Институт
15-р хичээл: Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажил


15

Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажил

Оршил

Ирээдүйн болон бүрэн цагийн номлогчид ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлын талаар суралцан, дараа нь энэ ажлыг дагалдан ирдэг Сүнсийг мэдрэхэд бусдад тусалснаар авралын ажлыг урагшлуулахад түлхэц болох боломжтой. Гэр бүлийн түүх нь заах хүмүүсийг олж, шинэхэн хөрвөгчид болон идэвх султай гишүүдийн итгэлийг хүчирхэгжүүлэх хүчирхэг эх сурвалж болж чадна. Гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь хүмүүсийн зүрх сэтгэлийг өвөг дээдэс рүү нь мөн Их Эзэн рүү хандуулдаг. Гэр бүлийн түүх нь номлогчдын бусдыг Христэд ирэхэд мөн авралын ёслолуудыг хүлээн авахад урихдаа ашиглаж болох арга хэрэгсэл юм.

Нэмэлт бэлтгэл

Заах зөвлөмж

Ариун сүмийн хишгийн ач холбогдол

Хамгийн ойр байдаг ариун сүмийн зургийг үзүүлээд, ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн үгээс авсан дараах эшлэлийг унш:

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Номлогч бүрийг ариун сүмд зохистойгоор ороход бэлдэн, энэ үйл явдалд номлолын дуудлага хүлээн авахаас илүү өндөр ач холбогдол өгцгөөе” (“Follow the Son of God,” Ensign, 1994 оны 11-р сар, 88).

Онцлох үүднээс та дээрх эшлэлийг дахин нэг удаа уншаад, дараа нь суралцагчдад дараах асуултыг тавьж болно.

  • Ариун сүм рүү явах нь яагаад номлолын дуудлага хүлээн авахаас “илүү агуу ач холбогдол”-той байж болох вэ? (Дараах хариулт орсон байж болно: номлол нь хэсэг хугацааны үйлчлэл байдаг бол ариун сүмд хийдэг гэрээнүүд маань мөнхийн бөгөөд ариун сүмийн адислалууд зохистой номлогчдод хүч чадал авчирдаг.)

Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 95-р хуудсан дээрх “Ариун сүмүүд ба гэр бүлийн түүх”-ийн эхний догол мөрийг уншихад урь. Дараа нь асуу:

  • Бидний ариун сүмд хүлээн авах боломжтой зарим адислал юу вэ?

  • Эдгээр адислал Христэд ирэхээр хүчин чармайлт гаргаж байгаа хүмүүст хэрхэн тусалдаг вэ?

Номлогчид номлогчийн үйлчлэлээ эхлэхээс өмнө ариун сүмд орсноор хэрхэн адислагддаг болохыг харуулахын тулд ангийнхнаас Сургаал ба Гэрээ 109:22–23-ыг нээхийг хүсээд, эдгээр шүлэг нь Көртландын ариун сүмийн онцгойлон адислах залбирлын хэсэг гэдгийг тайлбарла. Ангийнхныг дагаж уншаад, Их Эзэний үйлчлэгчдийн хүлээн авдаг ариун сүмийн адислалуудыг хайж байх хооронд нэг суралцагчийг шүлгүүдийг чанга уншихад урь. Дараа нь суралцагчдад дараах асуултыг тавин, эдгээр шүлэгт заасан зарчмыг олж тогтооход тусал.

  • Эдгээр шүлэг номлогчид номлолд явахаасаа өмнө ариун сүмийн адислалуудыг хүлээн авах нь яагаад чухал болохыг ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ? (Суралцагчдын хариултыг дараах зарчмаар нэгтгэн дүгнэж болно: Ариун сүмийн адислалуудыг хүлээн авах нь номлогчдод тэнгэрлэг тусламж, хүчээс хүртэн, дэлхий рүү урагш явах боломж олгодог. Энэ зарчмыг самбар дээр бичих талаар бодож үз.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ахлагч Жэффри Р.Холланд

“Өөрийн хишгийг хүртэхийн тулд ариун сүм рүү явах нь … номлолд бэлтгэх явцын салшгүй нэгэн хэсэг гэдгийг ойлгох нь чухал юм. … [Та] тэдгээр ариун сүмийн гэрээний ач холбогдлыг [мөн] тэнд хүртсэн хувийн хишиг ба таны номлолын амжилт хоорондоо салшгүй холбоотой гэдгийг ойлгох ёстой. Чухамдаа ариун сүмийн хишиг гэдэг үг энэхүү амин чухал холбооны гол шижим юм. Хишиг бол бэлэг. …

“Та нар энэ ажлыг ганцаараа хийж чадахгүйгээ мэднэ. Бидэнд тэнгэрийн тусламж хэрэгтэй; бидэнд Бурханы бэлгүүд шаардлагатай. … Энэ ажил туйлын чухал хийгээд дайсны эсэргүүцэл нэн агуу учраас бидэнд хүч чармайлтаа өсгөн нэмэгдүүлж, Сүмийг тууштайгаар урагш хөдөлгөх бүхий л боломжит бурханлаг хүч хэрэгтэй” (“Keeping Covenants: A Message for Those Who Will Serve a Mission,” New Era, 2012 оны 1-р сар, 3–4).

Асуу:

Зохистой гишүүд ариун сүмийн хишгээ хүлээн авахынхаа өмнө орон нутгийн санваарын удирдагчдаасаа ариун сүмийн эрхийн бичиг авсан байх ёстой гэдгийг тайлбарла. Дараа нь дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг ангийнхандаа чанга уншиж өгөхөд урь:

“Ариун сүмийн эрхийн бичиг нь биднийг бишопын зөвлөлийн гишүүнтэй эсвэл салбарын ерөнхийлөгчтэй мөн гадасны эсвэл номлолынхоо ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй хийсэн ярилцлагаар дамжуулан зохистой гэж үзсэн болохыг илэрхийлдэг. Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага нь бидэнд өөрсдийн зохистой байдлыг шалгах боломжийг олгодог. Ярилцлага бүрд санваарын удирдагчид маань биднээс бидний хувийн зан байдал, итгэлийн талаар асууна. Санваарын удирдагчид маань эдгээр ярилцлагыг чанд нууц байлгадаг. …

“Санваарын удирдагчдын танаас асуух зарим сэдвийг доор харуулав. Үүнд:

  1. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнсний талаарх таны гэрчлэл;

  2. Сүмийн ерөнхийлөгчийг дэмждэг эсэх;

  3. Ариун явдлын хуулийн дагуу амьдарч, аравны нэгээ төлж, бусадтай шударга харьцан, мэргэн ухааны үгийг сахидаг эсэх;

  4. Сүмд явж, хийсэн гэрээнүүдээ сахиж, сайн мэдээний зарлигуудын дагуу амьдрахаар хичээдэг эсэх” зэрэг болно (“Being Worthy to Enter the Temple,” Ensign, 2010 оны 8-р сар, 8–9 эсвэл Liahona, 2010 оны 8-р сар, 12–13).

  • Зохистой байдлын шаардлагууд нь ямар арга замаар танд ариун сүмийн ариун нандин шинж чанарыг болон номлогчийн дуудлагаа ойлгоход тусалдаг вэ?

  • Хэрэв тэдгээр нь хэт ариун нандин эсвэл хувийн шинж чанартай биш бол ариун сүмийн болон тэнд хийгддэг ажлын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд тань тусалсан ямар туршлагаасаа та хуваалцаж болох вэ?

Суралцагчдыг ариун сүмийн хишгээ зохистой хүлээн авахын тулд тэдний зүгээс юу хийх шаардлагатай болох тухай бодож үзэхэд урь.

Хичээлээ цааш үргэлжлүүлэхийн өмнө суралцагчдадаа номлогчдын хувьд тэд шинэ хөрвөгчдийг ариун сүмд ороход бэлдэхэд нь урамшуулан дэмжихийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй гэдгийг онцолж болно. Нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс төлөөлөн гүйцэтгэх баптисмын ёслолыг хийхээр ариун сүм рүү явдаг шинэ хөрвөгчид идэвхтэй хэвээр үлдэн, дараа нь өөрсдийн хувийн хишгийг хүртэж, лацдан холбогдохоор ариун сүм рүү дахин явах магадлал өндөр. Ариун сүмийн тухай мөн тэнд шүтэн биширснээр хүлээн авсан сүнслэг хүч чадлынхаа талаарх гэрчлэлээ хуваалцан, хичээлийн энэ хэсгийг өндөрлө.

Нас барагсдыг гэтэлгэх Бурханы төлөвлөгөө

Есүс Христ нас барсныхаа дараа сүнсний дэлхийд зочилсон гэдгийг суралцагчдад сануул (1 Петр 3:18–20; 4:6-г үзнэ үү). Дараа нь суралцагчдаас Сургаал ба Гэрээ 138:29–35-ыг нээхийг хүс. Энэ хэсэг нь ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн сүнсний дэлхийн талаарх үзэгдлийн тухай түүхийг өгүүлдэг гэдгийг тайлбарла. Хоёр суралцагчийг шүлгүүдийг ээлжлэн чанга уншихад урь. Дараа нь асуу:

  • Аврагч сүнсний дэлхий дээрх нас барагсдад сайн мэдээг номлох ажлыг зохион байгуулахын тулд юу хийсэн бэ?

  • 33–35-р шүлэг нь сүнсний дэлхийд сайн мэдээг хүлээн авсан хүмүүс авралын ёслолуудаас хүртэх боломжтой арга замыг ойлгоход бидэнд хэрхэн тусалж байна вэ? (Сайн мэдээний захиасыг хүлээн авах хүмүүс авралын ёслолуудыг өөрийн өмнөөс төлөөлөн хийлгэж чадна.)

Хоёр суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 86-р хуудсан дээрх “Ариун сүмүүд ба гэр бүлийн түүх” хэсгийн сүүлийн хоёр догол мөрийг ээлжлэн чанга уншихад урь. Дараа нь асуу:

  • Их Эзэний төлөвлөгөө сайн мэдээний нэн чухал ёслолуудыг хүлээн авалгүйгээр нас барсан хүмүүст хэрхэн тусалдаг вэ? (Амьд байгаа хүмүүс нас барсан хүмүүсийг төлөөлөн авралын ёслолуудыг хийж чадна.)

Елиагийн номлол

Елиа бол МЭӨ 900 оны үед амьдарч байсан Хуучин Гэрээний бошиглогч юм. Елиа дэлхийд эргэж ирнэ гэдгийг бошиглогч Малахи бошиглосон (Малахи 4:5–6-г үзнэ үү) ба 1823 онд Моронай Иосеф Смитэд үзэгдэх үедээ Елиа эргэн ирнэ гэдгийг дахин давтан хэлсэн байдаг. Ангийнхныг дагаж уншаад, Моронай Елиагийн тухай юу заасныг хайж байх хооронд нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:38–39-ийг чанга уншихад урь. Асуу:

  • Иосеф Смит Елиагийн талаар юу олж мэдсэн бэ? (Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч тэд Есүс Христийн Хоёр дахь ирэлтээс өмнө Елиа дэлхийд эргэн ирж, хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлнэ гэдгийг ойлгосон байх ёстой.)

  • Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэнэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Хувь хүмүүс өнгөрсөн, одоо, ирээдүйн гэр бүлийнхээ мөнхийн сайн сайханд анхаарал хандуулж, санаа тавих болно. Энэхүү сонирхол нь хүмүүсийг нас барсан төрөл садангийнхаа мэдээллийг эрж хайн, тэдний өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ёслолд оролцох сэдлийг төрүүлдэг үйл явцын нэгэн хэсэг юм.)

1836 онд Көртландын ариун сүмийг онцгойлон адисалсны дараа Сургаал ба Гэрээ 110-д цэдэглэгдэн үлдсэн онцгой үйл явдлууд тохиолдсон гэдгийг суралцагчдад тайлбарла. Ангийнхныг дагаж уншаад, Елиа дэлхийд юу сэргээснийг хайж байх хооронд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 110:13–16-г чанга уншихад урь. Суралцагчдаас асуу:

  • Елиа ямар түлхүүрүүдийг Иосеф Смитэд сэргээж өгсөн бэ? (Хэрэв шаардлагатай бол суралцагчдад Елиа санваарын лацдан холбох түлхүүрүүдийг сэргээсэн гэдгийг ойлгоход туслахын тулд Сургаал ба Гэрээ 110:16, зүүлт тайлбар a-г харахад урь.)

Суралцагчдад санваарын лацдан холбох түлхүүрүүд хэрхэн гэр бүлүүдийг адисалдаг болохыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 94-р хуудсан дээрх “Мөнхийн гэр бүл” гарчигтай хэсгийн эхний догол мөрийг чанга уншихыг хүс. Дараа нь асуу:

  • Энэ догол мөрөнд дурдсанаар, Елиагийн дэлхийд сэргээсэн лацдан холбох түлхүүрүүдийн зорилго юу вэ? (Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч тэд дараах сургаалыг олж тогтоох ёстой: Санваарын лацдан холбох түлхүүрүүдээр дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд холбодог ариун нандин ёслолуудыг ариун сүмд хийх боломжтой.)

  • Эдгээр түлхүүр нь хэрхэн таныг болон танай гэр бүл, хамаатан саданг эсвэл найз нөхдийг адисалсан бэ?

Самбар дээр “Елиагийн сүнс” гэж бич. Дараах эшлэлүүдийг үзүүлээд, хоёр суралцагчийг ангийнханд чанга уншиж өгөхөд урь.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон Елиагийн сүнс бол “гэр бүлийн тэнгэрлэг мөн чанарыг гэрчлэгч Ариун Сүнсний нотолгоо мөн” гэж тодорхойлсон байдаг (“A New Harvest Time,” Ensign, 1998 оны 5-р сар, 34).

Ахлагч Дэвид А.Бэднар

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Елиагийн сүнс хэрхэн хувь хүмүүст нөлөөлдөг тухай нэмэлт ойлголтуудыг өгсөн юм. “Ариун Сүнсний энэхүү онцгой нөлөөлөл нь хүмүүст нас барсан болон амьд байгаа өвөг дээдсээ мөн гэр бүлийн гишүүдээ таньж мэдэн, тэднийг хүндэлж, тэдний тухай баримт бичиг хөтлөхөд хүргэдэг.

Елиагийн сүнс нь Сүмийн гишүүдэд мөн гишүүн бус хүмүүст ч хамаатай. Тийм боловч Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүд бид өвөг дээдсээ хайж, тэдний сайн мэдээний авралын ёслолуудыг хийх үүрэг хариуцлагатай билээ. …

“Ийм учраас бид гэр бүлийн түүхээ эрж хайн, ариун сүм барьж, бусдын төлөө ёслолуудыг хийдэг. Мөн тэрхүү учир шалтгаанаар Елиа газар болон тэнгэрт холбогдох лацдан холбох эрх мэдлийг сэргээхээр илгээгдсэн юм” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,” Ensign, 2011 оны 11-р сар, 25–26 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–30).

Дараах асуултуудыг тавьснаар суралцагчдад ахлагч Нэлсон, Бэднар нарын заасан сургаалуудыг олж тогтоон, илүү сайн ойлгоход тусал:

  • Бид “Елиагийн сүнс” гэдгийг юу гэж ойлгох вэ?

  • Ариун Сүнс ямар арга замаар гэр бүлийн талаарх бидний мэдрэмжид нөлөөлдөг вэ? (Елиагийн Сүнс буюу Ариун Сүнсний өвөрмөц нөлөө нь гэр бүлийн тэнгэрлэг мөн чанарыг гэрчлэн, өмнөх үеийн болон одоо байгаа гэр бүлийнхээ гишүүдийн хэн хэнийг нь хүндэтгэн хайрлахад бидэнд тусалдаг. Түүнчлэн энэ нь өвөг дээдсийнхээ төлөө авралын ёслолуудыг хийж гүйцэтгэх хүслийг бидэнд төрүүлдэг.)

  • Та зүрх сэтгэлээ ямар нэгэн байдлаар өвөг дээдэс рүүгээ эргэж байхыг мэдэрч байсан уу? Хэрэв тийм бол танд юу хий гэсэн өдөөлт ирж байсан бэ? (Хэрэв шаардлагатай бол хэрхэн Ариун Сүнс бидэнтэй харилцдаг талаарх өмнө орж байсан хичээлүүдийг суралцагчдад сануул.)

Гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь

Суралцагчдад FamilySearch.org дээрээс хэвлэж авч бөглөсөн дөрвөн үеийн угийн бичгийн эсвэл дэвүүрэн хүснэгтийг үзүүл. Эдгээр материал ямар мэдээлэл агуулж байгааг тайлбарлахыг суралцагчдаас хүс.

Суралцагч бүрд угийн бичгийн хоосон хүснэгт тарааж өг. Суралцагчдад угийн бичгийн хүснэгтийг судлан, өвөг дээдсийнхээ нэрийг чадах чинээгээрээ бөглөж бичих цаг гаргаж өг.

угийн бичгийн хүснэгт тараах материал

Суралцагчдаас асуу:

  • Та угийн бичгийн хүснэгтийг эсвэл дэвүүрэн хүснэгтийг бөглөхөд хэрэгтэй мэдээллийг хаанаас олж болох вэ? (Эхлээд эцэг эх, өвөө эмээ эсвэл гэр бүлийнхээ бусад гишүүнээс тусламж авах хэрэгтэй гэдгийг суралцагчдад сануул. Тойрог эсвэл салбарын гэр бүлийн түүхийн зөвлөхүүд гэр бүлийн түүхийн судалгаа хийхэд дорвитой тусалж чадна. Түүнээс гадна суралцагчид гэр бүлийн түүхийн судалгаанд зориулсан FamilySearch.org Сүмийн вэбсайттай танилцсан байх ёстой.)

Суралцагчдаас өвөг дээдсийнхээ тухай олж мэдэхийн тулд FamilySearch-ийг ашигласан туршлагуудаасаа хуваалцахыг хүсэж байгаа эсэхийг асуу. Хэрэв суралцагчдын дунд FamilySearch вэбсайтыг ашиглаж байгаагүй хүн байвал тэдэнд уг вэбсайтаас юу олж болох тухай товч танилцуул. Түүнчлэн та компьютер дээр FamilySearch.org вэбсайтыг гаргаад, нэг суралцагчийнхаа нас барсан өвөг дээдсийн нэрийг ашиглан хэрхэн хайхыг үзүүлж болно. FamilySearch нь бидэнд өвөг дээдсээ олж тогтоон, төлөөлөн хийх ёслолуудыг хийлгэхээр ариун сүм рүү явуулахад тэдний мэдээллийг бэлдэхэд тусалдаг хэрэгсэл гэдгийг онцолж хэл.

Суралцагчдад гэр бүлийн түүхийн ажлыг хийх өөр нэг арга бол өвөг дээдэс, гэр бүлийнхээ гишүүдийн талаарх түүхийг цуглуулах гэдгийг тайлбарла. Гэр бүлийн түүхийн түүхүүд нь бидэнд Елиагийн сүнсийг мэдрэн, биднээс өмнө амьдарч байсан гэр бүлийнхээ гишүүдийг хайрлах хайр, тэдэнд талархах сэтгэлийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Аль нэг өвөг дээдсийнхээ тухай товч түүхийг хуваалцах талаар бодож үз. Дараа нь асуу:

  • Гэр бүлийн түүхийн түүхүүд гэр бүлийнхээ гишүүдийн талаарх таны мэдрэмжинд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Тэдгээр нь танд өөрийнхөө хэн болохыг мөн хэн болж чадахаа ойлгоход хэрхэн тусалдаг вэ?

тэмдэглэл шигтгээ зураг“The Time Is Now” (3:20) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднартай хийсэн ярилцлагыг үзэж байх хооронд яагаад гэр бүлийн түүхийн ажилд оролцож эхэлснээ эсвэл яагаад хийж эхлэхийг хүсэж байгаа шалтгаанаа бодож үзэхэд тэднийг урь.

  • Та ахлагч Бэднараас болон энэ видео бичлэг дээрх өсвөр үеийнхнээс гэр бүлийн түүхийн ажлын талаар юу сурсан бэ?

  • Энэ залуучууд гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор ямар мэдрэмж хүлээн авсан бэ?

Суралцагчдад ахлагч Бэднар ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажилд оролцдог өсвөр үеийнхэнд амлалт өгсөн гэдгийг хэл. Дараах эшлэлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Та үүнийг [гэр бүлийн түүхийн ажилд оролцох, өвөг дээдсийнхээ төлөө төлөөлөн гүйцэтгэх баптисмыг гүйцэтгэх] хийх аваас таны зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно. Абрахам, Исаак, Иаков нартай хийсэн амлалтууд та нарын зүрх сэтгэлд суух болно. Таны патриархын адислал, түүн дээр мэдэгдсэн уг гарал таныг эцгүүдтэй тань холбож, танд илүү утга учиртай болж ирнэ. Та өвөг дээдсээ илүү их хайрлаж, тэдэнд улам илүү талархах болно. Аврагчийн тухай таны гэрчлэл илүү гүн гүнзгий, бат бөх болно. Та нар өсөн нэмэгдэж буй дайсны нөлөөнөөс хамгаалагдах болно гэдгийг би та нарт амлаж байна. Та энэхүү ариун нандин ажилд оролцож, үүнийг хийх хүсэлтэй болсноор залуу насандаа мөн амьдралынхаа турш хамгаалагдах болно” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,” Ensign, 2011 оны 11-р сар, 26–27 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 30).

Суралцагчдаас асуу:

  • Та ахлагч Бэднарын дурдсан ямар адислалыг авахыг хүсэж байна вэ? Яагаад? (Хариултуудад гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь бидний Аврагчид хөрвөгдсөн хөрвөлтийг хүчирхэгжүүлж, дайсны нөлөөний эсрэг сүнслэг хамгаалалтыг бидэнд авчирдаг гэсэн зарчмыг багтаасан байж болох юм)

Та дараахтай адил асуултыг тавин, суралцагчдад гэр бүлийн түүхийн ажилтай холбоотой хувийн туршлагаа хуваалцахад нь туслах боломжтой:

  • Та хэрхэн өөрийн амьдралд эдгээр амлагдсан адислалын нэг юм уу түүнээс олныг мэдэрч байсан бэ?

  • Та эсвэл таны гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвөг дээдсийнхээ нэрийг олсны дараа уг хүнийхээ өмнөөс баптисм хүртэхээр ариун сүмд орж байсан уу? Тэр туршлага тань садан төрлийн бус хэн нэгний өмнөөс баптисм хүртэхээс юугаараа өөр байсан бэ?

  • Хэрэв суралцагчдад ийм туршлага байхгүй бол дараах асуултыг тавих талаар бодож үз: Та нас барагсдын өмнөөс баптисм хүртсэнээр хэрхэн амлагдсан адислалуудыг хүлээн авсан бэ?

Хэрэв та ангийн ярилцлагын үеэр нэг юм уу түүнээс олон суралцагч гэр бүлийн түүхийн ажилд оролцон, үүний талаар хүчтэй гэрчлэлтэй болохыг олж мэдэх юм бол тэднээс гэр бүлийн ажлыг хараахан хийж эхлээгүй байгаа үе тэнгийнхэндээ ямар зөвлөгөө өгөх вэ хэмээн асууж болно.

Гэр бүлийн түүхийн ажлыг бусдыг Христэд ирэхийг урихад ашиглах нь

Гэр бүлийн түүхийн мэдээллийг хайх нь өнөө үед дэлхий дээр түгээмэл хийгддэг үйл ажиллагаа болсон гэдгийг суралцагчдад хэл. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Дэлхий даяар олон сая хүн гэр бүлийн түүхийн цэдгүүд дээрээ ажиллаж байна. Яагаад? Тэд яагаад үүнийг хийж байгаа вэ? Тэд энэ ажлын сүнс буюу бидний нэрлэдгээр Елиагийн сүнс тэдний зүрх сэтгэлд хүрсэн учраас энэ ажлыг хийдэг гэдэгт би итгэдэг. Энэ нь хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлж байгаа явдал юм. Тэдний ихэнх нь хүчтэй, том сэдэл төрүүлсэн мэдрэмж гэхээс илүүтэй уг ажлыг хийх болсон ямар ч бодит зорилгуудыг ойлгодоггүй.

“Энэ их цаг хугацаа, мөнгө төгрөгийн зарцуулалтад зорилго гэж байх л ёстой. Тэр зорилго нь нас барсан олон үеийнхнийг олж тогтоон, тэдний мөнхийн адислал, өсөлт хөгжлийн төлөө ёслолуудыг хийж гүйцэтгэх явдал юм гэдгийг бид чин сэтгэлээсээ гэрчилж байна” (“A Century of Family History Service,” Ensign, 1995 оны 3-р сар, 62).

Асуу:

  • Номлогчид энэхүү хүрээгээ тэлж буй, дэлхийг хамарсан гэр бүлийн түүхийг сонирхох сонирхлыг бусдад сайн мэдээг танилцуулахад хэрхэн ашиглаж болох вэ?

Суралцагчдаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 187–188-р хуудсан дээрх “Гэр бүлийн түүх” гарчигтай хэсгийн эхний гурав ба сүүлийн догол мөрийг чанга уншихыг хүс. Яагаад гишүүн бус хүмүүстэй гэр бүлийн түүхийн ажлын талаар ярих нь номлогчдын хувьд энгийн бөгөөд хүчлэхгүйгээр яриа өрнүүлэх арга зам болох талаар олж мэдэхэд тэднийг урь. Эдгээр догол мөрийг уншсаны дараа асуу:

  • Бусадтай гэр бүлийн түүхийн ажлын талаар ярих нь хэрхэн номлогчдын хувьд заах хүмүүсийг олох үр дүнтэй хэрэгсэл байж чадах вэ? (Суралцагчид гэр бүлийн түүх нь Их Эзэний сайн мэдээг хүлээн авахад бэлтгэсэн хүмүүсийг олохдоо ашиглах хүчирхэг эх сурвалж болж чадна гэдгийг ойлгосон байх ёстой.)

тэмдэглэл шигтгээ зурагСуралцагчдыг хариулсны дараа “Family History and Missionary Work—Finding” (3:53) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыг үзэж байх хооронд тэднийг гэр бүлийн түүхийн талаарх сэдвийг бусадтай яриа өрнүүлэхэд хэрхэн ашиглаж болох тухай бодож үзэхэд урь.

Видео бичлэгийг үзэж дууссаны дараа доорх асуултыг тавь:

  • Энэ видео бичлэг дээрх номлогчид бусадтай гэр бүлийн түүхийн ажлын тухай яриа өрнүүлэхийн тулд юу хийсэн бэ?

  • Гэр бүлийн түүхийн ажлын тухай яриа нь сонирхогч болох магадлалтай хүмүүст яаж нөлөөлөх вэ?

Яг одоо хэн нэгнийг Сүмийн талаар илүү ихийг мэдэхэд урихын тулд угийн бичгийн хүснэгтийг ашиглах дадлага хийнэ гэж суралцагчдад хэл. (Эсвэл та суралцагчдыг өвөг дээдсийнхээ тухай түүхийг ашиглан сайн мэдээний тухай хэрхэн яриа өрнүүлэх талаар бодож үзэхэд урьж болно). Суралцагчдад энэ даалгавраа амжилттай хийж гүйцэтгэхэд нь туслахын тулд тэднээс гэр бүлийн түүхийн ажлын тухай яриа өрнүүлэхдээ угийн бичгийн хүснэгтийг (эсвэл өвөг дээдсийнхээ түүхийг) хэрхэн ашиглаж болох мөн энэ нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай захиас руу хэрхэн хөтөлж болох талаар санаануудаа хэлэхийг хүс. Суралцагчдыг хариулж байх хооронд тэдний хариултыг самбар дээр бич.

Тэдний хэдэн санаан дээр тулгуурлаад, хэн нэгэнтэй сайн мэдээний тухай яриа өрнүүлэхдээ угийн бичгийг хэрхэн ашиглаж болохыг ангийнханд үзүүл. Дараа нь суралцагчдыг хос хосоор нь хуваарилаад, дээрхийн адил хийхэд урь. Суралцагч бүрд ангийн өөр нэг гишүүнд заах боломж олгосны дараа, дараахтай адил хэдэн асуулт тавь.

  • Энэхүү заах дадлагын үеэр юу нь сайн байсан гэж та бодож байна вэ?

  • Та юуг илүү сайн хийхийг хүсэж байна вэ?

тэмдэглэл шигтгээ зурагХэрэв цаг гарвал суралцагчдад номлогчдын үйлчлэх олон газарт номлогчдоос Сүмийн идэвх султай гишүүдийн итгэл, амлалтыг хүчирхэгжүүлэхэд туслахыг хүснэ гэдгийг хэл. Гэр бүлийн түүх нь тэдгээр хүнд Ариун Сүнсийг мэдэрч, Христэд ирэхэд нь туслах үнэ цэнтэй арга хэрэгсэл байж болно. Дараа нь “Family History and Missionary Work—Activation” (3:05) видео бичлэгийг үзүүлээд, суралцагчдыг гэр бүлийн түүхийн ажлыг идэвх султай гишүүдэд туслахад ашиглаж болох арга замуудыг олж мэдэхэд урь.

Видео бичлэгийг үзэж дууссаны дараа асуу:

  • Гэр бүлийн түүхийн ажлын тухай мөн мөнхийн гэр бүлийн сургаалын тухай ярилцах нь идэвх султай гишүүдийн итгэлийг хүчирхэгжүүлэхэд хэрхэн туслах вэ?

Гэр бүлийн түүхийн ажлыг бусдыг Есүс Христэд ирэхэд урих арга хэрэгсэл болгон ашиглахын тулд яг одоо тэд юу хийж чадах мөн номлогчийн хувьд юу хийж болох талаар бодож үзэх цагийг суралцагчдад гаргаж өг. (Сүнсний өдөөлтийн дагуу та цөөн суралцагчийг хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урьж болно.) Энэ хичээл дээр заасан зарчмуудын тухай гэрчлэлээ хуваалц.

Үйлдэх урилга

Суралцагчдыг дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээс олныг хийж гүйцэтгэснээр авралын ажилд яг одооноос оролцоход урь.

  • FamilySearch.org руу нэвтэрч орохын тулд ХҮГ данс нээ. Хэрэв боломжтой бол гэр бүлийнхээ мэдээллийг оруулсан дөрвөн үеийн угийн бичгийн хүснэгтийг эсвэл дэвүүрэн хүснэгтийг хийн, хэвлэ.

  • Дөрвөн үеийн угийн бичгийн хүснэгтээ найздаа эсвэл хөршдөө үзүүлээд, тэднийг гэр бүлийн түүхийн талаар илүү ихийг мэдэхэд урь. Найзыгаа гэр бүлийн түүхийн зөвлөхтэй уулзуулах эсвэл гэр бүлийн түүхийн номын санд авчрах цаг товло.

  • FamilySearch.org вэбсайтыг ашиглан, ариун сүмийн ёслолуудыг нь хийх шаардлагатай нэг эсвэл түүнээс олон өвөг дээдсээ ол. Хэрэв боломжтой бол тэдний ариун сүмийн ажилд зориулсан мэдээллийг бэлтгэж, тэдний өмнөөс баптисмын болон гишүүний баталгааны ёслолыг хийж гүйцэтгэ.

Тарааж өгөх материал

угийн бичгийн хүснэгт тараах материал