Институт
6-р хичээл: Номлогчийн амьдралаар амьдрахад бэлтгэх нь


6

Номлогчийн амьдралаар амьдрахад бэлтгэх нь

Оршил

Бүрэн цагийн номлолд үйлчлэх гэдэг нь Их Эзэн Есүс Христийг төлөөлөх дуудлага хүлээн авахыг хэлнэ. Номлол нь баяр баясгалантай туршлага байдаг боловч шаргуу хөдөлмөрлөхийг шаарддаг. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд үр бүтээлтэй номлогчид байхын тулд сорилт бэрхшээлтэй нүүр тулгарах үедээ Их Эзэнд найдахад бэлтгэгдэх ёстой. Ирээдүйн номлогчид номлолын амьдралын талаар бодит ойлголттой болсноор “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (С ба Г 4:2) үйлчлэхэд илүү сайн бэлтгэгдэнэ.

Нэмэлт бэлтгэл

Заах зөвлөмж

Номлогч болох нь

Ангийнханд дараах асуултыг тавин, хичээлийг эхэл:

  • Таныг номлогчийн үйлчлэлээ эхлүүлэхэд амьдралын тань хэв маяг ямар байдлаар өөрчлөгдөнө гэж бодож байна вэ?

  • Та тэрхүү амьдралын хэв маягт өөрийгөө бэлтгэхийн тулд одооноос эхлэн ямар зүйл хийж болох вэ?

видео бичлэг шигтгээ зурагСуралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг уншихад урь эсвэл уг мэдэгдлийн видео бичлэгийг үзүүл. Хэдийгээр ахлагч Бэднар Ерөнхий чуулганы санваарын ерөнхий хуралдаанаар залуу эрэгтэйчүүдэд хандан уг үгийг хэлсэн ч, түүний заасан зарчмууд залуу эмэгтэйчүүдэд ч мөн адил хамаатай гэдгийг тайлбарла.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Би дэлхий даяарх Сүмийн залуу гишүүдтэй уулзахдаа ирсэн хүмүүсээс асуулт тавихыг хүсдэг. Ихэнхдээ залуу эрэгтэйчүүд надаас дараах зүйлийг асуудаг: ‘Би бүрэн цагийн номлогчоор үйлчлэхэд өөрийгөө хамгийн үр дүнтэй бэлтгэхийн тулд юу хийж болох вэ?’ Ийм чин сэтгэлийн асуултад буурь суурьтай хариулт өгөх нь зүйтэй.

“Миний хайрт залуу ах нар аа, үйлчлэх дуудлагад бэлтгэхийн тулд хийж болох хамгийн чухал цорын ганц зүйл бол номлолд явахаасаа бүр өмнө номлогч болох явдал юм шүү. Миний хариултад явах гэхээс илүүтэй болох гэдгийг онцолж байгааг анхаарна уу. Би юу хэлэх гээд байгаагаа тайлбарлая.

“Сүмийн уламжлалт хэллэгт бид ихэвчлэн сүмд явах, ариун сүм рүү явах, номлолд явах талаар ярьдаг. Шулуухан хэлэхэд бидний байнга хэрэглэдэг явах гэдэг үг нь бүхий л чухал санааг илэрхийлдэггүй болохыг хэлэх гэсэн юм.

“Гол асуудал нь сүмд явах биш харин сүмд байхдаа шүтэн биширч, гэрээгээ шинэчлэх явдал юм. Түүнчлэн гол асуудал нь ариун сүм рүү явах юм уу ариун сүмд байх биш, харин Эзэний өргөөний сүнс, гэрээ, ёслолуудыг зүрх сэтгэлдээ байлгах явдал юм. Хамгийн чухал нь номлолд явах биш, харин номлогч болж, амьдралынхаа туршид бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэх явдал юм. Залуу эрэгтэй номлолд явсан ч номлогч болохгүй байх магадлал бий ч, энэ нь Их Эзэн шаардаж буй эсвэл Сүмд хэрэгтэй зүйл биш юм.

“Би залуу эрэгтэй бүрийг зүгээр нэг номлолд явах биш, харин номлолын анкетаа бөглөхөөсөө өмнө, үйлчлэх дуудлага хүлээн авахаасаа болон гадасны ерөнхийлөгчөөр онцгойлон адислагдахаасаа өмнө, НБТ рүү орохоосоо бүр өмнө номлогч болсон байна гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна” (“Becoming a Missionary,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар, 45).

  • Ахлагч Бэднар номлолд үйлчлэх дуудлагад бэлтгэхийн тулд хийж болох хамгийн чухал зүйлийг юу гэж хэлсэн бэ? (Номлолд явахаасаа бүр өмнө номлогч бол.)

видео бичлэг шигтгээ зурагНэг суралцагчаар ахлагч Бэднарын хэлсэн үгийн дараагийн хэсгийг уншуул эсвэл уг мэдэгдлийн видео бичлэгийг үзүүл:

Ахлагч Дэвид А.Бэднар

“Хэдийгээр ихэнх эцэг эх өдөр бүр хичээлдээ явахдаа цагаан цамц өмсөн, зангиа зүүхийг эсвэл орой унтаад, өглөө босохдоо номлогчийн удирдамжийг дагах санааг дэмжиж болох ч мэдээж номлогч болох гэж байгаа явцад эдгээрийг хийх шаардлагагүй. Гэхдээ та Бурханд үйлчлэх хүслээ нэмэгдүүлэн (С ба Г 4:3-ыг үзнэ үү), номлогчдын боддогийг бодож, уншдагийг уншиж, залбирдаг шиг нь залбирч мөн мэдэрдэг зүйлийг нь мэдэрч чадна. Та Ариун Сүнснээс холдоход хүргэдэг дэлхийн нөлөөллүүдээс зайлсхийн, сүнсний өдөөлтүүдийг таньж, тэдгээрт хариулах итгэлтэй байдлаа нэмэгдүүлж чадна. Та шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг хүлээн авч, бага багаар ямар номлогч болохыг хүсдэг шигээ мөн Аврагч таныг болоосой хэмээн хүсдэгтэй адил номлогч болж чадна” (“Becoming a Missionary,” 45–46).

Дараа нь асуу:

  • Ахлагч Бэднарын хэлснээр та ямар арга замаар номлогчийг бэлтгэх төвд очихоосоо өмнө номлогч болж чадах вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, дараах үнэнийг самбар дээр бич: Би яг одооноос эхлэн бодох, мэдрэх, үйлдэл хийх байдлаараа номлогч болж чадна. Энэ зарчмыг дүрслэн харуулахын тулд суралцагчдаас Алма 17:2–3, 9, 11-ийг нээхийг хүсээд, эдгээр шүлэг нь леменчүүдэд номлол хийсэн Мозаягийн хөвгүүдийг дүрсэлдэг гэдгийг тайлбарла. Ангийнхныг дагаж уншаад, Мозаягийн хөвгүүд хүч ба эрх мэдэлтэй заахад өөрсдийгөө бэлдэхийн тулд юу хийснийг хайж байх хооронд нэг суралцагчийг шүлгүүдийг чанга уншихад урь. Дараа нь суралцагчдаас асуу:

  • Мозаягийн хөвгүүд хүч, эрх мэдэлтэй заахад өөрсдийгөө бэлдэхийн тулд юу хийсэн бэ?

  • Ирээдүйн номлогчид номлогч болоход өөрсдийгөө бэлдэхдээ Мозаягийн хөвгүүдийн жишээг хэрхэн дагаж болох вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 155-р хуудсыг нээгээд, нэг суралцагчийг гуравдугаар догол мөрийг чанга уншихад урь. Дараа нь дараахтай адил асуултуудыг тавь:

  • Номлогчийн дуудлагын захидалд дурдсанаар, номлогчид Их Эзэнд юуг зориулж мөн юуг ардаа орхихыг хүсэн хүлээх ёстой вэ?

  • Номлогчийн үйлчлэлээ эхлэхдээ ардаа орхихыг хүссэн номлогчдын “хувийн ажил хэрэг”-ийн жишээ юу вэ?

  • Та нар хэзээ Бурханд үйлчлэхийн тулд золиослол хийж, адислагдаж байсан бэ?

Дараа нь суралцагчдад дараах асуултуудын талаар тунгаан бодож, судлах тэмдэглэлдээ хариултаа бичих хэдэн минут гаргаж өг. Суралцагчдыг Ариун Сүнс тэдэнтэй хэрхэн биечлэн харилцаж байгаа талаар мэдэрсэн зүйлээ онцгойлон бичиж тэмдэглэхэд урамшуулан дэмж. Дараа нь асуу:

  • Та яг одооноос эхлэн номлогчтой адил бодож, мэдэрч, үйлдэхийн тулд юу хийж болох вэ?

  • Та хэрхэн хувийн ажил хэргээ ардаа орхин, бүх цаг зав, анхаарлаа Их Эзэнд үйлчлэхэд зориулж болох вэ?

  • Эдгээр зүйлийг хийх нь таныг Мозаягийн хөвгүүдтэй адил хүч, эрх мэдлээр заахад өөрийгөө бэлтгэхэд хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг судлах тэмдэглэл дээрээ тодорхой зорилгуудыг бичихэд урамшуулан дэмж. Үүнд: Мормоны Номоос өдөр бүр судлах, өглөө, орой бүр залбирах, сүмийн бүх цуглаанд оролцох, 22:30-аас өмнө орондоо орох, 6:30 гэхэд босох, цахим хэрэгслийн хэрэглээгээ багасгах эсвэл зарлигуудад илүү дуулгавартай байхыг хичээх зэрэг санаанууд орж болно.

Зохистой байдлын жишиг

“Шаардлага” гэдэг үгийг самбар дээр бичээд, суралцагчдаас урьдчилсан шаардлагыг биелүүлэхэд шаардагдах нөхцөл байдлын талаар бодохыг хүс. Суралцагчдад Сургаал ба Гэрээ 88:74-ийг нээгээд, номлолд үйлчлэхэд тавигдах зарим урьдчилсан шаардлагыг олж мэдэх цаг гаргаж өг. Дараа нь асуу:

  • Их Эзэн Өөрийн хаант улс дахь хөдөлмөрлөгчдийг сайн мэдээг тунхаглахад бэлтгэхийн тулд юу хий хэмээн зөвлөсөн бэ? (Өөрсдийгөө цэвэр ариун болгох, зүрх сэтгэлээ цэвэршүүлэх, гараа цэвэр байлгах.)

  • Цэвэршүүлэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Цэвэр байх, Ариун Сүнстэй хамт байхуйц зохистой байх.)

  • Сургаал ба Гэрээ 88:74 дээр номлогчидтой холбоотой ямар зарчмыг заасан байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах өгүүлбэрийг самбар дээр бич: Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд цэвэр ариун байхыг зарлигласан.)

Номлогчийн хувьд цэвэр ариун байж, номлолд үйлчлэх зохистой байна гэдэг нь юу гэсэн утгатай болохыг тайлбарлахад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн үгийн дараах хэсгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ахлагч М.Рассэлл Баллард

“Би Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд та нарыг яг одооноос эхлэн бүрэн зохистой байхад уриалж байна. Энэ цаг мөчөөс эхлэн өөртөө болон Бурханд зүрх сэтгэл, гар бие, оюун санаагаа ёс суртахууны аливаа зөрчлөөс цэвэр ариун, толбогүй байлгахын тулд хичээл зүтгэл гаргахаар шийд. Порнограф нь хамгийн аймшигтай аюулт тахал өвчин учраас түүнээс хол байх шийдвэр гарга. Тамхи, согтууруулах ундаа, хууль бус мансууруулах бодисыг бүрэн орхихоор шийд. Шударга байх шийдвэр гарга. Сайн иргэн байж, амьдарч байгаа улс орныхоо хууль журмыг дагах шийдвэр гарга. Энэ оройноос эхлэн хэзээ ч бие махбодоо бохирдуулан бүдүүлэг үг хэл хэрэглэхгүй, санваартан биш байхаар биеэ авч явахгүй гэсэн шийдвэр гарга” (“The Greatest Generation of Missionaries,” Ensign эсвэл Liahona, 2002 оны 11-р сар, 47).

Суралцагчдад ахлагч Баллардын зөвлөгөөн дээр дүн шинжилгээ хийхэд нь туслахын тулд дараахтай адил асуултуудыг тавь:

  • Ахлагч Баллард ирээдүйн номлогчид ямар ямар зарлигийг дагах ёстой гэж онцгойлон дурдсан байна вэ?

  • Зүрх сэтгэл, гар бие, оюун санаагаа “ёс суртахууны аливаа зөрчлөөс толбогүй байлгах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Хэрэв шаардлагатай бол Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011]-ийн 35–37-р хуудсан дээрх “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” хэсгийг дурдаж болно.)

  • Яагаад порнографыг аймшигтай аюулт өвчинтэй адилтгадаг мөн түүнээс зайлсхийх нь ухаалаг хэрэг болдог вэ? Мөн порнографаас зайлсхийх нь хэрхэн танд номлогчтой адил бодож, мэдэрч, үйлдэхэд туслах вэ?

видео бичлэг шигтгээ зурагСуралцагчдад номлолд үйлчлэхүйц зохистой байхын үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд туслахын тулд “Stay within the Lines” (5:10) видео бичлэгийг үзүүл. Видео бичлэгийг үзүүлэхээс өмнө яагаад талбайн шугам зарим спортод чухал байдаг тухай ярилцах талаар бодож үз. “Талбайн шугам дотор” мөн “талбайн шугамаас гадна” байх хоёрын ялгааг болон талбайн шугам хэрхэн тоглоомын үед тамирчны үйлдэлд нөлөөлдөг талаар ярилц. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд номлолд явахынхаа өмнө сүнслэг шугаман дотор байх гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар ярьсан байдаг гэдгийг суралцагчдад хэл.

Видео бичлэгийг үзүүлсний дараа, суралцагчдад дараах асуултуудыг тавих талаар бодож үз:

  • “Шугаман дотор байх” мөн номлолд үйлчлэхээр бэлтгэх хоёр хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?

  • Ахлагч Холланд Их Эзэний багт тоглож буй хүмүүсээс багтайгаа хамт үлдэн, “талбайн шугамаас гадна” гарахгүй байхыг хүссэн. Энэ нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?

  • Яагаад өмнө үйлдсэн нүглүүдээ наманчлахгүй байх нь бусдыг Христэд ирэхэд нь үр дүнтэй туслахад номлогчид саад болдог вэ?

Суралцагчдад номлолд үйлчлэх өөрсдийн зохистой байдлын түвшингийн талаар тунгаан бодох цаг гаргаж өг. Хэрэв суралцагчдад зохистой байдлынх нь талаар ямар нэгэн санаа зовж байгаа зүйл байвал чин сэтгэлийн залбирлаар удирдамж эрэлхийлэн, эдгээр асуудлынхаа талаар бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилцах хэрэгтэй гэдгийг тайлбарла.

Бие махбодын болон сэтгэл санааны бэлтгэл

2002 онд Тэргүүн Зөвлөлөөс гаргасан дараах мэдэгдлийг үзүүлээд, суралцагчдыг дор бүрнээ уншихад урь. Эсвэл нэг суралцагчийг чанга уншихад урь.

“Бүрэн цагийн номлогчийн үйлчлэл бол сүнсний нөлөөллөөр дамжуулан Сүмийн ерөнхийлөгч дууддаг онцгой эрх юм. Бишоп, гадасны ерөнхийлөгчид энэхүү ариун нандин үйлчлэлд сүнслэг байдал, бие бялдар, сэтгэл санааны хувьд бэлтгэгдсэн, зохистой шаардлагыг хангасан гишүүдийг олж тогтоох нэн чухал үүрэг хариуцлага хүлээдэг” (Тэргүүн Зөвлөлийн захидал, 2002 оны 12-р сарын 11).

Дараа нь асуу:

  • Хувь хүн номлолд үйлчлэхээр сүнслэг байдлаараа бэлтгэгдэхээс гадна яагаад бие махбодын болон сэтгэл санааны хувьд бэлтгэгдэх ёстой вэ?

Дараах эшлэлийг үзүүлээд, нэг эсвэл түүнээс олон суралцагчийг чанга уншихад урь:

(Өдөр бүрийн) тогтмол дасгал хөдөлгөөн. Номлогч нь өдөр бүр дунджаар арван километр явган алхаж, арван есөн километр дугуйгаар явж чаддаг байх ёстой. Машинаас буугаад, сургууль эсвэл ажил руугаа явахаас илүү гарч алхдаггүй ирээдүйн номлогчид номлолын талбарт гарахад хөл нь өвдөн, цэврүүтэж ч магад. … Бие махбодын хувьд сайн бэлтгэгдээгүй номлогч номлогчийн ажлаас болж ядрах бөгөөд ядарсан номлогч бие махбодын хувьд сайн бэлтгэгдсэн номлогчтой харьцуулахад илүү амархан сэтгэлээр унаж, эрүүл мэндийн асуудалтай тулгардаг.

“Ирээдүйн номлогчид өдөр бүр нэг цаг алхах, гүйх, дугуй унах зэрэг тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвшсэнээрээ номлогчийн ажлын хатуу чанга шаардлагад бэлтгэгдэж чадна. …

Хангалттай унтаж амрах. Хүн бүрийн унтаж амрах хэрэгцээ өөр өөр байдаг ч залуучууд ерөнхийдөө өдөрт долоогоос найман цаг унтаж амрах хэрэгтэй. Тэд 22:30-аас шөнө дунд хүртэлх цагийн хооронд орондоо орж амран, 6:30-аас 8:00 цагийн хооронд сэрэх нь хамгийн тохиромжтой. Шөнийн 2:00 эсвэл 3:00 цаг хүртэл сэрүүн байж, 10:00 гэж сэрвэл хүн өдрийг ядарсан байдалтай өнгөрүүлж, үд дунд хүртэл унтах хүсэл төрдөг. … Номлогчид цагийн хуваарийн дагуу амьдардаг. Тэд өдөр бүр 22:30 гэхэд орондоо орж, 6:30 гэхэд босдог. Ирээдүйн номлогчид үйлчлэх дуудлагаа авахаас бүр өмнө үүнтэй адил хуваарийг хэвшил болгохгүй бол энэ нь тэдэнд хэцүү санагдах болно.

Эрүүл хүнс хэрэглэх дадал хэвшил. Залуу хүмүүс хэт чихэрлэг мөн өөх тостой хоол унд идэхийн оронд өөхгүй мах, тараг, ногоо, жимс зэрэг уураг, эслэгээс бүрдсэн хоол хүнс хэрэглэж сурах хэрэгтэй. Түүнчлэн өдөр бүр 355 миллилитрээс илүү хийжүүлсэн ундаа уух нь сайн зүйл биш юм” (Доналд Б.Доти, “Missionary Health Preparation,” Ensign, 2007 оны 3-р сар, 64).

  • Хэрэв номлогч бие махбодын хувьд сайн бэлтгэгдээгүй бол энэ нь ажлын явцад болон түүний хамтрагчид мөн эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдаас дараах асуултуудыг дотроо эргэцүүлэн бодохыг хүс:

  • Та яг одоо номлолд үйлчлэх өөрийн бие махбодын бэлтгэлийг хэрхэн тодорхойлох вэ?

  • Та яг одоо бүрэн цагийн номлолын бие махбодын шаардлагыг хангахад өөрийгөө бэлтгэхийн тулд юу хийж болох вэ?

Яг одооноос эхлэн амжилттай номлогч болоход шаардагдах бие махбодын тэсвэр хатуужилтай болохын тулд хангалттай унтаж амран, эрүүл хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийх төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урамшуулан дэмж. Хэрэв цаг гарвал суралцагчдыг өөрсдийн төлөвлөгөөг судлах тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Нэг суралцагчийг шатаар дээш доош гүйх (зүрхний цохилт нэмэгдэх, амьсгал түргэсэх, хөлрөх, булчин ядрах гэх мэт) зэрэг бие махбодын хүч хөдөлмөр шаардсан үйл ажиллагааг хийхэд тэдний бие хэрхэн хариу үзүүлдгийг тайлбарлахад урь. Бие махбодын хүч хөдөлмөр гэдэг нь номлогчдын туулдаг бэрхшээлүүдийн зөвхөн нэг нь гэдгийг тайлбарла. Дараа нь асуу:

  • Номлогчийн бие махбод хүнд хэцүү сорилт бэрхшээл эсвэл гэнэтийн асуудлаас болж үүсдэг сэтгэл санааны эсвэл сэтгэл зүйн дарамтад хэрхэн хариу үйлдэл үзүүлж болох вэ?

Номлогч бүр сэтгэл санааны дарамт, гэр орноо санах, өөрийгөө хангалтгүй байна гэж үзэх, гуниглах эсвэл өөр бусад сэтгэлээр унагаах аливаа сэтгэлийн хөдлөлийг ямар нэгэн хэмжээгээр мэдэрдэг ба эдгээр нь номлогчийн амьдралын ердийн нэгэн хэсэг гэдгийг тайлбарла.

видео бичлэг шигтгээ зураг“Preparation of Gordon B. Hinckley: Forget Yourself and Go to Work” (2:04) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн Англид залуу номлогч байхдаа сэтгэлээр унасан шалтгаануудыг олж мэдэхэд урь.

Ангиас асуу:

  • Ерөнхийлөгч Хинкли номлолын талбарт ирснийхээ дараа юунаас болоод урам нь хугарсан бэ?

  • Ерөнхийлөгч Хинкли сэтгэлийн хямралаа даван гарахад тусалсан ямар зүйлийг хийсэн бэ?

Ангийнханд судар дээрх агуу номлогчдын зарим нь номлолын ажилдаа урам хугарч, өөр бусад бэрхшээлийг туулсан байдгийг тайлбарла. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Иеремиа 1:4–9; Алма 17:5; 26:27 болон Мосе 6:31–32. Ангийн гишүүдийг судрын хэсгүүдээс нэгийг сонгож, дотроо уншаад, тэдний унших хэсэг дээр гарах хувь хүмүүст тохиолдсон сорилт бэрхшээлийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг хариулж байх хооронд тэдний хариултыг дараах маягаар самбар дээр нэгтгэн дүгнэх талаар бодож үз:

Иеремиа 1:4–9 Иеремиа маш залуухан байсан учраас хүмүүс өөрийнх нь үгийг сонсохгүй байх вий гэж эмээсэн.

Алма 17:5; 26:27. Аммон болон түүний номлогч найзууд бие махбод ба сэтгэл санааны хувьд зовж зүдэрсэн. Тэд сэтгэлээр унаж, бууж өгөхөд бэлэн байсан.

Мосе 6:31–32. Инох маш залуухан мөн ярихдаа удаан байсан учраас хэн ч өөрийг нь сонсохгүй байх вий гэдэгт санаа зовж байсан.

Дараа нь асуу:

  • Та эдгээр гурван түүхээс сайн мэдээг номлох үед тулгарах сэтгэл санааны бэрхшээлийн тухай юу олж мэдсэн бэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд та дараах үнэнийг самбар дээр бичиж болно.) Бие махбодын болон сэтгэл санааны бэрхшээл нь номлогчийн амьдралын ердийн нэг хэсэг юм.

  • Танд бие махбодын болон сэтгэл санааны бэрхшээл нь номлогчийн амьдралын ердийн нэгэн хэсэг гэсэн өгүүлбэрийг уншихад ямар бодол төрж байна вэ?

  • Бүх номлогч бэрхшээлтэй тулгардаг гэдгийг мэдэх нь үйлчлэх бэлтгэлд тань хэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдад бараг бүх номлогч сэтгэл санааны эсвэл бие махбодын бэрхшээлтэй тулгардаг гэдгийг ойлгоход тусал. Тиймээс номлогчид сэтгэлийн хямралыг хэрхэн эрүүл бөгөөд номлолд тохирох арга замаар даван гарахад суралцах хэрэгтэй. Цагийг ганцаараа өнгөрүүлэх, хөгжим сонсох, спортоор хичээллэх зэрэг номлолын талбараас гадна хийх боломжтой сэтгэлийн хямралыг даван гарах үр дүнтэй арга замыг номлогчид байнга хийх боломжгүй. Номлогчид номлолын дүрэмтэй нийцэх арга замаар сэтгэлийн дарамтыг даван туулж сурах ёстой.

Ангийг жижиг бүлгүүдэд хуваарилаад, суралцагчдад “Номлогчийн амьдралын хэрэгцээ, шаардлага” тараах материалыг тарааж өг. Бүлэг бүрийг (1) “Номлогчийн амьдралын хэрэгцээ, шаардлага” гарчигтай эхний хэсгийг чанга уншаад, (2) номлогчийн амьдралын хэрэгцээ, шаардлагуудыг мэдэх нь хэрхэн тэдэнд номлогчийн амьдралын саад бэрхшээлд илүү сайн бэлтгэгдэхэд туслах талаар ярилцахад урь.

Номлогчийн амьдрал тараах материал

Бүлгүүдэд хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчаас бүлгээрээ ярилцсан зарим чухал санааг хуваалцахыг хүс. Дараа нь ангиараа тараах материалын дараагийн хэсэг болох “Шинэ хэв маягт дасан зохицох нь” гарчигтай хэсгийг уншаад, дасан зохицох ердийн үе шатыг ойлгох нь суралцагчдад НБТ-д ороход нь хэрхэн туслах талаар ярилцах хэдэн минутыг гаргаж өг.

Их Эзэнээс сорилт бэрхшээлүүдэд нь туслахыг гуй

Суралцагчдыг номлолын талбарт байхдаа сорилт бэрхшээлтэй тулгарах үед тэдгээрийг хэрхэн даван туулах талаар одооноос бодож үзэхэд урамшуулан дэмжихийн тулд Нифай өөрийгөө хангалттай биш гэж үзэн, сэтгэлээр унаж байсан ба тэдгээр мэдрэмжийг даван туулахын тулд юу хийсэн болохоо бичиж үлдээсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 2 Нифай 4:17–19-ийг чанга уншихад урь. Дараа нь асуу:

  • Нифай энэ сул дорой чанарын үр дагаврыг дүрслэхдээ ямар үг, хэллэг ашигласан бэ?

Суралцагчдаас 2 Нифай 4:19–26-г судлаад, Нифайд урам хугарсан мэдрэмжээ даван туулахад нь тусалсан зүйлсийг олж мэдэхийг хүс. Дараа нь асуу:

  • Нифай гүн гүнзгий сөрөг мэдрэмжээ хэрхэн даван туулснаа дүрслэн хэлэхдээ ямар үг, хэллэг хэрэглэсэн байна вэ? (Нифай Их Эзэнд итгэсэн [19-р шүлэг], Их Эзэн өөрийнх нь төлөө юу хийснийг санасан [20–23-р шүлэг], хүчит залбирлуудыг өргөсөн [24-р шүлэг], Их Эзэний нигүүлслийг санасан [26-р шүлгийг үзнэ үү] гэдгийг суралцагчид олж тогтоох хэрэгтэй.)

  • Их Эзэнийг болон Түүний сайн сайхныг санах нь урам хугарч эсвэл сэтгэлийн хямралд орсон үед танд хэрхэн тусалж байсан бэ?

  • Энэ хичээлийн явцад бид номлогчдын хувьд сэтгэлийн санааны хямралд орох, гэрээ санах, өөрийгөө хангалттай биш гэж мэдрэх, гуниглах эсвэл өөр бусад сэтгэл санаагаар унагах сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх зэрэг нь ердийн зүйл гэдгийг хэлсэн. Та 2 Нифай 4:19–26 дээр Нифайн бичсэн зүйлийн талаар бодож үзээд, иймэрхүү мэдрэмжийг мэдэрч буй номлогчид ямар зөвлөгөө өгөх вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход туслаад, самбар дээр бичих талаар бодож үз. Номлогчид Их Эзэнд найдах юм бол Их Эзэн тэдэнд номлогчийн амьдралын бие махбодын болон сэтгэл санааны шаардлагуудыг хангахад тусална.)

Суралцагчидтай Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз:

Ахлагч Жэффри Р.Холланд

“Номлогчийн ажил дахь хөрвөлт, идэвхтэй байх, итгэлтэй хэвээр үлдэх зэрэг нь хэзээ ч амар хялбар байгаагүй гэдэгт би итгэдэг. Энэ нь бидний бодгалийн гүнээс хичээл зүтгэл гаргахыг шаарддаг гэдэгт итгэдэг.

“Аврагч түнэр харанхуйд урагш гарч ирэн, өвдөг сөхрөөд, газар унаж, сүв бүрээсээ цус шүүрүүлэн, ‘Аав аа, Эцэг минь! Танд бүх юм боломжтой. Энэ аягыг Надаас зайлуулаач’ [Марк 14:36-г үзнэ үү] хэмээн дуу алдсан байхад аврал нь энгийн, хялбар зүйл биш гэдэгт гайхах хэрэггүй биз ээ. Хэрэв та арай амар хялбар зам байхгүй гэж үү хэмээн бодож байгаа бол үүнийг асууж буй анхны хүн нь та биш гэдгийг санах хэрэгтэй. Эрт дээр үед биднээс илүү агуу, илүү сүр жавхлантай нэгэн арай амар хялбар зам байхгүй гэж үү хэмээн асууж байсан.

“Магадгүй Цагаатгал нь сонирхогчдыг авч явахаас илүү номлогчдыг авч явах байх. Та нар саад бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгаран, нулимуулж, хөөгдөж туугдан, муугаараа хэлүүлж байхдаа дэлхий дээр амьдарч байсан хамгийн цэвэр ариун, төгс төгөлдөр нэгний амьдралаар амьдарч буй хэрэг юм. Амьд Бурханы Амьд Хүү та нарын бүх зовлон бэрхшээл, гуниг харууслыг мэддэг учраас та нарт толгойгоо дээш өргөн, талархах шалтгаан бий. Гетсемани ба Калваригаар дамжих нь авралыг хүлээн авах цорын ганц зам юм. Мөнх амьдрал руу орох цорын ганц зам бол Зам, Үнэн, Амь болох Түүгээр дамжин ирдэг билээ” (“Missionary Work and the Atonement,” Ensign, 2001 оны 3-р сар, 15).

Дараа нь асуу:

  • Ахлагч Холландын хэлснээр номлогчдод хэцүү үедээ толгойгоо дээш өргөх ямар шалтгаан байгаа вэ?

Номлолын талбарт хүнд хэцүү зүйлтэй тулгарахдаа, тэдний хийж буй ажил нь бусдыг Есүс Христэд авчрахад тусалдаг болохыг санаж байх хэрэгтэй гэдгийг суралцагчдад хэл. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Алма 26:11–13; 29:10 болон Сургаал ба Гэрээ 18:15–16. Ангийнхныг дагаж уншаад, эшлэлүүд нь номлогчийн амьдралын талаар юу зааж байгааг хайж байх хооронд цөөн суралцагчаас эдгээр хэсгийг ээлжлэн чанга уншихыг хүс. Суралцагчдыг санал сэтгэгдлээ хуваалцахад уриад, дараа нь тэдэнд бүрэн цагийн номлогчийн үйлчлэл нь хүнд ажил бөгөөд заримдаа урам хугарах үе тохиолддог ч бид бусдыг Есүс Христэд авчрахаар хөдөлмөрлөх үед Их Эзэн биднийг баяр баясгалангаар адисалдаг гэдгийг бататгаж өг. Суралцагчдаас амьдралдаа энэ зарчим хэрэгжиж байхыг харсан туршлагаасаа хуваалцахыг хүсэх талаар бодож үз:

Заримдаа тэдний хамтрагч сэтгэл санааны эсвэл оюун ухааны асуудал, бэрхшээлтэй байж болно гэдгийг суралцагчдад онцолж хэл. Ийм үед тэдний хамтрагчаа дэмжих гэсэн хандлага асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, тусалж болох тул тэд хамтрагчаа сонсож, хайрлах хэрэгтэй юм. Тэд асуудалтай байгаа номлогч илүү их итгэлтэй байх юм бол зовлон бэрхшээл нь алга болно гэж хэзээ ч хэлж болохгүй.

Түүнчлэн зарим асуудлыг шийдвэрлэхэд санваарын удирдагчид ба сэтгэл зүйн мэргэжилтнүүдийн тусламжийг авах шаардлагатай бөгөөд номлогчид ихэнх номлолд зохих эмч, мэргэжилтнүүдтэй уулзах боломжтой байдгийг тайлбарла. Сэтгэл санаа нь тавгүй байгаа номлогчид өөрийн нөхцөл байдлыг номлолын ерөнхийлөгчтэйгөө ярилцан, ямар тусламж хэрэгтэй байж болохыг шийдвэрлэнэ.

Номлогчийн хувьд тулгарах бие махбодын болон сэтгэл санааны асуудал, бэрхшээлээ хэрхэн шийдвэрлэх талаар бодоход суралцагчдад туслахын тулд тэдэнд хүнд хэцүү нөхцөл байдлыг давж гарч байсан тохиолдлынхоо тухай бичих цөөн минут өг. Суралцагчдаас уг туршлагаасаа Их Эзэний тухай болон өөрийнхөө тухай юу олж мэдсэнийг мөн уг туршлагаа ирээдүйд өөрсдийгөө хүчирхэгжүүлэхэд хэрхэн ашиглахыг асуун, шалга.

Суралцагчдадаа болон номлогчийн амьдралыг даган ирэх өөрчлөлтүүдэд дасан зохицож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэн, хичээлээ өндөрлө. Их Эзэн Өөрт нь бие махбодын болон сэтгэл санааныхаа хэрэгцээ, шаардлагыг удирдахаар хандсан хүмүүст тусалдаг гэдгийг гэрчил.

Үйлдэх урилга

Ангийн гишүүдийг дараах үйл ажиллагаануудаас аль нэгийг хийж гүйцэтгэснээр номлолын амьдралд өөрсдийгөө бэлтгэхэд урь.

  • Та номлолд үйлчлэхээр цэвэр ариун, зохистой байхын тулд юу хийх хэрэгтэй болохоо бодож үз. Хэрэв шаардлагатай бол Сүнсийг гомдоодог зохисгүй бодол санаа, зан чанараа орхи.

  • Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хүнс хэрэглэх эсвэл номлогчийн өдрийн хуваарийн дагуу унтах дадал хэвшлийг суулгах зорилго тавь.

  • LDS.org дээрх dress standards for full-time missionaries буюу бүрэн цагийн номлогчдын хувцаслалтын жишгийг үз.

  • Буцаж ирсэн номлогчоос номлогчийн амьдралд тохиолдох сэтгэлийн хямрал, саад бэрхшээлийг давж гарахын тулд юу хийсэн талаар ярихыг хүс.

  • Өөр зан чанартай эсвэл ойлголцоход хэцүү хамтрагчтайгаа ойлголцох арга замын талаар эцэг эхтэйгээ эсвэл санваарын удирдагчтайгаа ярилц.

Тарааж өгөх материал

Номлогчийн амьдрал тараах материал