Суралц—Зарцуулах дээд хугацаа: 45 минут
-
Унш:Өмнөх бүлэгт бид хөрөнгө оруулах нь аливаа зүйлд цаг хугацаа, хүчин чармайлт, хөрөнгө мөнгөө зориулж, ямар нэг төрлийн үр өгөөжийг хүсэн хүлээх явдал гэдгийг ойлгож мэдсэн. Мөнгөн хөрөнгө оруулалт хийх шалтгаануудын нэг нь тэтгэвэрт гарахдаа хангалттай мөнгөтэй байх явдал байж болно.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “бид бүх хүнийг тэтгэвэр болон үүний дараах жилүүдэд мөн … бүрэн цагийн ажил эрхлэлтийн дараах он жилүүддээ зориулан арвич хямгач байдлаар төлөвлөхөд урьж байна” хэмээн заасан (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 208). Тэтгэвэрт байх хугацаанд тань туслах засгийн газрын эсвэл орон нутгийн хөтөлбөрүүд байж болох ч та эдгээр хөтөлбөрөөс ирэх мөнгөн дээр өөрийн хуримтлал эсвэл хөрөнгө оруулалтыг нэмэх хэрэгтэй болох байх. Хэрэв та одоо төлөвлөхгүй л бол тэтгэвэрт гарсны дараа бие даах чадвартай байх хангалттай орлого эсвэл хуримтлалтай байж чадахгүй байж магад.
-
Ярилц:Тэтгэвэрт гарах үедээ ая тухтай амьдрах хангалттай мөнгө танд байхгүй бол та яах вэ?
1. Тэтгэвэрт гарсны дараа хэрхэх талаар зорилго тавь
-
Унш:Тэтгэвэрт гарахдаа хэрэглэх зорилгоор хуримтлал үүсгэхээсээ өмнө өөрт тань хэр хэмжээний мөнгө хэрэгтэй болохыг тооцож үнэлэх нь тустай. Энэ энгийн томьёо танд эхлэлээ тавихад тусална.
Та хэр удаан амьдрахаа урьдаас мэдэх боломжгүй боловч хэзээ тэтгэвэрт гарахаа мөн түүнээс хойш хэдэн жил амьдрахаа урьдчилан тооцоолж болно. Дэлхий даяар ихэнх хүн 60–70 насны хооронд тэтгэвэрт гардаг. Та тэтгэвэрт гарсны дараа 20–30 жил амьдарч болно.
Тайлбар: Тэтгэвэрт байх хугацаанд хөрөнгө оруулалт чинь өссөөр байх тул тэтгэвэрт гарахад тань энэ үнийн дүн бүхэлдээ хэрэггүй байж болно. Гэвч энэ дүн эхлүүлэхэд тохиромжтой дүн юм.
2. Нийлмэл ХҮҮ ГЭЖ ЮУ БОЛОХЫГ ОЙЛГО
-
Унш:Нийлмэл хүү нь тэтгэвэрт гарахдаа хангалттай мөнгөтэй байх чухал аргуудын нэг байж болно. Нийлмэл хүү нь хүүгээс хүү боддог бөгөөд ерөнхийдөө хувиар эсвэл үр өгөөжийн хэмжээгээр тодорхойлогддог. Та анхны хүүгийн орлогоо авмагц энэ нь үндсэн үлдэгдэл дээр нэмэгдэнэ. Тэгээд уг үлдэгдэл өссөөр байдаг.
-
Унш:Үр өгөөж ихтэй арга замуудаар хөрөнгө оруулах нь ихэвчлэн хүмүүст тэтгэвэрт гарахад зориулан хангалттай мөнгө хуримтлуулахад тусалдаг. Ихэнх хүний хувьд бага хэмжээний мөнгийг удаан хугацаанд тогтмол хуримтлуулах буюу үе үе ихийг хийснээс сар бүр эсвэл цалин бүрээс багыг хуримтлуулах нь хялбар байдаг. Доорх жишээ нь 30 жилийн турш сар бүр 100-г өөр өөр хүүтэйгээр хөрөнгө оруулбал нийт хэд болохыг харуулна. Энэ бол нийлмэл хүүгийн давуу тал юм.
-
Ярилц:Цаг хугацаа болон үр өгөөжийн хэмжээ нь хөрөнгө оруулалтын нийт хэмжээнд хэрхэн нөлөөлж болох вэ?
3. Эрсдэл ба үр өгөөжийн уялдаа холбоог ойлго
-
Унш:Үр өгөөжийн хэмжээ маш хүчтэй байж болдгийг бид харлаа. Бидний хийвэл зохих зүйл бол мөнгөө хамгийн өндөр хүүтэй зүйлд хөрөнгө оруулах явдал гэж санагдаж болно. Гэвч энэ нь тийм ч амар биш. Бүх хөрөнгө оруулалт эрсдэл ба үр өгөөж дагуулж байдгийг дараах график харуулдаг. Ерөнхийдөө, үр өгөөж бага байх тусам уг хөрөнгө оруулалтаас мөнгө алдах эрсдэл мөн бага байдаг. Урвуугаараа, үр өгөөж өндөр байх тусам мөнгө алдах эрсдэл өндөр байдаг.
4. Боломжит хөрөнгө оруулалтын талаар бодож үз
-
Унш:Боломжит хөрөнгө оруулалтыг авч үзэх үед зарим нэг үндсэн ойлголтыг мэдэж байх нь тустай. Бараг бүх хөрөнгө оруулалтыг тогтмол хүүтэй болон хувьсах хүүтэй гэсэн хоёр төрөлд хувааж болно.
Тогтмол хүү гэдэг нь хүүгийн хувь өгсөж эсвэл буурахгүй тогтмол байна гэсэн үг. Тогтмол хүүтэй хадгаламж эсвэл хөрөнгө оруулалтын жишээнд хадгаламжийн данс, хадгаламжийн сертификат, бонд багтана. Тогтмол хүүтэй хөрөнгө оруулалт нь ихэвчлэн хүү багатай ба хувьсах хүүтэй хөрөнгө оруулалтаас эрсдэл багатай байдаг.
Хувьсах хүү гэдэг нь хүүгийн хувь өгсөж эсвэл буурч болох ба та мөнгө олж эсвэл алдаж болно гэсэн үг. Хувьсах хүүтэй хөрөнгө оруулалтын жишээнд хувьцаа, хамтын сан, бизнес, үл хөдлөх хөрөнгө багтана. Ерөнхийдөө, хувьсах хүүтэй хөрөнгө оруулалт тогтмол хүүтэй хөрөнгө оруулалтаас илүү эрсдэлтэй байдаг ч өндөр үр өгөөжтэй байх боломжтой байдаг.
Төрөлжүүлэлт гэдэг нь хэд хэдэн зүйлд мөнгөн хөрөнгө оруулалт хийхийг хэлнэ. Хэд хэдэн зүйлд хөрөнгө оруулах эсвэл олон төрлийн хөрөнгө оруулалт хийснээр эрсдэлээ бууруулж чадна.
Өөр өөр хөрөнгө оруулалтын тухай илүү мэдээлэл авахыг хүсвэл энэ бүлгийн төгсгөлд буй “Эх сурвалж” хэсгийг энэ долоо хоногт бие даан унш.
-
Ярилц:Хүн бүрийг ойлгох хүртэл дараах ухагдахуунуудыг бүлгээрээ судал.
-
Нийлмэл хүү
-
Эрсдэл ба үр өгөөж
-
Тогтмол хүү
-
Хувьсах хүү
-
Төрөлжүүлэлт
-
5. Боломжит тэтгэврийн нэрийн данснуудыг судал
-
Унш:Та хөрөнгө оруулалтаасаа ерөнхийдөө ямар нэг татвар төлөх ёстой. Татварууд үнэндээ хөрөнгө оруулалттай холбоотойгоор бодвол зохих хамгийн өндөр зардлуудын нэг юм. Аз болоход, олон засгийн газруудад татварын хөнгөлөлттэй тэтгэврийн нэрийн данснуудыг зөвшөөрдөг ба энэ нь таны сонирхох мэдээлэл юм. Эдгээр хөрөнгө оруулалтын данс нь ажил олгогчийн дэмжлэгтэй юм уу хувь хүнийх байдаг ба эдгээр дансанд та хувьцаа, бонд, хамтын сан, өөр олон зүйлд хөрөнгө оруулж болно. Таны хаана амьдардгаас хамаарч данснууд нь өөр өөр нэртэй байдаг ч үндсэн татварын хөнгөлөлт нь төстэй байдаг ба хойшлуулсан татвартай ба татваргүй гэсэн хоёр төрөлд ерөнхийдөө хуваагддаг.
Хойшлуулсан татвартай: Хойшлуулсан татвар бүхий дансанд хийсэн орлого нь тухайн жилдээ татвараас чөлөөлөгддөг ба тэтгэвэрт байх үед орлого тань ямар байхаас хамаарч зарлагуудад татвар төлнө. Хэрэв таны хөрөнгө оруулалт бага үр өгөөж юм уу богино хугацаанаас болж ахиухан өсөх магадлалгүй байвал та тэтгэвэрт гарах хүртлээ уг мөнгөнөөс орлогын татвар төлж болох бөгөөд ингэснээр тэтгэвэрт гарсны дараа таны мөнгөнд бага татвар ноогдоно.
Татваргүй: Татваргүй дансанд хийсэн орлого эхэндээ ямар нэг татварын давуу тал авчирдаггүй. Эдгээр дансны хувьд та орлогын мөнгөө олсон жилдээ татвар төлдөг. Гэсэн хэдий ч, ирээдүйд олох бүх орлого, зарлага татвараас чөлөөлөгдөнө. Хэрэв таны хөрөнгө оруулалт өндөр үр өгөөж эсвэл урт хугацаанаас болж ахиухан өсөх магадлалтай байвал та татваргүй данс ашигласнаар бага татвар төлнө.
Таны харснаар, та сонгосон дансныхаа төрлөөс хамаарч татварыг урьдчилж эсвэл зарлага гаргахдаа төлөх болно. Таны нөхцөл байдлаас хамаарч нэг төрөл нь нөгөөгөөсөө илүү ашиг тустай байж болно.
6. Тэтгэвэрт зориулан аль болох хурдан хуримтлуулж эхэл
-
Унш:Та онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцтэй болж мөн хэрэглээний зээлээ төлснийхөө дараа тэтгэвэртээ зориулан аль болох хурдан хуримтлуулж эхлэх хэрэгтэй. Та тэтгэвэртээ зориулан хэдий хурдан хадгалж эхэлнэ, таны мөнгө төдий чинээ урт хугацаанд өсөж мөн та тэтгэвэрт гарахдаа илүү их мөнгөтэй байх болно.
Тэтгэвэрт зориулан хадгалж эхлэх нэг гайхалтай арга зам бол ажил олгогчийн хариуцсан тэтгэврийн нэрийн данс нээх явдал юм. Хэрэв ажил олгогч тань таны хандивласан мөнгөтэй тэнцэх мөнгийг хийх тэтгэврийн нэрийн данс санал болговол энэ боломжийг ашигла! Тэдний хийж байгаа орлого нь та өөрийн хадгаламжинд орлого хийсний төлөө авч буй урамшуулал эсвэл нэмэгдэл гэсэн үг.
Дараах үйл ажиллагаа нь урт хугацаанд тогтмол хөрөнгө оруулахын давуу талыг харахад тусалдаг.
Гэр бүлийн ЗӨВЛӨЛӨӨРӨӨ тэтгэвэрт гарахад бэлтгэх тухай ярилц
-
Унш:Энэ долоо хоногт гэр бүлийн зөвлөлөөрөө тэтгэвэрт гарах төлөвлөгөөгөө ярилц. Танд хэр их хэрэгтэй, хэзээ тэтгэвэрт гарахыг хүсэж байгаа, тэр үед санхүүгийн нөхцөл байдал чинь ямар байж болохыг баримжаалан тооцож үнэл. Хуримтлуулахыг хүсэж буй хэмжээгээ бичиж мөн сар бүр тэтгэвэртээ зориулан хийж чадах орлогын хэмжээг тодорхойл. Тэтгэвэртээ зориулан аль болох хурдан хуримтлуулж эхлэх нь чухал ч гэсэн онцгой нөхцөл байдалд зориулсан нөөц бий болгож мөн хэрэглээний зээлээ эхэлж төлөх нь илүү яаралтай гэдгийг санаарай. Ярилцлагынхаа үеэр та дараах “Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар”-ыг ашиглаж болно.