Институт
2-р хичээл: Бидэнд Цагаатгал хэрэгтэй


2

Бидэнд Цагаатгал хэрэгтэй

Оршил

Есүс Христийн Цагаатгал нь Бурханы авралын төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг юм. Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан биднийг сүнсний болон бие махбодын үхлээс гэтэлгэж, шударга ёсны шаардлагыг ханган, наманчлах нөхцөлтэйгөөр нүглүүдээс маань цэвэршүүлснээр Эцэгийнхээ зорилгуудыг гүйцэлдүүлсэн. Түүнчлэн Аврагч зовлон бэрхшээлтэй үед ч биднийг тайтгаруулан, өөрсдийн хүчээр хийж чадахгүй зүйлсийг хийх хүч чадал ба Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар буцан очиж чадна гэсэн найдварыг бидэнд өгдөг. Бүрэн цагийн номлогчид бусдад Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгаа болон эцсээ хүртэл тэвчих зэргээр дамжуулан Цагаатгалын адислалуудаас хэрхэн хүртэх боломжтой талаар олж мэдэхэд тусалснаар авралын ажилд оролцдог.

Нэмэлт бэлтгэл

  • Яагаад бидэнд Цагаатгал хэрэгтэй болохыг илүү сайн ойлгохын тулд дараах судруудыг судал: Ром 3:23; 2 Нифай 9:6–10 болон Алма 42:9–14.

  • Цагаатгалаар дамжуулан хүртэх боломжтой зарим адислалыг олж харахын тулд дараах судруудыг судал. Үүнд: Мозая 3:19; 4:3; 24:12–15; Алма 5:12–13; 7:11–13.

  • Ахлагч Жэффри Р.Холланд, “Missionary Work and the Atonement,” Ensign, 2001 оны 3-р сар, 8–15-р хуудсыг судал.

  • Миний сайн мэдээг номло, гарын авлага, 56–57 мөн 66–67-р хуудсыг судал.

  • “He Lives! All Glory to His Name!” видео бичлэгийг үзүүлэхэд бэлд. (2:51; ахлагч Ричард Г.Скотт, Ensign, 2010 оны 5-р сар, 75–78 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 84–87-р хуудас дээрх үгээс авсан хэсэг), lds.org/media-library вэбсайтаас үзэх боломжтой.

Заах зөвлөмж

Яагаад бидэнд Цагаатгал хэрэгтэй вэ?

Дараах асуултаар хичээлийг эхэл.

  • Хүмүүс тэдний амьдралд Есүс Христийн Цагаатгал хэрэгтэй гэдгийг хэрхэн олж мэддэг вэ?

Дараа нь дараах мэдэгдлийг үзүүл:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Хүн өлсөх хүртлээ юм идье гэж боддоггүй шиг, өөрт нь Христ яагаад хэрэгтэйг мэдэх хүртлээ Христийн авралыг хүсдэггүй.

“Хэн ч Уналтын тухай сургаал ба бүх хүн төрөлхтөнд үзүүлсэн үүний үр дагаврыг зохих ёсоор ойлгож, хүлээн авах хүртлээ Христ өөрт нь яагаад хэрэгтэйг ойлгодоггүй” (Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, A Witness and a Warning [1988], 33).

Дараа нь асуу:

  • Бид Адамын уналтын талаар ярихдаа юуг дурддаг вэ?

Дараах эшлэлийг үзүүлээд, нэг суралцагчийг ангийнханд чанга дуугаар уншихад урь:

“Адам, Ева хоёр … сайныг хийгээд хилэнцтийн мэдлэгийн модны жимснээс хүртсэн учраас тэд Бурханы оршихуйгаас зайлуулагдсан (С ба Г 29:40–41-ийг үзнэ үү). Өөрөөр хэлбэл, тэд сүнсний үхлийг амсжээ. Тэд мөн мөнх бус болж, бие махбодын үхэлд захирагдах болсон. Энэхүү сүнсний болон бие махбодын үхлийг Уналт хэмээн нэрлэдэг. …

“Бид Адам, Ева хоёрын үр удмын хувьд мөнх бус байдалд байхдаа Уналтын байдлыг өвлөн авдаг (Алма 42:5–9, 14-ийг үзнэ үү). Бид Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдан, бие махбодын үхэлд захирагддаг. Биднийг түүнчлэн амьдралын саад бэрхшээл, бусармаг зүйлсэд уруу татагдан соригдох, эсрэг тэсрэг байдалд тавьсан юм (2 Нифай 2:11–14; С ба Г 29:39; Мосе 6:48–49-ийг үзнэ үү)” (Итгэлдээ үнэнч байх нь [2004], 196–197).

Дараах асуултыг тавин, уг эшлэлд заасан сургаалыг олж тогтооход суралцагчдад тусал:

  • Адамын Уналт нь Адам, Ева хоёрын үр удмын хувьд бидний хүн нэг бүрд хэрхэн нөлөөлдөг вэ? (Бид Адам, Ева хоёртой адил бие махбодын болон сүнсний үхэлд харьяалагддаг. Бид унасан дэлхийд амьдарч, амьдралын сорилт бэрхшээл, дайсны уруу таталтад автах шалтгаан болдог. Бид Эцэгийн оршихуйгаас таслагдсан ба Түүнд эргэж очихын тулд бидэнд Аврагчийн тусламж хэрэгтэй.)

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бичээд, суралцагчдад тэдгээрийг судлах хугацаа гаргаж өг:

Ром 3:23

2 Нифай 9:6–10

Алма 42:9–11, 14

Суралцагчдыг судалж байх хооронд тэднийг Адам, Ева хоёрын Уналт бидний хүн нэг бүрд хэрхэн нөлөөлдөг талаар олж мэдэхэд урамшуулан дэмж.

  • Эдгээр судар нь Адам, Ева хоёрын уналт бидний хүн нэг бүрд нөлөөлдөг болохыг хэрхэн тайлбарлаж байна вэ? (Суралцагчдыг хариулах хооронд тэдний хариултыг самбар дээр бич. Тэдний хариулт өөр өөр байж болох ч хариултууд нь дараахтай адил байж болно: Бид бүгд нүгэл үйлдэн Бурханы мэлмийд цэвэр бус болдог, бид нүгэл үйлддэг учраас Бурханы оршихуйгаас тусгаарлагдсан, бид бие махбодын үхлийг амсана, бид унасан дэлхийд амьдардаг ба “эгэл хүмүүнээ” [Мозая 3:19] орхих ёстой.)

Суралцагчдаас олж тогтоосон сургаал, үг хэллэгүүдийн талаар асуулт байвал асууж лавлахыг хүс. Ангийнханд тэдгээр асуултын талаар ярилцах боломж олго. Дараа нь асуу:

  • Эдгээр судар нь яагаад бидэнд Есүс Христ хэрэгтэй болохыг тайлбарлахад хэрхэн тусалж байна вэ? (Есүс Христийн Цагаатгал биднийг Адамын Уналт ба бидний дуулгаваргүй байдлын үйлдлүүдээс гэтэлгэдэг.

Бурханы нигүүлсэнгүй төлөвлөгөөний нэгэн хэсгийн хувьд Есүс Христийн Цагаатгал нь бидэнд үхэл хийгээд тамын “мангасаас” буюу бие махбодын болон сүнсний үхлээс зугтах боломжийг олгодог (2 Нифай 9:10). Бид бүгд амилуулагдана. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчилснаар нүглүүдээсээ цэвэршигдэнэ. Есүс Христгүйгээр бид устгагдахаас гадна мөнхөд чөтгөрийн харьяалалд байх юм.

Бурханы төлөвлөгөөн дэх мэргэн ухаан, нигүүлслийн талаар гэрчлэлээ товчхон хуваалц. Уналтын бүх үр дагаврыг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан ялан дийлэх боломжтой гэдгийг суралцагчдад бататга.

Цагаатгалын тухай заахын ач холбогдол

видео шигтгээ зурагАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах мэдэгдлийг унших юм уу видео бичлэг үзүүлэх талаар бодож үз. Яагаад бидэнд Цагаатгалын тухай ойлголтоо нэмэгдүүлэх нь чухал болохыг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

Ахлагч Ричард Г.Скотт

“… Амилалт ба Цагаатгалаар дамжуулан төлсөн төлөөс, өгсөн бэлгийг нь санахдаа, судрууд бидэнд тэрхүү ариун үйл явдлуудын тухай юу заадгийг тунгаан бодогтун. Эдгээр үйл явдлуудын бодит үнэний тухай хувийн гэрчлэл чинь бэхжих болно. Эдгээр нь та нарын чээжилдэг зарчмуудаас илүү чухал байх ёстой. Цагаатгалын эдгээр зарчмыг бид бодгалийнхаа нэгэн хэсэг болгож, дэлхийг хамрах нь ихэсч буй гэм нүглийн жигшүүрт давалгаанаас хамгаалах далан болгон ашиглах ёстой. …

Цагаатгал байгаагүй бол Тэнгэр дэх Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө үр нөлөөгөө бүрэн өгч чадахгүй байсан. Цагаатгал нь амьдралд гарсан алдаа мадгийн үр дагавруудыг даван туулах бүх боломжийг олгодог. Бид хуулийг дуулгавартай дагаснаар адислал авдаг. Бид хуулийг зөрчсөн үед тэрхүү зөрчигдсөн хуулийн төлөө шударга ёсны шаардлагыг хангахын тулд өнгөрсөн үеийн дуулгавартай байдлаа ашиглаж чадахгүй. Аврагчийн Цагаатгал аливаа дуулгаваргүй байдлаа наманчлах боломжийг бидэнд олгодог. Ингэснээрээ шударга ёсны шаардлагаас үүдэлтэй шийтгэлээс бид зайлсхийж чадна.

Израилийн Ариун Нэгэн, Энхийн Жонон, бидний Гэтэлгэгчийн Цагаатгалын тухай илүү ихийг ойлгох гэж хичээхийн хэрээр миний Түүнд өгөх хүндэтгэл, талархал байнга өргөжин гүнзгийрдэг билээ. Цагаатгалаараа дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн төлөө Есүс Христийн хийсэн бүх зүйлийн ач холбогдлыг мөнх бус хүмүүний оюун ухаан бүрэн дүүрэн ухаарч, хүмүүний хэл зохих ёсоор дүрсэлж чадахгүйг би ойлгосон. Гэвч бид үүний талаар чадах чинээгээрээ сурч мэдэх нь чухал юм. Цагаатгал бол Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний нэн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Цагаатгалгүйгээр уг төлөвлөгөө хэрэгжих боломжгүй байлаа. Цагаатгалын тухай та бүхний ойлголт нь үүний үр дүнд амьдралд тань бий болдог хэрсүү ухаан, мөнх бус амьдралд олж авсан мэдлэг, туршлага, ур чадвараа хамгийн үр өгөөжтэйгөөр ашиглах боломжийг танд олгох болно. …

Есүс Христийн Цагаатгал бидний амьдралаа төвхнүүлэх ганхашгүй үндэс суурь байхын тулд Цагаатгалын ач холбогдлыг ойлгох ойлголтоо гүнзгийрүүлж бататгах зайлшгүй хэрэгцээ бид бүгдэд байдаг. …

“Судруудын талаар ул суурьтай тунгаан бодож, чин сэтгэлээсээ эрж хайсан залбирлыг хийх нь Түүний үнэлж баршгүй Цагаатгалын тухай бидний ойлголт, талархлыг улам хүчтэй болгоно” (“Тэр амьд! Түүний нэр алдаршиг!” Ensign, 2010 оны 5-р сар, 75–76 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 84–87).

Дараахтай ижил төстэй асуултуудыг тавин, ахлагч Скоттын хэлсэн үгэнд дүн шинжилгээ хийхэд суралцагчдад тусал:

  • Ахлагч Скоттын хэлсэн үгийн чухам аль хэсэгт Цагаатгалыг ойлгохын ач холбогдлын талаар онцлон хэлсэн бэ? (Суралцагчид дараахтай адил мэдэгдлүүдийг олж тогтооход анхаарлаа хандуул: Аврагчийн зовлон шаналал нь “бидэнд зөвхөн энэ амьдралд төдийгүй бүх үүрд мөнхийн туршид [нөлөөлөх] болно”, “Түүний Цагаатгал Тэнгэр дэх Эцэгийнхээ аз жаргалын төлөвлөгөөг бүрэн дүүрэн үр ашигтай болгосон билээ”, “Есүс шударга ёс, нигүүлсэл хоёрын тэнцвэртэй байдлыг бидэнд хангаж өгдөг”, “Цагаатгал нь амьдралд гарсан алдаа мадгийн үр дагавруудыг даван туулах бүх боломжийг олгодог”, “Цагаатгалын тухай та бүхний ойлголт нь үүний үр дүнд амьдралд тань бий болдог хэрсүү ухаан, мөнх бус амьдралд олж авсан мэдлэг, туршлага, ур чадвараа хамгийн үр өгөөжтэй ашиглах боломжийг танд олгох болно.”)

  • Ахлагч Скотт Цагаатгалын зарчмууд нь “чээжилдэг зарчмуудаас илүү чухал байх ёстой бөгөөд бид эдгээр зарчмыг бодгалийнхаа нэгэн хэсэг болгох ёстой” хэмээн хэлжээ. Ирээдүйн номлогч хэрхэн үүнийг хийж чадах вэ?

Олон залуу хүн Цагаатгалаар дамжин тэдний амьдралд нүглүүдийн өршөөлөөс гадна ирдэг өөр адислалуудыг ойлгодоггүй. Эдгээр бусад адислалын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд ангийнханд дараах судрын хэсгүүдийг судлаад, Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг адислалуудын талаар олж мэдэх хугацаа гаргаж өг: Мозая 3:19; 4:3; 24:12–15; Алма 5:12–13; 7:11–13. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдаас Цагаатгалын олон адислалын заримыг тайлбарлаж өгөхийг хүс. Тэдний хариултыг самбар дээр хураангуйлан бич.

Дараах эшлэлийг үзүүлээд, нэг суралцагчаар чанга уншуул:

“Есүс Христийн Цагаатгалын тухай таны ойлголт өсөхийн хэрээр сайн мэдээг хуваалцах хүсэл тань өсөн нэмэгдэх болно” (Миний сайн мэдээг номло, 2).

Дараах асуултыг тавин, энэ зарчмыг илүү сайн ойлгоход суралцагчдадаа тусал:

  • Хүн Цагаатгалыг ойлгох үед сайн мэдээг хуваалцах хүсэл нь яагаад нэмэгддэг вэ?

Суралцагчдад хоёр хоёроороо хуваарилагдаад, 1 Нифай 8:10–12; Инос 1:5–9; Мозая 27:34–36, 28:1–4-ийг ээлжлэн чанга уншихыг даалга. Тэднийг эдгээр судрын хэсэг дэх загварыг олоход урь. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа тэдний заримыг олсон зарчмаа тайлбарлахад урь. (Лихай, Инос болон Мозаягийн хөвгүүд Цагаатгалын адислалуудыг мэдэрснийхээ дараа сайн мэдээг хуваалцан, хүлээн авсан адислалаа бусадтай хуваалцахыг хүссэн.)

Таны самбар дээр бичсэн зарчим үнэн болохыг мөн тэдгээрийн ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг тавь:

  • Хэрэв хэт хувийн чанартай биш бол танд сайн мэдээг бусадтай хуваалцах сэдлийг төрүүлж байсан Цагаатгалтай холбоотой ямар ямар туршлага байдаг вэ?

  • Цагаатгалын тухай таны мэдлэг, мэдрэмж хэрхэн танд бусдыг Есүс Христэд илүү ойртуулах юмсан гэсэн сэдлийг төрүүлдэг вэ?

Есүс Христийн Цагаатгалын тухай тэдний ойлголт номлолд үйлчлэх сэдлийнх нь нэгэн хэсэг мөн эсэхийг түүнчлэн Есүс Христийн тэдний төлөө хийсэн зүйлд талархах талархлаа өсгөн нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох талаар тунгаан бодох цаг суралцагчдад гаргаж өг.

Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад сонирхогчдод туслах нь

Номлогчийн хувьд заах ямар ч сургаал нь сонирхогчийн болон номлогчийн хувьд Есүс Христийн Цагаатгалыг ойлгож, хүлээн авахаас илүү чухал байж чадахгүй гэдгийг суралцагчдадаа хэл.

Суралцагчдыг 2 Нифай 2:6–8-ыг судлаад, Цагаатгалын тухай мэдэж авснаар бидний хийх ёстой зүйлийн талаар Лихай юу заасныг олж мэдэхэд урь. Цөөн суралцагчийг хариулсны дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг үзүүлж, уншуулаад, сонирхогчид яагаад Цагаатгалыг ойлгож, хүлээн авах хэрэгтэй болохыг ойлгоход тэдэнд тусал:

Ахлагч Жэффри Р.Холланд

“Бид ерөнхий эрх мэдэлтнүүдийн хувьд эдгээр залуу ахлагч, эгч нарт зааж сургах хамгийн агуу мөчүүдийн нэг болох бүсийн чуулганаар хийсэн ярилцлагынхаа үр дүнд, сонирхогчдыг юуг хийгээсэй гэж хүсэн хүлээдэг болохыг номлогчдоос асуусан юм.

‘Баптисм хүртэх!’ гэж бүгд нэгэн дуугаар, хашхирч билээ.

‘Тийм ээ, бид тэднийг баптисм хүртээсэй гэж хүсэж байгаа ч баптисм хүртэхээс өмнө юу хийгдсэн байх ёстой вэ?’ гэж би асуув. …

“… Номлогчид Их Эзэн Есүс Христэд итгэлтэй болох, нүглүүдээ наманчлах гэсэн баптисмын өмнө сонирхогчдоос бидний хүсдэг хоёр үндсэн чухал зүйлийг хийгдсэн эсэхийг олж тогтооход бараг л цаг гаргадаггүй. Ийм байтлаа ‘бид сайн мэдээний анхдагч зарчмууд хийгээд ёслолууд нь: нэгдүгээрт, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл; хоёрдугаарт, наманчлал; [дараа нь] гуравдугаарт, нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисм; дөрөвдүгээрт, Ариун Сүнсний бэлгийн тулд гар тавих гэдэгт итгэдэг’ (Итгэлийн тунхаг 1:4; тодотгол нэмэгдсэн).

Хөрвөгчийн шинэ амьдрал Их Эзэн Есүс Христэд болон Түүний гэтэлгэгч золиослолд итгэх итгэл буюу Тэр үнэхээр Бурханы Хүү бөгөөд Тэр амьд, Тэр үнэхээр хонины саравчны хаалга мөн ганцаараа бидний аврал, өргөмжлөлийн түлхүүрийг атгадаг гэсэн үзэл бодол дээр суурилсан байх ёстой. Уг итгэлийн дараа цэвэршигдэн, шинэчлэгдэж, бүрэн дүүрэн болох гэсэн бидний хүслийг харуулж, бидэнд Цагаатгалын бүрэн адислалаас хүртэх боломжийг олгодог тэрхүү жинхэнэ наманчлал хийгддэг” (“Missionary Work and the Atonement,” Ensign, 2001 оны 3-р сар, 10–11).

Дараа нь асуу:

  • Сонирхогч Цагаатгалын бүрэн дүүрэн адислалаас хүртэхийн тулд юу хийх ёстой вэ? (Есүс Христэд итгэх, наманчлах мөн баптисм хүртэх ёстой.)

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 20:37 нь баптисм хүртэхийн өмнөх шаардлагыг тодорхойлж өгдөг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг шүлгийг уншаад, сонирхогчид баптисм хүртэхийнхээ өмнө юу хийсэн байх ёстойг олж мэдэхэд урь. Асуу:

  • Сонирхогчид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж байгаагаа харуулахын тулд юу хийх ёстой вэ? (Тэд өөрсдийгөө даруусгах, нүглээ наманчлах, сайн ажлуудаа тунхаглах гэх мэт.)

  • Номлогчид сонирхогчдод баптисмын шаардлагуудаа хангахад нь туслах ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Энэ нь таны номлогчийн зорилготой хэрхэн холбогдож байна вэ? (Хэрэв шаардлагатай бол суралцагчдад өмнөх хичээлийн зарчмуудыг сануул.)

Номлогчдод наманчлалыг заа хэмээн зарлигласан байдаг

Самбар дээр дараах асуултыг бич:

Бурханы хүүхдүүдийг Христэд авчрахад туслахын тулд номлогчдын хийж болох хамгийн чухал зүйл юу вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 18:11–14-ийг уншаад, самбар дээрх асуултын хариултыг олж мэдэхэд урь. Суралцагчдын хариултыг ярилцаад, дараа нь асуу:

  • Яагаад наманчлал нь Бурханы хүүхдүүдийн хувьд Цагаатгалын бүрэн дүүрэн адислалаас хүртэх цорын ганц арга зам бэ? (Мозая 16:13; Алма 11:37 болон Хиламан 14:13-ыг үзнэ үү.)

Самбар дээр өмнө нь бичсэн дараах асуултын хариултыг бич:

Зааж буй хүмүүс нь Цагаатгалын бүрэн дүүрэн адислалаас хүртэн, Христ дотор шинэ амьдралыг эхлүүлж болохын тулд номлогчдод наманчлалыг заа хэмээн зарлигласан байдаг.

Ангийнхныг хоёр хуваа. Нэг хэсгийг нь Миний сайн мэдээг номло гарын авлагын 56–57-р хуудсан дээрх “Цагаатгал” гарчигтай хэсгийг судлахад урь. Нөгөө хэсгийг нь Миний сайн мэдээг номло гарын авлагын 66–67-р хуудсан дээрх “Бид Христээр дамжин нүглээс цэвэршигдэж чадна” гарчигтай хэсгийг судлахад урь. Уншаад, уншсан материалаа хоёр минутын дотор багтаан тоймлон заахад бэлтгэх хэдэн минутын хугацааг суралцагчдад өг. Суралцагчдыг тоймлон заахдаа (1) сургаалын нэн чухал санаануудыг олж тогтоон, тайлбарлахад, (2) сургаалыг дэмжих хувийн туршлага ба судраас хуваалцахад, (3) зааж буй зүйлийнхээ талаар гэрчлэлээ хуваалцахад урамшуулан дэмж: Самбар дээрх эдгээр гурван алхмыг хураангуйлан бич.

Та суралцагчдад бэлдэх хангалттай цаг гаргаж өгсний дараа, эхний хэсгийн суралцагчдыг нөгөө хэсгийн суралцагчтай хамтарч, нэг нэгэндээ ээлжлэн заахад урь. Та суралцагч бүрд ангийнхаа өөр нэгэн суралцагчид заах боломж олгосны дараа, нэг суралцагчийг самбарын өмнө сайн дураараа гарч, ангийнхандаа өөрийн дүгнэлтийг заахад урь. Танилцуулга дууссаны дараа, танилцуулсан суралцагчийг сайшааж, уг туршлагын талаар ямар нэгэн санаа оноо байгаа эсэхийг ангийнхнаас асуу. Тэдэнд ямар нэгэн асуулт байгаа эсэхийг лавлаад, дараа нь асуу:

  • Есүс Христийн Цагаатгалын тухай зааж, гэрчлэхэд танд ямар санагдсан бэ?

  • Та сонирхогчдод Есүс Христийн Цагаатгалын тухай заахад тус болох ямар зүйлийг олж мэдсэн бэ?

  • Та яагаад Есүс Христийн Цагаатгалын тухай бусдад заахыг тэсэн ядан хүлээдэг вэ?

Судруудыг ашиглах нь

Тэд номлогчийн хувьд судруудыг ашигласнаар илүү хүчирхэг заах болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Ангийн хэсэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 56-р хуудсан дээрх Судар судлах хайрцаг доторх “Цагаатгал” хэсгийн судрын хэсгүүдийг хайж олоход урь. Ангийн нөгөө хэсэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 67-р хуудсан дээрх Судар судлах хайрцаг доторх судрын хэсгүүдийг хайж олоход урь. Суралцагчдыг Есүс Христийн Цагаатгалын талаар ойлгосон болон гэрчлэлээ хуваалцах боломжтой гэж санагдсан судрын хэсгийг сонгоход урамшуулан дэмж. Суралцагчдад хуваалцах хангалттай цаг гаргаж өгсний дараа асуу:

  • Та Есүс Христийн Цагаатгалын талаар илүү сайн ойлгоход нь хэн нэгэнд туслахын тулд сонгосон судраа хэрхэн ашиглаж болох вэ? (Цөөн суралцагчийг хариулахад урамшуулан дэмж.)

  • Номлогчид зааж байхдаа судруудыг ашиглах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 204-р хуудсан дээрх “Судруудыг ашигла” гарчигтай хэсгийг олоход урь. Нэг суралцагчийг эхний догол мөрийг бөөрөнхий тэмдэглэгээтэй дөрвөн мөртэй хамт уншихад уриад, судруудыг ашиглахын ач холбогдлын талаарх тэдний санаа хэрхэн Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх мэдэгдлүүдтэй тохирч байгаа эсэхийг бодож үзэхийг ангийн гишүүдээс хүс.

Хэдэн минутын дараа Цагаатгалын талаар сонгосон судраа ашиглан, өөр нэгэн суралцагчид заах болно гэдгийг ангийнханд хэл. Заахад туслах зарчмууд Миний сайн мэдээг номло гарын авлага дээр байдаг гэдгийг тэдэнд тайлбарла. Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 205-р хуудсан дээрх “Судрыг танилцуул” гарчигтай дэд хэсгийг чанга уншихад урь. Суралцагчдад энэ алхамтай холбоотой асуулт байгаа эсэхийг асуугаад, сонгосон судраа хэрхэн танилцуулах талаар бодож үзэх цаг гаргаж өг.

Дараа нь өөр нэг суралцагчаар Миний сайн мэдээг номло гарын авлагын 205-р хуудсан дээрх “Судрын хэсгийг унш” гарчигтай дэд хэсгийг чанга уншуул: Сонгосон судрын хэсгээ уншаад, сонирхогчдод тайлбарлаж өгөх шаардлагатай үг, хэллэгүүдийг олж тогтоох цагийг суралцагчдад гаргаж өг. Дараа нь өөр нэг суралцагчаар 205–206-р хуудсан дээрх “Судрыг ашигла” гарчигтай дэд хэсгийг чанга уншуул. Суралцагчдад ямар нэгэн асуух зүйл байгаа эсэхийг дахин асуу.

Та суралцагчдад судруудаас амжилттай заахад нь туслахын тулд уг ур чадварыг өөрөө үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй. Та суралцагчдын сонгосон судрын хэсгийг ашиглахгүйн тулд Мозая 3:7–11 болон 16–19-ийн нэг юм уу хоёр шүлгийг сонгох талаар бодож үз. Та судрын хэсгүүдийг танилцуулах, унших, ашиглах гэсэн гурван алхмыг харуулахдаа энгийн бөгөөд товч тодорхой үзүүл: Ийнхүү үзүүлж харуулах нь суралцагчдад өөрсдөөс нь хүсэн хүлээж байгаа зүйлсийн талаар бодож, сандрахгүй байхад тусална. Та хийж дууссаныхаа дараа суралцагчдад ямар нэгэн асуух зүйл байгаа эсэхийг лавла.

Миний сайн мэдээг номло гарын авлагын гурван алхмыг ашиглан сонгосон судрын хэсгээ заахад бэлтгэх хэдэн минутыг суралцагчдад гаргаж өг. Дараа нь суралцагч бүрийг хоёр хоёроор нь хуваарилаад, нэг нэгэндээ заахад урь. Суралцагчдыг зааж дууссаны дараа тэд судруудыг болон Миний сайн мэдээг номло гарын авлагыг судалснаар сайн мэдээг заах ур чадвар, итгэлтэй байдал нь өсөх болно гэдгийг бататгаж хэл.

Суралцагчдаас тэдний дунд Есүс Христийн тухай, ялангуяа Есүс Христийн Цагаатгалын тухай сэтгэгдлээ хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асуун, өнөөдрийн хичээлийг дуусга.

Үйлдэх урилга

Тэдэнд Есүс Христийн Цагаатгалын тухай илүү сайн ойлгоход нь туслах дараах зүйлсээс нэг юм уу түүнээс олныг хийхэд суралцагчдыг урь.

  • Хувийн судар судлах цагаараа Есүс Христ болон Түүний Цагаатгалын тухай ойлгоход тань туслах хэсгүүдийг тэмдэглэ эсвэл тодруул.

  • Цагаатгалын тухай гэрчлэлээ гэр орондоо болон сүм дээр эсвэл интернэтээр хэн нэгэнтэй хуваалц.

  • Боломж гарвал бүрэн цагийн номлогчидтой хамт хичээл заахдаа Цагаатгалын тухай гэрчлэлээ хуваалц.

  • Өдөр бүр Есүс Христийн Цагаатгалын тухай судруудаас судлах цаг гарга.