Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Сэтгэл санааны эрүүл мэндээ сайжруулахад зориулсан 5 зөвлөмж
2024 оны 9-р сар


Сэтгэл санааны эрүүл мэндээ сайжруулахад зориулсан 5 зөвлөмж

Бид хамтдаа байхдаа илүү хүчтэй байдаг.

Инээсэн дүрстэй шар бөмбөг барьсан гар

Миний нөхөр Скотт, бид хоёр 2018-2021 оны хооронд Австралийн Сидней номлолд номлолын удирдагчаар үйлчилсэн юм. Шинэ номлогчийн бүртгэл дээр сэтгэл санааны эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан гэж тэмдэглэсэн байвал би тэр даруй тэдэнд насанд хүрсэн хойноо сэтгэл гутралыг туулсан хувийн туршлагаа хуваалцдаг байв. Бид нэг баг учраас ийм асуудал тулгарвал ганцаараа туулах хэрэггүй гэдгийг ойлгуулахыг би хүсдэг байлаа.

Би үүнтэй ижил захиасыг та нартай хуваалцмаар байна! Маш олон хүн сэтгэл санааны эрүүл мэндийн асуудалтай тулгардаг ч бид бүгд бие биедээ тусалж чадна. Яг үнэндээ би сэтгэл санааны эрүүл мэндийн мэргэжилтэн биш. Гэхдээ надад, миний мэддэг мөн хайртай хүмүүст тус болсон сэтгэл санааны эрүүл мэндийг сайжруулах хэд хэдэн дадал, сүнслэг зөвлөгөөг би хуваалцъя.

Христ Иаирын охиныг амилуулсан нь

Христ Иаирын охиныг амилуулсан нь, Грэг K.Oлсэны бүтээл

1-р зөвлөгөө: Христийг амьдралынхаа төвд байлгацгаая.

Би багадаа АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотын ойролцоо өсөж, далайн эргийн дэргэдэх цэнгэлдэхийн нэгэн тоглоом дээр тоглох дуртай байлаа! Энэ тоглоом дээр нь суухад зориулсан том дугуй модон тавцантай, тавцан хурдан эргэлдэхэд тогтож үлдэх нь тоглоомын зорилго юм. Захад суусан хүмүүс ихэвчлэн түрүүлж унадаг байв. Харин төвөөс зугтах хүчийг ойлгодог хүмүүс гол руугаа ойртон суудаг байлаа.

Энэ нь яг л сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал, OCD буюу улигт бодол, албат үйлийн эмгэг эсвэл үүнтэй төстэй хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарахдаа Христийг амьдралынхаа төвд байлгахтай адил гайхалтай зүйрлэл гэж би боддог. Бид Христийг амьдралынхаа төвд байлгах хэрэгтэй.

Тархины эрүүл мэндийн асуудалтай тулгарсан үед бидний тэнгэртэй тогтоосон харилцаа бүдгэрч, Аврагчтай ойр дотно байх хэцүү санагддаг. Энэ нь бид шийтгэгдэж байгаа эсвэл Бурханы хайрыг хүртэхэд зохисгүй гэсэн үг биш юм. Миний хувьд харилцаагаа сэргэхийг хүлээж байхдаа Түүнийг тэнд байгаа гэдэгт итгэх нь чухал юм! Үргэлжлүүлэн залбирч, Аврагчийн үгийг эрхэмлэж, Түүний амлалтад итгэж, ариун ёслолоос хүртэж, Түүнд төвлөрөх бүх зүйлийг хий.

Залбирч буй залуу эрэгтэй

2-р зөвлөгөө: Өдөр бүр Их Эзэнд найдацгаая

Цөлд байсан Израилын хөвгүүд маннатай болохын тулд өдөр бүр Их Эзэнд найдах ёстой байв. Заримдаа бид цочирдол эсвэл сэтгэлийн шаналал гэх мэт гүн гүнзгий асуудлуудтай тулгарах үед тэдгээрийг бүрмөсөн арилгахыг хүсдэг. Магадгүй тэд арилах ч бидний хүссэн арга замаар эсвэл хүссэн цаг хугацаанд тохиохгүй байж магадгүй. Энэ нь найдваргүй гэсэн үг биш. Бид хөдөлмөрлөж, илүү гэрэл гэгээтэй цаг хугацааг хүлээж байхдаа өдөр бүр Бурханд найдах хэрэгтэй.

Үүнийг хийх нэг арга зам бол Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлж, өөрт тохирох аргыг олтлоо өөр өөр аргуудыг туршиж үзэх явдал юм. Дараа нь сул дорой эсвэл цочирдсон үед үүнтэй төстэй нөхцөл байдалд тайвшруулах хөгжим сонсож эсвэл итгэдэг хүнтэйгээ холбоо барьснаар хэрхэн аюулгүйгээ мэдэрснээ санахад Тэр тусалж чадна. Энэ нь танд дараагийн удаа хүнд байдалд орохдоо ашиглах баталгаатай аргуудтай болох боломжийг олгоно. Юу ч хийсэн өдөр бүр Их Эзэний тусламжийг эрэлхийл.

Тэр бүү хэл бид чанга дуугаар: “Би өдөр бүр Их Эзэнд найдсанаар босож, өөрөө ч мэдээгүй хүч чадлыг өөрөөсөө олох болно!” гэж хэлж болно.

усны савыг дээш өргөн агаарт барьсан байгаа нь

3-р зөвлөгөө: Та нар бие махбоддоо анхаарал тавьж чадна

Тархи бол бидний мөнх бус бие махбодын нэг хэсэг тул дэлхийн амьдралын олон өөрчлөлт, төгс бус байдалд мэдрэмтгий байдаг. Гэвч сайхан мэдээ байгаа нь тархиа хүчирхэгжүүлэх, сэтгэл санааны эрүүл мэндийг сайжруулахад туслах баталгаатай аргууд юм. Тэдгээрээс хэдийг энд дурдъя.

  • Өглөөдөө нарны гэрэл эсвэл тод хиймэл гэрлийг мэдэр

  • Байгальд алхаж, байгальтайгаа ойр бай

  • Тогтмол дасгал хий

  • эрүүл хоол хүнс ид

  • Их хэмжээний ус уу

  • Орой бүр хангалттай унтаж амар

Амьсгалын дасгалууд бас хүчирхэг нөлөөг үзүүлдэг. Хамраараа гүнзгий амьсгаа аваад, дахин амьсгал ав. Хэдэн секунд бариад, эцэст нь бүх амьсгаагаа амаараа гарга.

Би үүнийг сэрээд, сандарсан үедээ (ерөнхий чуулганд үг хэлэхийн өмнө гэх мэт) бас унтахынхаа өмнө хэд хэдэн удаа хийдэг.

хоёр хүн гараа сунгаж, барилцсан байгаа нь

4-р зөвлөгөө: Бид тусламж хүсэж болно

Хэрэв та нар байгальд алхаж яваад төөрсөн бол хөтөчтэй тааралдангуутаа аюулгүй газар луу явах замыг асуухаас ичих үү? Би тэгж бодохгүй байна. Тусламж хүсэх нь сул дорой байдлын шинж биш юм. Бид үүнийг амьдралынхаа бусад талбарт олонтоо хийдэг.

Сэтгэл санааны бэрхшээлийг даван туулахдаа тусламж гуйхын оронд гутаан доромжилдог байдлыг халахад тусал.

Бурханаас, мөн найз нөхөд, гэр бүл эсвэл эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламж гээд өөрт хэрэгтэй нэмэлт тусламж хайх нь сул дорой гэсэн үг биш юм. Үнэндээ та зориг гаргаж байна!

Нэг нэгнээ нуруугаар нь тэврээд цувран зогссон хүмүүс

5-р зөвлөгөө: Холбоотой байцгаая

Өдөр бүр залбирлаар Тэнгэрлэг Эцэгтэйгээ холбогдох нь амин чухал юм.

Мөн бид аюулгүй, итгэж болох хүмүүстэй холбоотой байх нь маш чухал гэж би боддог. Ээжтэйгээ утсаар ярь! Найзтайгаа нүүр тулан ярилц. Ах эгч, дүүтэйгээ ярь. Бид бие биедээ тусалснаар илүү хүчтэй болдог. Тусалсан, туслуулсан хоёр хоёулаа хүчирхэгждэг. Хүн бүрд хэн нэгэн хэрэгтэй. Нийгмээс дөлөх, сэтгэлээр хямрах зэрэг нь ихэвчлэн байдлыг улам дордуулдаг. Хайртай, хамт амьдардаг, харж, тэвэрч чадах хүмүүстэйгээ холбогдох нь бидний туулж буй олон өвдөлтийг арилгах гайхалтай ерөндөг юм.

Бид Түүнтэй хамт халуун зуухыг тэсэн гарч чадна!

Заримдаа зүгээр л бид Бурхан бидэнтэй хамт байгааг санах хэрэгтэй болдог.

Хуучин Гэрээнд Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг гаднах хамгаалагчид нь хүртэл тэвчиж чадахааргүй халуун зууханд хаясан талаар өгүүлдэг.

Тэгвэл тэр гурав яаж амьд үлдсэн бэ?

Сударт “бурхдын төрхтэй” (Даниел 3:25) дөрөв дэх дүр тэдэнтэй хамт галан дунд харагдсан гэж заадаг.

Энэ нь халуун гал шиг сорилт бэрхшээл дунд ч, ялангуяа бид тэдгээрийг тэсвэрлэх үед Христ бидэнтэй хамт байдаг гэсэн утгатай гэдэгт би итгэдэг. Сэтгэл санааны эрүүл мэндийн асуудал нь яг л дүрэлзсэн галтай зуухтай адил санагдаж болох юм. Христ бол Иммануел ба энэ нэр нь шууд утгаараа “Бурхан бидэнтэй хамт” гэсэн утгатай.

Есүс Христ зөвхөн замын төгсгөлд биш, биднийг хүсээгүй сэтгэл хөдлөлүүдээсээ ангид байх үед ч биднийг хүчирхэгжүүлдэг хүч чадал гэдгийг санаарай. Тэр үнэндээ аяллын маань туршид бидэнтэй хамт байдаг. Тэр бол яг одоо бидэнд байгаа хүч чадал, тусламж юм.

Хамтдаа илүү хүчтэй байцгаая!