Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Зарцуулах дээд хугацаа: 45 минут

Өнөөдрийн ярилцлага:

2 Гэр бүлээ хүндрэл бэрхшээлээс хамгаал

Зураг
санхүүгийн амжилтын хөтөч график

Санхүүгийн удирдлагын амжилтын хөтөч

1. Гэр бүлээ хүндрэл бэрхшээлээс хамгаал

Унш:Бэлтгэх нь сайн мэдээний хүчирхэг зарчим юм. Их Эзэн “хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй” хэмээн амласан (С ба Г 38:30).

Аравны нэг, өргөлөөр дамжуулан Их Эзэнд эхлээд өгөх үүргээ биелүүлсний дараа бидний хоёр дахь үүрэг бол гэр бүлээ хүндрэл бэрхшээлээс хамгаалахын тулд ажиллах явдал юм. Бид урт хугацааны хэтийн төлөвийг боловсруулсан үед л үүнийг хийж чадна. Энэ бүлэгт бид гэр бүлээ санхүүгийн хүндрэл бэрхшээлээс хамгаалах хоёр алхмын талаар суралцах болно.

  • Онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөцтэй бол

  • Зохих даатгалд хамрагд

Ярилц:Санхүүгийн удирдлагын амжилтын хөтчийг харахад хэдэн минут зарцуул. Гэр бүлээ хүндрэл бэрхшээлээс хамгаалах нь яагаад аравны нэг, өргөлөө төлсний дараах эн тэргүүнд тавих зүйл гэж та бодож байна вэ?

2. Онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөцтэй бол

Унш:Дор хаяж дөрвөн долоо хоногийн турш зарлагаа тооцсоноор та нэг сарын амьжиргааны өртөгт шаардлагатай мөнгөний хэмжээг тодорхойлсон байх ёстой. Таны онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөц энэ дүнтэй тэнцүү байх ёстой.

Та онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөцөө сейфэнд бэлнээр хадгалах эсвэл банкны данс гэх мэт авч болохуйц газар байлгах нь зүйтэй. Энэ мөнгийг онцгой нөхцөл байдлаас өөр юунд ч бүү зарцуул. Хэрэв танд онцгой нөхцөл байдал үүсээд, онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөцөөс мөнгө хэрэглэх шаардлага гарч, зарцуулсан бол тэр даруй нөөцөө дахин бүрэн бүрдтэл мөнгө хийж эхэл. Та хэрэглээний бүх зээлээ төлж дууссаны дараа гурваас зургаан сарын зардалд хангалттай хүрэх мөнгийг хуримтлуулж эхлэх болно (бид үүнийг 9-р бүлэгт үзнэ).

Та аль болох хурдан онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөцтэй болохын тулд ажиллах хэрэгтэй. Онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөцөө бүрэн бүрдтэл илүү мөнгөө бүгдийг нь хий. Та өртэй байсан ч гэсэн онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөцтэй болох хүртлээ өрийнхөө эргэн төлөлтийг хамгийн бага хэмжээгээр хий. Та энэ үйл явцыг хурдасгахын тулд давхар ажил хийж эсвэл илүү сайн ажилтай болж мөн хэрэггүй зүйлсээ зарж борлуулан, зарим шаардлагагүй зардлаа танаж болох юм.

Ярилц:Онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөцтэй байснаар таны гэр бүлд ямар адислал ирж болох вэ? Та яагаад өрөө төлж дуусахаасаа өмнө онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцтэй болох ёстой вэ?

3. Зохих даатгалд хамрагд

Унш:Хэрэв та нарын нэг нь маш хүндээр өвчлөх юм уу хөгжлийн бэрхшээлтэй болж эсвэл бүр нас барвал энэ нь танд болон таны гэр бүлд хэрхэн нөлөөлөх вэ? Орон байранд түймэр гарах эсвэл автомашины осолд орох зэрэг нь санхүүгийн хувьд ямар нөлөө үзүүлэх вэ? Ийм төрлийн хүндрэл бэрхшээл гардаг бөгөөд хэрэв бид бэлтгэлгүй байвал тэдгээр нь санхүүгийн томоохон асуудал үүсгэнэ. Болзошгүй хүндрэл бэрхшээлээс хамгаалах сайн арга бол даатгал юм. Даатгал нь зохих төлбөрийн хариуд ямар нэг байгууллага (ерөнхийдөө даатгалын компани) хувь хүнд учирсан тодорхой хохиролд нөхөн төлбөр олгох үүрэг хүлээдэг харилцаа юм.

Ерөнхийлөгч Н.Элдон Таннэр “Бидний амьдралд гэнэтийн ямар зүйл тохиолдох нь тодорхойгүй байдаг. Эмчилгээний зардал нэмэгдэж байгаа үед ихэнх гэр бүлийн хувьд ноцтой осол, өвчин эмгэг, хүүхэд төрүүлэх зэрэгт гарах зардлыг төлөх цорын ганц арга нь эрүүл мэндийн даатгал юм. … Даатгуулагч зуурдаар нас барсан тохиолдолд амь насны даатгал нь орлогын үргэлжлэл болдог. Гэр бүл болгон эрүүл мэнд, амь насны зохих даатгалд хамрагдах ёстой” гэжээ (“Constancy amid Change,” Ensign, 1979 оны 11-р сар, 82).

Ярилц:Даатгал яагаад маш чухал вэ? Зохих даатгалд хамрагдсанаар ямар адислал ирж болох вэ?

Даатгалын ач тус

Унш:Даатгал нь осол аваар, бусад хүндрэл бэрхшээлээс үүдэлтэй санхүүгийн гамшгаас таныг хамгаалж чадна.

Даатгалын төрөл

Унш:Та бүх зүйлээ даатгуулах хэрэггүй. Учир нь та онцгой нөхцөл байдалд зориулсан нөөц болон өөр хадгаламж үүсгэж байгаа. Гэсэн хэдий ч, та санхүүгийн хувьд хохирол амсах хүндрэл бэрхшээлээс өөрийгөө хамгаалах нь туйлын чухал юм. Ерөнхийлөгч Марион Ж.Ромни “Бидэнд онцгой байдалд хүрэлцэх мөн эрүүл мэнд, гэр орон, амь насны даатгалд хамрагдах хэмжээний бэлэн мөнгөний нөөцтэй байхыг зөвлөдөг” хэмээн заасан (“Principles of Temporal Salvation,” Ensign, 1981 оны 4-р сар, 6).

Олон төрлийн даатгал байдаг ч хамгийн нийтлэг дөрвөн даатгал бий. Үүнд:

  • Эд хөрөнгийн даатгал: Байшин барилга эзэмшигч, түрээслэгчийн болон тээврийн хэрэгслийн зэрэг эд хөрөнгийн даатгал нь ноцтой хохирол, хулгай, эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд эд хөрөнгийг солих эсвэл засах зардлыг төлөхөд тусалж чадна.

  • Эрүүл мэндийн даатгал: Эрүүл мэндийн үзлэгээс эхлээд томоохон эмчилгээний зардлыг төлөх гэх мэт эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төлөхөд тусалж чадна. Таны амьдарч байгаа газраас хамаарч эрүүл мэндийн үйлчилгээг засгийн газар хариуцдаг бол эрүүл мэндийн даатгалд хамрагдах хэрэгцээ тань өөр байж болно.

  • Амь насны даатгал: Гэр бүлийн даатгуулсан гишүүн нас барсан тохиолдолд амь насны даатгалаас уг гэр бүлд нөхөн төлбөр өгдөг.

  • Гэнэтийн ослын даатгал: Гэнэтийн ослын даатгал нь даатгуулагч хөгжлийн бэрхшээлтэй болох, удаан хугацаанд ажиллах боломжгүй болох зэрэг тохиолдолд орлогынх нь тодорхой хувийг өгнө гэсэн баталгаа өгдөг.

Даатгалын зардал

Унш:Одоо бид даатгал, үүнээс хүртэж болох ашиг тусын талаар анхны ойлголттой болсон учир зардлын талаар ярилцацгаая. Даатгалтай холбоотой хураамж, суутгал гэсэн хоёр төрлийн үндсэн зардал байдаг.

Хураамж нь даатгалын үнэлгээ буюу даатгалд хамрагдахын тулд даатгалын компанид шууд (ихэвчлэн сар тутам эсвэл жил тутам) төлдөг мөнгө юм.

Суутгал гэдэг нь даатгалын компаниас үлдсэн зардлыг төлөх нөхөн төлбөр авахаас өмнө зардалд (эмчилгээний зардал эсвэл автомашины засварын зардал гэх мэт) таны төлөх мөнгөн дүн юм.

Зардал, үр өгөөжийн дүн шинжилгээ

Унш:Даатгалуудыг харьцуулах үедээ та уг даатгал ямар зардалтай байх болон хэр их нөхөн төлбөр өгөх боломжтойг харьцуулж байгаа хэрэг юм. Хамгийн сайн ба муу хувилбарыг харьцуулах нь тустай байж болно.

Жил бүрийн хамгийн бага зардал (хамгийн сайн хувилбар)

Жил бүрийн хамгийн бага зардлыг тооцоолохын тулд сарын хураамжийг 12 сараар үржүүлж (сарын хураамж x 12) эсвэл жилд нэг удаа төлдөг бол жилийн хураамжийг харахад л болно. Энэ хувилбар нь танд тухайн жилд даатгал ашиглах ямар нэг зүйл тохиолдохгүй гэж таамаглаж байгаа юм.

Жил бүрийн хамгийн их зардал (хамгийн муу хувилбар)

Жил бүрийн хамгийн их зардлыг тооцоолохын тулд жилийн хураамж дээрээ жил бүрийн суутгаж болох зардлаа нэм ([12 x сарын хураамж] + суутгал). Энэ хувилбар нь даатгал ашиглах үйл явдал нь таны жил бүрийн суутгаж болох зардлаас хэтэрсэн гэж таамаглаж байгаа юм.

Энэ мэдээллийн тусламжтайгаар та өөр өөр даатгалын зардлыг харьцуулж чадна. Дараах жишээ нь даатгалуудыг харьцуулах аргыг харуулдаг.

Бусад ашиг тусыг авч үзэх нь

Унш:Дөнгөж сая хийсэн үйл ажиллагаагаар бид эд хөрөнгийн нэг төрлийн даатгалыг (түрээслэгчийн даатгал) авч үзлээ. Бид бусад төрлийн даатгалыг харьцуулж байхдаа үүнтэй адил үйл явцыг ашиглаж болно. Гэсэн хэдий ч хамгийн бага болон их зардлаас гадна бодож үзэх ёстой өөр олон хүчин зүйл байдаг. Өөр өөр даатгалуудад дүн шинжилгээ хийх үедээ асуух нэмэлт асуултуудыг доор харуулав.

  • Ямар үйлчилгээ эсвэл үйл явдалд нөхөн төлбөр олгогдох вэ?

  • Даатгалын төрөл, хэмжээ нь ямар вэ?

  • Даатгалын компани нь нэр хүндтэй юү?

  • Эдэлж болох хөнгөлөлтүүд байна уу?

  • Та өөрөөсөө хамгийн бага зардал төлөх магадлал хэр байгаа вэ?

  • Та өөрөөсөө хамгийн их зардал төлөх ёстой болох магадлал хэр байгаа вэ?

Гэр бүлийн ЗӨВЛӨЛӨӨРӨӨ онцгой нөхцөл байдалд зориулсан нөөц болон даатгалын тухай ярилц

Унш:Энэ долоо хоногт гэр бүлийн зөвлөлөөрөө онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөцтэй болох арга замуудын талаар ярилц. Ямар даатгал гэр бүлийн тань хувьд чухал болохыг тодорхойлж, даатгалуудын судалгаа хий. Та доорх “Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар”-ыг ашиглаж болно.

Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар

Сүнсийг урихын тулд залбирлаар эхэлж, залбирлаар дуусга.

1-р хэсэг: Тоймлон үз

  • Та төсвийнхөө дагуу амьдрах тал дээр хэр сайн байна вэ?

  • Та зохих даатгалд хамрагдсан уу? Таны нөхцөл байдалд ямар даатгал танд хэрэгтэй вэ?

2-р хэсэг: Төлөвлө

  • Хэрэв та зохих даатгалд хамрагдаагүй бол ямар даатгалд хамрагдах ёстой вэ? Боломжит даатгалууд дээр зардал, үр өгөөжийн шинжилгээ хий (97–98-р хуудсыг үзнэ үү).

  • Та богино хугацаанд онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөцтэй болохын тулд юу хийж чадах вэ?

Хэвлэх