2021
Христийн амилсны баярт бэлдэх нь
2021 оны 3-р сар


Христийн амилсны баярт бэлдэх нь

“Цэвэр гар, ариун зүрх сэтгэлтэйгээр Эцэгийг шүт” (2 Нифай 25:26).

mom and daughter sitting on bed as sun rises outside window

“Лидиа сэрээрэй” гэж ээж нь хэлэв. “Өнөөдөр бол Ариун пүрэв гараг!” Орос оронд Лидиагийн амьдардаг газарт Ариун пүрэв гараг бол Христийн амилсны баярт бэлддэг онцгой өдөр юм.

Лидиа эргээд, цонхоор харав. Гадаа харанхуй хэвээр байлаа.

“Ээжээ, би үнэхээр ядарч байна” гэж Лидиа хэлээд, “Би дахиад жаахан унтаж байгаад, дараа нь ажлаа хийж болох уу?” гэв.

Ээж нь инээмсэглэн, орон дээр нь суугаад, “Бидэнд өнөөдөр маш эрт босох шалтгаан байгаа юм. Яагаад гэдгийг чи мэдэх үү?” гэлээ.

Лидиа бодоод бодоод олсонгүй.

“Есүс шавь нарынхаа хөлийг хэрхэн угааж байсныг санахын тулд бид гэр орноо цэвэр байлгах гэж шаргуу ажилладаг. Тэр бусдыг хайрлаж, тэдэнд үйлчилсэн тул бид Есүсийн адил гэр орондоо үйлчлэх хэрэгтэй. Өнөөдөр бол Есүсийг дурсан санах өдөр юм!” гэж ээж нь хэлэв.

Лидиа Есүс шиг үйлчлэл хийхийг хүсэн, орноосоо үсрэн бослоо. Тэрээр өдрийн турш шаргуу ажиллав. Тэр шалаа цэвэрлэж, хувцсаа угааж бас хоол хийхэд туслав. Орой болоход тэр өөрөөрөө бахархаж байлаа. Бүх зүйл гялалзаж гялтганан, цэвэрхэн болсон байв.

Дараагийн өдөр нь Сайн баасан гараг байлаа. Лидиа аав, ээжийнхээ хамт Христийн амилсны баярын өндөг хийв. Тэд өндөгний хальсаа нүхлээд, шарыг нь гаргаж авлаа. Тэгээд дээр нь зураг зурж, зургаа ваксаар бүрхэв. Дараа нь тэд өндгөө тод улаан, үзмэн ягаан, ногоон өнгөнд дүрж өнгө оруулав. Мушгиралдсан дүрснүүд Лидиад таалагдав. Тэд үнэхээр гоё харагдаж байлаа.

Өндөгнүүдийг хатаж дууссаны дараа Лидиа гэр бүлийнхээ жижиг гэрэл зургуудийг өндөг бүр дээр наав. Энэ баасан гараг бол хамтдаа байж, Есүсийн золиосыг дурсан санах өдөр. Энэ бол Есүсийн нас барсан долоо хоногийн өдөр байв. Өндөгнүүд Лидиад Есүсийг тавьсан агуйг санагдуулжээ. Лидиагийн гэр бүл Түүнийг дурсан санах гэж хамгийн сайнаараа хичээсэн билээ.

Ариун бямба гаргийн өдөр ээж нь кулич (Христийн амилсны баярын талх) хийжээ. Кулич хийх нь Орос оронд Христийн Амилсны баяраар хийдэг чухал зүйлийн нэг байв. Кулич хийж байгаа үед хүмүүс үргэлж хүндэтгэлтэй байхыг хичээдэг байсан. Лидиа гэр бүлээ болон Есүсийн амилсныг мөн талархдаг зүйлүүдийнхээ тухай бодож байлаа. Гэр нь цэвэрхэн, амар тайван байсан учраас сүнслэг зүйлийн талаар бодоход түүнд илүү амар байсан.

Эцэст нь Христийн амилсны баярын ням гараг боллоо! Лидиа маш их баяртай байлаа! Түүний үеэлүүд тэднийд зочлон ирэв. Тэд бүгдээрээ Лидиагийн хийхэд тусалсан амттай хоолыг идсэн юм. Бялуу, кулич, зайдас, бяслаг бүгд байсан. Тэд идэж байх зуураа гэрчлэлээ хуваалцаж, талархаж явдаг зүйлүүдийнхээ талаар ярилцав.

Оройн хоолны дараа тэд онцгой нэгэн тоглоом тоглов. Хүн бүр чимэглэсэн өндөг бариад, нөгөө өндөгний дээр цохив. Хамгийн түрүүнд өндөг нь хагарсан хүн энэ тоглоомд хожигдоно. Үеэлийнхээ барьсан өндгөн дээрээс өөрийнхөө өндгийг цохиход Лидиагийн гар чичирхийлж байлаа. “Алив, өндөг минь ээ” гэж тэр хашгирав. Түүний тод үзмэн ягаан өнгийн өндөг хэдэн хэсэг болон хагарчээ. Хагарсан өндөгний хальсан дээр гэр бүлийнх нь зураг байсан.

Лидиа зургийг хараад инээмсэглэв. Тэр тоглоомонд хожигдсондоо ундууцсангүй. Түүний зүрх сэтгэлд халуун дулаан, аз жаргалтай мэдрэмж төржээ. Тэрээр энэ Христийн амилсны баярт гэр бүлдээ тусалж, тэднийг хайрлаж мөн шаргуу ажиллаж бэлдсэн юм. Христийн амилсны ачаар тэд амьдрах боломжтой!

Friend Magazine, 2021/03-04 Mar/Apr

Зургийг София Кардосо