8
Сэргээлтийн захиасыг заах нь (2-р хэсэг)
Оршил
Сэргээлтийн захиас нь Есүс Христийн сайн мэдээ бөгөөд үүнд бошиглогч Иосеф Смитээр дамжин дэлхийд сэргээгдсэн мөнхийн сургаал, санваарын эрх мэдэл, авралын ёслолууд ордог. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ буюу сайн мэдээний эрин үе бүрд илчлэгдэж байсан тэрхүү сайн мэдээгээр дамжуулан Бурханы бүх хүүхэд мөнх амьдралыг хүлээн авч чадна. Ирээдүйн номлогчид Урвалт, Сэргээлтийн тухай ойлголтуудыг сайн ойлгосон байх ёстой бөгөөд тэдгээрийг энгийнээр тайлбарлаж, хүчтэй гэрчлэхэд бэлтгэгдсэн байх хэрэгтэй.
Нэмэлт бэлтгэл
-
Моронай 10:3–5 болон Иосеф Смит—Түүх 1:1–19-ийг судал.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 39–42-р хуудсыг үзнэ үү.
-
Гордон Б.Хинкли, “The Marvelous Foundation of Our Faith,” Ensign эсвэл Liahona, 2002 оны 11-р сар, 78–81-ийг судал.
-
lds.org/media-library вэбсайт дээрх “‘Ирцгээ, Бурханы хөвгүүд та нар,’ 1-р хэсэг” (1:17) мөн “‘Ирцгээ, Бурханы хөвгүүд та нар,’ 2-р хэсэг”(2:00; ерөнхийлөгч Томас С.Монсоны үгээс авсан хэсгүүд, Ensign, 2013 оны 5-р сар, 66–69 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80–83) видео бичлэгүүдийг үзүүлэхэд бэлд.
-
Хичээлийн төгсгөлд байгаа “Бидний итгэлийн гайхамшигт суурь” гарчигтай тараах материалыг бэлд.
Заах зөвлөмж
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харсан Иосеф Смитийн үзэгдэл
Ерөнхийлөгч Томас С.Монсоны Элмэр Поллардын хөрвөлтийн түүхийг хуваалцсан “Ирцгээ, Бурханы хөвгүүд та нар” үгийн эхний видео бичлэгийг үзүүл.
“Тавь гаруй жилийн өмнө намайг Канадад номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхад, хөдөөний жижиг тосгоноос ирсэн нэгэн залуу номлогч Торонто хэмээх том хотын сүрийг хараад алмайрч билээ. Тэр бие жижигтэй ч хүчтэй гэрчлэлтэй номлогч байсан. Ирээд удаагүй байхдаа тэрээр хамтрагчтайгаа Канадын Онтариогийн Ошава хотод Элмэр Поллардын гэрт очсон байна. Ноён Поллард хүчтэй цасан шуурганаар хаалга тогшиж явсан хоёр залууг өрөвдсөндөө гэртээ оруулжээ. Тэд захиасаа түүнд танилцуулсан боловч тэр сүнсийг мэдэрсэнгүй. Эцэст нь тэр тэднийг гэрээс нь яваад дахиж ирэхгүй байхыг хүслээ. Номлогчдыг довжооноос үдэхдээ тохуурхаж хэлсэн сүүлчийн үгс нь: ‘Та нар надад Иосеф Смитийг Бурханы бошиглогч байсан гэдэгт үнэхээр итгэдэг гэж хэлээд байхдаа яахав дээ!’ гэсэн үгс байв.
Хаалга ч хаагдав” (“Ирцгээ, Бурханы хөвгүүд та нар,” Ensign, 2013 оны 5-р сар, 68 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80–83).
Видео бичлэгийг үзүүлсний дараа асуу:
-
Хэрвээ та нар эдгээр номлогчийн нэг байсан бол ноён Поллардын гэрээс гарах үед танд ямар бодол, мэдрэмж төрөх байсан бэ?
-
Та нар тэр үед юу хийх байсан бэ?
Ерөнхийлөгч Монсоны ярьсан түүхийн үлдсэн хэсгийг агуулсан хоёр дахь видео бичлэгийг үзүүл.
“Номлогчид зам даган алхлаа. Манай хөдөөний хүү хамтрагчдаа хандан: ‘Хамтрагч аа, бид ноён Поллардад хариулаагүй юм байна шүү дээ. Тэр биднийг Иосеф Смит үнэн бошиглогч байсан гэдэгт итгэдэггүй гэж хэлсэн. Буцаж очоод түүнд гэрчлэлээ үлдээцгээе’ гэж хэлжээ. Илүү туршлагатай номлогч нь эхэндээ эргэлзэж байснаа хамтрагчийнхаа саналыг дагахаар шийдэв. Тэд дөнгөж саяхан хөөгдөж гарсан айл руугаа айдастайгаар эргэж очоод, хаалгыг тогшлоо. Ноён Поллард гарч ирэхэд эвгүй байдалтай хэсэг хүлээсний эцэст, Сүнсний хүчээр манай туршлагагүй номлогч ярьж эхлэх нь тэр: ‘Ноён Поллард, та биднийг Иосеф Смит Бурханы бошиглогч байсан гэдэгт үнэндээ итгэдэггүй гэж хэлсэн. Би танд Иосеф бошиглогч байсан гэдгийг гэрчилж байна. Тэр үнэхээр Мормоны Номыг орчуулсан. Тэр Бурхан Эцэг мөн Түүний Хүү Есүсийг харсан. Би үүнийг мэднэ.”
Хэсэг хугацааны дараа ноён Поллард, одоо бол Поллард ах, санваарын цуглаан дээр босоод, ийнхүү тунхаглажээ: ‘Тэр шөнө би унтаж чадаагүй. Миний чихэнд: “Иосеф Смит Бурханы бошиглогч байсан. Би үүнийг мэднэ. Би үүнийг мэднэ. Би үүнийг мэднэ” гэдэг үгс давтагдаад л байсан. Маргааш нь би номлогчид руу залгаад буцаж ирэхийг хүссэн. Тэдний захиас мөн гэрчлэл миний болон гэр бүлийн маань амьдралыг өөрчилсөн юм” гэжээ (“Ирцгээ, Бурханы хөвгүүд та нар,” Ensign, 2013 оны 5-р сар, 68 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 82).
Асуу:
-
Яагаад уг номлогчийн бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчлэл ноён Поллардад тийм гүн гүнзгий нөлөөлсөн гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдыг Агуу Үнэт Сувд дээрх Иосеф Смит—Түүхийг нээхэд урь. Нэг суралцагчийг 5–6-р шүлгийг, өөр нэг суралцагчийг 7–9-р шүлгийг чанга уншихад урь. Дараа нь суралцагчдаас асуу:
-
Та нар эдгээр шүлгийг хэрхэн нэг эсвэл хоёр өгүүлбэрт багтаан, нэгтгэн дүгнэж хэлэх вэ?
Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:10-ыг чанга уншихад урь. Шүлгийг унших үед суралцагчдаас Иосеф Смитийн шашны үнэний төлөөх эрэл хайгуул тэдний номлолдоо уулзах олон хүний эрэл хайгуултай хэрхэн адилхан талаар бодож үзэхийг хүс. Дараа нь асуу:
-
Иосеф Смитэд хариултыг нь олоход ямар ямар хэцүү асуулт байсан бэ?
-
Аль сүмд нэгдэх тухай шийдвэр гаргахад Иосеф Смитэд юу саад болж байсан бэ?
-
Иосеф Смитийн асуултууд өнөөдрийн дэлхий дээрх хүмүүсийн асуултуудтай хэрхэн адилхан байна вэ?
Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:11–13-ыг чанга уншихад урь. Дараа нь асуу:
-
Иосеф Смит сүнслэг үнэнийг хэрхэн олох талаар ямар зарчим олж мэдсэн бэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч дараах зарчмыг хэлэх болно: Хэрэв бид хариулт авахаар Бурханд залбирч, үйлдэхэд бэлэн байвал Түүнээс сүнслэг үнэнийг сурч авна.)
-
Та сүнслэг үнэнийг олохыг хүсэж байгаа хүмүүст туслахдаа Иосеф Смитийн жишээг хэрхэн ашиглаж болох вэ?
Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:14–19-ийг дотроо уншихад урь. Тэднийг уншиж байх хооронд Анхны үзэгдлийн дэлхийд болон тэдний хувийн амьдралд үзүүлсэн мөнхийн үр нөлөөний талаар бодож үзэхэд урь. Тэдэнд уншиж дуусах цаг гаргаж өгсний дараа, дараахтай адил асуултуудыг тавь:
-
Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг үзэгдэхээс өмнө дайсан ямар шалтгаанаар Иосеф Смит рүү дайрсан байж болох вэ? (Дайсан Иосефт сүнслэг үнэнээс суралцахад нь саад болсноор Сэргээлтийг тохиолгохгүй байхыг хүссэн.)
-
Анхны үзэгдэл ямар арга замаар Их урвалтын үр дагавруудыг ялан дийлж эхэлсэн бэ? (Энэ үнэнийг суралцагчдад онцол: Анхны үзэгдлээр дамжуулан тэнгэрүүд дахин нээгдэж, Сэргээлт эхэлсэн.)
-
Анхны үзэгдлээс мургаалын ямар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Эцэг, Хүү хоёр тусдаа биес мөн тэнгэрүүд нээгдсэн, бид илчлэлт хүлээж авч болно гэх мэт.)
-
Яагаад Миний сайн мэдээг номло гарын авлага нь сонирхогчтой анх уулзахдаа Анхны үзэгдлийн тухай заахыг номлогчдод зөвлөсөн байдаг вэ?
-
Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христийн үзэгдлийн тухай мэдэж авах нь сүнслэг үнэнүүдийг эрж хайхад сонирхогчдод хэрхэн туслах вэ?
Суралцагчдад Анхны үзэгдлийн ач холбогдлын тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд туслахын тулд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн үгийг агуулсан “Бидний итгэлийн гайхамшигт суурь” тараах материалыг тарааж өг.
Нэг суралцагчийг эхний гурван догол мөрийг чанга уншихад урь. Дараа нь асуу:
-
Яагаад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн “бүхий л хүчин чадал” Анхны үзэгдлийн үнэн бодит байдал дээр тулгуурлагдсан байдаг вэ? (Хэрэв Иосеф Смитийн үзэгдлийн тухай түүх үнэн юм бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бүрэн зөвшөөрөл, эрх мэдлийг хүлээн авсан дэлхий дээрх цорын ганц сүм гэсэн тунхаглал үнэн болохыг суралцагчид ойлгосон байх ёстой.)
-
Ерөнхийлөгч Хинклигийн хэлснээр, Иосеф Смитийн ажил шүтлэг бишрэлийн зан үйл, сургаалын номлолыг шинэчлэн өөрчилсөн өмнөх шашны удирдагчдын ажлаас юугаараа ялгаатай вэ?
Суралцагчдад тараах материалын үлдсэн хэсгийг дотроо унших цаг гаргаж өг. Тэднийг уншиж байх хооронд, онцгой санагдсан үг, хэллэг, өгүүлбэрүүдийг тэмдэглэж авахад урамшуулан дэмж. Суралцагчдыг уншиж дууссаны дараа, цөөн суралцагчийг юу тэмдэглэж авснаа хуваалцаад, яагаад энэ нь тэдэнд чухал санагдсаныг тайлбарлахад урь. Дараахтай адилхан асуултуудыг тавих талаар бодож үз:
-
Яагаад зарим хүнд Иосеф Смитийн үзэгдлийн бүрэн байдлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг вэ?
-
Өмнөх хичээлээр судалсан зарчмуудаа бодож үзэхэд, Анхны үзэгдэл нь эрин үеийн болон Урвалт, Сэргээлтийн загварт хэрхэн багтаж байна вэ? (Урвалтын цаг үеийн дараа Анхны үзэгдэл Сэргээлтийн болон сайн мэдээний шинэ эрин үеийг эхлүүлсэн юм. Өмнөх эрийн үеүдийн адил бошиглогч сайн мэдээний үнэнүүд, санваарын эрх мэдлийг сэргээхээр Бурханаар дуудагдсан. Иосеф Смитийг “цагийн дүүрний” [Ефес 1:10] бошиглогч хэмээн нэрлэжээ. Энэ нь сайн мэдээ Урвалтаас болж алга болохгүй, харин Христийн Хоёр дахь ирэлтийг хүртэл дэлхий дээр байна гэсэн утгатай.)
-
Урвалт, Сэргээлтийн тухай судрын загварыг ойлгоход сонирхогчид туслах нь Анхны үзэгдлийн болон сайн мэдээний сэргээлтийн үнэн бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд түүнд хэрхэн туслах вэ?
Ангийнхныг Миний сайн мэдээг номло гарын авлагын 40-р хуудсыг нээн, хуудасны хамгийн сүүлийн гурван догол мөрийг дотроо уншаад, Сэргээлтээр дамжин сэргээгдсэн эсвэл дахин зохион байгуулагдсан зүйлсийг олж мэдэхэд урь. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс: Ангийнхан (1) санваарын эрх мэдэл, түлхүүр, ёслолуудын сэргээлт, (2) Христийн Сүмийн дахин зохион байгуулалт, (3) Арванхоёр төлөөлөгчийг дуудсан, (4) сайн мэдээний шинэ эрин үеийн эхлэл, (5) амьд бошиглогчийг дуудсан зэргийг дурдсан байхад анхаар.
Анхны үзэгдлийн үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад туслахын тулд ангийнхнаас дараахтай адил асуултуудад хариулахыг хүс.
-
Та Анхны үзэгдлийн үнэн бодит байдал болон ач холбогдлын талаар хэрхэн гэрчлэлтэй болсон бэ?
-
Анхны үзэгдлийн талаарх та нарын гэрчлэл Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтэд итгэх таны итгэлд хэрхэн нөлөөлсөн бэ?
Суралцагчдаас ангийнхантайгаа Анхны үзэгдэл эсвэл Сэргээлтийн тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асуу.
Ангийг хос хосоор нь хуваарил. Суралцагчдыг дөрөв дөрвөөр нь жижиг бүлэг болгон (бүлэг бүрд хоёр хос байхаар) зохион байгуул. Суралцагчдад Анхны үзэгдэл ба Сэргээлтийн талаар гурваас дөрвөн минутын богинохон хичээл заахад бэлдэх хангалттай цаг гаргаж өг. Тэд энгийн мөн тодорхой заах хэрэгтэй гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 39–40-р хуудсан дээрх эсвэл Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт нэртэй номлогчид зориулсан товхимлын 11-р хуудсан дээрх материалыг уншихад урь. Суралцагчдыг Иосеф Смитийн туршлагыг өөрийн үгээр тайлбарлахад урамшуулан дэмж (Иосеф Смит—Түүх 1:16–17-оос уншихаас бусад үед). Тэдэнд гэрчлэлээ хуваалцаж дуусгахыг сануул. Бүлэг бүрийн нэг хосод нөгөө нэг хосдоо заах даалгавар өг.
Суралцагчдыг зааж дууссаны дараа, бүлэг бүрийг зааж байхдаа юуг сайн заасан мөн хэрхэн илүү сайн зааж болох байсан талаар өөр хоорондоо ярилцахад урь.
Дараа нь дүрээ солиод, нөгөө хосдоо заах боломж олго. Саналаа хэлэх цаг гаргахад анхаар. Хос бүр зааж дууссаны дараа ангийн гишүүдийг өөрсдийн туршлагаас төрсөн сэтгэгдлийг ангийнхантайгаа хуваалцахад урь.
Иосеф Смитийн бичсэн Анхны үзэгдлийн тухай өөр өөр түүхийн талаарх хэцүү асуултуудад хэрхэн хариулах тухай мэдэж авах нь суралцагчдад тус болж болно. Иосеф Смит—Түүх дээр гардаг Анхны үзэгдлийн түүхийг бошиглогч 1838 онд дэлхий даяар хэвлэгдэн гаргасан Сүмийн албан ёсны түүхийн нэг хэсэг болгон бичсэн гэдгийг тайлбарла. Иосеф Смит өөрийн энэ туршлагын талаар олон удаа бичсэн учраас Анхны үзэгдлийн тухай өөр түүхүүд ч мөн байдаг. Түүх бүрийн онцолсон зүйлс мөн хэсгүүд өөр өөр байдаг гэдгийг тайлбарла. Зарим шүүмжлэгч өөр өөрөөр ярьсан нь худал болохын нотолгоо хэмээн цэц булаацалддаг. Гэсэн хэдий ч, хувь хүн олон жилийн туршид өөр өөр нөхцөл байдалд, өөр өөр хүмүүст болсон явдлаа ярихдаа ярьсан түүх бүрдээ тухайн үйл явдлын аль нэгэн хэсгийг онцлон, өвөрмөц мэдээлэл оруулсан байдаг. Жишээлбэл, Анхны үзэгдлийн түүх дээр ажиглагдсан ялгаанууд Дамаскийн зам дээрх Паулын үзсэн үзэгдлийн тухай түүх дээр мөн адил гардаг (Үйлс 9:3–9; 22:6–11; 26:12–18-ыг үзнэ үү).
Мормоны Номыг уншихад бусдыг урих нь
Нэг суралцагчийг Мормоны Номын удиртгалын сүүлийн хоёр догол мөрийг уншихад урьж, энэ хэсгийн ач холбогдлыг тодорхойл. Суралцагчдыг Мормоны Номыг уншиж, тунгаан, Бурханаас үнэн эсэхийг асуух хүмүүст өгөгддөг амлалтуудыг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 41-р хуудсыг нээн мөн нэг суралцагчийг “Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ” хэсгийн эхний догол мөрийг чанга уншихад урь: Дараах асуултыг тавин, суралцагчдад энэ догол мөрөнд заасан зарчмыг олж тогтооход тусал:
-
Яагаад Мормоны Ном номлогчдын хувьд үнэ цэнтэй, хүчирхэг зэмсэг нь байдаг вэ? (Мормоны Ном нь үүрдийн сайн мэдээг агуулдаг ба Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсны баттай нотолгоо бөгөөд Есүс Христийн бас нэгэн гэрээ гэдгийг олж харахад суралцагчдад тусал. (С ба Г 20:8–11-ийг үзнэ үү.)
Суралцагчдад энэ сургаалыг илүү сайн ойлгоход туслахын тулд дараахтай адил цөөн асуулт тавь:
-
Яагаад Мормоны Ном нь Иосеф Смит бол бошиглогч гэдгийн баттай нотолгоо болдог вэ? (Хэрэв хэн нэгэн хүн Мормоны Ном үнэн гэдэг дүгнэлтэд хүрвэл Иосеф Смит үүнийг олж, орчуулахын тулд тэнгэрлэг удирдамжийн дагуу үйлдсэн мөн Бурханы бошиглогч байсан гэсэн дүгнэлтэд мөн адил хүрнэ.)
-
Сонирхогчид Мормоны Номыг уншиж, үнэн гэсэн гэрчлэлтэй болсноороо хэрхэн адислагддаг вэ? (Тэд Иосеф Смит бол бошиглогч гэдгийг мэдэж авч, Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийг хүлээн зөвшөөрч, авралын ёслолуудыг хүлээн авахад бэлтгэгдэнэ.)
Нэг суралцагчийг Моронай 10:3–5-ыг чанга уншихад урь. Дараах асуултыг тавь:
-
Хувь хүн Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэлтэй болохын тулд ямар алхмуудыг хийх ёстой вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч дараах зарчмыг хэлэх болно. Бид Мормоны Номыг уншин, тунгаан бодож, энэ талаар үнэн хүсэлтэйгээр залбирах юм бол Бурхан үүнийг үнэн гэдгийг Ариун Сүнсний хүчээр илчлэх болно.)
-
“Үнэн хүсэлтэйгээр асуух” (Моронай 10:4) гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Ариун Сүнсээр дамжуулан хариултаа хүлээн авахыг чин сэтгэлээсээ хүсэх мөн хариултынхаа дагуу үйлдэх амлалт өгөх гэсэн утгатай.)
Сонирхогч Мормоны Номыг уншин, уг ном нь үнэн эсэхийг үнэн хүсэлтэйгээр залбирч асуух нь яагаад чухал болохыг харуулахын тулд “Invitation to Read the Book of Mormon: Jynx” (8:06) видео бичлэгийг үзүүл.
Видео бичлэгийг 0:55 минут дээр зогсоогоод, ангийнхнаас хэрэв тэд Жинкст зааж байсан номлогчдын нэг байсан бол тэдэнд ямар бодол, мэдрэмж төрөх байсан талаар тунгаан бодохыг хүс. Цөөн суралцагчаас түүнд юу гэж хэлэх байснаа хуваалцахыг хүс.
Видео бичлэгийн үлдсэн хэсгийг үзүүлж байх хооронд, сонирхогчид Мормоны Ном үнэн гэсэн гэрчлэлтэй болохын тулд ямар учраас Мормоны Номыг уншиж, залбирах ёстойг олж мэдэхэд ангийн нэг хэсгийг урих талаар бодож үз. Үлдсэн хэсгийг Жинкст Мормоны Номыг унших сэдлийг төрүүлэхэд түлхэц болсон номлогчдын хэлсэн үгийг олж мэдэхэд урь. Видео бичлэгийг үзүүлсний дараа суралцагчидтай дараах асуултуудыг ярилц:
-
Номлогчид Жинкст Мормоны Номыг уншин, уг номын талаар залбирах сэдэл төрүүлсэн ямар зүйлийг хэлж, хийсэн бэ?
-
Номлогчид өөрсдийнхөө үгийг гэрчлэх Ариун Сүнсийг урьсан ямар зүйлийг хэлж, хийсэн бэ?
-
Сонирхогчид Мормоны Номыг уншин, уг номыг үнэн эсэхийг мэдэхийн тулд залбирах нь яагаад чухал вэ? (Номлогчдын хувьд зөвхөн Мормоны Номыг тараах нь хангалттай биш гэдгийг суралцагчид ойлгосон байхад анхаар. Номлогчийн үүрэг бол Мормоны Номыг уншин, уг номын талаар залбирахын ач холбогдлыг мэдэрснээр Иосеф Смит Бурханы бошиглогч байсан мөн Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн гэдгийг олж мэдэхэд бусдад туслах болно.)
Ангийнханд хэн нэгнийг Мормоны Номыг уншихад урин жүжигчлэн тоглох боломж гарна гэдгийг хэл. Мормоны Номыг танилцуулах, уг номыг унших мөн үнэн эсэхийг мэдэхийн тулд залбирах урилгыг хэрхэн өгч байгааг харуул. Дараа нь ангийнхныг хос хосоор нь хуваарил эсвэл энэ гарын авлагын оршил хэсгийн “Заах үйл ажиллагаанууд” дээр байгаа бусад заах санаанаас ашиглах талаар бодож үз.
Сонирхогчдыг Мормоны Номыг уншин, уг номын үнэн эсэхийг мэдэхийн тулд залбирахад хэрхэн урих талаар бэлдэх цагийг суралцагчдад гаргаж өг. Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 42-р хуудасны дунд хэсэгт байх “Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг мэдэхийн тулд залбир” гарчигтай хэсгийг уншихад урь. Түүнчлэн суралцагчид Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт нэртэй номлогчид зориулсан товхимлын 15-р хуудсыг ашиглаж болно. Тэд Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцаж, уг номыг уншин, үнэн эсэх талаар залбирах урилгыг өгөн, үйл ажиллагаагаа дуусгах ёстой.
Бүх суралцагчид Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцан, уг номыг уншиж, залбирах урилга өгөх дадлага хийх боломж олгосны дараа ангийн гишүүдээс туршлагаасаа төрсөн сэтгэгдлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс.
Хичээлийн төгсгөлд суралцагчдад бүрэн цагийн номлогчоор үйлчилж эхлэхээсээ өмнө Мормоны Номыг уншин, уг номын талаарх өөрийн гэрчлэлийг гүнзгийрүүлснээр ирэх адислалын тухай сануул. Тэдний дундаас Мормоны Номын талаар өөрийн гэрчлэлийг хуваалцах хүсэлтэй хүн байгаа эсэхийг асуу. Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцаад, бусдыг Есүс Христийн энэхүү хүчирхэг гэрчийг уншихад урьснаар баяр баясгаланг олно гэдгийг суралцагчдад бататгаж өг.
Үйлдэх урилга
Суралцагчдыг энэ хичээлээс сурсан зүйлсээ ирэх долоо хоногт хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж. Тэд дараах зүйлийг хийх талаар бодож үзэж болно. Тухайлбал:
-
Анхны үзэгдлийн талаар болон Мормоны Ном үнэн гэсэн илүү хүчтэй гэрчлэлтэй болохын төлөө залбир.
-
lds.org/topics-ийн Gospel Topics хэсэг дээрх “First Vision Accounts” гэсэн өгүүллийг унш.
-
Иосеф Смит—Түүх 1:16–17-д цэдэглэгдсэн Анхны үзэгдлийн тухай түүхийг чээжил. Үүний талаар найздаа эсвэл гэр бүлийн гишүүндээ гэрчилж, уг үйл явдлын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалц.
-
Мормоны Ном өгч болох хэн нэгнийг олж тогтоохын тулд залбир. Хүлээн авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлд.