Аврагчийн гэрэлд алх
Та нар Есүс Христэд ирж, наманчилснаар Түүний эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчээр дамжуулан харанхуйгаас удирдагдан гарах болно.
Агаарын хөлгийн ахмадаар явсан нэгэн урт нислэгт би Германаас 11:00 цагт хөөрөөд, Калифорнид тухайн өдрийн 13:00 цагт буусан юм. Хөөрөх, буух цагийг харьцуулбал Атлантын далай ба Хойд Америк тивийг дамнасан нислэг ердөө хоёр цаг үргэлжилсэн мэт харагдаж магадгүй.
Боинг 747 онгоц хурдан ч, арай тийм хурдан биш ээ! Бодит байдал дээр 5600 миль (9000 км) зайг туулахад салхинаас хамааран 11 цагийг зарцуулсан юм.
Бид баруун зүгт нисэж байсан тул нислэгийн үеэр үргэлж нартай байв. Германаас Калифорни хүртэл тэнгэрийн уудамд цэлийх нарны гэрэлд бид баясан явцгаалаа. Харин Герман руу буцах нислэг огт өөр байсан. Биднийг зүүн зүгийг чиглэн нисэх үед нар ердийнхөөсөө илүү хурдан жаргаж, юу юугүй шөнө болчхов.
Түнэр харанхуйд нисэж байхдаа би нар байрандаа зогсолтгүй ээсээр байгааг баттай мэдэж байлаа. Аялал дуусахаас өмнө нар мандаж, халуун дулаан болон амьдрал бэлэглэхээр шинэ өдөр гэрэл цацруулан ирнэ гэдгийг би мэдэж байв.
Заримдаа бидний эргэн тойрон дахь зүйлс тогтворгүй, урьдчилан таамаглах аргагүй, харанхуй мэт санагдаж магадгүй юм. Би Есүс Христэд ямар их талархаж байна гээч! Тэр бол дэлхийн гэрэл хийгээд амь амьдрал болой. Түүний ачаар бид ирээдүйд итгэх итгэл найдвар, Түүний тэнгэрлэг гэрлээс хүртэх боломж, нүгэл ба үхлийг үүрд ялах амлалтыг хүлээн авсан.
Аврагчийн хайр ба хүч
Есүс Христ биднийг хайрладаг учраас Бурханы бүх хүүхдийн төлөө амиа өгч, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралын үүдийг нээсэн.
Сатан та нарт юу гэж итгүүлэхийг хүсдэгээс үл хамааран Аврагчийн мутар хүрч, аварч чадахгүй газар гэж үгүй. Та нар хэзээд “түүний хайрын тэвэрт мөнхөд хүрээлүүл[сээр]” (2 Нифай 1:15) байх болно.
Есүс Христийн Цагаатгалын боломж олгогч, гэтэлгэгч хүчнээс энэ бүх бэлгийн хамгийн агуу нь ирдэг. Аврагч Гетсемани, Голгота дахь зовлон шаналлынхаа улмаас, тулгарч буй аливаа бэрхшээлээ даван туулахад та нарт хэрхэн туслахаа мэддэг (Алма 7:11–12-ыг үзнэ үү).
Есүс Христ бол та нарын хүч чадал!
“Аврагч бүх хүн төрөлхтний төлөө [цагаатгагч золиосоо өргөхдөө], Өөрийг нь дагадаг хүмүүст Өөрийнх нь эдгээх, хүчирхэгжүүлэх, гэтэлгэх хүчнээс хүртэх замыг нээж өгсөн” гэж ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хэлсэн.
Тэр хүч яг нар шиг үргэлж оршсоор байдаг. Энэ нь хэзээ ч сарнидаггүй. Аврагчийн явсан замаар замнах нь сүүдрээс нарны гэрэлд буюу Бурханы гэрэл, халуун дулаан, хайрын адислалыг хүлээн авч чадах газарт гарч алхахтай адил юм.
Гэрэл гэгээтэй шинэ эхлэл
Мормоны Номд нифайчууд Аврагчийн цовдлолтын дараа хамгийн гүн харанхуйд гурван өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай өгүүлдэг. Тэдний ойр орчмыг нөмөрсөн харанхуй нь нүглийн улмаас бидний мэдрэх сүнслэг харанхуйг бэлгэддэг. Дараа нь тэд харанхуйгаас гараад, гэрлийн зүг явахыг урьсан Христийн дуу хоолойг сонссон.
“Та нар бүгд, эдүгээ би та нарыг эдгээж болохын тулд та нар надад эргэн ирж, мөн нүглүүдээ наманчилж, мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү? (3 Нифай 9:13).
“Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг надад өргөл болгон өргө” (3 Нифай 9:20).
“Наманчилж мөн зүрх сэтгэлийнхээ бүрэн тэмүүллээр надад эргэж ир” (3 Нифай 10:6).
Та нарыг харанхуйд төөрөлдсөн үед Аврагч яг ийм урилгуудыг илгээдэг. Нар мандах бүрдээ шинэ өдрийг илтгэдэг шиг та нар наманчлах бүрдээ шинэ боломж, гэрэл гэгээтэй эхлэлийг хүлээн авдаг.
Чин сэтгэлийн наманчлалаар дамжуулан Есүс Христ “та нарын гэм буруугийн мэдрэмжийг амар амгалан, баяр хөөрийн мэдрэмжээр солих болно. Тэр та нарын нүглүүдийг дахин санахгүй. Түүний хүч чадалд зарлигуудыг сахих хүсэл чинь өсөн нэмэгдэнэ.”
Та нарыг наманчлах эхний алхмаа хиймэгц Аврагч “зүрх сэтгэл, амьдралыг чинь өөрчилж эхэлнэ. Та нар бага багаар өсөж хөгжин, Түүнтэй улам адил болж, мөн Тэрээр хүчнээс нь хүртэх агуу боломжуудыг өгнө”.
Үүрдийн эдгэрлийг олох
“Аврагч бол гарамгай Эдгээгч. Аврагчийн эдгээх хүчний талаарх хамгийн сэтгэл татам нэг жишээ бол Мормоны Номд гардаг Түүний хувийн тохинуулал юм.
“Та нарын дунд өвчтөнүүд байна уу?” гэж Тэр асуусан. “Та нарын дунд … ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн нэгэн байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно, учир нь та нарыг өрөвдөх сэтгэл надад буй. …
“Мөнхүү улиран тохиох дор түүнийг тийн ярихад, бүх цугласан олон нэгэн зэрэг … урагшлав; мөн тэрбээр тэднийг түүнд авчрахад нэг бүрчлэн эдгээв” (3 Нифай 17:7, 9).
Аврагч амилахынхаа өмнө болон дараа ч хэн нэгнийг эдгээхдээ бодгалийг эдгээх Өөрийн дээд хүчийг гэрчилсэн. Гайхамшигт эдгэрэлт бүр Амилалтаар бидэнд ирэх бие махбод, сэтгэл санааны үүрдийн эдгэрлийн тухай Түүний амлалтыг харуулсан.
Заримдаа эдгэрлийг хүссэн та нарын залбирал найдаж байсан байдлаар чинь хариулагдахгүй байж болох ч хөсөр хаягдахгүй. Шөнийн харанхуй үргэлжид алдар суут өглөөний нар луу хөтөлдөг шиг эдгэрэл чинь эцэстээ Тэнгэрлэг Эцэгийн арга зам, цаг хугацаанд ирэх болно.
Хайрт найз минь, Есүс Христ бол энэ хийгээд мөнх амьдрал дахь Эдгээгч гэдгийг би гэрчилж байна. Түүний нигүүлсэл та нарын шархыг эдгээж, нүглийг цэвэршүүлж, сорилтод хүчирхэгжүүлж, итгэл найдвар, мэргэн ухаан, амар амгалангаар адислахад хангалттай юм. Та нар Түүний хайр, гэрэл, халуун дулаан нөмрөөс хэсэг хугацаанд холдлоо ч Түүний хүч үргэлжид оршиж, байнга, зогсолтгүй ээсээр байдаг.
Та нар өөрсдийн тань төлөө Есүс Христийн хийсэн бүхэнд гүн гүнзгий талархах, гайхширах сэтгэлийг үргэлжид тээх болтугай. Тэр та нарыг төгс хайрладаг гэдгийг мэдэж ав. Түүний та нарт үүрд мөнхөд амласан зүйлийг сана. Мөн тэгээд түүний Хүү Есүс Христийн баяслаар та нарт үүрэг чинь хөнгөн байж болохыг Бурхан соёрхох болтугай (Алма 33:23).