Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Өнөөдрийг гартаа ав
2024 оны 9-р сар


Ирээд, Намайг дага

Хиламан 7

Өнөөдрийг гартаа ав

Та нар өнгөрсөн цаг үед амьдарсан ч болоосой гэж хүсдэг үү? Яг үнэндээ тэгэх шаардлагагүй.

Зураг
Гэрэлтсэн бөмбөгийг атгасан гар

Зургийг Алиса Питэрсон

Хэрэв дээр үед төрсөн бол амьдрал тань илүү хялбар эсвэл илүү дээр байх байсан гэж та нар бодож байсан уу? Бусад хүнд, бүр тэр байтугай бошиглогчид хүртэл ийм мэдрэмж төрж байсан удаатай.

Бошиглогч Нифай (Хиламаны номд) өөрийн хүмүүсийн зөрүүд ёс бус байдлыг хараад: “Ай, өөрийн өвөг Нифай анх Иерусалим нутгаас гарах үед өөрийн өдрүүдийг өнгөрөөсөн болоосой би, тэгэхэд… — … бодгаль минь баясахсан билээ” (Хиламан 7:7–8) хэмээн дуу алдсан.

Тэр өөрийн цаг үедээ хэцүү амьдралыг туулсан юм. Эцэст нь тэрээр: “Гэвч… эдгээр нь миний өдрүүд” (Хиламан 7:9) хэмээн бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн.

Та нарын өдрүүд

Энэ бол та нарын өдрүүд. Та нар сорилттой тулгарах хэдий ч бас боломжуудыг олж авдаг. Тухайлбал: Та нар өөрсдийн өдрүүдэд дараах зүйлсийг хийж болно. Үүнд:

  • Хөшигний хоёр талд Израилыг цуглуулах. Энэ “цугларалт өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм.” Сайн мэдээг хуваалцаж, Есүс Христэд болон Түүний Сүмд ойртоход бусдыг урих олон арга зам та нарт бий. Өвөг дээдсээ гайхалтай арга замаар олж илрүүлэхэд мөн нас барсан хүмүүст ариун сүмд ёслолуудыг хүлээн авахад та нар тусалж чадна.

  • Технологийг эерэг байдлаар ашиглах. Орчин үеийн технологийг хэрхэн сайн үйлийн төлөө ашиглаж болохыг дэлхийд харуулахаар та нар тусгайлан бэлтгэгдсэн.

  • Үзэн ядалт, доромжлол, хуваагдлыг сөрөн зогс. Чөтгөрийн эдгээр тахал дэлхийгээр дүүрэн энэ цаг үед та нар илүү сайн буюу Аврагчийн эелдэг, өрөвч нинжин, энх тайванч, хайраар дүүрэн арга замыг харуулж чадна.

  • Өөрчлөгдөж буй ертөнцөд тууштай бай. Есүс Христэд мөн Түүний сайн мэдээнд болон Сүмд үнэнч байснаар Их Эзэн та нарыг адислах болно, мөн бусад хүн амьдралын шуурган дунд үлгэр жишээг тань харах болно.

Та нарын гайхамшгууд

Нифайн хувьд энэ нь үргэлж амар байгаагүй ч тэр Их Эзэний хүссэн газар (цаг хугацаанд) байсан. Тэр итгэлтэй нэгэн байв. Үр дүнд нь тэрээр өөрийн өдрүүдэд гайхамшгуудыг болон ер бусын зүйлсийг харж, Их Эзэнээр өргөгдсөн билээ. (Хиламан 7–16-г үз.)

Та нар өөрсдийн өдрүүдэд итгэлтэй амьдарснаар гайхамшиг, мөн ер бусын зүйлсийг харж чадна.

Эх сурвалж

  1. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), Gospel Library.

Хэвлэх