Дулаахан мэдрэмж
Зохиогч нь Гватемалд амьдардаг.
“Мөн би чамайг хайрынхаа мутарт тэвэрнэм” (Сургаал ба Гэрээ 6:20).
Гватемала хотын ойролцоо байдаг Сан Хосе Пинула хэмээх жижиг хотод цэлмэг сайхан өглөө болж байлаа. “Би хүлээж чадахгүй нь” гэж Жошуа эгчдээ хэлэв. Өнөөдөр бол түүний баптисмын өдөр.
Гэр бүлээрээ сүм дээр ирсний дараа Жошуа аавтайгаа хоёул цагаан хувцас өмслөө. Эхлээд Жошуа бага зэрэг сандарч байсан. Харин аав нь түүний гараас хөтлөн усан сан руу орох үед тэр сандрахаа болив. Жошуа уснаас гарч ирэхдээ нүүр дүүрэн инээмсэглэж байлаа.
Жошуа аавтайгаа хамт хувцсаа солив. Тэгээд аав нь бас Жошуагийн нагац ах, өвөө нар нь түүний толгой дээр гар тавин, түүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлав. Аав нь Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна уу гэж хэлэхийг Жошуа сонслоо.
Тэр аавыгаа тэврээд, “би үнэхээр аз жаргалтай байна” гэж хэллээ.
“Өнөөдөр авсан амлалтаа битгий мартаарай” гэж аав нь хэлэв. “Хэрэв чи биелүүлэх юм бол Ариун Сүнс үргэлж чамтай хамт байх болно. Чи хэзээ ч ганцаардахгүй.”
Хэдэн сарын дараа нэг өглөө Жошуа уйлан сэрлээ. Түүний гэдэс маш их өвдөж байв! Жошуа орноосоо “Ээж ээ! Миний гэдэс маш их өвдөж байна!” гэж хашхирлаа.
Түүний гэдэс улам хүчтэй өвдөж байв. Тэр алхаж ч чадахгүй байлаа. Аав нь Жошуад санваарын адислал өгч, ээж нь түүнийг эмч рүү авч явав.
Жошуаг яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэж эмч хэлэв. Аймар сонсогдож байсан.
“Чамд хагалгаа хийхийн тулд тусгай өрөөнд авч орно. Чи юу ч мэдрэхгүй” яагаад гэвэл чи унтаж байх болно. Аав, ээж хоёр чинь чамайг гадаа хүлээж байх болно” гэж эмч хэлэв.
Жошуа улам их айж байлаа. Аав, ээж маань яагаад надтай хамт энэ өрөөнд байж болохгүй гэж? Тэр уйлахаа больж чадахгүй байлаа.
Ээж нь аядуухнаар “Бид чамайг тайвшруулахын тулд юу хийж болох вэ?” гэж асуув.
“Бид юу хийж болохыг би мэдэж байна” гэж тэр хэлээд, “Би Бурханы хүүхэд” дууг надтай дуулах уу? Тэгээд дараа нь дахиад нэг залбиръя гэлээ.
Тэднийг аяархан дуулж эхлэхэд Жошуа энэ дууг түүний баптисм дээр дуулж байсныг санав. Тэднийг залбирч байх үед “Ариун Сүнс үргэлж чамтай хамт байх болно. Чи хэзээ ч ганцаардахгүй” гэж аавынх нь хэлж байсан санаанд оров.
Жошуаг сувилагч нар хагалгааны өрөө рүү авч явахад тэр айсан хэвээр л байсан. Эмч, сувилагч нар амны хаалт зүүсэн учраас тэр тэдний нүүрийг харж чадахгүй байлаа. Гэхдээ тэдний нүд рүү хараад, тэд бол түүний найз учраас сайн анхаарч, халамжилна гэдгийг мэджээ.
Хагалгааны дараа Жошуаг сайн амрах хэрэгтэй гэж эмч нар хэлэв. Тэр ядарч бас жаахан хөндүүр байсан ч гэдэс нь хүчтэй өвдөх нь гайгүй болсон байлаа. Тэр уйлах хэрэггүй болсон байв. Тэр алзахгүй гэдгээ мэдэж байлаа.
“Би сэтгэл зүрхэндээ ямар нэгэн зүйл мэдэрсэн” гэж Жошуа аав, ээж хоёртоо хэлэв. “Энэ нь дулаахан мэдрэмж байсан.”
“Энэ бол бидний Ариун Сүнс мэдэрдэг бас нэг хэлбэр” гэж ээж нь хэллээ.
Жошуа толгой дохив. Тэр Ариун Сүнсний бэлэгтэй байдагтаа баяртай байлаа. Ариун Сүнстэй байхад тэр хэзээ ч ганцаардахгүй байх болно.