Суралц—Зарцуулах дээд хугацаа: 45 минут
1. Ажилла, хариуцлага хүлээдэг бай
-
Унш:Адам, Ева хоёрыг Едений цэцэрлэгийг орхих болсны дараа Бурхан “Чи газар шороондоо эргэж очих хүртлээ духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ” хэмээн хэлжээ (Эхлэл 3:19). Их Эзэн бидний материаллаг хэрэгцээ бүрийг хангахыг хүсдэг боловч биднийг шаргуу хөдөлмөрлөж, хэрэгцээнийхээ төлөө хариуцлага хүлээгээсэй хэмээн хүсдэг. Санхүүгийн удирдлагын амжилтын хөтөч (8-р хуудсыг үзнэ үү) дээрх тулгуур ханануудын нэг нь “ажилла” гэсэн байгааг анхаарна уу. Материаллаг байдлын хувьд бие даах чадвартай болох нь байнгын шаргуу хөдөлмөр, хичээнгүй байдлыг шаарддаг.
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Чадлынхаа хэр хэмжээнээс илүү их ажиллахыг Их Эзэн биднээс хүсэн хүлээдэггүй. Тэрбээр бидний хүч чармайлтыг бусдынхтай харьцуулдаггүй (бид ч бас ингэх ёсгүй). Тэнгэрлэг Эцэг маань биднээс зөвхөн чадах бүхнээ хийхийг л … хүсдэг. Ажил хөдөлмөр бол сэтгэл санааны зовлонг эдгээгч, уй гашууг илааршуулагч, боломжийг нээгч үүд хаалга юм. … Бидний тэрэг шаварт суулаа гэхэд, дуу хадаан, уран цэцэн үг урсган залбирч байгаа хүнд биш, харин тэргээ түрэхээр буусан хүнд Бурхан туслах илүү магадлалтай юм” хэмээн заасан (“Ямар ч эдийн засгийн үед хамаарах хоёр зарчим,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65–68).
-
Ярилц:Та нар өөрсдийнхөө амьдрал дахь шаргуу хөдөлмөрлөдөг хүмүүсийн жишээг бод. Энэ хүмүүст ямар нийтлэг зан чанар байдаг вэ?
Бид бусдаас хамааралтай байдлаа арилгах ёстой
-
Унш:“Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ”Нийгэм, сэтгэл санаа, сүнс, бие бялдрын эсвээс эдийн засгийн сайн сайхан байдлын төлөө хүн бүрийн хүлээх хариуцлага хамгийн түрүүнд өөрт нь, хоёрдугаарт гэр бүлд нь, гуравдугаарт Сүмийн итгэлтэй гишүүн бол Сүмд оногдоно” гэжээ. Үнэнч хожмын үеийн гэгээнтэн сэтгэл санаа, бие бялдрын хувьд эрүүл чийрэг л бол өөрийнхөө болон гэр бүлийнхээ сайн сайхан байдлын төлөө, үүрч буй ачаагаа сайн дураараа өөр хэн нэгэн хүнд үүрүүлэх ёсгүй. Тэр чадахынхаа хэрээр, Их Эзэний бурханлаг нөлөөлөлд мөн өөрийн ажил хөдөлмөрөөр дамжуулан өөрийгөө болон гэр бүлээ сүнсний хийгээд зуурдын амьдралын шаардлагуудаар хангах нь зүйтэй” (Teachings of President Spencer W. Kimball [2006], 116).
Ахлагч Дэйл Г.Рэнланд ахлагч Вилфорд В.Андэрсэны хэлсэн үгээс эш татан, “Өгч байгаа, авч байгаа хоёрын хоорондын зай хол байх тусам авч байгаа нь авах эрхтэй гэж бодож эхлэх нь элбэг тохиолддог” гэж заасан (“Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23–26). Авах эрхтэй гэсэн мэдрэмж нь шаардлагатай бүх зүйлийг хийлгүйгээр ямар нэг зүйлийг авах ёстой гэсэн мэдрэмж юм. Энэ нь хариуцлагын эсрэг зүйл юм. Та материаллаг адислалуудыг авах эрхтэй гэсэн бодолтой байвал Сүнс таны амьдралаас холддог. Та Христэд ойртох тусам өөрийнхөө сайн сайхны төлөөх хариуцлагын мэдрэмж зүрх сэтгэлийг тань дүүргэх ба авах ёстой гэсэн мэдрэмж арилан одох болно.
-
- Ярилц:
-
Бусдад найдах нь бидний хувийн өсөлтийг хэрхэн хязгаарладаг вэ?
-
Засгийн газар эсвэл нийгмийн хөтөлбөрүүдээс хамааралтай байхаас зайлсхийх нь яагаад чухал вэ?
-
Хувийнхаа хэрэгцээг хангахын тулд гэр бүлдээ төдийгүй бусдад найдах нь өөр ямар эрсдэл дагуулдаг вэ?
-
2. Мөнгөө зохицуулахын тулд хамтдаа ажилла
-
Тунгаан бод:Санхүү тань таны сүнслэг байдал болон сэтгэл санаанд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Унш:Гэр бүлүүдийг устгах Сатаны хамгийн түгээмэл, хүчирхэг зэвсэг бол санхүүгийн сахилга батгүй байдал, үүнээс гарах сэтгэлийн дарамт юм. Гэр бүлүүд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг учраас (Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг-ийг үзнэ үү) бид гэр орондоо буруушаалт, үл итгэлцэл, уур бухимдлаас зайлсхийх нь чухал. Та гэрлэсэн эсвэл ганц бие байхаас үл хамааран санхүүгийн ухаалаг удирдлага нь хайртай хүмүүсийг хооронд нь болон Бурханд ойртуулж, хилэнцийн эсрэг хамгаалалт болдог бөгөөд нэгдмэл байдлаар санхүүгийн удирдлагад хандах нь эцэстээ талархал, нийлэмж, амар амгаланг авчирч чадна.
-
Ярилц:Эхнэр, нөхрүүд санхүүгийн асуудал дээр нэгдмэл байх нь яагаад чухал вэ?
-
Унш:Эхнэр, нөхрүүд ихэвчлэн соёл, эдийн засаг, шашны өөр өөр уг гаралтай байдаг. Тэдний уламжлал, хүүхэд хүмүүжүүлэх арга, мөнгө зарцуулах дадал зуршил өөр өөр байж болно. Хосын нэг нь зарлагаа тооцож, төсвийн дагуу амьдрах сонирхолтой байхад нөгөөх нь үүнийг залхуутай, түвэгтэй гэж үздэг байж болно. Энэ нь санал зөрөлдөөн үүсгэж болно. Гэсэн хэдий ч нэг нэгнийхээ ялгаатай талуудыг хүлээн зөвшөөрч, хайрласан, дарууссан байдлаар чин сэтгэлээсээ сонсох нь нэгдмэл байдлын уур амьсгалыг бий болгодог. Хэрэв та ганц бие бол санхүүгийн удирдлагын шийдвэрүүддээ өөртөө шударга хандаж мөн Их Эзэнийг оролцуулах нь чухал.
Олон гэр бүлийн хос санхүүгийн асуудлуудын шийдэл нь орлогоо нэмэгдүүлэх явдал гэдэгт итгэдэг. Гэвч мөнгийг зохицуулах ялгаатай арга барил нь харилцаанд бага орлогоос ч илүү эсвэл санхүүгийн эх үүсвэрийн гачигдлаас ч илүү хор уршигтай байж мэднэ.
-
Ярилц:Санхүүгийн зөрчилдөөн нь хэрхэн бага орлогоос эсвэл эх үүсвэрийн гачигдлаас илүү хор уршигтай байж чадах вэ?
-
Унш:Ахлагч Марвин Ж.Аштон “Гэр бүлийн санхүүгийн удирдлага эхнэр, нөхрийн дундынх байх ёстой бөгөөд нээлттэй байдал ба итгэлцэл дээр тогтох ёстой. Эхнэр, нөхрийн нэг нь мөнгийг хянаж, хүч ба эрх мэдлийг гартаа авах нь гэрлэлтэд тэгш бус байдлыг үүсгэдэг учраас зохисгүй зүйл юм. Харин нэг хамтрагч нь өөрийгөө гэр бүлийн санхүүгийн удирдлагаас сайн дураараа хөндийрүүлбэл энэ нь зайлшгүй үүрэг хариуцлагаасаа татгалзсан хэрэг болно” хэмээн заасан (One for the Money: Guide to Family Finance [товхимол], 2006, 3).
-
Ярилц:Эхнэр, нөхөртэйгөө нэгдмэл байх нь таны амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?
Санхүүгийн ухаалаг удирдлага биднийг гэрлэхэд бэлтгэдэг
-
Унш:Таны гэрлэхэд бэлтгэж байгаа эсвэл ганц бие, салсан, бэлэвсэн эсэхээс үл хамааран санхүүгийн ухаалаг удирдлага нь ирээдүйн харилцаанд бэлэн байхад тусалж чадна. Олон гэр бүлийн шинэ хос мөнгө зарцуулахдаа тааруу дадал хэвшлээсээ болж өрийн дарамтад ордог бөгөөд энэ нь тэдний гэрлэлтэд хүндхэн эхлэл болдог. Мөнгө зарцуулах сайн дадал хэвшилтэй болох, хуримтлал үүсгэх, өрийг багасгах эсвэл төлж дуусгахыг хичээх нь таны харилцаанд Сүнсийг урьж, амжилттай гэрлэлтийн суурь болдог.
-
Ярилц:Одоо санхүүгийн ухаалаг даамал байх нь ирээдүйд илүү сайн эхнэр, нөхөр байхад бэлтгэхэд тань хэрхэн туслах вэ?
3. Гэр бүлийн ЗӨВЛӨЛИЙГ ТОГТМОЛ ХУРАЛДУУЛ
-
Унш:Өнгөрсөн долоо хоногт бид Их Эзэнтэй зөвлөхийн ач холбогдлыг ярилцсан. Тэр амжилтад хүрэхэд тань туслахыг хүсдэг. Бошиглогчид Их Эзэнтэй зөвлөхөөс гадна гэр бүлийн зөвлөлөөр тогтмол ярилцахын чухлыг заасан.
-
Үз:“Гэр бүлийн зөвлөл” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 31-р хуудсыг уншина уу.)
-
Ярилц:Гэр бүлийн зөвлөл танд болон таны гэр бүлд хэрхэн ач тусаа өгч чадах вэ?
Гэр бүлийн ЗӨВЛӨЛӨӨР санхүүгийн удирдлагын тухай ярилц.
-
Унш:Эхнэр, нөхрийн хооронд гэр бүлийн удирдах зөвлөлөөрөө тогтмол ярилцах нь санхүүгийн удирдлагын талаар ярилцах хамгийн тохиромжтой үе юм. Хэрэв та ганц бие бол эцэг эхийнхээ аль нэгийг эсвэл гэр бүлийн гишүүн, өрөөний найз, зөвлөгч, өөр нэг найзаа сонгоод, уг хүнтэйгээ санхүүгийнхээ талаар тогтмол бөгөөд илэн далангүй зөвлөлд. Хэрэв та гэрлэсэн бол энэ бүлгийн турш ханьтайгаа чухал ярилцлага хийх хэрэгтэй болох байх. Энэ бүлгийн дараа гэр бүлийн зөвлөлөөрөө тогтмол ярилцах нь илүү нэгдмэл байж, бие даах чадвартай болоход тань тусална.
Таны энэ долоо хоногийн амлалтуудын нэг нь гэр бүлийн зөвлөлийн тогтмол ярилцлага хийх цаг товлох явдал юм. Та гэр бүлийн зөвлөлийнхөө нэг хэсэг болгож, санхүүгийнхээ талаар ярилцах ёстой. Та гэр бүлийн зөвлөлийнхөө энэ хэсгийг удирдан чиглүүлэхийн тулд дараагийн хуудсан дээрх “Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар”-ыг ашиглаж болно.