Институт
5-р хичээл: Мормоны Ном ямар үүрэгтэй вэ?


5

Мормоны Ном ямар үүрэгтэй вэ?

Оршил

Мормоны Ном нь Есүс Христийн тэнгэрлэг чанарын хүчирхэг нотолгоо бөгөөд бошиглогч Иосеф Смитээр дамжин ирсэн Сэргээлтийн баталгаа юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн олон хүүхдийн амьдралынх нь талаарх “бодгалийн тухай асуултуудад” хариулдаг (Миний сайн мэдээг номло, 121-р хуудсыг үзнэ үү). Хөрвөлтийн нэгэн чухал хэсэг бол Мормоны Ном үнэн хэмээх гэрчийг Ариун Сүнснээс хүлээн авах явдал юм. Ирээдүйн номлогч Мормоны Номоос өдөр бүр судлан, Мормоны Номын талаар хувийн гэрчлэлтэй болж, уг гэрчлэлээ бусадтай хуваалцах туршлага олж авсан байх ёстой.

Нэмэлт бэлтгэл

Заах зөвлөмж

Мормоны Ном нь Есүс Христийн тэнгэрлэг чанарын хүчирхэг нотолгоо мөн.

Суралцагчдыг Мормоны Номоо харахад урь эсвэл ангийнханд номыг харуулахын тулд гартаа барин дээш өргө. Дараа нь дараах асуултыг тавь:

  • Хэрэв та Мормоны Номын талаар юу ч мэддэггүй байсан бол зөвхөн (Есүс Христийн бас нэгэн гэрээ) гарчгийг уншсанаар ямар зүйлийг олж мэдэх байсан бэ?

  • Та уг номоос юуны тухай олж мэднэ гэж бодох байсан бэ?

Суралцагчдыг Мормоны Номын нүүр хуудсыг нээгээд, хоёрдугаар догол мөрийг уншихдаа Мормоны Номыг бичигчид дэлхийнхнийг юунд итгүүлэхийг хүссэнд анхаарлаа хандуулахад урь. Дараа нь асуу:

  • Мормоны Номыг бичсэн хүмүүс дэлхийг юунд итгүүлэхийг хүсч байсан бэ?

Дараах өгүүлбэрийг самбар дээр бич: Мормоны Номын үндсэн зорилго бол Есүс бол Христ гэдэгт бүх хүнийг итгүүлэх явдал мөн.

Ангийнхныг дагаж уншаад, Мормоны Ном ямар арга замаар Есүс Христийн гэрч болдог талаар хайж байх хооронд нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 119-р хуудсан дээрх “Мормоны Ном Христийн тухай гэрчилдэг” гарчигтай хэсгийг чанга уншихад урь.

Дараа нь суралцагчдаас асуу:

  • Мормоны Ном ямар арга замаар Есүс Христийн гэрч болдог вэ?

  • Мормоны Ном хэрхэн Есүс Христийн тухай таны гэрчлэлийг хүчирхэгжүүлж байсан бэ?

Ангийн гишүүдийг ангийнхаа өөр нэгэн гишүүнд Мормоны Номын талаарх хувийн гэрчлэлээ мөн уг номыг уншсанаар болон уг номын талаар залбирснаар олж авсан туршлагаа эсвэл Аврагчийн тухай болон Түүний номлолын тухай дуртай судрын хэсгээ хуваалцахад урь. НБТ-д очихоосоо өмнө тэдний хийж болох хамгийн чухал зүйлсийн нэг бол Мормоны Номыг бүхэлд нь уншиж дуусган, уг ном үнэн эсэх талаар залбирах явдал гэдгийг суралцагчдад хэл. Суралцагчдыг өдөр бүр Мормоны Номыг 30 минут унш гэсэн ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны Сүмийн гишүүдэд өгсөн зөвлөгөөг дагахад урамшуулан дэмж.

Библи, Мормоны Ном хоёр бие биенээ дэмждэг

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 120-р хуудсыг нээхэд урь. Цөөн суралцагчийг “Мормоны Ном, Библи хоёр бие биенээ дэмждэг” гарчигтай хэсгийг ээлжлэн чанга уншихад урь.

Дараа нь асуу:

  • Мормоны Ном, Библи хоёр ямар арга замаар бие биенээ дэмждэг вэ?

  • Яагаад номлогчид Есүс Христийн сайн мэдээнээс суралцахад нь бусдад туслахдаа Мормоны Ном, Библи хоёрыг хоёуланг ашиглах ёстой вэ? (Суралцагчдын хариулт дараах үнэнийг тусгасан байх ёстой: Мормоны Ном, Библи хоёр хамтдаа Есүс Христийн болон Түүний сургаалын гэрч болдог.)

Суралцагчдад энэ ойлголтыг өгөхийн тулд нэг суралцагчаас 2 Нифай 3:12-ыг чанга уншихыг хүс. Өөр нэг суралцагчийг Езекиел 37:15–17-г чанга уншихад урь. Ангийнхныг Библи болон Мормоны Номын аль алиных нь талаар дурдсан үг хэллэгт анхаарлаа хандуулахад урь. Эдгээр судрын хэсгийг уншсаны дараа ангийнхнаас асуу:

  • Эдгээр судар нь хэрхэн хоёул гэрч гэсэн санааг дэмжиж байна вэ?

  • Мормоны Ном, Библи хоёр нэгдсэний үр дүнд ямар ямар адислал ирнэ хэмээн амласан байна вэ?

видео бичлэг шигтгээ зурагМормоны Ном, Библи хоёр хэрхэн хамтдаа Есүс Христийн гэрч болдгийг илүү дэлгэрэнгүй харуулахын тулд нэг суралцагчийг Далын ахлагч Тэд Р.Каллистэрийн хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь эсвэл уг эшлэлийн видео бичлэгийг үзүүл.

Ахлагч Тэд Р.Каллистэр

“Гэхдээ Есүс Христийн талаар заадаг Библи байхад Мормоны Ном байх нь яагаад чухал юм бэ? Бүгдээрээ Библээс заадаг атлаа яагаад дэлхий дээр ийм олон Христийн шашны урсгал байдаг талаар та гайхаж байсан уу? Учир нь тэд Библийг өөр өөрөөр тайлбарладаг. Тэд ижил тайлбарладаг байсан бол дэлхий дээр нэг л сүм байх байсан. Их Эзэн ийм олон урсгалтай байхыг хүсдэггүй бөгөөд төлөөлөгч Паул ‘нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм’ (Ефес 4:5) хэмээн тунхагласан. Нэгэн нэгдмэл байхад туслахын тулд Их Эзэн гэрчүүдийн талаар тэнгэрлэг хуулийг өгсөн. ‘Хоёр буюу гурван гэрчийн амаар үг бүр батлагдах болно’ (2 Коринт 13:1) хэмээн Паул заасан юм.

Библи, Мормоны Ном хоёр хоёулаа Есүс Христийг гэрчилдэг. Яагаад хоёр дахь гэрч ийм чухал байдаг вэ? Дараах жишээ та бүхэнд үүнийг ойлгоход туслах байх аа: Нэг цэгээр дамжин хэдэн шулуун зураас зурж болох вэ? Хариулт нь тоо томшгүй байх болно. Тэр цэгийг Библи гээд, тэдгээр зуу зуун шулуун зураасыг тэдгээр олон сүмийн Библийн өөр өөр тайлбарууд хэмээн төсөөлье.

Харин тэр цаасан дээр Мормоны Ном хэмээн төлөөлөн дахиад нэг цэг тавь. Библи, Мормоны Ном хоёрыг төлөөлсөн энэ хоёр цэгээр дамжин хэдэн шулуун зураас зурж болох вэ? Хариулт нь зөвхөн нэг зураас. Христийн сургаалыг зөвхөн энэ хоёр судар л нэгэн адилаар гэрчилдэг.

Дахин хэлэхэд, Мормоны Ном нь Библийн заадаг сургаалуудыг батлах, тодотгох, нэгтгэх гэрчийн үүрэгтэй бөгөөд ингэснээр бид ‘нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм’-тай байх болно” (“Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном,” Ensign, 2011 оны 5-р сар, 75 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87–89).

Видео бичлэгийг үзүүлчихээд эсвэл эшлэлийг уншиж дуусаад асуу:

  • Есүс Христийн тухай хоёр судрын гэрчтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?

  • Та Мормоны Ном, Библи хоёр хэрхэн хамтран ажилладгийг бусдад заахад туслах ямар зүйлийг ахлагч Каллистэрийн үгээс сурсан бэ?

Израилийн цугларалтад гүйцэтгэх Мормоны Номын үүрэг

Та дараагийн зарчмыг зааж байхдаа хам сэдвийг өгөхийн тулд суралцагчдаар Мормоны Номын нүүр хуудасны хоёрдугаар догол мөрийг дахин уншуулаад, уншигчид “Их Эзэний гэрээнүүдийг тэд мэдэж болохын тул, тэд үүрд зайлуулагдахгүй байна” гэсэн амлалтын доогуур зуруул эсвэл тодруул. Энэ догол мөр нь Израилийн тараагдсан овгийн Бурханы хүүхдүүд цуглах ёстой гэсэн бодит үнэний талаар дурдаж байгаа гэдгийг тайлбарла. Суралцагчдад Бурхан эрт дээр үед Өөрийн хүүхдүүдтэй гэрээнүүд хийсэн гэдгийг сануул. Гэсэн ч Их Эзэн Израилийн овгийн гишүүдийн зөвт бус байдал, эсэргүүцэл тэмцлээс болж тэднийг тараасан.

Суралцагчдад дараах судрын хэсгүүдийн нэгийг оноож өгөөд, Бурханы хүүхдүүд хэрхэн цугларах талаар олж мэдэх даалгавар өг: 1 Нифай 10:14; 3 Нифай 16:4–5 эсвэл 3 Нифай 20:13. Дараа нь дараахтай ижил төстэй асуулт тавин, эдгээр судрын хэсэгт заасан сургаалыг олж тогтооход тусал:

  • Эдгээр судрын хэсэгт цэдэглэгдсэнээр, Израилийн овгийн нэгэн хэсэг болон цуглахын тулд хувь хүмүүст юу тохиолдох ёстой вэ? (Тэд Есүс Христийн мэдлэгт авчрагдах ёстой.)

  • Уг үйл явцад Мормоны Ном ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч тэд дараах үнэнийг олж тогтоосон байх ёстой: Мормоны Ном нь Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн тухай мэдлэгтэй болоход туслан, тэднийг цуглуулахад тус болох зэмсэг болдог.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн Израилийн цугларалтад гүйцэтгэх Мормоны Номын үүргийн талаар онцлон хэлсэн дараах үгийг унш.

Ахлагч Брүс Р.Макконки

“Израилийн цугларалтын талаар дурдахад, Мормоны Ном бол өмнө бичигдсэн байсан эсвэл хэзээ нэгэн цагт бичигдэх бүх номоос хамгийн чухал нь юм. Энэ бол Израилийг цуглуулан, цугларалтын талаарх сургаалыг энгийн хийгээд төгс байдлаар илчилдэг ном билээ. … Мормоны Ном бол хүмүүсийг сайн мэдээнд итгэн, Сүмд нэгдэхэд хүргэдэг ном бөгөөд эдүгээ хүртэл бидний харснаар Израилийн цугларалтыг авчрах хүчин юм” (A New Witness for the Articles of Faith [1985], 554).

Дараа нь дараахтай адил асуултуудыг тавь:

  • Номлогчид Израилийн овгийг цугларахад хэрхэн гар бие оролцдог вэ? (Бусдыг итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгаа болон эцсээ хүртэл тэвчихээр дамжуулан Христэд ирүүлэхийн тулд тэдэнд Мормоны Номыг судалж, ойлгоход нь тусалдаг.)

  • Яагаад номлогчид Христэд ирэхэд нь бусдад туслахдаа Мормоны Номыг ашиглаж байх нь чухал вэ?

Мормоны Номын талаар гэрчлэлтэй болох нь хөрвөлтийн нэн чухал хэсэг мөн

Нэг суралцагчийг төлөөлөгч Парлей П.Праттын хувийн намтраас авсан дараах түүхийг чанга уншихад урь. Уг түүх дээр тэрээр Мормоны Номыг анх удаа уншихдаа олж авсан туршлагаа тайлбарласан байдаг:

Ахлагч Парлей П.Пратт

“Би уг номыг ихэд сонирхон нээгээд, нүүр хуудсыг нь уншив. Дараа нь би энэ номыг хэрхэн олж мөн орчуулсантай холбоотой хэд хэдэн гэрчийн гэрчлэлийг уншлаа. Үүний дараа би үүнийг дэс дарааллаар нь уншиж эхэлсэн юм. Би бүхэл өдөржингөө уншив. Хоол идэх ч тээртэй санагдаж байсан учраас идэх ч хүсэл төрөхгүй байлаа. Би унтахын оронд унших хүсэлтэй байсан учраас шөнө болоход нойр маань хулжсан байв.

“Уншиж байхад минь Их Эзэний сүнс над дээр ирэн, уг ном үнэн гэдгийг хүмүүн Тэрээр үнэхээр байдаг гэдгийг мэддэг шиг энгийн, тов тодорхой байдлаар мэдэж, ойлгосон юм” (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt [1874], 38).

  • Их Эзэний Сүнс Парлей П.Праттад Мормоны Номыг уншиж байхад нь хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Та Мормоны Номын тодорхой судар эсвэл хэсгийг уншиж байхад Сүнс нөлөөлж байсан үеийнхээ тухай хуваалцаж болох уу?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло, 118-р хуудасны дараах өгүүлбэрийг доогуур нь зурахад эсвэл тодруулахад урь. “Сүнстэй нэгдсэн Мормоны Ном бол хөрвүүлэг дэх таны хамгийн хүчирхэг эх сурвалж юм.” Суралцагчдад энэ үнэнийг ойлгоход туслахын тулд Миний сайн мэдээг номло гарын авлагын 122-р хуудсан дээрх “Мормоны Ном хүмүүсийг Бурханд ойртуулдаг” хэсгийг уншихад урь. Дараа нь асуу:

  • Миний сайн мэдээг номло гарын авлагын энэ хэсэгт дурдсанаар, Мормоны Номыг судалж эхлэхэд хүнд ямар тодорхой зүйлс тохиолддог вэ?

  • Сонирхогчдод Мормоны Номыг судалж, үүний талаар гэрчлэлтэй болоход туслах нь яагаад номлогчийн хамгийн чухал зорилгуудын нэг вэ?

Тэд номын хуудаснаас амьдралын хамгийн чухал асуултуудын хариултыг олоход нь сонирхогчдод тусалснаар тэдэнд Мормоны Номын хөрвүүлэгч хүчийг мэдрэхэд тусална гэдгийг ангийнханд тайлбарла. Цөөн суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 121–122-р хуудсан дээрх догол мөрүүд болон асуултуудыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас “бодгалийн тухай асуултууд” гэх үг хэллэгийн утгыг олж мэдэхийг хүс. Дараа нь дараах асуултыг ярилц.

  • “Бодгалийн тухай асуултууд” гэх үг хэллэг таны хувьд ямар утгатай вэ?

Самбар дээр дараах үнэнийг бич.

Мормоны Номын сургаалууд бодгалийн тухай асуултуудад хариулдаг.

Дараах асуултуудыг суралцагчидтай ярилц.

  • Та бодгалийн тухай асуултынхаа хариултыг олохын тулд Мормоны Номыг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Та Мормоны Номоос бодгалийн тухай асуултуудынхаа ямар хариултыг олсон бэ?

Ангийнханд бодгалийн тухай асуултын хариултыг олохын тулд Мормоны Номыг хэрхэн ашиглаж болох богино үзүүлбэрийг үзүүлэх талаар бодож үз. Миний сайн мэдээг номло гарын авлагын 121–122-р хуудсан дээрх асуултуудаас нэгийг сонго. Асуулттай хамт жагсаасан Мормоны Номын хэсгүүдийг ашиглан, таны сонгосон асуултад Мормоны Ном хэрхэн хариулж байгааг нотлон харуул. Түүнчлэн асуултынхаа хариултыг олохын тулд хэрхэн Topical Guide, Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж-ийг ашиглаж болохыг харуулах талаар бодож үз. Мөн ангийнхантайгаа Мормоны Ном тэдэнд болон тэдний сонирхогчдод асуултынхаа хариултыг олоход хэрхэн тусалдаг талаарх сэтгэгдлээ хуваалц.

Суралцагчдад энэ загварыг өгснийхөө дараа тэднийг үүнтэй адил үйл явцыг дагахад урь. Жагсаалтаас нэг асуулт сонгоод, асуултад хариулах сургаал эсвэл зарчмыг олохын тулд Мормоны Номын холбогдох хэсгийг уншихыг тэднээс хүс. Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа олж мэдсэн зүйлээ өөр нэг суралцагчтай хуваалцахад тэднийг урь. Хуваалцаж дууссаны дараа, дараах асуултыг ярилц:

  • Номлогчид сонирхогчдод бодгалийн тухай асуултын хариултыг олоход нь туслахдаа Мормоны Номыг хэрхэн ашиглаж болох вэ?

видео бичлэг шигтгээ зурагМормоны Ном хэрхэн бодгалийн тухай асуултуудад хариулдаг болохыг харуулахын тулд “A Book of Mormon Story” видео бичлэгийг үзүүл. Суралцагчдаас Мормоны Ном Күк ахыг Сүмд нэгдэхээс өмнө түүний зарим асуултад хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс.

Видео бичлэгийн дараа, дараах асуултуудыг тавьж болно.

  • Күк ахыг Мормоны Номоос уншиж байхад түүнд байсан ямар ямар чухал асуултын хариулт ирсэн бэ?

  • Эдгээр асуултынхаа хариултыг олсон нь түүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

Суралцагчдыг өөрсдөд нь эсвэл найзад нь байгаа сайн мэдээтэй холбоотой чухал асуултынхаа талаар бодож үзэхэд урь. Тэднийг Мормоны Номыг судлах үед Их Эзэн тэдэнд асуултынхаа хариултыг олоход тусална гэдгийг гэрчил.

Мормоны Ном нь Сэргээлтийн үнэн бодит байдлыг нотолдог

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 117-р хуудаснаас эхлээд 118-р хуудасны хүснэгт хүртэл үргэлжлэх “Мормоны Ном бол манай шашны шаантаг чулуу” гарчигтай хэсгийг ээлжлэн чанга уншихад урь. Тэднийг уншиж байх хооронд тэднээс Мормоны Номын ач холбогдлын талаар хэлсэн Иосеф Смитийн мэдэгдлийн тухай тунгаан бодохыг хүс. Дараа нь асуу:

  • Мормоны Ном нь ямар арга замаар “гэрчлэлийн суурь” болдог вэ?

  • Яагаад дайсан Мормоны Номыг эсэргүүцэн, хүмүүст уншихад нь саад болох гэж оролддог вэ? (Учир нь энэ бол манай шашны тулгуурын чулуу.)

Энэ дэлхий дээр маш олон хүн Иосеф Смитийн түүх ба Мормоны Номын гарал үүсэлд итгэдэггүй гэдгийг тайлбарла. Номлогчид Мормоны Номын тэнгэрлэг гарал үүслийн талаарх сонирхогчдын эргэлзээний талаар ярилцахад бэлтгэгдсэн байх ёстой.

Ангиараа Миний сайн мэдээг номло гарын авлагын 123–124-р хуудсан дээрх “Эсэргүүцлүүдэд хариулахын тулд Мормоны Номыг ашигла” гарчигтай хэсгийг унш. Суралцагчдаас эргэлзээтэй эсвэл асуудалтай сонирхогчдын итгэлийг хүчирхэгжүүлэхэд туслах зөвлөгөөг олж мэдэхийг хүс. Суралцагчдад уншсан зүйлээсээ зарчмыг олж тогтооход нь туслахын тулд дараахтай адил асуултуудыг тавь:

  • Ерөнхийлөгч Бэнсоны хэлснээр, яагаад бидний сүсэг бишрэлийн талаар асуудалтай, эргэлзэж явдаг хүнд Мормоны Ном үнэн эсэхийг олж мэдэх нь чухал вэ?

  • Ямар арга замаар Мормоны Ном хувь хүнд сүнслэг байдалтай холбоотой асуудал, эргэлзээг нь шийдвэрлэхэд тусалж болох вэ?

Суралцагчдын олж тогтоосон зарчмуудыг нэгтгэн дүгнэх зорилгоор та дараах зарчмыг самбар дээр бичиж болно: Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэлийг хүлээн авах нь сонирхогчдод сүнслэг байдалтай холбоотой асуудал, эргэлзээгээ шийдвэрлэхэд тусална.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) дараах мэдэгдлийг үзүүлээд, цөөн суралцагчаар нэг эсвэл хоёр догол мөрөөр ээлжлэн чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Бид бусдыг Мормоны Номыг уншихад урамшуулан дэмжих болгондоо тэдэнд тус хүргэж байдаг. Хэрэв тэд залбиран, үнэнийг мэдэх үнэн хүсэлтэй унших юм бол тэд Сүнсний хүчээр энэ ном үнэн гэдгийг мэднэ.

Уг мэдлэгээс өөр бусад олон зүйл үнэн гэсэн итгэл үнэмшил ундран гарах болно. Хэрэв Мормоны Ном үнэн юм бол Бурхан амьд гэсэн үг. …

Хэрэв Мормоны Ном үнэн юм бол Есүс үнэхээр бидний Гэтэлгэгч, дэлхийн Аврагч мөн гэсэн үг. Мормоны Ном дээр өгүүлсэнчлэн уг ном хадгалагдаж, ирсэн үндсэн зорилго бол ‘өөрийгөө бүх үндэстнүүдэд үзүүлэх тэр Есүс бол Христ, Мөнхийн Бурхан хэмээн Иудей болон харийнханд итгүүлэх’ явдал мөн. (Мормоны Номын нүүр хуудас.) …

Хэрэв Мормоны Ном үнэн юм бол Иосеф Смит Их Эзэний тэнгэрлэг байдлын тухай гэрчлэлийг гэрэлд авчрахад Бурханы мутар дахь зэмсэг болсон Бурханы бошиглогч байсан гэсэн үг. …

Хэрэв Мормоны Ном үнэн юм бол энэхүү ариун нандин цэдгээр гэрэлд авчрагдсан тэрхүү эрх мэдэл өнөөдөр бидний дунд байгаа учраас Сүм үнэн гэсэн үг. Энэ бол Палестинд Аврагчийн байгуулсан Сүмийн сэргээлт юм. Энэ бол энэхүү ариун нандин цэдэгт тайлбарласнаар, Аврагчийн энэ тивд айлчлахдаа байгуулсан Сүмийн сэргээлт юм” (“The Power of the Book of Mormon,” Ensign, 1988 оны 6-р сар, 6).

Дараах асуултуудыг тавих талаар бодож үз.

  • Яагаад сонирхогч, номлогч, гишүүдэд Мормоны Номын талаарх гэрчлэлтэй болох чухал вэ?

  • Мормоны Номын үнэн байдал нь хэрхэн Иосеф Смит Бурханы бошиглогч байсан гэдгийг баталдаг вэ? (Матай 7:13–15-ыг үзнэ үү).

  • Таны Мормоны Номын талаарх гэрчлэл хэрхэн Сэргээлтийн мөнхийн ач холбогдлыг зүрх сэтгэлд тань батлан өгч байсан бэ?

Мормоны Ном бол Сэргээлтийн үнэн бодит байдлын баталгаа мөн талаарх өөрийн гэрчлэлийг хуваалцах тухай бодож үз. Цөөн суралцагчийг Мормоны Номын тухай гэрчлэлээ хуваалцан, яагаад тэд бусдад Мормоны Номоос уншиж, уг номын талаар залбирахад туслахдаа баяртай байдгаа тайлбарлахад урин, хичээлээ өндөрлө.

Үйлдэх урилга

Бүрэн цагийн номлолд бэлдэх хамгийн сайн арга зам бол яг одооноос эхлэн номлолын ажлыг хийж эхлэх гэдгийг ирээдүйн номлогчдод сануул. Ангийн гишүүдийг дараах зүйлсийг хийх хувийн зорилго тавихад урь.

  • Урьд нь Мормоны Номыг уншиж байсан ч дахин уншиж дуусган, үнэн эсэхийг мэдэхээр залбирах;

  • Өдөр бүр Мормоны Номоос унших дадал хэвшилтэй болох;

  • Ирэх долоо хоногт хэн нэгэнд Мормоны Номыг танилцуулан (биечлэн уулзах юм уу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан), тэднийг уншиж, уг номын талаар залбирахад урих зэрэг юм.