Институт
3-р хичээл: Сүнсээр суралцах нь


3

Сүнсээр суралцах нь

Оршил

Номлогчид сайн мэдээнд өсөж хөгжин, мөнх амьдрал руу хөтлөх зам дээр үлдэхийн тулд сайн мэдээг судлах дадал хэвшлийг суулгасан байх ёстой. Номлогчийг бэлтгэх төвд номлогчид өдөр бүр хувиараа болон хамтрагчтайгаа хамт судлахад нэлээд цаг зарцуулдаг. Номлолын талбарт тэднээс өдөр бүр үргэлжлүүлэн судлахыг шаарддаг. Тэд сайн мэдээний тухай мэдлэгээ гүнзгийрүүлэн, хувийн хөрвөлтөө сайжруулахын тулд “судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцах” (С ба Г 88:118) ёстой. Номлогчид эрч хүчтэй зааж, зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Сүнсээр удирдуулан судалснаар олж авах мэдлэгийн сантай байх нь чухал юм.

Нэмэлт бэлтгэл

Заах зөвлөмж

Сайн мэдээг судлахын ач холбогдол

Суралцагчдад Иосеф Смит ба түүний ах Хайрум хоёрын зургийг үзүүлээд, тэднээс судрынхаа Сургаал ба Гэрээ 11-ийг нээхийг хүс. Иосеф Смит Мормоны Номыг орчуулж байх үед түүний ах Хайрум уг ажлыг ихэд сонирхон, Сэргээлтийн захиасыг бусадтай хуваалцахыг хүссэн гэдгийг суралцагчдад тайлбарлаж, энэ хэсгийн хам сэдвийг ойлгоход тусал. Хайрум Их Эзэний хүслийг эрэлхийлэн, Иосефоос өөрийнх нь төлөө илчлэлт хүлээн авахыг хүссэн. Их Эзэний хариулт Сургаал ба Гэрээ 11-д цэдэглэгдсэн байдаг. Хайрум сэргээгдсэн сайн мэдээний захиасыг хуваалцахаар бэлтгэж буй танай ангийн гишүүдтэй олон талаараа адилхан байсан.

Ангийнхныг дагаж уншаад, Их Эзэний Хайрумд өгсөн зөвлөгөөг хайж байх хооронд хоёр суралцагчийг Сургаал ба Гэрээ 11:15–17-г ээлжлэн чанга уншихад урь. Дараа нь асуу:

  • Яагаад Их Эзэн Хайрумд сайн мэдээний захиасыг бусадтай хуваалцахаасаа өмнө “багахан хүлээгтүн” гэж хэлсэн бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 11:21–22, 26-г уншаад, өнөө үеийн ирээдүйн номлогчдод хамаатай зөвлөгөөг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн Хайрумыг бусадтай сайн мэдээг хуваалцахаар бэлтгэхдээ юу хий хэмээн чиглүүлсэн бэ? Бурханы үгийг олж авахыг эрэлхийл гэдэг нь ямар утгатай вэ? Их Эзэний үгийг зүрх сэтгэлдээ нөөцлөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Эдгээр шүлгэн дээрх Их Эзэний зөвлөгөө номлолд үйлчлэхээр бэлтгэж буй хэн нэгэнд хэрхэн тус болох вэ? (Суралцагчид өөр өөр үгс ашиглаж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой: Сайн мэдээнээс судлах нь номлогчдыг сайн мэдээг Сүнсээр мөн хүчтэй номлоход бэлтгэдэг.)

  • Их Эзэн “[Түүний] үгийг олж авахыг эрэлхийл[дэг]” хүмүүст ямар адислал амласан бэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 205-р хуудсыг нээгээд, нэг суралцагчийг “Судруудаас хүчтэйгээр заах таны чадвар” гэж эхэлсэн догол мөрийг чанга уншихад урь. Дараа нь асуу:

  • Энэ догол мөрөн дэх ямар ямар санаа өдөр бүр судар судлах нь үр бүтээлтэй номлогч байхыг хүсэж буй хүмүүсийн хувьд чухал ач холбогдолтой гэдгийг баталж өгч байна вэ? (Судар судлах нь номлогчдыг сайн мэдээг хүчтэй заахад бэлтгэдэг.)

Хичээлийн үлдсэн хэсэгт хэрхэн хувиараа илүү үр бүтээлтэй судар судлахад анхаарал хандуулна гэдгийг сануул. Судрыг болон сайн мэдээг илүү үр дүнтэй судлахын тулд сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлж болохоо хичээлийн туршид тунгаан бодоход суралцагчдыг урь.

Хичээлийн тэмдэглэл ашиглах нь

Миний сайн мэдээг номло гарын авлагын оршил хуудсыг нээхийг ангийнхнаас хүс. Хоёр суралцагчийг “Судлах тэмдэглэл” дэд хэсэг дээрх хоёр догол мөрийг чанга уншихад урь. Суралцагчдыг уншсаны дараа асуу:

  • Энэ хэсэгт дурдсанаар, хичээлийн тэмдэглэл ашиглах нь сайн мэдээг судлахад танд хэрхэн туслах вэ?

  • Сайн мэдээг судлах явцдаа хүлээн авсан санаа бодол, мэдрэмжээ тэмдэглэх нь яагаад чухал вэ?

Суралцагчдын дунд судлах тэмдэглэлтэй хүн байгаа эсэхийг асуугаад, тэмдэглэлтэй хүмүүсээс хичээлийн тэмдэглэл хэрхэн тэдэнд ашиг тусаа өгсөн тухай хуваалцахад урих талаар бодож үз. Суралцагчдыг судлах тэмдэглэлгүй бол судлах тэмдэглэлийг ашиглаж эхлэхэд урамшуулан дэмж. Судлах тэмдэглэл нь энгийн, хямдхан өдрийн тэмдэглэл, тэмдэглэлийн дэвтэр эсвэл хавтастай цаас байж болно гэдгийг тэдэнд сануул. Түүнчлэн тэд LDS.org дээрх тэмдэглэл хийх хэрэгслүүд эсвэл цахим хэрэгсэл дээр тэмдэглэл хөтлөх программ ашиглаж болно. Хичээлийн явцад төрөх санаа бодол, мэдрэмж, сэтгэгдлээ тэмдэглэхийн тулд хичээл болгон дээрээ судлах тэмдэглэлээ авчирч байхад суралцагчдыг урамшуулан дэмж.

Сүнсээр суралцах нь

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Тэднийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 19-р хуудасны хоёрдугаар догол мөрийг хамтдаа уншаад, дараа нь судар судлах туршлагаа илүү утга учиртай болгохын тулд юу хийх шаардлагатай болох талаар ярилцахад урь. Суралцагчдад догол мөрийн талаар ярилцах цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчийг ярилцлагынхаа хэд хэдэн гол санааг хуваалцахад урь. Та дараахтай адил асуултуудыг тавьж болно:

  • “Үнэн хүсэлтэйгээр” судална гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Үнэн хүсэл гэдэг нь сурсан зүйлээ дагаж, хэрэгжүүлэхийн тулд хичээл зүтгэл гаргахыг хэлнэ.)

  • “Үнэн хүсэлтэйгээр” мөн “зөвт байдлын төлөө өлсөж цангаж” судлах нь хувь хүний сайн мэдээнээс судлах явцад хэрхэн нөлөөлөх вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд тэднийг хариултынхаа талаар гүн гүнзгий тунгаан бодоход нь урамшуулан дэмжихийн тулд нэмж асуух талаар бодож үз. Жишээлбэл, хэрэв суралцагчид үнэн хүсэл гэдэг нь тухайн хүний залбирч байгаа байдлаас харагддаг гэж хариулбал та тэднээс уг хүний залбирал юугаараа өөр байдаг болохыг тайлбарлахыг хүсэж болох юм. Хэрэв суралцагчид энэ нь уг хүний хүслээс харагдана гэж хариулбал та тэднээс уг санааг дэлгэрүүлэн ярилцахыг хүсэж болно.

Гурван суралцагчаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 20-р хуудсан дээрх “Ариун Сүнсээр сурах нь” гарчигтай хэсэг дэх догол мөрүүдийг ээлжлэн чанга уншихыг хүс. Бусад суралцагчийг дагаж уншаад, Ариун Сүнс бидэнд сайн мэдээнээс суралцахад тусалж байхад ирдэг адислалуудыг тэмдэглэхэд урь. Дараа нь асуу:

  • Ариун Сүнс бидний сайн мэдээг судлах явцыг удирдан чиглүүлэх үед бидэнд ямар адислал ирдэг вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Ариун Сүнс бидний сайн мэдээг судлах явцыг удирдах үед бид илүү их гэрэл гэгээ, ойлголтыг хүлээн авдаг.)

Суралцагчдад сайн мэдээг судалж байхдаа хэрхэн Ариун Сүнсийг урин, заалгах талаар илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн үгээс авсан дараах эшлэлийг унш эсвэл үзүүл. Суралцагчдыг судраас судалж байхдаа илүү их зүйл сурахын тулд юу хийж болох талаар олж мэдэхэд урь.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Та сайн мэдээг зүрх сэтгэлдээ сийлэхийн тулд энэ нь юу болохыг мэдэж мөн үүнийг илүү бүрэн дүүрэн ойлгохын тулд өсөж хөгжих хэрэгтэй. Энэ нь та үүнийг судлах хэрэгтэй гэсэн үг юм. Би ‘судлах’ гэдэг үгийг хэлэхдээ уншихаас хавьгүй их зүйлийг хэлж байгаа гэсэн үг. Судруудын ерөнхий захиасыг ойлгохын тулд тодорхой хугацаанд үүнээс унших нь сайн хэрэг. Гэхдээ та тухайн цагт хэр их зүйл уншихаа бодохоос илүү судруудад ямар цаг хугацаа зарцуулж байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй. Би та нарыг цөөхөн шүлэг уншаад, түүнийгээ тунгаан бодож, ахин дахин уншиж, утгыг нь бодонгоо ойлгохын төлөө залбирч, оюун бодолдоо асуулт тавин, сүнслэг нөлөөллийг авч, хүлээн авсан нөлөөлөл, илчлэлтээ бичиж тэмдэглэж байгаагаар төсөөлдөг. Хэрэв ингэж чадвал та нар тэдгээрийг санаж, илүү сайн суралцаж чадна. Та ийм аргаар суралцахдаа хагас цагт маш олон бүлэг эсвэл шүлэг унших шаардлагагүй, харин таныг Бурханы үгсэд зориулан зүрх сэтгэлдээ зай гаргаж өгөх үед Тэрээр тантай ярих болно” (“When Thou Art Converted,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 11. Судлах нэмэлт санаа болгон ахлагч Ричард Г.Скотт, “Хувийн амьдралдаа илчлэлт, сүнсний удирдамжийг хэрхэн авах вэ,” Ensign, 2012 оны 5-р сар, 45–47 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50–53-ыг үзнэ үү).

Суралцагчдад дараах асуултуудыг тавин, ахлагч Кристоффэрсоны хэлсэн мэдэгдлийг дүгнэж цэгнэхэд тэдэнд тусал:

  • Ахлагч Кристоффэрсон судруудын тухай илүү гүнзгий ойлгоход хүргэх ямар үйлдлүүдийг тодорхойлсон бэ?

  • Эдгээр үйлдэл нь танд заах илүү их боломжийг Ариун Сүнсэнд хэрхэн олгодог вэ?

  • Эдгээр үйлдлийн нэг эсвэл түүнээс олон нь танд сайн мэдээний тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд хэрхэн тусалсан бэ?

Ариун Сүнс бидэнтэй хэрхэн харилцдагийг ойлгох нь судруудаас судлах үед бидэнд тусалдаг гэдгийг тайлбарла. Ангийнхныг хоёр хоёроор нь хуваарил (өмнөх үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг тэр хэвээр нь хуваарилж болно). Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бичээд, суралцагчдаас тэдгээрийг судлах тэмдэглэл эсвэл цаасан дээр хуулж бичихийг хүс. Сургаал ба Гэрээ 8:2–3; 9:7–8; 11:12–14 болон 138:1–2, 11.

Суралцагчдад эдгээр хэсгийг судлаад, Ариун Сүнс хэрхэн бидэнтэй харилцдагийг тодорхойлсон үг, хэллэгүүдийг тэмдэглэж авах цаг гаргаж өг. Тэд мөн эдгээр эшлэлээс сурч мэдсэн зүйлийнхээ тухай цөөн хэдэн тэмдэглэлийг судлах тэмдэглэл дээрээ хийж болно. Хамтрагчтайгаа эдгээр шүлэг дээр тэмдэглэсэн мөн сурсан зүйлээ ярилцахыг суралцагчдаас хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа дараах асуултуудыг тавь:

  • Та Ариун Сүнс хэрхэн бидэнтэй холбогддог болохыг тодорхойлсон ямар үг, хэллэгүүдийг олсон бэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээр бич.)

  • Ариун Сүнс эдгээр арга замын аль нэгээр хэрхэн танд заан, сайн мэдээний сургаал эсвэл зарчмын тухай ойлголтыг тань гүнзгийрүүлж байсан бэ? Танд ямар ямар тодорхой туршлага байдаг вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 24-р хуудсыг нээхэд уриад, нэг суралцагчаас “Суралцах санаанууд ба зөвлөмжүүд” гарчгийн доорх бөөрөнхий тэмдэгтэй эхний дөрвөн зүйлийг чанга уншихыг хүс. Дараах асуултуудыг тавих талаар бодож үз:

  • Эдгээр зөвлөмж нь сайн мэдээг бусадтай үр дүнтэй хуваалцах номлогчдын ур чадварт хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Та нар ирээдүйн номлогчдын хувьд хэрхэн эдгээр санаатай танилцан, амьдралдаа хэрэгжүүлж болох вэ?

  • Судар судлах ур чадвар, дадал хэвшлээ сайжруулах нь хэрхэн амжилттай номлогч байхад тань хувь нэмэр оруулах вэ? (Суралцагчид дараахтай адил зарчмыг хэлнэ: Номлогчид сайн мэдээг үр дүнтэй судлах дадал хэвшилтэй болсноор Сүнсээр заалгаж, тэдний туршлага илүү үр дүнтэй болж, сайн мэдээг заахад илүү сайн бэлтгэгдэнэ.)

Ангийнхныг гурав, дөрвөөр нь бүлэг болгон хуваарил. Бүлэг бүрээс Миний сайн мэдээг номло гарын авлагын 24–27-р хуудсан дээрх “Заах санаанууд ба зөвлөмжүүд” гарчгийн доор байх зургаан дэд хэсгийг хувааж авахыг хүсээд, бүлгийн гишүүдийг дааж авсан дэд хэсгээ судлахад урь. Зарим бүлгийн гишүүд нэгээс олон дэд хэсгийг судлах хэрэг гарч магадгүй. Бүлгийн гишүүдийн сурсан зүйлсийн тухай мөн сайн мэдээнээс судлах явцаа илүү хүчирхэг, үр дүнтэй болгохын тулд яг одоо тэд юу хийж болох тухай ярилцлагыг удирдахад удирдагчийг томил. Бүлгүүдэд ярилцах цаг гаргаж өгсний дараа ангийнхнаас асуу:

  • Эдгээр суралцах ур чадвар эсвэл дадал хэвшил нь судруудаас илүү үр дүнтэй суралцахад тань хэрхэн тусалсан бэ?

Ярилцсан зүйлсээ амьдрал дээр хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд суралцагч бүрд “Хувиараа судраас судлах дадал хэвшил” нэртэй тараах материалыг тарааж өг. Ангийнханд тараах материал дээрх үйл ажиллагааг гүйцэтгэх цөөн минут гаргаж өг.

Судраас судлах тараах материал

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдаас энэ дасгалын талаарх бодол, сэтгэгдлээ хуваалцахыг хүс. Тэднийг сонгосон судраас судлах чадвар, дадал хэвшлээ хувиараа судлах явцдаа ашиглахад урамшуулан дэмж. Тэд үүнийг хийх үед Ариун Сүнс тэдний оюун санааг гэгээрүүлэн, сайн мэдээний талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ гэдгийг бататгаж өг.

Түүнчлэн хэрхэн судлахаас гадна хэзээ мөн юуг судлах нь үр бүтээлтэй номлогч байхад ангийнханд тус болох нэн чухал ач холбогдолтой гэдгийг ойлгоход тусал. Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын оршил хэсгийн хуудсыг нээгээд, “Хувиараа суралцах, хамтрагчтайгаа суралцах нь, дүүргийн хурал болон бүсийн чуулган” хэсэг дэх Номлогчийн өдрийн хуваарь хэсгийг уншихад урь. Дараа нь асуу:

  • Номлогчийн өдрийн хуваарь нь сайн мэдээг судлахын ач холбогдлыг хэрхэн харуулж байна вэ?

  • Яг одоо өдөр бүр тогтмол судар судлах нь таныг номлогчийн энэхүү шахуу хуваарьт хэрхэн бэлтгэх вэ?

Судар дээр тэмдэглэгээ хийх нь

видео бичлэг шигтгээ зурагХэрэв танд хангалттай цаг үлдсэн бол судрууд дээр тэмдэглэгээ хийх арга барилаа хэрхэн сайжруулах арга замуудын талаар бодоход ангийнханд туслахын тулд “Advice for Studying the Scriptures” (2:07) видео бичлэгийг үзүүлэх талаар бодож үз.

Видео бичлэгийг үзүүлсний дараа, асуу:

  • Та судраас судлах арга барилаа сайжруулахад туслах ямар зүйлийг ахлагч Бэднараас сурч мэдсэн бэ?

  • Ямар зорилгоор судрууд дээр тэмдэглэгээ хийдэг вэ? (Дараа нь шаардлага гарах үед өмнө сурч мэдсэн зүйлээ эргэн санахад тусалдаг.)

  • Яагаад сурсан зүйлээ эргэн санах үр дүнтэй арга барилтай байх нь номлогчдод чухал байдаг вэ?

Сурсан зүйлээрээ амьдар

Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 21-р хуудсан дээрх “Сурсан зүйлээрээ амьдар” гарчгийн доорх эхний догол мөрийг ангийнханд уншиж өгөхөд урь. Дараа нь нэг суралцагчийг Иохан 7:17-г чанга уншихад урь. Суралцагчдад Миний сайн мэдээг номло гарын авлага болон Иохан 7:17 дээрх зарчмыг олж тогтооход тусал:

  • Судруудын тухай мэдэж авах, судрууд дээрх сургаалуудын дагуу амьдрах хоёр юугаараа ялгаатай вэ? (Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч дараах зарчмыг ойлгосон байх ёстой: Бид сайн мэдээний сургаалын дагуу амьдрах үед Ариун Сүнс тэдгээр зарчмыг үнэн болохыг гэрчилж, бидний итгэл, мэдлэг, гэрчлэлийг хүчирхэгжүүлнэ.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэх нь ач холбогдолтой байдаг гэж заасан гэдгийг тайлбарла. Дараах эшлэлийг үзүүлээд, суралцагчдын дунд үүнийг ангийнхандаа сайн дураараа чанга уншиж өгөх хүн байгаа эсэхийг асуу:

Ахлагч Дэвид А.Бэднар

“Сайн мэдээнээс суралцагчдын хувьд бид ‘зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид’ (Иаков 1:22) байх ёстой. Бид сонгох эрхээ зөвөөр ашиглаж, зөв зарчмуудын дагуу үйлдвэл Ариун Сүнсний нөлөө бидэнд ирж, бид Түүний заах, гэрчлэх хүч чадлыг урьдаг” (“Цөхрөлтгүй сэргэг бай,” Ensign, 2010 оны 5-р сар, 42 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 47–50).

  • Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • “Зөв зарчмуудын дагуу” үйлдэх нь бидний ойлголтыг хэрхэн зөвхөн судалснаар олж авч чадахгүй арга замаар гүнзгийрүүлдэг вэ?

  • Зөв зарчмуудын дагуу үйлдэх нь хэрэгжүүлэхээр эрэлхийлж байсан сайн мэдээний зарчмуудын талаарх гүн гүнзгий ойлголт, гэрчлэлийг олж авах боломжийг танд хэрхэн олгосон бэ?

Ангийнхныг дагаж уншаад, сайн мэдээний дагуу амьдрах нь ямар нэмэлт арга замаар номлогчдын зүрх сэтгэл, ур чадварт нөлөөлөх талаар хайж байх хооронд нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 21-р хуудасны хоёрдугаар догол мөрийг уншихад урь. Уншиж дууссаны дараа, дараах асуултуудыг тавь:

  • Номлогчид үнэн гэдгийг нь мэддэг сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрах үед тэдэнд ямар нэмэлт адислал ирдэг вэ? (Суралцагчдад дараах зарчмыг хэлэхэд тусал: Номлогчид сайн мэдээний дагуу амьдрах үед Ариун Сүнс тэдний сайн мэдээг хуваалцах хүсэл, чадварыг нэмэгдүүлдэг.)

  • Таныг номлолд үйлчлэхээр бэлтгэж байхад Ариун Сүнс үйлчлэх хүслийг тань хэрхэн нэмэгдүүлсэн бэ?

Сонирхогчдыг Сүмд ирэхэд урих нь

Номлогчид сонирхогчдыг амлалт өгөхөд урьснаар баптисм хүртэхэд ойртоход нь тусалдаг. Жишээлбэл, сонирхогчид сүмд ирэх үедээ Ариун Сүнсээр дамжуулан илүү их илчлэлтийг болон Бурханд илүү их ойртох хүслийг хүлээн авдаг гэдгийг суралцагчдад тайлбарла. Сүмд ирэх нь сонирхогчдод сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлтэй болж, баптисм хүртэхэд бэлтгэгдэхэд тусалдаг.

Хэн нэгнийг сүмд хэрхэн урихыг харуул. Нэгдүгээрт, сүмд очсоноор ирэх адислалуудын тухай товч хуваалц. Дараа нь ариун ёслолын үеэр юу болдгийг тайлбарлахдаа Сэргээлт (22–23-р хуудас) гэсэн номлогчийн товхимлыг ашигла. Үүний дараа сонирхогчийг Сүмийн цуглаанд хэрхэн урихыг харуул. Дараа нь таны харуулсан алхмыг хамтрагчтайгаа хамт жүжигчлэн тоглох дасгалыг суралцагчдаар хийлгэ. Сүмд ирснээр хүлээн авах адислалуудын тухай ээлжлэн товчхон хуваалцаж, ариун ёслолын цуглаан дээр юу болдог талаар тайлбарлан, нэг нэгнээ сүмд ирэхэд урих боломжийг суралцагч бүрд гаргаж өг.

Энэ хичээл дээр үзсэн сайн мэдээний сургаал, зарчмуудын тухай гэрчил.

Үйлдэх урилга

Суралцагчдыг номлолд үйлчлэхээр бэлтгэхдээ хувиараа сайн мэдээг судлахыг нэн тэргүүнд тавихад урь. Дараах санал болгосон үйл ажиллагаанууд нь Сүнсээр суралцах дээр анхаарлаа хандуулахад суралцагчдад тусална. Үүнд:

  • Өдөр бүр хувиараа сайн мэдээг судлах дадал хэвшлийг, үүн дотор Мормоны Номыг судалж, тунгаан бодох дадал хэвшлийг бий болго.

  • Хувиараа сайн мэдээг судлахаас өмнө Сүнсний тусламжийг хүлээн авахын тулд Сүнсийг урь. Хэрэв та судлах тэмдэглэлийг ашигладаггүй бол хувиараа сайн мэдээг судлахдаа ашиглаж эхэл.

  • Миний сайн мэдээг номло гарын авлагын 24–27-р хуудсан дээрх суралцах санаа, зөвлөмжүүдээс нэгийг сонгоод, үүнийгээ энэ долоо хоногт хувиараа судраас судлахдаа хэрэгжүүл.

Тарааж өгөх материал

Судраас судлах тараах материал