Есүс Христ бол та нарын хүч чадал.
Та нарын “хандлага” ямар байна вэ?
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын зарчмуудад хандах хандлага тань та нарт илүү өндөр оргилд гарахад тусална.
Нисгэгчид нисэх онгоцны агаар дахь байрлалыг онгоцны чиг хандлага гэж нэрлэдэг. Онгоцны хошуу дээшээ эсвэл доошоо хандсан байна уу? Эргэх үү, чигээрээ юү, ямар түвшинд нисэх вэ? Англи хэлээр хандлага нь мөн амьдралын өгсөлт, уналтад гаргах сэтгэлгээг хэлдэг. Нислэг, амьдралын аль алинтай нь холбоотой “Бидний хандлага өндрийг маань тодорхойлдог” гэсэн эртний хэлц үг бий.
Та нар Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч-ийг ямар хандлагаар уншдаг вэ? Товхимлын зарчмуудад хандах бидний хандлага амьдралыг маань өөрчлөх хүчтэй ба шинэ өндөрлөгт гарах уу эсвэл доош живэх үү гэдэгт нөлөөлнө.
Хандлагаа өөрчлөхийн тулд юунаас эхэлж болохыг Аврагч бидэнд зааж өгсөн. Тэрээр “Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ!” (Матай 5:5) хэмээн айлдсан. Бид зөв шударга, даруу, сайн мэдээний сургаалыг дагахад бэлэн байх замаар дөлгөөн занг өөртөө төлөвшүүлж чадна. Бидэнд өгөгдсөн зарчмуудын талаарх өөр өөр хандлагыг илэрхийлэх гурван асуултыг авч үзье.
1-р хандлага: Би хэр муу байж чадах вэ?
Ийм хандлагатай хүмүүс “Хязгаар хаана байна? Хязгаарыг аль болох давахгүйгээр үүнтэй ойр амьдармаар байна” гэдэг. Энэ нь шүхэрчин “Би шүхрээ дэлгэлгүйгээр газарт хэр ойртож болох вэ?” гэж асуухтай адил аюултай юм.
2-р хандлага: Би хэр сайн байх ёстой вэ?
Энэ хандлага нь хамгийн бага хүчин чармайлтыг эрэлхийлдэг. Энэ нь багшаас “Би энэ хичээлд унахгүйн тулд хамгийн багадаа юу хийх хэрэгтэй вэ? гэж асуухтай адил юм. Энэ нь шүхэрчин “Би шүхрээ сайтар эвхмээр байгаа ч тэгсхийгээд эвхчихье” гэж байгаатай утга нэг юм.
3-р хандлага: Би хэр их зоригтой байж чадах вэ?
Нэг хүү надад өглөө 5:00 цагт семинартаа явснаа хэллээ. Би “Хөөх, ямар эрт яваа вэ! Яагаад тийм эрт явсан юм бэ?” гэж асуув. Тэр даруухнаар “би хүсэлтэй бас дуртай учраас. Семинар бол өдрийн хамгийн гоё хэсэг нь” гэж хариулсан юм. Тэр бол “Би зоригтой байхыг хүсэж байна!” гэсэн хандлагатай хүүхэд юм. Түүний хувьд дуулгавартай байдал нь зовлон биш харин адал явдал байсан.
Энэ нь шүхэрчин “Би шүхрээр үсрэх дуртай, үргэлжлүүлэн олон жил үсэрмээр байгаа учраас шүхрээ нягт нямбай эвхдэг мөн газарт хүрэхээсээ хавьгүй өмнө дэлгэдэг” гэж хэлэхтэй адил юм. Ийм хандлага нь биднийг өсөж хөгжихөд тусална.
Мормоны Номд хаан Лемонайн эцэг гурав дахь хандлагыг төгс илэрхийлсэн гайхалтай залбирлыг хэлсэн нь:
“Ай Бурхан, … та өөрийгөө надад мэдүүлнэ үү, мөн би таныг мэдэхийн тулд би бүх нүглүүдээ орхих болно” (Алма 22:18).
Хаан “Таныг мэдэхийн тулд би хэр муу хүн байж болох вэ?” эсвэл “Таныг мэдэхийн тулд би хэр сайн хүн байх ёстой вэ?” гэж асуугаагүй. Тэр тэгээгүй. Харин “Би таныг мэдэхийн тулд … бүх нүглүүдээ орхих болно” гэсэн нь түүний хандлага байсан.
Илүү дээд түвшний, илүү ариун дадал зуршил
Их Эзэн биднийг цоорхой хайх биш, харин илүү дээд түвшний, илүү ариун дадал зуршлуудыг эрэлхийлнэ гэж итгэдэг. Хэрэв товхимолд ямар нэгэн зүйл бидний хүсэн хүлээсэн шиг тодорхой бичигдээгүй бол “Бурхан юуг зөвшөөрөх бол? гэхийн оронд “Бурхан юуг илүүд үзэх байсан бол?” хэмээн асууцгаая. Хоёр дахь асуулт нь Их Эзэн бидэнд дөлгөөн байдлыг заахдаа бидний хүн нэг бүрийг хөгжүүлээсэй хэмээн хүсдэг эрмэлзэгч зүрх сэтгэлийн талаар илчилсэн.
Хэрэв онгоцонд суухад маань нисгэгч надаас “Би хэр муу хүн байж болох вэ?” эсвэл бүр “Би хэр сайн байх ёстой вэ?” гэж асуухыг лав хүсэхгүй. Харин түүнийг “Би хэр зоригтой байж чадах вэ?” гэж асуугаасай гэж хүснэ. Нислэгт, мөн амьдралд хандлага бидний өндрийг тодорхойлдог. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол нь зан байдлын наад захын жишгийг тайлбарлахын тулд бус харин шавь байх сургаалыг заахын тулд бичигдсэн. Энэ бол үнэхээр гайхалтай товхимол.