2021
Профэтэд зориулсан төгөлдөр хуур
2021 оны 3-р сар


Профэтэд зориулсан төгөлдөр хуур

Энэ түүх Ганагийн Грээтэр Аккрад болсон юм.

Профэт нэртэй хүүд хоёр чухал зорилго байжээ.

“Хөгжим бол хүн бүрийн ойлгодог хэл юм” (Хүүхдийн дууны ном, 3).

hands on piano keyboard

Профэт дуу хөгжимд дуртай байв. Ялангуяа тэр Хүүхдийн хэсгийн болон Сүмийн дуулалд дуртай. Тэр бүтэн өдөржин амандаа дуу аялжээ. Тэр өөрийгөө төгөлдөр хуурын ард суугаад, хамгийн дуртай дуугаа тоглож байна гэж төсөөлдөг байв. Тэр бусдад төгөлдөр хуур тоглохыг зааж байгаагаар өөрийгөө төсөөлөв.

Гэвч нэг асуудал байлаа. Түүнд төгөлдөр хуур байгаагүй.

Нэгэн өдөр Профэт бишоптойгоо ярилцлагад оров.

Бишоп түүнээс “Чи Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөрт ер нь зорилго тавьж байсан уу?” гэж асуужээ.

“Тийм ээ. Би төгөлдөр хуур тоглож сурахыг хүсдэг” гэж Профэт хэлэв.

“Тэр чинь сайн төлөвлөгөө байна” гэж бишоп хэлэв.

“Энэ зорилгоо биелүүлчихвэл дахиад нэг зорилго байна” гэж Профэт хэлээд, “Би хорин хүнд төгөлдөр хуур тоглохыг зааж өгөхийг хүсдэг” гэлээ.

“Чи хоёр зорилготой юм байна” гэж бишоп хэлэв.

“Гэхдээ надад нэг асуудал байна. Надад төгөлдөр хуур байхгүй” гэж Профэт хэлжээ.

Бишоп “За, бид энэ талаар юу хийж болохыг харъя” гэв.

Дараагийн ням гарагт сүм дээр бишоп ахмад номлогчид түүнд төгөлдөр хуур тоглохыг зааж өгч болох талаар Профэтэд хэлэв. Тэд түүнд болон бусад хүнд дасгал хийх төгөлдөр хуурын гар авчирдаг байлаа. Тэд олон хүнд төгөлдөр хуур тоглохыг зааж өгөхийг хүсжээ.

Бишоп хүмүүстэй ярьсан. Профэт бас хүмүүстэй ярьсан. Профэтийн гэр бүл ч хүмүүстэй ярилцав. Удалгүй бүх тойрог төгөлдөр хуурын хичээлийн талаар ярьж эхлэв. Бусад хүн ч бас ярьж байлаа.

Профэт “Сүмийн гишүүн бус найз нөхөд маань ч бас сурахыг хүсэж байгаа” гэж бишопт хэлэв.

“Тэд ч бас мэдээж ирж болно” гэж бишоп хэллээ. “Номлогчид чамд нэг ном өгнө, тэгээд чамд хичээлээ зааж эхэлнэ. Харин чи сурсныхаа дараа өөр хүмүүст заана.”

“Тэр бол миний 2 дахь зорилго” гэж Профэт хэллээ.

Удалгүй Профэт номлогчидтой дадлага хийж эхэлсэн. Тэр нот тус бүр ямар утгатай болохыг болон хэрхэн хоорондоо зохицож аялгуу үүсгэдгийг сонсох, сурах дуртай байлаа. Түүний сүмийн найзууд болох Кэлвин, Александр хоёр бас сурч байв. Нэг сарын дараа гэхэд, энэ гурван хөвгүүн бусдад зааж эхэллээ.

Өдөр бүр сүм дээр төгөлдөр хуурын гар дээр хэрхэн ажиллахыг заадаг байв. Эхлээд 10 суралцагчтай байснаа 20, бүр 50 суралцагчтай болжээ.

“Үнэхээр гоё байна” гэж нэгэн өдөр хичээл дуусаж байх үеэр Калвин хэлсэн юм.

“Тэнгэрлэг Эцэг бидний бусдад тусалж байгааг хараад, аз жаргалтай байгаа байх гэж би бодож байна” гэж Александр хэлэв.

Профэт толгой дохилоо. Түүний зорилго хэдийн олон хүнд тус болж байлаа.

Гэхдээ түүнийг өөр нэг зүйл баярлуулж байсан. Бусад суралцагч Хүүхдийн хэсгийн дууг тоглож сурч байхдаа Тэнгэрлэг Эцэгийн талаар суралцаж байгаа явдал түүнийг баярлуулж байлаа. Зарим нь бүр Профэтээс Сүмийн талаар илүү их зүйлийг сурч болох талаар асууж байсан.

Төгөлдөр хуурын сургалтад анх суухаар ирсэн хүмүүс сүүлдээ баптисм хүртсэн юм.

“Одоо хурал цуглаан дээр бид нэгдэж, хамтдаа дуулах дуртай дуугаа дуулдаг” гэж Профэт хэлсэн.

Friend Magazine, 2021/03-04 Mar/Apr

Зураг чимэглэлийг Вайлот Лимэй