9
Христийн зан чанаруудыг өөртөө хөгжүүлэх нь
Оршил
Номлогчид бусдыг Аврагчид ирэхэд урихаар хөдөлмөрлөхдөө өөрсдөө Түүнтэй илүү адил болохыг хичээх хэрэгтэй. Аврагч бол бидний төгс үлгэр жишээ бөгөөд бидэнд Өөртэй нь адил болохыг зааварласан (3 Нифай 27:27-г үзнэ үү). Түүний Цагаатгал бидэнд Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болох боломжийг өгдөг. Есүс Христтэй адил болох гэсэн оролдлогын нэгэн чухал хэсэг бол Тэр хэрхэн амьдарч, биеэ авч явж, зааж байсан талаар суралцах явдал юм. Бид хувь хүнийхээ хувьд Христийн зан чанаруудыг өөртөө илүү бүрэн дүүрэн хөгжүүлснээрээ номлолдоо мөн амьдралынхаа туршид Бурханд болон бусдад үйлчлэхэд илүү сайн бэлтгэгдэх болно.
Нэмэлт бэлтгэл
-
Алма 17:22–37; 18:1–3, 8–10; Моронай 7:45–48; Сургаал ба Гэрээ 4:1–7-г үзнэ үү.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 131–140, 143-р хуудсыг судал.
-
Ангийн суралцагч бүрд зориулан Миний сайн мэдээг номло гарын авлагын 143-р хуудсан дээрх Зан чанарын үйл ажиллагааг хэвлэ (зайлшгүй биш).
-
LDS.org вэбсайт дээрх “Christlike Attributes” (2:54) видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.
-
youtube.com вэбсайт дээрх “Impressions of Missionaries” (4:32) видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.
Заах зөвлөмж
Христийн зан чанаруудын ач холбогдол
Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 140-р хуудсыг нээгээд, номлогчийн нэрийн тэмдгийн зургийг харахад урь. Асуу:
-
Номлогчийн нэрийн тэмдгийн хамгийн чухал хоёр хэсэг юу вэ? (Номлогчийн нэр мөн Аврагчийн нэр.)
-
Яагаад өөрсдийн нэрийг Аврагчийн нэртэй холбох нь танд төдийгүй бусдад чухал байдаг вэ?
Ангийнхныг дагаж уншаад, бид хэрхэн Есүс Христийн урилгыг хүлээн авч болохыг хайж байх хооронд суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 131–132-р хуудасны таван догол мөрийг ээлжлэн чанга уншихад урь. Тэднийг уншиж дууссаны дараа асуу:
-
Бид Есүс Христийн Түүнийг дага гэсэн урилгыг хэрхэн хүлээн авдаг вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Бид Есүс Христтэй адил болж, Түүний зан чанаруудыг өөртөө хөгжүүлснээрээ Түүнийг дага гэсэн урилгыг хүлээн авдаг.)
-
Христийн зан чанаруудыг өөртөө хөгжүүлэх нь хэрхэн таныг Есүс Христийн сайн мэдээний илүү хүчирхэг мөн үр бүтээлтэй номлогч болгох вэ?
Суралцагчдаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 132-р хуудсан дээрх Судар судлах хайрцган доторх судруудаас нэгийг сонгохыг хүс. Суралцагчдыг сонгосон судрын хэсгээ уншаад, энэ нь Есүс Христийн үлгэр жишээг дагах талаар юу зааж байгааг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь. Цөөн суралцагчийг хариулсны дараа асуу:
-
Та нар ямар ямар зан чанарыг Есүс Христтэй холбож хардаг вэ?
Аврагчийн зарим зан чанарыг харуулсан “Christlike Attributes” (2:54) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыг Аврагчийн тэнгэрлэг зан чанар хэрхэн түүний үйлдлүүдээс, ялангуяа бусадтай харилцаж байгаа байдлаас нь харагддагийг олж харахад урь.
Видео бичлэгийг үзэж дууссаны дараа дараахтай адилхан асуултуудыг тавихын зэрэгцээ хариултынхаа талаар бодох хангалттай хугацааг суралцагчдад гаргаж өгөхөд анхаар.
-
Аврагчийн тэнгэрлэг зан чанарууд хэрхэн түүний үйлдлүүдээс ялангуяа бусадтай харилцаж байгаа байдлаас нь харагдаж байна вэ?
-
Есүсийн үйлдлүүд бусдад ямар нөлөө үзүүлсэн бэ?
Суралцагчдыг хажуудаа сууж байгаа суралцагчтай хэн нэгний Христийнхтэй адил зан чанар хэрхэн тэдэнд нөлөөлж байсан тухай туршлагаа хуваалцахад урь. Дараа нь тэдэнд дараах асуултын талаар тунгаан бодох цаг гаргаж өг:
-
Та уг видео бичлэгт үзүүлсэн Христийн ямар зан чанарыг өөртөө илүү бүрэн хөгжүүлэхийг хүсэж байна вэ?
Христийн зан чанаруудыг өөртөө хөгжүүлэх нь
Цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 4:1–7-г ээлжлэн чанга уншихад урь.
-
Сургаал ба Гэрээ 4:5–6-д цэдэглэгдсэнээр, Христийнхтэй адил болон ажиллаж хөдөлмөрлөхөөр дуудагдахад шаардагдах зан чанарууд хоорондоо ямар уялдаа холбоотой вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой: Христийнхтэй адил зан чанаруудыг эзэмшсэн хүмүүс Их Эзэний ажилд үйлчлэхэд тохирохуйц болдог.)
Ангийнхныг Миний сайн мэдээг номло гарын авлагын 143-р хуудсан дээрх Зан чанартай холбоотой үйл ажиллагааг нээхэд урь. Хуудасны дээд талд байх заавруудыг тайлбарлаж өгсний дараа суралцагчдыг үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд урь. Энэ үйл ажиллагаанд хэр хугацаа зарцуулах шаардлагатай болохыг суралцагчдад хэлэх нь тустай байж болно. Суралцагчдад үйл ажиллагааг хувилж өгөх талаар бодож үз. Хэрэв суралцагчид өөрсдийн Миний сайн мэдээг номло гарын авлага дээр үйл ажиллагаагаа гүйцэтгэхээр сонговол та тэднээс харандаагаар бичихийг хүс. Суралцагчдад үйл ажиллагаагаа хийж дуусгах хангалттай цаг гаргаж өг. Дараа нь ангийн гишүүдээс өөртөө үнэлгээ хийж байхдаа юу сурч, мэдэрснээ хуваалцахыг хүс. Хэрэв шаардлагатай бол дараахтай адил асуултуудыг тавих талаар бодож үз:
-
Энэ үйл ажиллагаан дээрх ямар ямар зан чанар танд онцгой санагдсан бэ? Яагаад?
-
Та энэ үйл ажиллагаанаас юу сурсан бэ?
Суралцагчдыг илүү сайн суралцаж, амьдралдаа илүү бүрэн дүүрэн хөгжүүлэхийг хүсэж байгаа нэг зан чанарыг сонгоход урьснаар Христийн зан чанаруудыг илүү гүнзгий ойлгоход тэдэнд тусал. Суралцагчдаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 131–140-р хуудаснаас сонгосон зан чанарыг дүрсэлсэн хэсгийг олохыг хүс. Дараа нь тэдэнд өөрсдийн хэсгийг холбогдох судруудын хамт судлах цаг гаргаж өг. Суралцагчдад хэр хугацаанд судлах хэрэгтэйг мэдэгдэх нь тустай байж болно. Суралцагчдыг унших үедээ бодож үзэхэд зориулан, дараах асуултуудыг самбар дээр бич:
Суралцагч бүр хэрхэн ажиллаж байгааг харахын тулд өрөөгөөр явж, суралцагчдад асуух зүйл гарвал хариул. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, тэднийг самбар дээрх асуултуудад хариулахад урь.
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд, суралцагчдаас Христийн зан чанаруудыг өөрсдөдөө хөгжүүлэхийн тулд биднийг юу хийх ёстой гэж хэлснийг олж мэдэхийг хүс:
“Бидний насан туршдаа хөгжүүлэх хэрэгтэй Христийн нэлээд олон зан чанарыг судруудад дүрсэлсэн байдаг. … Христийн зан чанарууд нь Бурханаас ирдэг бэлгүүд юм. Тэдгээрийг Түүний туслалцаагүйгээр хөгжүүлж чадахгүй. Бид бүгдэд хэрэгтэй энэ тусламжийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидэнд үнэгүй өгсөн юм. Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлтэй байна гэдэг нь Түүний хязгааргүй хүч, оюун билиг, хайранд найдах буюу Түүнд төгс байдлаар итгэл хүлээлгэхийг хэлнэ. Бид сонгох эрхээ зөв шударга ашиглах үед Христийнхтэй адил зан чанарууд бидний амьдралд ирдэг. … Бид Аврагчтай илүү адил болохын тулд өөрсдийн амьдралыг ойр ойрхон дүгнэж, үнэн наманчлалын замаар дамжуулан Есүс Христийн ач гавьяанд болон Түүний Цагаатгалын адислалууд дээр тулгуурладаг байх хэрэгтэй” (“Christlike Attributes—the Wind beneath Our Wings,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар, 102–103).
-
“Христийнхтэй адил зан чанарууд Бурханаас ирдэг бэлгүүд” гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? (Тэдгээр нь Бурханы тусламжгүйгээр бүрэн дүүрэн хөгжүүлэх боломжгүй бэлгүүд юм.)
-
Ерөнхийлөгч Угдорфын хэлснээр, бид эдгээр зан чанарыг хөгжүүлэхэд Бурханы тусламжийг авахын тулд юу хийж болох вэ? (Та дараах өгүүлбэрийг самбар дээр бичин, суралцагчдын хариултуудыг нэгтгэн дүгнэж болно: Бид наманчлан, Есүс Христэд итгэлтэй байж, Цагаатгалд тулгуурласнаараа Христийн зан чанаруудыг өөрсдөдөө хөгжүүлж чадна.)
-
Наманчилж, Цагаатгалд итгэх нь Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхэд бидэнд хэрхэн туслах вэ? (Бид итгэл, наманчлалаар дамжуулан Их Эзэнийг Христийнхтэй адил зан чанаруудаар биднийг адислахад урьдаг. Бид наманчлах үедээ Христтэй адил болох хүслээ харуулдаг бөгөөд амьдралдаа Ариун Сүнсийг илүү ихээр урьдаг.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг ангийнханд чанга уншиж өгөхөд урь:
“Аврагч нифайчуудад зааж байхдаа тэдний хэн болох ёстойг дурдсан. Тэрээр ‘эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд’ (3 Ни. 27:20) наманчилж, баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээн авснаар ариусгагд хэмээн зарлигласан. Тэрээр төгсгөлд нь: ‘Тиймийн тул, та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу’ (3 Ни. 27:27) хэмээн хэлсэн юм.
“Есүс Христийн сайн мэдээ бол биднийг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд ямар болох ёстой, түүн шиг нь болгож чадах төлөвлөгөө билээ. Энэхүү толбогүй, төгс төгөлдөр байдал нь гэрээ, ёслол, үйлдлүүдийн болон зөв сонголтуудын нийлбэрийн үр дүнд мөн тасралтгүй үргэлжлэх наманчлалын үр дүнд бий болдог. ‘Энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе’ (Алма 34:32)” (“The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 33).
Асуу:
-
Ахлагч Өүксийн хэлснээр, бид Есүс Христтэй илүү адил болохын тулд юу хийх ёстой вэ? (Бид ариун нандин ёслолуудыг хийж, сахин, тэдгээрийг хүлээн авахуйц зохистой байж, зөв сонголт хийн, наманчлах ёстой.)
Суралцагчдыг Моронай 7:47–48-ыг нээхэд урь. Эдгээр шүлэгт энэрлийг онцгойлон авч үзсэн байдаг ч Христийн зан чанаруудыг өөрсдөдөө бий болгох тухай ерөнхий зарчмыг илүү тодорхой заасан байдаг. Ангийнхныг дагаж уншаад, Тэнгэрлэг Эцэгийн Хүүтэй адил болохдоо Түүний тусламжийг урихын тулд бид юу хийж болох талаар хайж байх хооронд нэг суралцагчийг шүлгүүдийг уншихад урь (хариултууд нь Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйхын мөн Христийн “үнэн дагалдагчид” болохын ач холбогдол дээр төвлөрөх ёстой). Христийнхтэй адил зан чанарууд нь Бурханаас ирсэн бэлэг учраас бид тэдгээрийг хөгжүүлэхийн тулд Түүнээс тусламж хүсэх ёстой гэдгийг онцол.
Та суралцагчдад сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож үзэхэд нь туслахын тулд тэднээс ирээдүйн номлогч суралцсан зан чанараа хөгжүүлэхээр эрэлхийлэхдээ хийх үйлдлүүдийн зарим жишээг хуваалцахыг хүсэж болно. Дараа нь суралцагчдад уг зан чанарыг илүү сайн хөгжүүлэхэд нь туслах мөн тогтмол хийх зөв сонголтууд орсон төлөвлөгөө бичих цөөн минут гаргаж өг. Тэднийг төлөвлөгөөгөө эцэг, эхтэйгээ юм уу итгэл хүлээсэн найзтайгаа хуваалцахад урамшуулан дэмж. Мөн суралцагчдыг төлөвлөгөөгөө хойшлуулалгүй дагахад урамшуулан дэмж. Одоо гаргаж буй хичээл зүтгэл нь тэдний номлолын туршлагад тун их нөлөөлнө.
Хэрэв тэд Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлэн, Их Эзэнтэй адил болохыг эрэлхийлэх юм бол Тэрээр тэднийг адислах болно гэдгийг суралцагчдад нотолсноор хичээлийн энэ хэсгийг өндөрлө.
Номлогчийн ажил дахь Христийнхтэй адил зан чанарууд
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн, ихэвчлэн Ариун Ассиси Франсисийн хэлсэн үг хэмээн үздэг үгийг эш татсан дараах мэдэгдлийг самбар дээр бич. Нэг суралцагчаас чанга уншихыг хүс.
“Сайн мэдээг үргэлж номлож бай, гэхдээ зөвхөн шаардлагатай үед л үг хэрэглэж бай” (“Дамаск орох зам дээр хүлээн сууна,” Ensign, 2011 оны 5-р сар эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77).
Дараа нь дараахтай төстэй асуултуудыг тавь:
-
Бид хэрхэн үг хэрэглэхгүйгээр сайн мэдээг номлож болох вэ?
-
Христийн зан чанаруудыг өөрсдөдөө хөгжүүлэх нь хэрхэн бидэнд үг хэрэглэж мөн хэрэглэхгүйгээр сайн мэдээг илүү сайн заах боломжийг олгодог вэ?
-
Хэн нэгэнд Христтэй адил хандахад тэдний зүрх сэтгэл ямар болдог вэ? (Тэдний зүрх сэтгэл зөөлөрч, сайн мэдээний захиасыг сонсох илүү их хүсэлтэй болдог).
-
Яагаад номлогчид байх Христийнхтэй адил зан чанарууд номлогчийн ажлын амжилтад чухал байдаг вэ? (Суралцагчдын хариултад дараах үнэн орсон байх ёстой: Христийнхтэй адил зан чанарууд нь хүмүүсийг Аврагчид авчран аврахад хүчирхэг нөлөө үзүүлж чадна.)
“Impressions of Missionaries” (4:32) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыг сонирхогчдын номлогчдоос олж харсан зан чанаруудыг болон тэдгээр зан чанар сонирхогчдод хэрхэн нөлөөлсөн болохыг тэмдэглэж авахад урь.
Видео бичлэгийг үзүүлсний дараа асуу:
-
Сонирхогчид номлогчдоос ямар эерэг зан чанаруудыг олж харсан бэ?
-
Яагаад эдгээр зан чанар сонирхогчдод эерэг сэтгэгдэл төрүүлсэн гэж та бодож байна вэ?
-
Зарим сонирхогч сөрөг зан чанаруудыг дурдсан. Эдгээр зан чанар сонирхогчдод хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Номлогчид иймэрхүү сөрөг сэтгэгдэл үлдээхээс хэрхэн зайлсхийж болох вэ?
Христийнхтэй адил зан чанарууд болон биеэ авч явах байдал нь номлогчдод зааж буй хүмүүсээ сайн мэдээг хүлээн авахад бэлдэхэд нь тусалдаг болохыг харуулахын тулд нэг суралцагчаас Аммоны леменчүүдийн дунд сайн мэдээг номлохын тулд гаргасан хичээл зүтгэлийн талаар өгүүлсэн түүхийг хураангуйлан хэлэхийг хүс. Ангийг дөрвөн бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрд дараах судрын хэсгүүдээс нэгийг оноож өг. Суралцагчдаас оноосон хэсгээ дотроо уншаад, Аммоны харуулсан Христийнхтэй адил зан чанарыг олж тогтооход урь.
Суралцагчдад унших цаг гаргаж өгсний дараа, дараах асуултуудыг ангийнхантай ярилц:
-
Та нарын уншсан хэсэгт Аммон Христийнхтэй адил ямар зан чанарыг харуулсан бэ?
-
Аммоны зан чанарууд зааж буй хүмүүст нь хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Өнөө үеийн номлогчид Аммоны үлгэр жишээг ямар арга замаар дагаж болох вэ?
Суралцагчдыг Христийнхтэй адил зан чанаруудыг үлгэр жишээгээрээ харуулж байгааг нь харсан хүнийхээ тухай бодоход урь. Асуу:
-
Уг хүн Христийнхтэй адил зан чанараараа танд хэрхэн нөлөөлсөн бэ?
Хамтрагчтайгаа хамт үйлчлэх нь
Номлогчдод хамт үйлчлэх хамтрагчийг үргэлж оноож өгдөг гэдгийг сануул. Суралцагчдыг хамтрагчтайгаа хамт ажиллах үед гарч болзошгүй сорилт бэрхшээлүүдийн талаар хэлэхэд урь. Суралцагчдаас дараах зүйлийг асуу:
-
Яагаад номлогчид хамтрагчид болон үйлчилдэг гэж та бодож байна вэ?
Их Эзэний өгсөн загвар учраас номлогчид хамтрагчид болон үйлчилдэг гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Сургаал ба Гэрээ 42:6 ба 2 Коринт 13:1-ийг чанга унш. Дараа нь асуу:
-
Яагаад номлогчдод Христийнхтэй адил зан чанар, үйлдлүүдийг хамтрагчдаа үзүүлэх нь чухал вэ? (С ба Г 38:24–25, 27-г үзнэ үү.)
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын (1920–2007) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас ангийнханд чанга уншиж өгөхийг хүс:
“Хамтрагч байхдаа зөрчилдөөн бүү үүсгэ. Таны зарим хамтрагч амьдралын тань хамгийн эрхэм нандин найз байх болно. Хамт байхыг хүсдэг тийм хамтрагч нь бол. Хамтрагчтайгаа харилцахдаа амин хувиа бүү хичээ. Зөрчилдөөн байвал хэн буруутай эсэхээс үл хамааран Их Эзэний Сүнс холдон одно. Бидний хүн нэг бүр өвөрмөц хүч чадал, ур чадвартай хувь хүмүүс бөгөөд дэлхий дээрх ямар ч хүнтэй адилгүй. Бидний хүн нэг бүрд сул дорой чанарууд байдаг. Эв найрамдалтай хамтрагчид байснаар нэг нь сул дорой байхад нөгөө нь хүчтэй байж, багийн ажил өрнөдөг” (“What I Want My Son to Know before He Leaves on His Mission,” Ensign, 1996 оны 5-р сар, 41).
-
Хамтрагчдын хооронд зөрчилдөөн үүсэх үед юу тохиолддог гэж ерөнхийлөгч Фауст хэлсэн бэ? (Мөн 3 Нифай 11:29-ийг үзнэ үү.)
-
Бидний судалсан зан чанарууд зөрчилдөөнөөс зайлсхийн, илүү эв найрамдалтай байхад хамтрагчдад хэрхэн туслах вэ? (Номлогчийн хамтрагчид нэг нэгэндээ Христийнхтэй адил зан чанар, хандлагыг үзүүлэх үед Сүнсээр адислагддаг гэсэн зарчмыг олж тогтооход суралцагчдад тусал.)
-
Яагаад эв найрамдалтай байх нь хамтрагчдыг сайн мэдээг номлоход илүү үр бүтээлтэй болгодог вэ?
Missionary Handbook (29–30-р хуудас) дахь “Your Companion” (“Relationships with Others” хэсэг доторх) гарчигтай дэд хэсгийн эхний таван догол мөрийг чанга унших талаар бодож үз. Дараа нь асуу:
-
Та эдгээр догол мөрнөөс олж мэдсэн зарчмуудыг гэр бүлийнхээ гишүүн эсвэл найзтайгаа харилцаагаа хүчирхэгжүүлэхэд хэрхэн ашиглаж байсан бэ?
Суралцагчдыг Христийн тухай болон Түүнтэй адил болохын ач холбогдлын тухай гэрчлэлээ хуваалцахад урин, хичээлээ өндөрлө.
Үйлдэх урилга
Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх явцад Их Эзэний тусламж болон хувийн зүгээс ихээхэн хичээл зүтгэл шаардагддаг гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Аврагчтай адил болох гэсэн хичээл зүтгэлийнхээ нэг хэсэг болгон дараах санал болгосон үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээс олныг хийж гүйцэтгэхэд тэднийг урамшуулан дэмж.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р бүлэг дээрх Христийнхтэй адил зан чанаруудын нэгийг сонгоод, уг зан чанарын талаар судрууд, Библийн толь бичиг, судруудын удирдамж, индекс зэргийг ашиглан илүү сайн судал. Уг зан чанарыг амьдралдаа илүү бүрэн дүүрэн хөгжүүлэх төлөвлөгөө гарга. Төлөвлөгөөгөө эцэг, эхтэйгээ эсвэл итгэл хүлээсэн найзтайгаа хуваалц.
-
Гэр бүл, найз нөхөд (гишүүн болон гишүүн бус), Сүмийн удирдагчдадаа улам бүр Христтэй адил хандахын тулд юу хийж болох талаар бод. Өөртөө байгаа тодорхой санаануудыг бичиж аваад, энэ долоо хоногийн турш тэдгээрийн дагуу үйлд.
-
Ирээдүйн номлогчийн хамтрагчтайгаа зөрчилдөхөөс зайлсхийхэд өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар зорилт тавь.
-
Гэр бүлийн гишүүд, найз нөхдөдөө хайраа илэрхийлэх мөн тэдэнд тэвчээртэй хандаж, энэрч үйлчлэх арга замуудыг ол.