Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Та нар сонсох уу?
2024 оны 9-р сар


Ирээд, Намайг дага

Хиламан 13–16; 3 Нифай 1

Та нар сонсох уу?

Хэрэв бид хүсвэл бошиглогчдын удирдамж биднийг хамгаалж, адисалж, бидэнд тусалж чадна.

Олны дундах залуу эрэгтэй лемен үндэстэн Самуелын зогсож буй хэрэм рүү харж байгаа нь

Зураг чимэглэлийг Алисса Талэнт

“Устгал айсуй!”

Энэ бол сонсоход гунигтай мэдээ юм. Гэсэн хэдий ч өөрийгөө энэ гунигт мэдээг түгээхээр дуудагдсан нэгэн гээд төсөөлөөд үз дээ!

Лемен үндэстэн Самуел нифайчуудад ёс бус байдлынх нь талаар сэрэмжлүүлэхээр Их Эзэнээр дуудагдсан. Самуел хэрэм дээр зогсоод, нэг л өдөр “бүрмөсөн устгал … та нар наманчлахгүй аваас гарцаагүй ирэх болно” (Хиламан 13:10) гэж тунхагласан.

Мөн Самуел таван жилийн дараа нар жаргасан ч харанхуйлахгүй шөнө болж, Аврагчийн мэндэлснийг илтгэх шинэ од тэнгэрт гарч ирнэ гэж бошиглосон (Хиламан 14:2–5-ыг үзнэ үү).

Нифайчууд түүний захиасанд хэрхэн хандсан бэ?

Тэд сонсохоос татгалзсан. Тэд “[Самуелын] зүг чулуу шидэж, … түүнийг хэрмэн дээр зогсож байхад түүний зүг сум харвав” (Хиламан 16:2). Өнөөдөр хүмүүс бошиглогч руу чулуу шидэж, сум харвадаггүй нь талархууштай ч олон хүн түүнийг Аврагчийн сайн мэдээний мөнхийн үнэнийг заахад үгийг нь үгүйсгэж, тохуурхсан хэвээр байна.

Бошиглогчийг ярихад та нар хэрхэн хандах вэ? Та нар сонсох уу?

Дэлхий дээр бошиглогчтой байж, түүнийг сонссоноос ирдэг адислалуудын гурван сануулгыг доор өгөв.

Бошиглогч биднийг хайрлаж, бидний төлөө залбирдаг

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ:

“Би та нарт хайртай.” “Би та нарыг үргэлж оюундаа санаж, залбиралдаа оруулдаг” хэмээн хэлсэн.

Бошиглогч биднийг хайрлаж, бидний төлөө залбирдаг гэдгийг мэдэх нь ямар их адислал вэ!

Лемен үндэстэн Самуелын бошиглолоос бараг таван жилийн дараа зарим нифайчууд түүний үгс гүйцэлдэх нь өнгөрлөө гэцгээсэн. Тэд итгэдэг хүмүүсийг шоолж, хэрэв Аврагчийн төрөлтийн тэмдэг ирэхгүй бол тэднийг алах өдрийг хүртэл товлов (3 Нифай 1:6–9-ийг үзнэ үү). Энэхүү түгшүүрт цаг үед бошиглогч Нифай “өөрийн хүмүүсийн … итгэсний учир устгагдах гэж буй тэдний тусын тулд” (3 Нифай 1:11) өдөржин залбирсан.

Өнөөдөр бошиглогчийн залбирал бидний бодож байгаагаас илүү олон арга замаар бидэнд тусалдаг. Түүний залбирлаар дамжуулан хүлээн авдаг сүнслэг удирдамж бүх дэлхийг адисалдаг.

Бошиглогч биднийг Аврагч руу чиглүүлдэг.

“Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун. Цаг нь ойртлоо, мөн энэ шөнө тэмдэг өгөгдөх болно … маргааш бибээр дэлхийд ирэх болно” (3 Нифай 1:13)” хэмээн Их Эзэн Нифайд хэлсэн.

Нар шингэхэд харанхуй болсонгүй. Тэмдэг ирлээ! (3 Нифай 1:15-ыг үзнэ үү.) Маргааш өглөө нь хүн бүр шинэ од гарч ирснийг харж, энэ бол Аврагчийн мэндлэх өдөр гэдгийг мэдсэн (3 Нифай 1:19, 21-ийг үзнэ үү). Аврагчийн төрөлтийн талаар Самуелаар дамжуулан Их Эзэний бошиглосон бүхэн Түүний үгийн дагуу гүйцэлдсэн юм.

Аврагч дэлхийд ирснээр итгэгч хүмүүсийг тэр даруй үхлээс аварсан. Гэхдээ Түүний аварсан хүмүүс зөвхөн тэд байсангүй. Есүс Христ бид бүхнийг нүгэл ба үхлээс аварч, хэрэгтэй үед хүч чадал өгч, Цагаатгалаараа дамжуулан бидэнд итгэл найдвар, баяр баясгаланг авчрахаар ирсэн. Энэ бол “дэлхий эхэлснээс хойш бошигло[сон]” (Мозая 13:33) бошиглогч бүрийн гол захиас байлаа. Бошиглогчид биднийг “зам, үнэн, амь” (Иохан 14:6) болох Аврагч руу чиглүүлдэг.

Бошиглогч үнэнийг тунхагладаг

Ахлах сургуульдаа анх удаа Мормоны Номыг уншихад лемен үндэстэн Самуелын сургаал надад онцгой санагдаж билээ. Тэрээр нифайчуудад хэрэв тэд наманчлалаа хойшлуулсаар байх юм бол “бүрмөсөн дэндүү оройтох” цаг ирнэ хэмээн хэлсэн. Мөн “Та нар амьдралынхаа бүх өдрүүдэд хүрч чадахгүй түүнийг эрэлхийлсэн; … та нар алдсыг үйлдэж аз жаргалыг эрэлхийлсэн нь” (Хиламан 13:38) бидний Тэнгэрлэг Эцэгийн мөн чанарын эсрэг юм гэж заасан.

Бидний цаг үед ерөнхийлөгч Нэлсон мөн адил зүйлийг сургасан.

“Эрх мэдэл, эд хөрөнгө, алдар нэр, махан биеийн таашаал нь аз жаргал авчирдаг гэж энэ дэлхий хэлдэг ч тийм биш юм! Тэдгээр нь авчирч чаддаггүй! …

Үнэндээ аз жаргалыг хэзээ ч олж авч чадахааргүй газраас хайх нь илүү төвөгтэй юм! Есүс Христэд … , зөвхөн Түүнд л энэ ертөнцийн таталцлаас таныг дээш өргөх хүч бий.”

Зарим нифайчууд Самуелын үгийг сонсоод, итгэхийг сонгосон бол бусад олон нь итгээгүй (Хиламан 16:1–8-ыг үзнэ үү). Өнөөдөр ч гэсэн олон талаараа ийм байна.

Та нар юуг сонгох вэ? Та нар бошиглогчийг сонсох уу?

Ерөнхийлөгч Нэлсон ийн заасан.

“[Бошиглогч, үзмэрч, илчлэгчид] магадгүй хүмүүсийн сонсохыг хүсдэг зүйлийг үргэлж хэлээд байдаггүй байх. Бошиглогчид алдарших нь ховор. Гэхдээ бид үргэлж үнэнийг заадаг!”

Та нар бошиглогчийг сонсож, түүний үгсийн дагуу үйлдсэнээр бошиглолынх нь удирдамж амьдралын тань туршид та нарыг хамгаалж, адисалж, туслахыг мэдрэх болно.