Суралц—Зарцуулах дээд хугацаа: 45 минут
Төсөв ба зарцуулалтын хяналт
-
Унш:Төсвөө хянаж мөн шинэчил. Юу нь сайн болж байна вэ? Та ямар ангиллыг нь өөрчлөх хэрэгтэй вэ? Та онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцөө илүү хурдан бий болгож, өрнөөс салж, ирээдүйдээ зориулан хадгалахын тулд зарим ангилалд илүү багыг зарцуулж чадах уу? Таны энэ долоо хоногийн амлалтуудын нэг нь гэр бүлийн зөвлөлөөрөө дараах үйл ажиллагааг ярилцах явдал байх болно.
-
Тунгаан бод:Хэрэв та санхүүгийн хямралтай тулгарвал юу хийх вэ? Та өмнө нь санхүүгийн ямар хямралд өртөж байсан бэ?
-
Унш:Хуучин Гэрээнд Иосеф Фараонд өнтэй сайхан долоон жил, өлсгөлөн нүүрлэсэн долоон жилийн тухай анхааруулсан. Фараон тэр даруй өнтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг хураалгаж, ган зудад зориулан нөөцлөх түшмэдийг томилжээ (Эхлэл 41:1–37-г үзнэ үү). Бид сайн, муу цаг үе хэзээ ирэх тухай тодорхой бошиглолыг үргэлж сонсоод байдаггүй ч бошиглогчид биднийг хямралд бэлтгэхийг, ялангуяа сайн цаг үед бэлтгэхийг урамшуулдаг.
Энэ бүлэгт бид санхүүгийн хямралд өртсөн үед юу хийх мөн хямрал болохоос өмнө хэрхэн бэлтгэх талаар суралцах болно.
-
Ярилц:Та ямар төрлийн санхүүгийн хямралд өртөж болох вэ? Бүлгийнхний санаануудыг энд бич.
1. Санхүүгийн хямралыг зохицуулж сур
-
Унш:Гэнэтийн аюул осол эсвэл галаас зугтах төлөвлөгөөтэй адил санхүүгийн хямрал болоход танд хэрэгжүүлэхэд хялбар үйл ажиллагааны чиглэл байх ёстой. Хүндрэл бэрхшээлийг даван гарах талаар ахлагч Марвин Ж.Аштон “Та тайван сууж байгаад болж буй зүйлийг хянаж, боломжит бүх арга хэмжээг жагсаан бичиж чадах уу? Та учир шалтгааныг нь тодорхойлж мөн засах арга олж чадах уу? Амар тайван тунгаан бодох нь асуудлыг сандарч тэвдсэнээс илүү хурдан шийдэж чадна” хэмээн хэлжээ (“Give with Wisdom That They May Receive with Dignity,” Ensign, 1981 оны 11-р сар, 88). Санхүүгийн хямралыг хэрхэн давахаа урьдчилан тодорхойлох нь бэрхшээл ирэх үед сэтгэл санаа болон санхүүгийн хувьд бэлтгэлтэй байх боломжийг танд олгож, ирээдүйн хямралуудаас сэргийлэхэд тусалж чадна. Санхүүгийн хямралыг давахад нөхцөл байдлыг шинжих, зохих арга хэмжээг авах гэсэн хоёр алхам шаардлагатай.
-
Ярилц:Санхүүгийн хямралыг хэрхэн давахаа одоо шийдэх нь яагаад чухал вэ? Өмнө нь хямралуудыг давахад Сүнс танд хэрхэн тусалж байсан бэ?
Нөхцөл байдалд дүгнэлт хий
-
Унш:Болзошгүй санхүүгийн хямралд дүгнэлт хийхийн тулд дараах асуултуудыг тавьж болно.
-
Та аравны нэг ба өргөлүүдийг итгэлтэйгээр төлж байна уу? Та Бурханы адислалуудыг авахуйц зохистой амьдарч байна уу?
-
Одоогийн бэрхшээлийг давахад тань туслах онцгой нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг та авсан бэ? Танд хүнс ба усны нөөц байгаа юу? Онцгой нөхцөл байдалд зориулсан нөөц бий юу? Зохих даатгалд хамрагдсан уу?
-
Онцгой нөхцөл байдалд бэлтгэхэд тань ямар сул тал байна вэ?
-
Энэ бэрхшээлийн заримыг эсвэл бүгдийг нь хамрах ямар даатгалд та хамрагдсан бэ?
-
Та онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцөө хэр удаан ашиглах боломжтой вэ?
-
Хэрэв хэрэгтэй бол өөрийн төсөвт болон өрнөөс салах төлөвлөгөөнд тань түр зуурын өөрчлөлт хийх орон зай байгаа юу?
-
-
Ярилц:Яагаад арга хэмжээ авахаасаа өмнө нөхцөл байдалд нарийн дүгнэлт хийх нь чухал вэ?
Арга хэмжээ ав
-
Унш:Санхүүгийн хямралын төрөл ба хүнд, хөнгөнөөс хамаарч санхүүгийн хямралыг давахад тусалж чадах өөр өөр арга хэмжээ байдаг. Эдгээр арга хэмжээ нь бүх нөхцөл байдалд тохирохгүй байж болох бөгөөд дараах алхмууд нь санхүүгийн хямралын үед хийж болох зүйлүүдийн тухай санааг танд өгнө.
Даатгалын компани руу утасд
-
Унш:Санхүүгийн зарим хямрал нь эрүүл мэндийн гэнэтийн асуудал, автомашины осол, орон байрны засвар, ажилгүйдэл зэргээс болж байж болно. Ийм нөхцөл байдлуудад сандарч тэвдэх юм уу өөр арга хэмжээ авахаасаа өмнө даатгалын компани руугаа утасдаж, нөхөн төлбөрийн талаар асуу. Нөхөн төлбөрийн тухай асуух нь төлбөр авна гэсэн үг биш. Хэрэв нөхөн төлбөр авахаар бол та хувиасаа ямар зардал гаргахаа мэдэж авах боломжтой болно.
-
Ярилц:Санхүүгийн ямар хямралын үед даатгалын компани руу утасдах нь зүйтэй вэ?
Онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцөө ашигла
-
Унш:Онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцийн зорилго нь санхүүгийн хямралыг даван гарахад туслах явдал юм. Ийм нөхцөл байдлуудад энэ нөөцийг ашиглахдаа харамсах хэрэггүй. Та онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцөө амьжиргааны өртгөөс авахуулаад даатгалын төлбөрт ч зарцуулж болно. Үүнийг зөв зүйлд, зөв цагтаа зарцуулахуйц ухаалаг бай. Онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцөөсөө мөнгө авсан бол аль болох хурдан нөхөж хий.
Хамгийн чухал зардал, төлбөрөө эхлээд төл
-
Унш:Бүх зардал, төлбөрөө анхааралтай шалгаж, алийг нь яаралтай төлөх ёстой, аль нь өндөр торгуульгүй тул түр азнаж болохыг тодорхойл. Нэхэмжлэгчид рүүгээ утасдаж, хүндрэл үүссэн нөхцөлд түр зуурын хөнгөлөлт үзүүлэх хугацаа, хүүгүй төлбөрийн сонголт, эцсийн өдрийг сунгах боломж байгаа эсэхийг асуух шаардлага гарч болох юм. Аль зардлаа эхлээд төлөх вэ гэдэг дээр ухаалаг байж мөн үүнийг хийхээсээ өмнө өөр төлбөрүүдээ хойшлуулснаас үүдэн гарах сөрөг нөлөөг судалж үз. Хэрэв боломжтой бол та шаардлагагүй зарим зардлаа хэсэг хугацаанд танах хэрэгтэй болж магад. Өөр зардлуудыг төлөхөөс өмнө хүнс, орох орон, ус цахилгааны төлбөр, шаардлагатай унааны зардал дээр анхаарал төвлөрүүл.
-
Ярилц:Сая жагсаасан зардлуудыг эхлээд төлөх нь яагаад чухал вэ?
Зээлдүүлэгчид рүүгээ утасд
-
Унш:Туйлын хүнд нөхцөл байдалд орсон үедээ зээлдүүлэгчид рүүгээ утасдаж, одоогийн нөхцөл байдлаа тайлбарлах нь зүйтэй байж болох юм. Хямралаасаа хамаарч та тэднээс дараах зүйлсийг асууж болно.
-
Эргэн төлөлтийг түр хойшлуулах эсвэл бууруулах
-
Зээлийг сунгах эсвэл нөхцөлийг нь бүрмөсөн өөрчлөх
Туйлын хүнд нөхцөл байдалд энэ нь цорын ганц боломж байж болох ч эргэн төлөлтийг хойшлуулах эсвэл зээлийн нөхцөлөө өөрчлөх нь нэмэлт шимтгэл хураамжтай байхаас гадна зээлийг тань урт хугацаанд илүү өндөр төлбөртэй болгох боломжтой гэдгийг анхаараарай.
-
Тусалж болох өөр эх үүсвэрийг тодорхойл
-
Унш:Бидний үүрэг бол өөрсдийгөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангах явдал юм. Гэсэн хэдий ч бид түр зуур бусдад найдах үе гарч болно. Өөр эх үүсвэр эрж хайж байхдаа урт хугацаанд бусдын дэмжлэгээс хамааралтай болохоос болгоомжил. Ийм хамаарал нь таны сүнслэг ба материаллаг өсөлтийг зогсооно. 2-р бүлэгт уншсанчлан, ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл тусламж авч болох дөрвөн арга байдаг хэмээн заасан. Үүнд:
-
Өөрөө: Та гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж мөн ойрын аюулыг арилгахын тулд эхлээд чадах бүхнээ хийх ёстой.
-
Гэр бүл: Хэрэв та чадах бүхнээ хийгээд ч ганцаараа санхүүгийн үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй мөн орон байр, хоол хүнс, бусад хэрэгцээн дээр тусламж хэрэгтэй бол гэр бүл, төрөл төрөгсдөдөө хандах нь зүйтэй.
-
Сүм: Та чадах бүхнээ хийж, гэр бүлээсээ тусламж хүссэний дараа нэмэлт боломж байгаа эсэхийг олж мэдэхийн тулд Сүмийн удирдагчидтай (бишоп, салбарын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч) уулзах хэрэгтэй болж болно. Сүмийн удирдагчдад хүмүүсийн амьдралын хэв маягийг хадгалах бус, харин үндсэн хэрэгцээнд нь туслах мэргэн заавар өгөгдсөн байдгийг санаарай.
-
Орон нутаг: Орон нутгийн эсвэл засгийн газрын дэмжлэг олгох хөтөлбөрүүд санхүүгийн эсвэл ажил эрхлэлтийн зөвлөгөө, орон байрны дэмжлэг, шинэ төрсөн хүүхдийн хоол тэжээл ба эхчүүдийн эрүүл мэндийн дэмжлэг гэх мэт хэлбэрээр танд олдож болно. Эдгээр хөтөлбөр богино хугацааны дэмжлэг үзүүлэх зорилготой гэдгийг сана. Тийм хөтөлбөрүүдэд урт хугацааны туршид бүү найд.
-
-
Ярилц:Бид яагаад Сүмээс тусламж гуйхаасаа өмнө гэр бүлээсээ тусламж хүсэх ёстой вэ? Танай бүлгийнхний тодорхойлсон хямралтай тэмцэх ямар эх сурвалж таны амьдарч буй газарт боломжтой байдаг вэ?
2. Онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцөө нэмэгдүүл
-
Унш:Та онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөцтэй болсон эсвэл бий болгож байх ёстой. Таны бэлтгэл үүгээр дуусах ёсгүй. Хэрэглээний зээлээс чөлөөлөгдөхийн тулд ажиллаж, онцгой нөхцөл байдалд зориулсан гурваас зургаан сарын нөөц бий болгож мөн орлогоо хамгаалахын тулд даатгалд хамрагд.
Онцгой нөхцөл байдалд зориулсан гурваас зургаан сарын нөөц бий болго
-
Унш:Хэрэглээний зээлээ төлж дуусгасны дараах алхам бол онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөцөө гурваас зургаан сар болгож нэмэгдүүлэх явдал юм. Онцгой нөхцөл байдалд зориулсан мөнгөө ямар нэг торгууль, хураамжгүй авч болох газарт хадгалахаа мартуузай. Санхүүгийн хямралд илүү сайн бэлтгэлтэй байхын тулд энэ нөөцөө аль болох хурдан өсгө. Таны энэ долоо хоногийн амлалтуудын нэг нь онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцөө үнэлж, хэрэглээний зээлээ үргэлжлүүлэн төлж дуусгах явдал байх болно.
Зохих орлогын даатгалд хамрагд
Тайлбар: Энэ мэдээлэл таны бүс нутагт хамаарахгүй байж болно.
-
Унш:Таны орлого бол танд байгаа хамгийн чухал хөрөнгийн нэг юм. Бүс нутагтаа нэр хүндтэй гэнэтийн ослын болон амь насны даатгалыг судалж, аль болох хурдан зохих даатгалд хамрагд.
Гэр бүлийн ЗӨВЛӨЛӨӨРӨӨ санхүүгийн хямралд бэлтгэх тухай ярилц.
-
Унш:Таны энэ долоо хоногийн амлалтуудын нэг нь “Төсөв ба зарцуулалтын хяналт”-д (147-р хуудсыг үзнэ үү) өгсөн хариултуудаа болон санхүүгийн хямралд бэлтгэж буй бэлтгэлээ ярилцах явдал байх болно. Гэр бүлд тань тохиолдож болох онцгой нөхцөл байдал, тэдгээрт хэрхэн бэлтгэх, өөрийгөө хамгаалахын тулд ямар даатгалд хамрагдах хэрэгтэй байгааг мөн хэрэгцээ гарвал нэхэмжлэгч, зээлдүүлэгчид рүү утасдах төлөвлөгөөгөө ярилц. Та доорх “Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар”-ыг ашиглаж болно. Хэрэв та гэрлээгүй бол гэр бүлийн зөвлөлдөө өрөөний найз, найз, гэр бүлийн гишүүн, зөвлөгчөө оролцуулж болно гэдгийг санаарай.