14
Есүс Христийн сайн мэдээг заах нь (2-р хэсэг)
Оршил
Есүс Христийн сайн мэдээнд хүн төрөлхтөнд Бурханы оршихуй руу буцаж очин, селестиел хаант улсад өргөмжлөгдөхөд шаардлагатай мөнхийн сургаал, зарчим, хууль, гэрээ, ёслолууд орсон байдаг. Сайн мэдээний анхдагч зарчим ба ёслолууд нь Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, усанд умбуулах баптисм, Ариун Сүнсний бэлэг зэрэг юм. Номлогчид бусдыг баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахад урих чухал үүрэг хариуцлагатай. Бурханы хүүхдүүд Сүмийн гишүүн болсныхоо дараа бусад зарчим, ёслолыг хүлээн авч, Бурханы зарлигуудад үнэнч хэвээр үлдсэнээрээ эцсээ хүртэл тэвчих ёстой болдог. Ирээдүйн номлогчид эдгээр сургаалын тухай тодорхой ойлголттой болж мөн эдгээрийг энгийнээр тайлбарлан, хүчтэй гэрчлэхэд өөрсдийгөө бэлтгэсэн байх ёстой.
Нэмэлт бэлтгэл
-
Матай 3:13–17; Иохан 3:3–6; 2 Нифай 31:17–20 болон Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү.
-
Миний сайн мэдээг номло, 70–73-р хуудсыг судал.
-
Баптисм хүртэж буй Есүсийн зургийг үзүүлэхэд бэлд.
-
LDS.org дээрх “Invitation to Be Baptized: German” (2:43), The District 2, видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.
Заах зөвлөмж
Баптисм ба бидний анхны гэрээ
Суралцагчдыг баптисмын тухай зарчмуудыг олж тогтооход бэлтгэхийн тулд Есүст баптисм хүртээж буй Иоханы зургийг үзүүлээд, Есүс Христийн баптисмын талаар мэддэг зүйлээ нэгтгэн дүгнэхэд урь.
Та нэг суралцагчийг Матай 3:13–17-г чанга уншихад урьж, Аврагчийн баптисмын тухай түүхийг тоймлон үзэж болно. Дараа нь суралцагчдыг хажуудаа сууж байгаа суралцагч руу хандан, дараах асуултад хариулахад урь:
-
Есүсийн баптисмын тухай энэ түүхэнд ямар чухал үнэнүүдийг заасан байна вэ?
Дараах үгсийг самбар дээр бич:
Ангийн хэсэг суралцагчаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 70-р хуудсан дээрх “Баптисм, бидний анхны гэрээ” хэсгийн эхний дөрвөн догол мөрийг судлаад, ёслол гэдэг нэр томьёог ямар байдлаар тайлбарлаж болохыг олж мэдэхийг хүс. Ангийн бусад суралцагчийг мөн адил дээрх хэсгийг судлаад, гэрээ гэдэг нэр томьёог ямар байдлаар тайлбарлаж болохыг олж мэдэхэд урь.
Суралцагчдад судлах хангалттай цаг гаргаж өгсний дараа тэдний дундаас сайн дураараа ёслол ба гэрээ гэсэн нэр томьёог тайлбарлах хүн байгаа эсэхийг асуу. Дараа нь асуу:
-
Ёслол ба гэрээ гэдэг нэр томьёо хэрхэн баптисмтай холбоотой вэ? (Суралцагчдад дараах үнэнийг олж тогтооход тусал: Бид баптисмын ёслолоор дамжуулан Бурхантай ариун нандин гэрээнд ордог.)
Суралцагчдынхаа анхаарлыг “Баптисм ба бидний анхны гэрээ” хэсгийн дөрөвдүгээр догол мөрт хандуулаад, дараах асуултыг тавь:
-
Бид баптисмын ёслолыг хүлээн авахдаа юу хийхээр гэрээ байгуулдаг вэ? (Бид баптисм хүртсэнээр Есүс Христийн нэрийг өөр дээрээ авч, үргэлж Түүнийг санан, зарлигуудыг нь сахина гэсэн гэрээ байгуулдаг. Хэрэв суралцагчдад энэ санаан дээр илүү дэлгэрэнгүй заавар хэрэгтэй гэж үзвэл, тэдэнтэй хамт Сургаал ба Гэрээ 20:37-г судлах цөөн минут гарга.)
Та суралцагчдад баптисмын гэрээгээ илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн үгээс авсан дараах эшлэлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс.
“Бид баптисм хүртэхдээ дэлхийд амьдарсан хэвээр хэдий ч энэ цаг үеэс эхлэн Түүний хаант улсад ирж, зарлигуудыг нь сахихад бэлэн хэмээн Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ хийдэг. Бидний баптисм бол ‘ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы мөн Түүний хаант улсын гэрчлэгч болж, бүр үхэлд хүртлээ зогсоход бэлний учир мөнх амьдралыг авч болохын тулд Бурханаар гэтэлгэгдэж, мөн та нар анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болно’ [Moзая 18:9; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн] гэдгийг Мормоны Ном бидэнд сануулдаг.
Бид баптисмынхаа гэрээг болон Ариун Сүнсний бэлгийг ойлговол тэдгээр нь бидний амьдралыг өөрчлөх ба бид Бурханы хаант улсад үнэнч байх болно. Бидэнд уруу таталт ирэх үед хэрэв бид сонсох юм бол Ариун Сүнс Аврагчийг дурсан санаж, Бурханы зарлигуудыг дуулгавартай дагана гэсэн амлалтыг маань сануулна” (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, 2000 оны 11-р сар, 7).
-
“Бид Бурханы хаант улсад үнэнч байх болно” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
-
Баптисм ямар арга замаар хүний амьдралыг өөрчилдөг вэ?
Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 70–71-р хуудсан дээрх баптисмын талаар өгүүлсэн үлдсэн догол мөрүүдийг уншихад урь. Тэднээс сонирхогчидтой хуваалцах шаардлагатай гэж үзсэн баптисмын сургаалын бусад талыг олж мэдэн, тэмдэглэхийг хүс. Тэдэнд энэ үйл ажиллагааг хийж гүйцэтгэх цөөн хором гаргаж өгсний дараа хэд хэдэн суралцагчаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Суралцагчдыг хариулж байх хооронд та дараахтай адил эргэн шалгах асуултуудыг тавьж болно. Тухайлбал:
-
Сонирхогчид эдгээр сургаалыг ойлгох нь яагаад чухал вэ?
-
Өнгөрсөн хичээлээр ярилцсан баптисмын гэрээ ба Есүс Христэд итгэх итгэл, наманчлалын зарчмууд хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?
-
Яагаад усанд умбуулах нь баптисмын ёслолын чухал хэсэг байдаг вэ? (Энэ нь үхэл, булш, Есүс Христийн Амилалтыг бэлгэддэг. Түүнээс гадна энэ нь бидний хуучин амьдралын төгсгөл ба Есүс Христийн шавь болж шинээр төрөхийг бэлгэддэг [Ром 6:3–6-г үзнэ үү].)
Сонирхогчид баптисмд зохих ёсоор бэлтгэх нь чухал гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 20:37-г чанга уншихыг хүс. Дараа нь суралцагчдыг ангийн өөр нэг гишүүнд хандан, дараах асуултуудын талаар ярилцахад урь:
-
Энэ шүлэг сонирхогчийг баптисм хүртэхэд бэлэн байгааг тодорхойлоход хэрхэн туслах вэ? (Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулахад хэцүү байвал тэднийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 71-р хуудсан дээрх “Баптисмын өмнө” гарчигтай хайрцгийг уншихад урь.)
-
Та “Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй ирэх” гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ?
-
Хувь хүн “Христийн Сүнсийг” үнэхээр хүлээн авснаа хэрхэн нотлон харуулдаг вэ?
Суралцагчдад баптисмын гэрээгээ сахих нь ямар тодорхой арга замаар тэдний амьдралд адислалуудыг авчирсан талаар судлан, тэмдэглэл дээрээ бичих цаг гаргаж өг. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, хоёр эсвэл гурван суралцагчаас бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс.
“Invitation to be Baptized: German” (2:43) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыг видео бичлэг үзэж байх хооронд номлогчид Гэрманд баптисмын ач холбогдлын талаар юу зааж байгааг олж мэдэхэд тэднийг урь.
-
Номлогчид Гэрманд баптисмын ач холбогдлыг ойлгоход туслахын тулд юу гэж хэлсэн бэ?
-
Ямар нотолгоо Гэрманыг Ариун Сүнс мэдэрч, баптисм хүртэхийг хүсэж байгааг харуулсан бэ?
Ангийнхныг хос хосоор нь хуваарилаад, хос бүрээс Миний сайн мэдээг номло гарын авлагын 70–71-р хуудсан дээрх материалыг мөн Судар судлах хайрцган доторх судруудаас нэгийг юм уу хоёрыг ашиглаад, сонирхогчид баптисмын тухай танилцуулахад төвлөрсөн дөрвөөс таван минутын хичээл бэлтгэхэд урь. Суралцагчид номлогчид зориулсан Есүс Христийн сайн мэдээ товхимлын 8-р хуудсан дээрх материалыг мөн ашиглаж болно.
Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа ангийнхныг дөрвөн суралцагчтай буюу хоёр хосоос бүрдсэн бүлэгт хуваа. Бүлэг бүрийн нэг хосыг нөгөө хосдоо баптисмын талаар дөрвөөс таван минутын хичээл заахыг хүс. Номлогчдын дүрд тоглож байгаа суралцагчдыг зааж байхдаа сонгосон судрынхаа хэсгийг нээн, чанга уншихад урамшуулан дэмж. Суралцагчдыг заах туршлагаа дуусгасны дараа жижиг бүлгүүдийг бүлэг дотроо дараах асуултуудыг ярилцахад урь: Юу нь сайн болсон бэ? Хичээл нь заалгаж байгаа хүмүүст баптисмын ач холбогдлыг ойлгоход хэрхэн тусалсан бэ? Багш нар илүү үр дүнтэй заахын тулд юуг өөрчилж болох вэ?
Дараа нь дүрүүдийг солиод, заалгасан суралцагчдад нөгөө хосдоо заах боломж олго. Хоёр дахь хосод зориулан санал авах цаг гаргахад анхаар. Энэ үйл ажиллагааны үеэр өрөөгөөр явж, суралцагчид хэрхэн зааж байгааг ажиглан, тэднийг магтахаас гадна юуг сайжруулж болох талаар зөвлөгөө өг.
Бүх суралцагчид заах боломж олгосны дараа уг туршлагын талаар ангиараа ярилцах цөөн минут гарга. Ярилцлагыг эхлүүлэхийн тулд дараахтай адил асуултуудыг тавь. Үүнд:
-
Та нар энэ сургаалыг зааж байхдаа юу сурсан бэ?
-
Яагаад эдгээр зарчим, үнэн, сургаалуудыг бусдад заахын тулд одооноос эхлэн бэлтгэх нь чухал вэ?
-
Та номлолдоо Есүс Христийн сайн мэдээний тухай заахад илүү сайн бэлтгэгдэхийн тулд яг одооноос эхлэн юу хийж болох вэ?
Ариун Сүнсний бэлэг
Суралцагчдыг хичээлийн энэ хэсэгт бэлтгэхийн тулд ангийнхнаас хувь хүн баптисм хүртсэний дараа ямар ёслолыг нэн даруй хийдэг болохыг асуу (гишүүний баталгааг буюу хувь хүн Сүмийн гишүүн болж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна.) Яагаад хүмүүс баптисм хүртсэнийхээ дараахан гишүүнээр батлуулдаг болох талаар 30 секунд тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг хариулахаас өмнө бошиглогч Иосеф Смитийн дараах эшлэлийг тэдэнд уншиж өгөх талаар бодож үз:
“Хэрэв хэн нэгэн хүн нүглээс ангижрах, Ариун Сүнсийг хүлээн авахын төлөөх үзэл бодлоор баптисмыг үйлдээгүй аваас та шуудайтай элсэнд баптисм хүртээсэнтэй адил байх болно. Усаар гүйцэтгэдэг баптисм нь хагас баптисм бөгөөд нөгөө хагас нь болох Ариун Сүнсний баптисмгүйгээр хий, хоосон зүйл болох юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 110).
Асуу:
-
Яагаад баптисмыг “Ариун Сүнсний баптисмгүйгээр” “хагас баптисм” гэж үздэг вэ? (Хэд хэдэн хариултыг сонссоны дараа хичээлийн явцад энэ асуултад өөр ямар хариулт өгч болохыг сонсоход суралцагчдыг урамшуулан дэмж.)
Никодем хэмээх иудейчүүдийн удирдагч Назарын Есүст асуулт тавихаар шөнөөр нууцаар ирсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Иохан 3:3-ыг чанга уншихад уриад, асуу:
-
Иохан 3:3 дээрх Аврагчийн үг Бурханы хаант улсад орохын тулд юу шаардлагатай хэмээн өгүүлж байна вэ?
Иохан 3:4–6-г ангийнханд уншиж өгөөд, асуу:
-
Никодем 3-р шүлэг дээр Аврагчийн сургаалыг ойлгоогүй гэдгийг харуулсан ямар асуултыг тавьсан байна вэ?
-
Есүс хэрхэн Никодемийн асуултуудад хариулсан бэ? (Тэрээр Никодемд сайн мэдээний үндсэн сургаалыг заасан: Бид Бурханы хаант улсад орохын тулд уснаас болон Сүнснээс төрөх ёстой. Тэрээр “дээрээс төрөх ёстой” гэдэг нь махан биеэр биш харин сүнсээр дахин төрөх гэсэн утгатай гэдгийг заасан.)
Самбар дээр дараах үгсийг бич:
Дараа нь асуу:
-
“Ус[наас] … төрнө” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Энэ нь усанд умбуулалтаар баптисм хүртэх гэсэн утгатай.)
-
“Сүнснээс … төрнө” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Энэ нь Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах гэсэн утгатай. Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулахад хэцүү байвал тэдэнд Иохан 3:5, зүүлт тайлбар a-г үзүүл.)
-
Яагаад “төрөх” гэдэг үгийг бидний сүнслэг байдалд тохиолдох зүйлийг тодорхойлоход ашигласан гэж та бодож байна вэ? Бие махбодын төрөлтийн ямар хэсгийг сүнснээс төрөхтэй харьцуулж болох вэ? (Хэрэв шаардлагатай бол энэ асуултад хариулахад нь туслахын тулд Мосе 6:58–59-ийг унших талаар бодож үз.)
Цөөн суралцагчаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 72-р хуудсан дээрх “Ариун Сүнсний бэлэг” хэсэг дэх догол мөрүүдийг ээлжлэн чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, Ариун Сүнсний бэлэгтэй хамт дагалдан ирдэг адислалуудыг олж мэдэхийг хүс.
Ангийнхнаас асуу:
-
Ариун Сүнсний бэлгийг ямар ямар адислал дагалдан ирдэг вэ? (Дараах сургаал бол суралцагчдын олж тогтоох ёстой сургаалын нэг юм: Ариун Сүнсний бэлэг нь үүнийг хүлээн авах хүмүүст ариусгагч болон цэвэршүүлэгч нөлөө үзүүлдэг.)
Суралцагчдад уг сургаалыг илүү сайн ойлгоход туслахын тулд тэднээс Миний сайн мэдээг номло гарын авлагын 72-р хуудсан дээрх “Ариун Сүнсний адислалууд ба нөлөө” гэсэн гарчиг бүхий судруудаас нэгийг эсвэл хоёрыг судлахыг хүс. Тэднийг судалж байх хоорондоо Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар ирдэг зарим адислалыг судар дээрээ тэмдэглэхэд урь. Дараа нь асуу:
-
Яагаад хувь хүнд баптисм хүртсэний дараа Ариун Сүнсийг хүлээн авах нь чухал вэ?
Дараах асуултыг тавь. Гэхдээ хариулахаас нь өмнө суралцагчдад хариултаа тунгаан бодох цаг гаргаж өг. Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчийг хариулахад өөрсдийн туршлагаас ангийнхантайгаа хуваалцахад урь.
-
Та Ариун Сүнсний бэлгээс ямар ямар адислал хүлээн авсан бэ?
Ангийнхныг хос хосоор нь хуваарил. Суралцагчдаас Миний сайн мэдээг номло (эсвэл Есүс Христийн сайн мэдээ нэртэй номлогчдод зориулсан товхимлын 8–10-р хуудсан дээрх “Why Do I Need to Receive the Holy Ghost?” гарчигтай хэсэг) гарын авлага дээрх мэдээллийг ашиглан, Ариун Сүнсний бэлгийн тухай дөрвөөс таван минутын хичээл бэлдэхийг хүс. Тэдэнд хичээлдээ “Миний сайн мэдээг номло” гарын авлагын 72-р хуудсан дээрх Судар судлах хайрцган доторх нэг юм уу хоёр судрыг оруулахыг сануул.
Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа ангийнхныг дөрвөн суралцагчтай бүлэг буюу бүлэг бүрд хоёр хос байхаар зохион байгуул. Нэг хосод нөгөө хосдоо заах даалгавар өг. Суралцагчдыг зааж байх хооронд өрөөгөөр явж, магтахаас гадна юуг сайжруулж болох талаар зөвлөгөө өг. Суралцагчдыг заах туршлагаа дуусгасны дараа жижиг бүлгүүдийг бүлэг дотроо дараах асуултуудыг ярилцахад урь: Юу нь сайн болсон бэ? Багш нар илүү үр дүнтэй заахын тулд юуг өөрчилж болох вэ? Тэдний заасан хичээл заалгаж буй хүмүүст Ариун Сүнсний бэлгийн талаар ойлгоход хэрхэн тусалсан бэ?
Дараа нь бүлэг дэх хосууд дүрээ солиод, заалгасан суралцагчдад нөгөө хосдоо заах боломж олго. Хоёр дахь хосод зориулан санал авах цаг гаргахад анхаар.
Бүх суралцагчид заах боломж олгосны дараа цөөн минут гарган, дараахтай адил асуултуудыг тавьснаар туршлагыг үнэл.
-
Та нар энэ сургаалыг зааж байхдаа юу сурсан бэ?
-
Та энэ туршлагад үндэслээд, номлогчийнхоо заах арга барилыг илүү сайжруулахын тулд юу хийж болох вэ?
Эцсээ хүртэл тэвч
Самбар дээр хаалганы цаана зам харгуй зурайж байгаагаар зур.
Нэг суралцагчаас 2 Нифай 31:17-г уншихыг хүс. Дараа нь ангийнхнаас асуу:
-
Нифай биднийг мөнх амьдрал руу хөтлөх хаалгыг юу гэж тодорхойлсон бэ?
Ангийнхныг дагаж уншаад, бид баптисм хүртсэнийхээ дараа юу хийх ёстой болохыг хайж байх хооронд өөр нэгэн суралцагчаас 2 Нифай 31:18–20-ийг уншихыг хүс.
-
Нифай энэ хаалганы цаана юу байгаа гэж хэлсэн бэ? (Мөнх амьдрал руу хөтлөх давчуу бөгөөд нарийн зам.)
-
Нифайн хэлснээр, хувь хүн мөнх амьдралыг хүлээн авахын тулд баптисм хүртсэнийхээ дараа юу хийх ёстой вэ?
-
Эцсээ хүртэл тэвчих нь Аврагчийн жишээг дагахтай хэрхэн холбоотой вэ?
Суралцагчдаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 73-р хуудсан дээрх “Эцсээ хүртэл тэвчих” гарчигтай хэсгийг уншихыг хүс. Бид эцсээ хүртэл тэвчихийн тулд юу хийж болох тухай олж мэдэхэд тэднийг урамшуулан дэмж. Дараа нь асуу:
-
Яагаад эцсээ хүртэл тэвчих нь бидэнд чухал вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Бид эцсээ хүртэл тэвчихээр чин сэтгэлээсээ хичээх аваас мөнх амьдралыг хүлээн авах эрхтэй болно.)
-
Аврагчийн жишээг дагах нь эцсээ хүртэл тэвчихэд тань хэрхэн туслах вэ?
Та Есүс Христийн сайн мэдээний, ялангуяа баптисм, Ариун Сүнсний бэлэг, эцсээ хүртэл тэвчихийн ач холбогдлын талаарх өөрийн гэрчлэлийг хуваалцан, хичээлээ өндөрлө.
Үйлдэх урилга
Суралцагчдыг ирэх долоо хоногийн турш дараах санал болгосон үйл ажиллагаануудаас нэгийг юм уу түүнээс олныг хийж гүйцэтгэснээр Есүс Христийн сайн мэдээний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд урих талаар бодож үз.
-
Сургаал ба Гэрээ 20:37-д цэдэглэснээр баптисмын шаардлагуудыг тайлбарлах дадлага хий. Та яг одоо энэ шүлэгт цэдэглэгдсэн баптисмын гэрээний дагуу амьдрахын тулд юу хийж байгаагаа тайлбарласан хоёр өгүүлбэрийг судлах тэмдэглэл дээрээ бич.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 73-р хуудсан дээрх Судар судлах хайрцган доторх Ариун Сүнсний бэлгийн тухай судрын хэсгүүдийг унш. Мөн Судруудын удирдамж дээрх “Ариун Сүнс” нэртэй тайлбарыг унш. Та хэн нэгэнд Ариун Сүнсний бэлгийн талаар зааж байхдаа ашиглахыг хүссэн шүлгүүдээ судлах тэмдэглэл дээрээ эсвэл судар дээрээ бичиж тэмдэглэ.
-
“3-р хичээл: Есүс Христийн сайн мэдээ” дээрх зарчмуудыг гэр бүлийнхээ гишүүнд эсвэл найздаа (боломжтой бол Сүмийн гишүүн бус эсвэл идэвх султай хүн байвал сайн) биечлэн уулзаж юм уу онлайнаар зааж өг. Та тэдэнд зааж байхдаа эдгээр зарчмын талаарх гэрчлэлээ хуваалц.