Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Миний хооллолтын эмгэг ба үнэн мөн чанар
2024 оны 9-р сар


Өсвөр үеийнхний дуу хоолой

Миний хооллолтын эмгэг ба үнэн мөн чанар

залуу эмэгтэй

Удаан хугацааны турш би хоолны дуршилгүй болох мэдрэлийн эмгэг буюу жин нэмэхээс айсандаа бага хооллодог эмгэгээр зовж шаналсан. Энэ эмгэг сэтгэл зүйд нөлөөлж улмаар хоол идмэгц гэм буруугийн мэдрэмж төрж, биеийнхээ хэрэгцээг ойлгохгүй болдог. Би онлайнаар эсвэл сургууль дээрээ бодит бус жишгүүдийг байнга харж, гэр бүл, эргэн тойрныхоо хүмүүстэй өөрийгөө харьцуулахаа больж чадахгүй байлаа.

Би хооллолтын эмгэгээ тас нуусан ч ээж минь миний хооллох зуршил өөрчлөгдсөнийг анзаарав. Тэр надад ярилцахын тулд хамт суугаад юу болж байгааг хэлэхэд шаардлагатай хугацаа өгөв. Бид маш их уйлсан, гэхдээ надад тусламж хэрэгтэй байгааг мэдэхэд Сүнс түүнд тусалсан гэж би бодож байна. Бид хамтдаа төлөвлөгөө гаргаж, алгуурхнаар хэрэгжүүлж эхлэв.

Энэ хугацаанд би патриархын адислал авахаар шийдлээ. Туулж буй харанхуйгаасаа гарвал миний амьдрал ямар байхыг би мэдэхийг хүссэн юм. Би Бурханаас “Би хэн бэ?”, Та надад хайртай юу?, Би яагаад энд байгаа юм бэ?” гэж асуусан. Патриархын хэлсэн хамгийн эхний зүйл бол эдгээр асуултын хариулт байв. Миний адислал өөрийн жинхэнэ мөн чанар, Бурхан надад юу бэлдсэнийг мэдэхэд тусалсан. Би адислалаа унших бүрдээ Аврагчийн намайг гэх хайрыг мэдэрч, Түүний тусламжтайгаар ямар хүн болж чадахаа санадаг.

Патриархын адислал, гэр бүл, Тэнгэрлэг Эцэгийнхээ болон Аврагчийн дэмжлэгийг авсан ч биеийнхээ талаарх мэдрэмжээ бүрэн ойлгохын тулд би маш их цаг хугацааг зарцуулсан. Хэн гэдгээ, гадаад төрхөө хүлээн зөвшөөрөх нь заримдаа хэцүү байдаг. Гэхдээ харанхуй цаг мөчийг туулсан учраас би өөрийн жинхэнэ мөн чанарыг таньж мэдсэнээр гарч буй өсөлт, гэрэл гэгээнд талархаж эхэлж байгаа. Би Тэнгэрлэг Эцэгийн охин. Би Есүс Христийн шавь. Тэд намайг хайрлаж, урамшуулдаг ба энэ нь бусдын үзэл бодлоос илүү чухал юм.

АНУ-ын Жоржиа мужид амьдардаг 17 настай Б.Аннализ.

Одоо эмнэлэгт дадлага хийж байгаа бөгөөд Бурханыг болон Түүний бүтээлүүдийг хүндэтгэхийн тулд зураг зурж, дуу хөгжим зохиодог.