүлэх, видео бичлэг хийх зэргээр эсвэл өөр бусад аргаар хийж болно.

Дадлага хий

Суралцагчдыг хос хосоороо эсвэл бүлэг болон дадлага хийхэд урь.

Үнэлж дүгнэ

Суралцагчдын оролцоотойгоор сайн хийдэг зүйлсээ болон ур чадвараа сайжруулах арга замуудыг олж тогтоо. Тэдэнд урам дэм өг.

Дахин давт

Боломжтой үедээ дахин давтах цаг гарга.

Номлогчийн онлайн ажил

Танай суралцагчид бүрэн цагийн номлогчийнхоо хувьд сонирхогчдыг олох, тэдэнтэй холбоо барих, гишүүдтэй холбогдох, орон нутгийн санваарын болон номлолын удирдагчидтай хамтран ажиллах, асуултуудад хариулах, санал болгосон хүмүүсийн мэдээллийг авч, тэдэнтэй холбоо барих, амлалтаа биелүүлж байгаа эсэхийг шалгах, уулзах цагаа бататгах зэрэгт мөн Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх зарчмуудыг заахад интернэт ашиглах болно. Энэ гарын авлага дээрх олон янзын зөвлөмж нь суралцагчдыг онлайн хэрэгсэл ашиглан сайн мэдээг хуваалцаж эхлэхэд урамшуулан дэмжихэд танд тусална.

Та энэ ангийн багшийн хувьд долоо хоногийн турш текст мессеж эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан суралцагчидтайгаа холбогдож, даалгавраа хийсэн эсэхийг шалгах, ангид ирэхээсээ өмнө хичээлээ хийхэд урамшуулан дэмжих эсвэл өдөр тутам Мормоны Номыг уншихыг сануулахын тулд цахим хэрэгслийн давуу талыг ашиглаж болно.

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад гарын авлагыг тохируулан заах нь

Багш нар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад заахдаа хичээлийг тэдний чадавхад тохируулан өөрчилж болно. Жишээлбэл, уншиж чадахгүй суралцагчдад зориулан хичээлийг өөрөө чанга уншиж өгөх эсвэл нэг суралцагчаар уншуулах юм уу урьдчилан бичиж авсан материалыг (судрууд, Миний сайн мэдээг номло гарын авлага, Ерөнхий чуулганы үгсийн аудио болон видео хувилбар гэх мэт) хэрэглэх зэрэг маягаар өөрчилж болно. Хичээлд бичгээр хариулах шаардлага гарвал, та суралцагчдыг амаар хариулахад урамшуулан дэмжиж болно. Бусад суралцагч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст материалыг нь уншиж өгөх эсвэл хариултыг нь бичиж өгөх зэрэг арга замаар тэдэнд тусалж болно.

Нэмэлт санаа, эх сурвалжийг disabilities.lds.org дээрх Disability Resources page буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан эх сурвалжуудын хуудас эсвэл Шашны институт, семинарын журам гэсэн гарын авлагын “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулан зохицуулсан анги, хөтөлбөрүүд” нэртэй хэсгээс авна уу.