Институт
10-р хичээл: Авралын төлөвлөгөөг заах нь (1-р хэсэг)


10

Авралын төлөвлөгөөг заах нь (1-р хэсэг)

Оршил

Авралын төлөвлөгөө нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийнхээ аз жаргалд зориулсан төлөвлөгөө юм. Энэ нь Есүс Христийн Цагаатгалд төвлөрдөг ба яагаад Цагаатгал шаардлагатай байсан талаар заадаг. Түүнчлэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь “Би хаанаас ирсэн бэ?,” “Энэ амьдрал дахь миний зорилго юу вэ?,” “Би нас барсныхаа дараа хаашаа очих вэ?” зэрэг асуултуудад хариулдаг. Ирээдүйн номлогчид авралын төлөвлөгөөний сургаалын талаар тодорхой ойлголттой байхаас гадна уг төлөвлөгөөг энгийнээр тайлбарлан, хүчтэй гэрчлэхэд өөрийгөө бэлтгэсэн байх ёстой.

Нэмэлт бэлтгэл

Заах зөвлөмж

Дэлхийн өмнөх амьдрал: Бурханы зорилго ба бидэнд зориулсан төлөвлөгөө

Ангийнхныг онцгой цугларалтын нээлтийн нэг хэсэг болгон “Би Бурханы хүүхэд” дууллыг дуулахад урих талаар бодож үз. Хичээлийн эхэнд суралцагчдыг “Би Бурханы хүүхэд” дууллын эхний бадгийн шүлгийг уншаад, шүлэгт орсон сургаал эсвэл зарчмуудыг олж мэдэхийг тэднээс хүс.

Би Бурханы хүүхэд тул

Энэ эх дэлхийд намайг

Их энэрэнгүй эх эцгийг

Дэлхийн хамт заяав, Тэр.

Надад замаа олоход туслан,

Хөтлөн удирдаач.

Түүнтэй амьдрахын тулд би

Юу хийх ёстойг заагаач.

(“Би Бурханы хүүхэд,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 58-р хуудас)

Хэсэг хугацааны дараа суралцагчдыг дууллаас олж мэдсэн чухал сургаал эсвэл зарчмуудыг тайлбарлахад урь. Хэрэв шаардлагатай бол дараах асуултуудыг тавьж болно:

  • Эдгээр шүлэг нь энэ дэлхийд ирэхээс өмнөх бидний амьдралын талаар юу харуулж байна вэ?

  • Эдгээр шүлэг нь дэлхий дээрх амьдралын зорилгын тухай юу харуулж байна вэ?

Суралцагчдад номлогчийн хувьд тэдэнд амьдралын зорилгын тухай заах боломж гарч ирнэ гэдгийг хэл. Нэг эсвэл түүнээс олон суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 52-р хуудсан дээрх “Дэлхийн өмнөх амьдрал: Бурханы зорилго ба бидэнд зориулсан төлөвлөгөө” гарчигтай хэсгийн эхний хоёр догол мөрийг чанга уншихад урь.

Түүнчлэн та Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцаж болно:

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Бидний мөнх бус байдлын өмнөх оршихуйн тухай мэдлэгээс илүү чухал үнэн Сэргээлтээр дамжин бидэнд ирээгүй юм. Энэхүү үнэнийг өөр ямар ч сүм мэддэггүй бас заадаггүй. Сургаал нь зөвхөн хураангуйлсан хэлбэрээр өгөгдсөн ч үндсэн тулгуур үнэнүүдийг бидэнд баталдаг чухал нотолгоонууд илчлэлтүүдэд хангалттай олон удаа давтагдсан байдаг” (Our Father’s Plan [1984], 14).

Асуу:

  • Дэлхийн өмнөх амьдралынхаа тухай мөн бид сүнсэн хүүхдүүдийн хувьд Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт амьдарч байсан гэдгийг мэдэх нь хэрхэн бидний амьдралыг илүү агуу утга учиртай болоход тусалдаг вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд дараах зарчмыг онцол: Бид өөрсдийгөө Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгийг ойлгох үедээ дэлхий дээрх амьдрал маань илүү агуу утга учиртай болохыг олж мэддэг.)

видео бичлэг шигтгээ зурагСуралцагчдад энэ зарчмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд “God Is Our Father” (3:05) видео бичлэгийг үзүүлээд, суралцагчдыг видео бичлэг дээрх хүмүүсийн дүрслэн хэлсэн адислалуудыг олж сонсоход урь.

Суралцагчдыг видео бичлэг үзэж дууссаны дараа дараах асуултуудыг тавь:

  • Видео бичлэг дээрх хүмүүс өөрсдийгөө Бурханы хүүхдүүд гэдгээ олж мэдсэнээр ирсэн ямар ямар адислалыг дүрслэн хэлсэн бэ?

  • Би Бурханы хүүхэд гэсэн мэдлэг амьдралын агуу утга учрыг олоход танд хэрхэн тусалсан бэ?

Цөөн суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 53-р хуудасны сүүлийн дөрвөн догол мөрийг ээлжлэн чанга уншихад урь. Бурханд хүүхдүүддээ зориулсан ямар зорилго байдаг мөн авралын төлөвлөгөө хэрхэн уг зорилгыг гүйцэлдүүлдэг талаар зааж буй сургаал, зарчмуудыг олж мэдэх даалгаврыг суралцагчдад өг. Дараа нь асуу:

  • Бурхан хүүхдүүддээ зориулан ямар төлөвлөгөө зохиосон бэ? (Суралцагчдын хариултад авралын төлөвлөгөө нь Бурханы бүх хүүхдэд үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралын адислалуудаас хүртэх боломжийг олгодог гэсэн сургаал орсон байж болно. Хэрэв тодруулах шаардлага гарвал та Миний сайн мэдээг номло гарын авлагын 64–65-р хуудсан дээрх үхэшгүй байдал болон өргөмжлөлийн тодорхойлолтыг дурдаж болно. Мөнх амьдрал нь Бурханы амьдардаг амьдрал гэдгийг онцол.)

Суралцагчдад энэ сургаалыг ойлгоход нь туслахын тулд тэднийг Мосе 1:39-ийг уншиж, чээжлэхэд урь. Тэдэнд энэ судрын хэсгийг чээжилж, чээжээр унших хэдэн хором гаргаж өгсний дараа асуу:

  • Сонирхогчдод Бурханы зорилго бол бидний үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах гэдгийг заах нь тэдний амьдралдаа гаргах шийдвэрүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдад “Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) гэсэн Тэнгэрлэг Эцэгийн ажилд гүйцэтгэх номлогчдын үүргийн талаар тунгаан бодох цаг гаргаж өг. Суралцагчдыг бодол санаагаа өөр нэг суралцагчтай хуваалцах юм уу судлах тэмдэглэлдээ бичихэд урь.

Бүтээлт ба бидний бие махбод

Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 53-р хуудсан дээрх “Бүтээлт” гарчигтай хэсгийг чанга уншихад урь. Суралцагчдад Бурханы авралын төлөвлөгөөн дэх Бүтээлтийн ач холбогдлыг олж мэдэх даалгавар өг. Дараа нь асуу:

  • Яагаад бид дэлхийн бүтээлтийг Бурханы авралын төлөвлөгөөний чухал хэсэг гэж үздэг вэ? (Бидний хүн нэг бүр Бурхантай адил болж, өсөж хөгжихийн тулд бие махбодтой болж, сорилтын хугацаанд соригдохоор дэлхий дээр ирэх ёстой байв.)

Бие махбодыг хүлээн авахын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд, Сюзан В.Таннэр эгчийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд, чанга унш. Бидний хүн нэг бүр яагаад бие махбодтой болохыг тэсч ядан хүлээж байсан тухай олж мэдэхэд суралцагчдыг урь.

Сюзан В.Таннэр

“Дэлхийн өмнөх амьдралд бид бие махбод нь Бурханы бидэнд зориулсан агуу төлөвлөгөөний нэг хэсэг байсан гэдгийг мэдсэн. Энэ талаар гэр бүлийн тунхагт: ‘Сүнслэг хөвгүүд, охид нь Бурханыг Мөнхийн Эцэг хэмээн мэдэж, биширдэг байсан бөгөөд Түүний хүүхдүүд бие махбодтой болж дэлхийн туршлагыг хуримтлуулан төгс төгөлдөр болон хөгжин дэвшиж, улмаар мөнхийн амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн биелүүлэх боломжтой Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн юм. Үнэндээ бид уг төлөвлөгөөний нэг хэсэг болохоор ‘баярлалдан уухайлсан’ (Иов 38:7).

Бид яагаад тэгж их догдлон, баярласан юм бол? Бид бие махбодынхоо талаарх мөнхийн үнэнийг ойлгож байсан. Бидний бие махбод Бурханы дүрээр бүтээгдэх болно гэдгийг мэдэж байсан. Бие махбод маань бидний сүнсийг тээх болно гэдгийг мөн мэдэж байсан. Түүнээс гадна бие махбод маань өвчин, өвдөлт, хөдөлмөрийн чадваргүй байдал, уруу таталтад харьяалагдах болно гэдгийг ч бид бас ойлгож байсан. Бид зөвхөн сүнс, матери хоёр хамтдаа салахгүйгээр нэгдэж байж Тэнгэрлэг Эцэгтэй адил болохоор өсөж хөгжин (С ба Г 130:22-ыг үзнэ үү), ‘баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авдаг’ (С ба Г 93:33) гэдгийг мэдэж байсан учраас эдгээр сорилт бэрхшээлийг хүлээн авахад бэлэн байсан төдийгүй үүнийг тун их хүсэн хүлээж байсан юм” (“The Sanctity of the Body,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар, 13).

Дараа нь асуу:

  • Мөнх бус байдлын өмнөх дэлхийд ирэн, бие махбодтой болохыг тэсэн ядан хүлээхэд хүргэсэн ямар ямар үнэнийг бид ойлгож байсан бэ?

  • Яагаад бид мөнх бус байдалд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарна гэдгээ мэдэж байсан ч дэлхий дээр ирэхэд бэлэн байсан төдийгүй үүнийг маш ихээр хүсэн хүлээж байсан бэ?

Суралцагчдад дараах асуултыг тунгаан бодох цаг гаргаж өг: Та бидний мөнх бус байдалд олсон туршлага бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болохоор өсөж хөгжихөд тусалдгийг сонирхогчдодоо яаж тайлбарлах вэ? Хэрэв цаг гарвал тэднийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 53-р хуудсан дээрх “Бүтээлт” гэсний доор байгаа Судар судлах хайрцган доторх судрын эшлэлүүдийг судлахад урь. Хэсэг хугацааны дараа суралцагчдыг хажуудаа сууж байгаа суралцагч руу эргэн хараад, хариултаа тайлбарлаж өгөхөд урь.

Сонгох эрх ба Адам, Ева хоёрын уналт

Дараах гарчгуудыг самбар дээр бич:

Адам, Ева хоёр цэцэрлэгт юу хийж болох байсан бэ?

Адам, Ева хоёр цэцэрлэгт юу хийж болохгүй байсан бэ?

Суралцагчдыг 2 Нифай 2:22–25 болон Миний сайн мэдээг номло гарын авлагын 54-р хуудсан дээрх “Сонгох эрх ба Адам, Ева хоёрын уналт” хэсгийг судлахад урь. Тэднийг уншиж байх хооронд ангийн хэсэг суралцагчийг Адам, Ева хоёр цэцэрлэгт юу хийж болох байсныг жагсааж бичихэд урь (тэд гэнэн, гэм зэмгүй байдалд үүрд үлдэх байсан, тэд шийдвэр гаргахдаа сонгох эрхээ ашиглаж болох байсан). Ангийн бусад суралцагчийг Адам, Ева хоёр Едений цэцэрлэгт байхдаа юу хийж болохгүй байсныг жагсаан бичихэд урь (тэд өсөлт хөгжил, сөрөг тал зэргийг мэдэхгүй байх байсан; тэд зовлон шаналал, өвчин эсвэл гэм нүглийг мэдэхгүй байх байсан; тэд өвчин, зовлонг үзэхгүй, үр хүүхэдтэй болж чадахгүй байх байсан). Цөөн минутын дараа суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Суралцагчдыг хариулж байх хооронд ангийн нэг гишүүнийг суралцагчдын хариултыг самбар дээр бичихэд урих талаар бодож үз.

Суралцагчдын анхаарлыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 54-р хуудсан дээрх биеийн үхэл болон сүнсний үхэл нэр томьёонууд руу хандуул. Магадгүй бүх суралцагч биеийн үхэл гэдэг нь бие махбодын үхлийг хэлж байгааг ойлгож байгаа байх. Тэдэнд сүнсний үхэл гэдэг нь Бурханы оршихуйгаас салан тусгаарлагдахыг хэлдэг гэдгийг ойлгоход тусал. Хоёр үхэл хоёулаа Адамын Уналтын үр дүн юм. Бид зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хоёр үхлийг хоёуланг ялан дийлж чадна.

Та авралын төлөвлөгөөн дэх Уналтын ач холбогдлын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн (1876–1972) хэлсэн үгээс авсан дараах эшлэлийг үзүүлээд, нэг суралцагчийг ангийнханд чанга уншиж өгөхөд урь.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Адамыг Едений цэцэрлэгээс хөөгдсөний дараа Их Эзэн түүний дээр шийтгэл ноогдуулсан. Зарим хүн уг шийтгэлийг аймшигтай муухай зүйл гэж үздэг. Энэ нь тийм биш юм. Энэ нь адислал байсан. Үүнийг харагдах байдлын хувьд ч гэсэн шийтгэл гэж үзэх нь зөв эсэхийг би мэдэхгүй.

Хүн төрөлхтөн аврал, өргөмжлөлийг хүртэхийн тулд энэ дэлхийд бие махбод хүлээн авч, зөвхөн мөнх бус байдалд л олж авах туршлага, мэдлэгээр дамжин өнгөрөх шаардлагатай. Их Эзэн маань Түүний ажил болон алдар суу нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” [Мосе 1:39] явдал мөн хэмээн хэлсэн. Мөнх бус байдалгүйгээр энэ агуу адислалыг гүйцэлдүүлэх боломжгүй байсан. Иймээс дэлхий бүтээгдэж, Бурханы хүүхдүүдээр дүүргэгдсэн бөгөөд тэдэнд сонгох эрх чөлөөний агуу бэлгийн хамт мөнх бус оршихуйгаар дамжин өнгөрөх онцгой эрхийг олгосон юм. Тэд энэ бэлгээр дамжуулан сайныг эсвэл хилэнцийг сонгож, улмаар ирэх мөнх байдалд өөрийн шагналыг хүлээн авна. Адамын зөрчлийн ачаар бид энэ мөнх бус амьдралд байгаа билээ. …

“Хүмүүний уналт нь харагдах байдлын хувьд өөр байсан ч адислал болон ирсэн ба хүмүүнийг хойш татахаас илүүтэй өсгөж хөгжүүлэх Эзэний зорилгыг гүйцэлдүүлэх хэрэгсэл байсан юм” (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–1956], 1:113–114).

Дараа нь асуу:

  • Яагаад Адам, Ева хоёрын Уналтыг Бурханы авралын төлөвлөгөөний чухал хэсэг гэж үзэх нь илүү тохиромжтой вэ? (Адам, Ева хоёрын Уналт нь Бурханы сүнсэн хүүхдүүдэд бие махбодтой болж, өсөж хөгжин, Түүнтэй адил болох боломжийг олгосон.)

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 54-р хуудсан дээрх “Уналтын тухай заах нь” хайрцгийг уншихад урь. Дараа нь суралцагчдыг хажууд сууж байгаа суралцагчдаа Уналтын сургаалыг өөрсдийн үгээр тайлбарлахад урь.

Дэлхий дээрх бидний амьдрал

видео бичлэг шигтгээ зураг“The Plan of Salvation” (4:30) видео бичлэгийг үзүүлэхэд эсвэл нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн үгээс авсан дараах эшлэлийг чанга уншихад урь. Суралцагчдыг гурван үзэгдэлт жүжиг нь хэрхэн авралын төлөвлөгөөг бэлгэдэж байгааг олж мэдэхэд урь.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Гурван хэсэгтэй гэтэлгэлийн төлөвлөгөөг гурван үзэгдэлт алдартай жүжигтэй адилтгаж болно. Нэг дэх үзэгдлийг ‘Мөнх бус байдлын өмнөх амьдрал’ гэнэ. Үүнийг судруудад бидний анхны байдал хэмээн дүрсэлдэг (Иуда 1:6; Абрахам 3:26, 28-ыг үзнэ үү). Төрөлтөөс амилуулалт хүртэлх хоёрдугаар үзэгдлийг ‘Хоёр дахь байдал’ гэнэ. Гуравдугаар үзэгдлийг ‘Үхлийн дараах амьдрал’ буюу ‘Мөнх амьдрал’ гэнэ.

“Бид мөнх бус байдалд хоёрдугаар үзэгдэл эхэлж, хөшиг нээгдэхэд театрт орж ирдэг жүжигчидтэй адил юм. Бид нэгдүгээр үзэгдлийг алгассан. Жүжиг нь хэн нь хэнтэйгээ болон ямар үйл явдалтай холбоотой болох, хэн нь баатрууд, хэн нь муу талын дүрүүд болохыг ялгаж салгахад бэрх сүлжилдсэн олон үйл явдал, эдгээр үйл явдлаас улбаалсан туслах үйл явдлуудтай байдаг. Бид зөвхөн үзэгчид биш харин жүжигчид учраас явцын дунд тайзан дээрх үйл явдал улам ээдрээтэй болдог!”

“Мөнхийн төлөвлөгөөний нэг хэсэг болсон мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай дурсамж нь хөшгөөр хаагдсан байдаг. Бид хоёрдугаар үзэгдлийг нэгдүгээр үзэгдлийн тухай мэдлэггүйгээр эхэлдэг учир цаашид юу болохыг ойлгох нь хэцүү юм. …

“Хэрэв та нар хоёрдугаар үзэгдлийн үед зөвхөн амар хялбар, сэтгэл санаа тайван, аз жаргалтай байхыг хүсвэл харамсахад хүрнэ. Та цаашид юу болохыг мөн юмс яагаад ийм байгааг сайн ойлгохгүй.

“Үүнийг санагтун! ‘Тэгээд тэд бүгдээрээ үүрд амар сайхан жаргажээ’ гэсэн үлгэрийн төгсгөлийн үгс хоёрдугаар үзэгдэлд байдаггүй. Нууцууд тайлагдаж, юм бүхэн зөв голдрилдоо орсон гуравдугаар үзэгдэлд л эдгээр үг гардаг. …

“Эрин зуунуудыг хамарсан энэхүү агуу жүжгийн зохиол гэж байдаг. Энэ нь ядаж л 1-р үзэгдэлд болсон зүйл мөнх бус байдлын өмнөх амьдрал гэдгийг тайлбарладаг. Мөнх бус байдлын өмнөх амьдралын талаар нарийн тодорхой мэдээлэл байдаггүй ч, уг зохиол нь үүний зорилгыг тодорхой болгон, амьдрал яг ямар утга учиртай болохыг ойлгоход тань туслах гол санааг хангалттай илчилдэг.

“Тэр зохиол нь судрууд буюу илчлэлтүүд болохыг та нар мэдэх билээ. Тэдгээрийг унш. Тэдгээрийг судал. Тэдгээр нь танд хүн гэгч юу болохыг мөн яагаад Бурхан ‘түүнд санаа тавьж’, яагаад бид ‘Бурханаас арай доогуур’ боловч ‘алдар ба хүндэтгэлийн титмийг өмссөн’ (Дуулал 8:4–5) болохыг хэлдэг.

“Судрууд үнэнийг өгүүлдэг. Та нар судрууд дахь үнэнүүдийн дагуу амьдарч, амьдралдаа удирдамж чиглэл авах талаар бүх гурван үзэгдлээс хангалттай их зүйл мэдэж чадна. Судрууд нь ‘эхлэлд та нар тэрчлэн Эцэгтэй хамт байж мөн Сүнс байсан билээ, бүр үнэний Сүнс буюу;

“Мөн үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг юм’ гэдгийг илчилдэг (С ба Г 93:23–24)” (Боид К.Пакэр, “The Play and the Plan” [Сүмийн боловсролын системийн галын дэргэдэх цугларалт, 1995 оны 5-р сарын 7], 2–3; si.lds.org).

Дараа нь дараахтай адил асуултуудыг тавь:

  • Гурван үзэгдэлт жүжиг ямар арга замаар авралын төлөвлөгөөний зарим хэсгийг бэлгэдэж байна вэ?

  • Энэхүү адилтгалд дурдсанаар, яагаад олон хүнд дэлхий дээрх амьдралын зорилгыг ойлгоход хэцүү байдаг вэ?

  • Энэхүү адилтгалд дурдсанаар, бид энэ гурван үзэгдэлт агуу жүжгийн зохиолыг хаанаас олж болох вэ?

  • Судрууд нь Бурханы хүүхдүүдэд Түүний төлөвлөгөөн дэх өөрсдийн зорилгыг илүү сайн ойлгоход хэрхэн тусалдаг вэ?

Номлогчид авралын төлөвлөгөөний тухай заахдаа мөнх бус байдлын зорилгын талаар болон бид хэрхэн Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж, хамт амьдарч болох талаар илүү сайн ойлгоход сонирхогчдод тусалдаг гэдгийг суралцагчдад тайлбарла (Алма 12:32–34-ийг үзнэ үү). Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 55-р хуудсан дээрх “Дэлхий дээрх бидний амьдрал” гарчигтай хэсгийг уншихад урь. Тэдэнд уг хэсгийг унших хангалттай цаг гаргаж өгсний дараа асуу:

  • Та энэ амьдралын зорилгыг нэг юм уу хоёр өгүүлбэрт багтаан хэрхэн тайлбарлах вэ?

Бурханы оршихуйд эргэж очих бидний бэлтгэл ажил энэ дэлхий дээрх амьдралдаа гаргах шийдвэрүүдээс маань шалтгаална гэдгийг сонирхогчид ойлгох нь чухал гэдгийг суралцагчдад хэл. Бурханы зарлигуудыг дагах шийдвэрүүд нь Тэнгэрлэг Эцэгтээ илүү ойртоход бидэнд тусалдаг бол Бурханы зарлигуудыг зөрчих нь Түүний оршихуйд эргэж очиход саад болдог. Дараах үгсийг самбар дээр бич:

Нүглийн үр дагаврууд:

Дараа нь асуу:

  • Нүглийн үр дагаврууд гэж юу вэ? (Хэрэв шаардлагатай бол суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 55-р хуудсан дээрх “Дэлхий дээрх бидний амьдрал” гэсэн хэсгийн хоёрдугаар догол мөрийг уншихад урамшуулан дэмж. Суралцагчид бага зэрэг өөрөөр хариулж болох ч дараах үнэнийг ойлгосон байх ёстой. Нүгэл нь аз жаргалгүй байдал руу хөтөлж, гэмшил ба ичгүүртэй мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь биднийг цэвэр бус мөн Бурханы оршихуйд ороход зохисгүй болгодог. Нүгэл нь өршөөгдөөгүй бол Тэнгэр дэх Эцэг рүүгээ эргэж очиход бидэнд саад болдог.

  • Нүглийн үр дагавруудыг ойлгосноор Цагаатгалын захиасыг хүлээн зөвшөөрөхөд өөрийгөө бэлдэхэд нь сонирхогчдод хэрхэн туслах вэ?

Энэ дэлхий дээр бид бүгд сүнсний үхлийг амсах буюу Бурханы оршихуйгаас тусгаарлагддаг гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдаас асуу:

  • Есүс Христийн сайн мэдээ хэрхэн бидэнд сүнсний үхлийг ялан дийлж, Бурханы оршихуй руу эргэж очиход тусалдаг вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд та тэднээс хэрхэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, усанд умбуулах баптисм, Ариун Сүнсний бэлэг зэрэг нь бидний хүн нэг бүрд Уналтын үр дагавруудыг ялан дийлэхэд тусалж, Бурханы оршихуйд эргэж очиход бэлтгэдэг болохыг асууж болно.)

Суралцагчдад энэ хичээл дээр үзсэн авралын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүдийг тайлбарлах дадлага хийх боломж өгөх нь чухал. Энэ нь тэдэнд сонирхогчдод заах сургаал, зарчмуудаа илүү сайн ойлгоход тусална.

Суралцагчдыг хос хосоор нь хуваарил. Хос бүрд дэлхий дээрх бидний амьдралын зорилгын тухай таваас арван минутын хичээл заахад бэлдэх хангалттай цаг гаргаж өг. Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 54–55-р хуудсан дээрх материалуудыг Судар судлах хайрцгийн хамт уншихад урь. Хэрэв боломжтой бол тэд мөн Авралын төлөвлөгөө гарчигтай номлогчид зориулсан товхимлын 2–9-р хуудсыг судалж болно. Суралцагчдыг бэлтгэж байх хооронд ангийн дундуур явж, тэдэнд авралын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар энгийн, товч тайлбар бэлдэхэд тусал. Захиасандаа судрын хэсгүүдийг ашиглан, зааж буй сургаал, зарчмуудынхаа талаар гэрчлэх нь тэдний хичээлд хүч нэмэх болно гэдгийг дахин бататгаж өг.

Суралцагчдад материалыг судалж, богино хичээл бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа, хос бүрд өөр нэг хосод заах даалгавар өг. Дараа нь хос бүрд заах боломж олгохын тулд тэднийг сольж заахад урь. Хос бүрийг заах даалгавраа хийж дууссаны дараа тэднийг заасан суралцагчидтайгаа дараах асуултуудыг ярилцахад урь.

  • Багш нар юуг сайн заасан бэ?

  • Ямар арга барил хичээлийг улам илүү үр дүнтэй болгох байсан бэ?

Хос бүрд зааж, хэрхэн зааснаа дүгнэх боломж өгсний дараа ангийн гишүүдийг ангийнхантайгаа уг туршлагаас төрсөн мэдрэмжээ хуваалцахад урь.

Дараах мэдэгдлүүдийг самбар дээр бичээд, суралцагчдаас хэрхэн эдгээр зарчим номлолд үйлчлэхсэн гэсэн тэдний хүслийг нэмэгдүүлэх талаар бодож үзэхийг хүсэн, хичээлээ өндөрлө.

Та нарын уулзах хүн бүр Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бөгөөд Тэрээр тэднийг хайрладаг.

Та нартай уулзах хүн бүр Христийн цэвэршүүлэгч Цагаатгалаар дамжин шийдвэрлэж чадаагүй нүглийн үр дагавраас үүдэлтэй аз жаргалгүй байдлын дарамтыг үүрч явдаг.

Цөөн суралцагчийг эдгээр мэдэгдлийн талаар тунгаан бодох үед төрж байгаа мэдрэмжээ хуваалцахад урь. Суралцагчдын дундаас авралын төлөвлөгөөтэй холбоотой сургаалуудын талаарх гэрчлэлээ ангийнхандаа хуваалцах хүсэлтэй хүн байгаа эсэхийг асуун, хичээлийг өндөрлөх талаар бод.

Үйлдэх урилга

Суралцагчдыг ангиас гадуур хийж гүйцэтгэх дараах үйл ажиллагаануудаас нэгийг сонгосноор авралын төлөвлөгөөний тухай ойлголтоо гүнзгийрүүлж, заах ур чадвараа дээшлүүлэхэд урь.

  • Миний сайн мэдээг номло гарын авлагын 64–65-р хуудсан дээрх “Чухал тодорхойлолтууд” хэсгийг унш. Үнэний тухай энгийн өгүүлбэрүүдийг ашиглан, өөрийн үгээр нэр томьёо бүрийг тайлбарлах дадлага хий.

  • Миний сайн мэдээг номло гарын авлагын 54–55-р хуудсан дээрх Судар судлах хайрцгууд доторх судрын хэсгүүдийг уншиж, судал. Авралын төлөвлөгөөний өөр өөр үйл явц бүрийг заахдаа ашиглаж болох нэг эсвэл хоёр хэсгийг сонгоод, судрууд дээрээ тэмдэглэ. Эдгээр судрын хэсгээс нэгийг эсвэл түүнээс олныг чээжлэх талаар бодож үз.

  • Авралын төлөвлөгөөг заах төлөвлөгөө гарга. Миний сайн мэдээг номло гарын авлагын 60–63-р хуудсан дээрх хичээлийн төлөвлөгөөний санаануудаас ашиглах талаар бодож үз.

  • Таны авралын төлөвлөгөөний тухай мэдлэг амьдралыг тань адисалж байсан үеийн тухай бод. Уг туршлагаа судлах тэмдэглэл дээрээ хураангуйлан бич эсвэл найзтайгаа хуваалц.