12
Заах хүмүүсийг олох нь
Оршил
Номлогчид заах хэн нэгнийг олох хүртлээ сайн мэдээг хуваалцаж чадахгүй. Заах хүмүүсийг олохын тулд Есүс Христийн сайн мэдээний тухай хүмүүстэй ярилцах, заах боломжуудыг эрэлхийлж, Бурхан тэднийг сонсоход бэлтгэгдсэн хүмүүс рүү хөтөлнө гэдэгт итгэх итгэлээ хөгжүүлэх шаардлагатай. Заах хүмүүсээ Сүмийн гишүүдээр дамжуулан олох нь хамгийн үр дүнтэй арга юм. Сүмийн бүх гишүүнд ирээдүйн номлогчдыг оролцуулан сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэгдсэн хүмүүсийг олоход туслах хувийн үүрэг хариуцлага байдаг. Залуу хүмүүс яг одооноос эхлэн сайн мэдээг биечлэн уулзаж эсвэл онлайн эх сурвалжуудаар дамжуулан хуваалцсанаар бүрэн цагийн үйлчлэлд өөрийгөө бэлтгэж чадна.
Нэмэлт бэлтгэл
-
Сургаал ба Гэрээ 18:10, 14–16; 33:6–11; 100:5–6-г судал.
-
Миний сайн мэдээг номло, 177, 183, 185, 194-р хуудсыг судал.
-
LDS.org дээрх “Developing the Faith to Find” (2:55), The District 1, видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.
-
LDS.org дээрх “The Lord of the Harvest: The Adams Family” (4:41) видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.
-
LDS.org дээрх “Sharing Your Beliefs” (2:02) видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.
-
Хичээлийн үеэр дараах зүйлсээс нэгийг эсвэл хоёуланг хэрхэн ашиглахыг харуулах даалгаврыг нэг юм уу хоёр суралцагчид урьдчилан өг. Үүнд: (1) Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан, видео бичлэг эсвэл бусад материалыг хуваалцахад LDS.org эсвэл mormon.org-ийг хэрхэн ашиглах; (2) mormon.org дээр хэрхэн хувийн мэдээлэл үүсгэх зэрэг юм.
Заах зөвлөмж
Заах хүмүүсийг олох итгэлээ хөгжүүлэх нь
Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф төлөөлөгчөөр дуудагдсаныхаа дараахан Англид номлогчоор үйлчилсэн гэдгийг тайлбарла. Заах хүмүүсийг олохдоо Их Эзэний тусламжийг эрэлхийлэхийн ач холбогдлыг харуулахын тулд дараах түүхийг үзүүлээд, суралцагчдаас ээлжлэн чанга уншихыг хүс. Суралцагчдыг ахлагч Вүдрафф заах хүмүүс олохын тулд юу хийснийг олж мэдэхэд урь.
“Ахлагч Вүдрафф хаашаа явах ёстойгоо асуун, Их Эзэнийг залбиралдаа эрэлхийлжээ. Тэрээр энэ тухайгаа: ‘Би энэхүү асуудлын талаар Их Эзэний хүслийг мэдэх нь миний онцгой боломж, үүрэг гэдэгт итгэн, Тэнгэрлэг Эцэгээсээ энэ зүйлийн талаарх өөрийн хүслийг зааж өгөхийг Есүс Христийн нэрээр гуйсан билээ. Миний гуйсныг Их Эзэн өгч, Английн өмнөд хэсэг рүү тэр даруй явах нь Түүний хүсэл болохыг харуулсан. Би энэ асуудлын улмаас Херефордширт амьдарч байсан бөгөөд найзууд нь тэнд байдаг Виллиам Бэнбов ахтай ярихад тэрээр намайг Английн тэр нутагт зочлоосой гэж тун их хүсэж байсан юм. Тэр надад ахынх нь гэрт амьдарч болно мөн замын зардлыг маань ч даана гэж санал болгосон ба би дуртайяа хүлээн зөвшөөрсөн юм’ хэмээн дурсжээ.
1840 оны 3-р сарын 4-нд ахлагч Вүдрафф, Виллиам Бэнбов хоёр Виллиамын ах Жонын гэрт очжээ. ‘Би түүний гэрт ирснээс хойш нэг цагийн дараа Их Эзэн яагаад намайг энд авчирсныг мэдсэн юм. … Би эртний зүйлүүдтэй холбоотой хөдөлмөрлөж байсан, Нэгдсэн ах нар хэмээх нэрэн дор хамтдаа цугларсан зургаан зуун эрэгтэй, эмэгтэйг олсон юм. Тэд яг л миний өсвөр үетэй адил бошиглогч, төлөөлөгчдийн заасан сайн мэдээг хүсэж байлаа.
“Жон Бэнбов ба түүний гэр бүл, найз нөхөд Библийг хичээнгүйлэн судалснаар өөрсдийгөө сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэсэн байв.
“Бэнбовын гэр бүл Сэргээлтийн захиасыг нэн даруй хүлээн авч, Виллиам ‘ах Жон Бэнбовыг болон гэр бүлийнхээ бүх гишүүнийг шинэ бөгөөд үүрдийн гэрээнд баптисм хүртэхийг харах онцгой боломжтой байсныхаа дараа’ Стаффордшир рүү буцжээ. Ахлагч Вүдрафф тэндээ бараг найман сар байсан байна. Тэрээр хожим дурсан ярихдаа: ‘Херефордширт ирснээс хойш эхний 30 өдөр би дөчин таван сургаал айлдагч ба хэдэн зуун гишүүнд баптисм хүртээсэн. … Бид найман сарын хугацаанд хоёр мянган хүнд баптисм хүртээсэн’ гэжээ.
“Ерөнхийлөгч Вүдрафф энэ туршлагын талаар: ‘Херефордширийн номлолын түүх бүхэлдээ Бурханы намуухан аниргүй дуу хоолойг сонсохын ач холбогдол ба Ариун Сүнсний илчлэлтүүдийг харуулдаг. Тэнд сайн мэдээнд бэлтгэгдсэн хүмүүс Их Эзэнд байсан. Тэд гэрэл ба үнэний төлөө залбирч байсан ба Их Эзэн намайг тэдэн рүү илгээсэн юм’ гэж бичжээ” (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 90–91).
Суралцагчдад дараах асуултыг тавь:
-
Ахлагч Вүдрафф сайн мэдээг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүсийг хаанаас олохоо мэдэхийн тулд юу хийсэн бэ?
-
Их Эзэн ямар арга замаар ахлагч Вүдраффт тусалсан бэ? (Их Эзэн ахлагч Вүдраффт Английн өмнөд хэсэг рүү явахыг сүнсээр мэдүүлсэн төдийгүй Жон Бэнбовын ферм дээр сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэгдсэн зуу зуун эрэгтэй, эмэгтэйд заах арга замыг түүнд нээж өгсөн гэдгийг та суралцагчдад онцолж болно.)
-
Ахлагч Вүдраффын түүх заах хүмүүсийг олох тухай ямар зарчмыг харуулж байна вэ? (Дараах зарчмыг самбар дээр бичин, суралцагчдын хариултыг нэгтгэн дүгнэж болно: Биднийг тусламж эрэлхийлэн залбирч, Сүнсийг сонсож, итгэлээр үйлдэх үед Их Эзэн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэгдсэн хүмүүсийг олоход маань тусалдаг.)
Ангийнхнаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 177-р хуудсыг нээхийг мөн нэг суралцагчаас “Олох итгэлийг хөгжүүлэх нь” гарчгийн эхний догол мөрийг чанга уншихыг хүс. Дараа нь асуу:
-
“Их Эзэн таныг болон сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авах хүмүүсийг бэлтгэж байгаа” гэдгийг мэдэх нь номлолд үйлчлэхээр бэлтгэхэд сүнслэгээр өдөөгдөхөд тань хэрхэн туслах вэ?
Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 177-р хуудсан дээрх “Бурханы гэр бүл” дэд гарчигтай дараах догол мөрийг уншихад урь. Дараа нь асуу:
-
Бүх эрэгтэй, эмэгтэй хүн Бурханы гэр бүлийн нэгэн хэсэг хэмээх сургаал нь заах хүмүүсийг олохсон гэсэн таны мэдрэмжид хэрхэн нөлөөлөх вэ?
-
Алма 31:34–35 дахь эшлэл дээр Алма зорамчуудад номлохоор бэлтгэж байхдаа юуны төлөө залбирсан бэ?
-
Бид Алмагийн залбирлаас юу сурч болох вэ?
“Developing the Faith to Find” (2:55) видео бичлэгийг үзүүлээд, заах хүмүүсийг олох тухай ойлголтын талаар олж мэдэхэд суралцагчдыг урь. Та суралцагчдыг сурсан зүйлээ тэмдэглэж авахад урамшуулан дэмжиж болно.
Асуу:
-
Энэ видео бичлэг дээр номлогчид заах хүмүүсийг олох талаар ямар ойлголт өгч байна вэ? (Суралцагчид дараахтай адил хариултыг өгч магадгүй: Номлогчид боломжуудын төлөө залбиран, бусдыг хайрлаж, тэднийг Бурханы нүдээр харан, Их Эзэн Өөрийн хүүхдүүдийг сайн мэдээг хүлээн авахад бэлтгэж байгаа бөгөөд Өөрийн номлогчдыг тэднийг олоход удирдаж байгаа гэдгийг санаж байх ёстой. Бурхан Өөрийн хүүхдүүдэд хайртай учраас хүн бүрд сайн мэдээг сонсож, хүлээн авах боломж олдоосой хэмээн хүсдэг.)
-
Яагаад бусдад хүрч үйлчлэн, тэднийг сайн мэдээний тухай суралцахад урихдаа мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь чухал байдаг вэ?
Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 178-р хуудсан дээрх “Таныг хүлээн авах тэднийг ол” гарчигтай дэд хэсгийн гурван догол мөрийг уншихад урь. Дараа нь асуу:
-
Бид заах хүмүүсийг олох гэж хичээж байхдаа ямар ямар сорилт бэрхшээлтэй тулгардаг вэ? (Бид ихэнхдээ хэн сайн мэдээг хүлээн авахад бэлэн байгааг мэддэггүй. Хүмүүс тэр даруй биднийг Их Эзэний үйлчлэгчид гэдгийг мэдэхгүй байж болно. Тэд сэргээгдсэн сайн мэдээг эрж хайж байгаагаа ухаарахгүй байж болно.)
-
Их Эзэн заах хүмүүсийг олоход бидэнд хэрхэн тусалдаг вэ? (Тэрээр биднийг удирдуулахаар Ариун Сүнсийг илгээдэг.)
-
Номлогчдыг заах хүмүүсээ олох хичээл зүтгэлийнхээ үр дүнг тэр даруй харж чадахгүй байгаа үед Их Эзэн тэднээр юу хийлгэдэг гэж та бодож байна вэ?
Хэрэв ангид Сүмд хөрвөгдсөн суралцагчид байвал нэг эсвэл түүнээс олон суралцагчийг Сүмтэй хэрхэн холбогдсоноо мөн номлогчид тэдэнд үнэнийг зааж байгаа гэдгийг хэрхэн олж мэдсэнээ хуваалцахад урих талаар бодож үз. Хэрэв ангид хөрвөгчид байхгүй бол суралцагчдыг гэр бүлд нь эсвэл тойрогт нь байдаг сайн таних хөрвөгчийнхөө тухай бодоход урь. Тэднийг уг хүн хэрхэн сайн мэдээг хүлээн авсан тухай хуваалцахад урих талаар бодож үз.
Гишүүн номлогчийн ажлын ач холбогдол
Ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:
“Одоо үе бол гишүүд, номлогчид нийлэн, хамтдаа ажиллаж, хүмүүсийг Их Эзэнд авчрахын төлөө Түүний усан үзмийн талбайд хөдөлмөрлөх цаг юм. Тэрээр бидэнд сайн мэдээг хуваалцах олон арга замыг бэлдсэн байгаа бөгөөд хэрэв бид Түүний ажлыг хийж гүйцэтгэхээр итгэлээр үйлдэх аваас Тэрээр биднийг хөдөлмөрлөх үед туслах болно” (“Faith in the Work of Salvation” [address given at the Work of Salvation worldwide leadership broadcast, 2013 оны 6-р сарын 23]).
Та суралцагчдад дараахтай адил асуултуудыг тавьж болно:
-
Бурханы бошиглогч биднээс гишүүн номлогчийн ажилд оролцохыг хүссэн гэдгийг санах нь яагаад чухал вэ? (Та сайн мэдээг хүлээн авсан хүмүүсээс хүсдэг Их Эзэний хүлээлтийг онцолсон Сургаал ба Гэрээ 88:81-ийг дурдах талаар бодож үз.)
-
Яагаад ерөнхийлөгч Монсон гишүүд, номлогчдын хувьд хамтдаа хөдөлмөрлөх цаг нь “одоо үе” хэмээн хэлсэн гэж та бодож байна вэ?
Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 183-р хуудсыг нээхэд уриад, гурван суралцагчийг “Гишүүдийн ач холбогдол” гарчгийн доорх эхний гурван догол мөрийг ээлжлэн чанга уншихад урь. Дараа нь асуу:
-
Гишүүд ба номлогчид сайн мэдээг тунхаглахаар хамтдаа хөдөлмөрлөвөл ямар үр дүнд хүрэх вэ? (Суралцагчдын хариултад дараах зарчим орсон байж болно: Гишүүд бусдыг заалгуулахад урьж, заах үед нь хамт байвал илүү олон хүн баптисм хүртэж, Сүмд идэвхтэй хэвээр үлддэг.)
“The Lord of the Harvest: The Adams Family” (4:41) видео бичлэгийг үзүүлээд, суралцагчдаас Сүмийн гишүүд Адамын гэр бүлд сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад туслахын тулд юу хийсэнд анхаарлаа хандуулахыг хүс.
Асуу:
-
Ямар хичээл зүтгэл Адамын гэр бүлийг сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад хүргэсэн бэ?
-
Видео бичлэг дээрх гишүүдийг Адамын гэр бүлтэй сайн мэдээг хуваалцахад чухам юу өдөөсөн гэж та бодож байна вэ?
Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 194-р хуудсан дээрх “Ямар ч хүч чармайлт дэмий үрэгдэх ёсгүй” гарчигтай хэсгийн хоёр догол мөрийг чанга уншихад урь. Дараа нь дараахтай адил асуултуудыг тавих талаар бодож үз:
-
Хэдийгээр хүмүүс сэргээгдсэн сайн мэдээг судлах урилгыг хүлээн аваагүй ч үйлчилж, заах ямар ч хичээл зүтгэл яагаад дэмий үрэгддэггүй вэ?
-
Хүмүүс сайн мэдээг судлах сонголтыг хийхгүй байсан ч номлогчид зөв хандлагаа хэрхэн хэвээр авч үлдэх боломжтой вэ?
Суралцагчдыг урьд өмнө нь гишүүн номлогчийн ажилд оролцохдоо юу хийж байсан талаар хуваалцахад урь. Тэднээс бусадтай сайн мэдээг хуваалцаж байхдаа юу мэдэрснээ тайлбарлахыг хүс.
Гишүүн номлогчийн ажилд оролцох нь
Дараах судруудыг самбар дээр жагсааж бичээд, дараа нь суралцагч бүрийг аль нэг судрыг дотроо уншин, номлогчийн ажилд оролцохоор сонгосон хүмүүст амлагдсан адислалуудыг олж мэдэхэд урь.
Суралцагчдад сонгосон судрын хэсгээ судлах хэдэн хором гаргаж өгсний дараа тэднээс уншсан шүлгүүдээ тайлбарлан, хэрхэн амлагдсан адислалууд нь тэднийг сайн мэдээний захиасыг хүлээн авах хүмүүсийг олоход өдөөж болох талаар хуваалцахыг хүс. Ангийн бүх гишүүнийг уг ярилцлагад оролцоход урамшуулан дэмж. Та суралцагчдын хариултыг самбар дээрх зохих судрын дэргэд жагсаан бичиж болно.
Дараах зарчмыг самбар дээр бичих талаар бодож үз: Бид гишүүн номлогчийн хувьд яг одооноос эхлэн номлогчдод зориулан заах хүмүүсийг олж өгч чадна.
Суралцагчдад гишүүн номлогчийн ажилд хэрхэн оролцож болохыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын үгээс авсан дараах эшлэлийг чанга уншихад урь. Бусдад хүрч үйлчлэхдээ хэрхэн итгэлтэй мөн зоригтой байх тухай өгсөн зөвлөгөөг сонсохыг ангийнхнаас хүс.
“Ах, эгч нар аа, гишүүд болон бүрэн цагийн номлогчид та бүхэн итгэлээр өвдөг сөгдөн, номлолын ажлыг хийх боломжуудаар адислаач хэмээн Их Эзэнээс гуйх аваас тэдний айдас итгэл, зоригоор солигдох болно. Тэгээд бид итгэлээ харуулан, Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээг танилцуулах боломжуудыг хайх ёстой, тэгвэл боломж гарцаагүй олдох болно. Эдгээр боломж хэзээ ч өөрийгөө албадахыг мөн итгэдэггүй зүйлээ ярихыг шаардахгүй. Эдгээр нь ах, эгч нараа гэсэн хайрын үр дүн болж, жам ёсоороо гарч ирэх болно. Юмсыг сайнаар бод, та нартай ярьсан хүмүүс хайрыг тань мэдрэх болно. Тэд сайн мэдээг хүлээн авах цаг нь болоогүй байсан ч мэдэрсэн зүйлээ хэзээ ч мартахгүй. Нөхцөл байдал өөрчлөгдөхөөр энэ нь ирээдүйд ч мөн өөрчлөгдөх боломжтой болно.
Бид Их Эзэний зараалд байгаа үед чадах бүхнээ хийвэл алдах боломжгүй юм. Хэдийгээр үр дүн нь хэн нэгэн сонгох эрхээ ашигласны үр дагавар ч гэлээ, сайн мэдээг хуваалцах нь бидний үүрэг.
Их Эзэнд итгэ. Тэр бол Сайн Хоньчин мөн. Тэр хоньдоо мэддэг. Хонин сүрэг түүний дууг таньдаг. Өнөөдөр Сайн Хоньчны дуу хоолой таны болон миний дуу хоолой юм. Хэрэв бид оролцохгүй бол Сэргээлтийн захиасыг сонсож болох олон хүн үүнийг сонсохгүй өнгөрөх болно. Энгийнээр хэлбэл, энэ нь өөрт оногдсоноо хийх итгэл ба үйлдлийн л асуудал юм. Зарчим нь номлолын боломжуудын төлөө хувиараа болоод гэр бүлээрээ залбир гэсэн маш энгийн болно. …
Та нүүрэмгий, уран илтгэгч, сэнхрүүлэгч багш байх албагүй. Хэрэв танд цаглашгүй хайр энэрэл, итгэл найдвар байгаа бол та нар ‘энэ хүмүүст дуу хоолойгоо [өргөж], зүрх сэтгэлд тань [Түүний] тавих бодлуудыг [яривал] … та нар хүмүүсийн өмнө мадлагдах нь үгүй.
‘ … [Мөн] та нар юу хэлэх нь яг тэр цагт та нарт өгөгдөх болно’ (С ба Г 100:5–6)” (“Их Эзэнд итгэл найдвараа тавь,” Ensign, 2013 оны 11-р сар, 44 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50–53).
Асуу:
-
Ахлагч Баллард гишүүд сайн мэдээг бусдад танилцуулах илүү агуу итгэлийг хөгжүүлэхийн тулд юу хийж болно гэж хэлсэн байна вэ?
-
Заах хүмүүсийг олох нь яагаад итгэлийн асуудал байдаг вэ?
Суралцагчдад Миний сайн мэдээг номло гарын авлагын 185-р хуудсан дээрх “Гишүүдэд туслах санаанууд” жагсаалтыг харах хэдэн хором гаргаж өгсний дараа гишүүд номлогчийн ажилд оролцож болох тодорхой арга замуудыг олж мэдэхэд урь. Гишүүн номлогчийн ажилд оролцохын тулд одооноос эхлэн ашиглаж болох нэг эсвэл хоёр санааг сонгоход суралцагчдыг урь. Дараа нь асуу:
-
Та яг одоо сайн мэдээний захиасыг сонсоход бусдыг урихдаа аль санааг хэрэгжүүлж болох вэ?
-
Яагаад Сүмийн зарим гишүүн жагсаалтан дээрх арга замаар бусдад хүрч үйлчлэхээс татгалздаг гэж та бодож байна вэ?
Номлогчдод заах хүмүүс олж өгөхийн тулд хийж болох хэдэн зүйлийг цаг гарган бичихэд суралцагчдыг урамшуулан дэмж. Сайн мэдээний захиасыг хуваалцах гишүүн бус найз, гэр бүлийн гишүүнийхээ тодорхой нэрийг бичих юм бол тэдний төлөвлөгөө илүү үр дүнтэй байх болно гэдгийг суралцагчдад зөвлө. Та түүнчлэн суралцагчдад номлол хийх боломжуудын төлөө ойр ойрхон залбирах, бусадтай сайн мэдээний сэдвээр яриа өрнүүлэх, бусдыг шүтлэг бишрэл ба Сүмийн өөр бусад үйл ажиллагаанд оролцоход болон номлогчдоос хичээл авахад мөн Мормоны Номыг уншихад урих гэх мэт үйлдлийг оролцуулахыг санал болгож болно. Та Сүнсний удирдамжийн дагуу хэдэн суралцагчийг төлөвлөгөөгөө ангийнхантай хуваалцахад урьж болно.
Бурханы бэлтгэсэн бүх зэмсгийг ашигла
Нэг суралцагчийг ахлагч Л.Том Пэрригийн (1922–2015) дараах мэдэгдлийг чанга уншихад уриад, заах хүмүүсийг олох үйл явц хэрхэн өөрчлөгдөж байгааг сонсохыг ангийнхнаас хүс:
“Намайг залуу номлогч байхад бид сайн мэдээг түгээхээр гудамжинд ярилцаж мөн хаалга тогшин, хүмүүстэй уулздаг байсан. Тэр үеэс хойш дэлхий их өөрчлөгджээ. Орчин үед олон хүн тун завгүй амьдарч байна. Тэд үргэлж ийш тийшээ яарч, сэргээгдсэн сайн мэдээний захиасыг хуваалцах үл таних хүмүүсийг гэртээ оруулж, уриалгахан хандах хүсэлгүй болжээ. Бусадтай, тэр байтугай ойр дотны найзуудтайгаа ч харилцах тэдний гол арга зам ерөнхийдөө интернэт болсон байна. Тиймээс номлолын ажлын жинхэнэ мөн чанар, тийм ээ, Их Эзэн тараагдсан Израилийг ‘дэлхийн дөрвөн зүгээс’ [2 Нифай 21:12] цуглуулах Өөрийн ажлыг гүйцэтгэхийн тулд энэ нь өөрчлөгдөх учиртай болж байна. Номлогчид сайн мэдээ түгээхээр хичээн зүтгэхдээ одоо интернэт ашиглах эрхтэй боллоо. …
Номлогчид Их Эзэний ажилд компьютер ашиглаж, энэхүү эрин үед орохын зэрэгцээ биднийг, залуу ба хөгшин, насанд хүрэгчид болон залуучууд, өсвөр үеийнхэн болоод хүүхэд хэн боловч бүгдийг … сайн мэдээний захиасуудыг онлайнаар хуваалцахад бидэнтэй нэгдэхэд урьж байна. …
Номлогчид өөрчлөгдөж байгаа орчинтойгоо зохицох хэрэгтэй байгаагийн нэгэн адил гишүүд ч мөн номлолын ажлын талаарх бодлоо өөрчлөх ёстой. Үүгээр би гишүүдийн хувьд хийх ёстой ажил өөрчлөгдөөгүй, харин сайн мэдээг хуваалцах үүргээ биелүүлэх арга замаа өөрчлөгдөж байгаа энэ орчиндоо зохицуулан өөрчлөх ёстой болж байгааг тодотгохыг хүссэн юм” (“Missionary Work in the Digital Age” [address given at the Work of Salvation worldwide leadership broadcast, 2013 оны 6-р сарын 23]).
Асуу:
-
Ахлагч Пэрригийн хэлснээр, яагаад гишүүд, номлогчид сайн мэдээг хуваалцахдаа онлайн эх сурвалжуудыг ашиглаж эхлэх ёстой вэ? Эдгээр эх сурвалжийг ашиглахын давуу тал юу вэ?
-
Сайн мэдээний тухай гэрчлэлээ хуваалцаж, бусдыг илүү ихийг мэдэхэд урихдаа ашиглаж болох ямар ямар онлайн хэрэгсэл эсвэл эх сурвалжууд байдаг вэ?
-
Та сайн мэдээний захиасыг хуваалцахын тулд эдгээр арга хэрэгслийг ямар тодорхой арга замаар ашиглаж болох вэ? (Энэ ярилцлага нь Есүс Христийн дагалдагчид дэлхий даяарх хүмүүстэй сайн мэдээний талаарх гэрчлэлээ хуваалцахад орчин үеийн техник технологийг ашиглаж болно хэмээх зарчмыг олж тогтооход суралцагчдад тусална.)
LDS.org дээрх дараах удирдамжуудыг үзүүлээд, нэг суралцагчийг эхний догол мөрийг чанга уншихад урь. Дараа нь бусад суралцагчийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах тухай удирдамжийн жагсаалтыг чанга уншихад урь. Ямар арга замаар энэ мэдээлэл нь сайн мэдээг онлайнаар илүү үр дүнтэй хуваалцахад туслах талаар олж мэдэхийг ангийнхнаас хүс.
“Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь үүнийг ашиглаж буй хүмүүсийн амьдралд хүчирхэг нөлөө үзүүлэх боломжтой. Энэ нь Есүс Христэд итгэх итгэлээ илэрхийлэн, харилцаа холбоогоо хүчирхэгжүүлэх арга замыг өгдөг. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь Сүмийн номлолыг дэмжин, харилцаа холбоог сайжруулж, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн дунд илчлэлт авчрах боломжийг олгож л байвал Сүмийн зүгээс үүнийг ашиглахыг урамшуулан дэмжинэ. Сүмийн гишүүдийг бүх цаг үед, бүх газарт, үүнд дэлхий даяарх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжин өрнөдөг ярилцлагад оролцохдоо ч гэсэн шашин шүтлэгийнхээ хувьд үлгэр жишээ байхад урамшуулан дэмжиж байна. …
“Хувийн амьдралдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглах зөвлөмжийг доор өгөв: …
“Онлайнаар бусадтай харилцахдаа эелдэг боловсон бай. Хожмын үеийн гэгээнтнүүдийн сургаалууд нь гишүүдээс нөхцөл байдлаас үл шалтгаалан бусадтай хүндэтгэлтэй харьцахыг шаарддаг.
“Сүнсний удирдамжийн дагуу сэргээгдсэн сайн мэдээний тухай хувийн гэрчлэлээ илэрхийл. Эдгээр захиас нь хувийн шинжтэй байх хэрэгтэй. Хүмүүст Сүмийг төлөөлөн ярьж байгаа мэт сэтгэгдэл бүү үлдээ мөн албан ёсоор Сүмийг төлөөлдөг эсвэл Сүмээр ивээн тэтгэгддэг мэт сэтгэгдэл төрүүлэх бүлэг үүсгэхээс зайлсхий.
“Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусадтай харилцаж байхдаа үргэлж Христийн дагалдагчийн үлгэр жишээ нь бай. Таны эерэг үлгэр жишээ харилцаж байгаа хүмүүст тань нөлөөлж чадна. Бусдыг уруу татдаг, ялангуяа зохисгүй материал тавьдаг хүмүүстэй харилцаагаа таслах нь зүйтэй. …
“Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сайтад аливаа мэдээлэл тавихынхаа өмнө сайтар тунгааж бод. Интернэтэд ‘устгах’ товчлуур гэж байхгүй. Таны тавьсан зураг, оруулсан мэдээлэл олон жил интернэтэд хадгалагдан үлдэх бөгөөд ажил хайх эсвэл коллежид орох зэрэг интернэтэд тавьсан мэдээллийн түүхийг тань шалгах өөр бусад нөхцөл байдалд орох үед танд хор учруулж болзошгүй. Таны харилцаа холбоо Аврагчийн нэрийг өөр дээрээ авах амлалттай тань нийцэж байгаа эсэхэд анхаар” (“Social Media Helps for Members,” LDS.org).
Сайн мэдээг онлайнаар хуваалцаж байхдаа энэ жагсаалтад орсон зөвлөмжүүдийг санаж байх нь яагаад чухал болох тухай санал бодлоо ангийнхантай хуваалцахыг суралцагчдаас хүс.
Хэрэв хангалттай цаг гарвал нэг суралцагчийг LDS.org эсвэл mormon.org дээрх видео бичлэг, материалуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцахад хэрхэн ашиглахыг харуулахад урих талаар бодож үз. Та мөн өөр нэг суралцагчийг mormon.org дээр товч намтраа хэрхэн үүсгэхийг харуулахад урьж болно.
Сайн мэдээний тухай мэдрэмж, гэрчлэлээ хуваалцахдаа техник технологийг итгэл дүүрэн ашиглахад нь суралцагчдад туслахын тулд “Sharing Your Beliefs” (2:02) видео бичлэгийг үзүүлэх талаар бодож үз. Видео бичлэгийг үзүүлэхээс өмнө, сайн мэдээний тухай мэдрэмжээ хуваалцахад техник технологи ашигласнаар хувь хүний бусдад үзүүлж болох нөлөөний талаар олж мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
Видео бичлэгийг үзүүлж дууссаны дараа доорх асуултуудыг тавь:
-
Техник технологи нь сайн мэдээний захиасыг хуваалцахыг хүсэж байгаа гишүүдийн хичээл зүтгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Гэрчлэлээ бусадтай хуваалцахдаа техник технологийг хэрхэн ашиглахаа тайлбарлахад суралцагчдыг урь. Энэ хичээл дээр заасан сургаал, зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ өндөрлө.
Үйлдэх урилга
Яг одооноос эхлэн дараах санал болгосон үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээс олныг хийснээр сайн мэдээний захиасыг сонсоход бэлэн хүмүүсийг олоход суралцагчдад тусал.
-
Номлогчдод заах хүмүүс олж өгөхийн тулд энэ хичээлийн бичих даалгаврын үеэр жагсааж бичсэн зүйлсээ хийж гүйцэтгэ.
-
Гар утсандаа хадгалсан хүмүүсийн нэрийг хараад, идэвх султай эсвэл гишүүн бус хэн нэгнийг ол. Тухайн хүн рүүгээ залган эсвэл мессеж бичээд, энэ ням гарагт сүм рүү хамт явахыг урь.
-
mormon.org вэбсайтыг мөн сайт дээрх видео бичлэг, өгүүлэл, Сүмийн гишүүдийн оруулсан товч намтар зэрэг эх сурвалжийг судал. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан видео бичлэг, өгүүлэл эсвэл бусад хуудсыг хуваалц.
-
mormon.org дээр өөрийн товч намтрыг үүсгэ. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан товч намтраа бусадтай хуваалц.
-
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан Mormon Messages видео бичлэгийг болон энэ талаарх өөрийнхөө мэдрэмжийн талаар хуваалц.