Хэрхэн чуулганыг өөртөө илүү утга учиртай болгох вэ?
Чуулганыг илүү ер бусын болгохын тулд эдгээр гурван санааг туршиж үзээрэй.
Ерөнхий чуулган удахгүй болох гэж байна. Чуулганы захиас зөвхөн чуулганы өдрүүдээр бус цаашид ч нөлөө үзүүлэх зорилготой юм! Эдгээр гурван зөвлөгөөг дагавал чуулганыг өөртөө илүү утга учиртай болгож чадна.
1. Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Ерөнхий чуулганы өмнө та нар судар судлах, чин сэтгэлээсээ залбирах зэрэг энгийн үйлдэл хийн сүнсээ бэлдэж болно. Та нар сошиал медиагаас хэсэг зуур бүрэн татгалзаж эсвэл ариун сүм рүү тусгай аялал хийж болно. Сүнслэг байдлаар өөрийгөө бэлтгэх нь Ариун Сүнсний удирдамжийн нөлөөг мэдрэхэд тань тусална.
2. Оюундаа асуултаа тунгаа
Сүүлийн үед та нарын бодолд юу эргэлдэж байна вэ? Та нар гэр бүлийн асуудал эсвэл сайн мэдээний асуултын талаар чухал шийдвэр гаргах хэрэгцээтэй байж магадгүй. Энэ талаар Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, ерөнхий чуулганы үеэр удирдамжийг сонс.
Өнгөрсөн жил Жэймст тохиолдсон туршлагыг унш.
Чуулган болох үед би Христийн Цагаатгалын хүчийг амьдралдаа хэрхэн илүү сайн ашиглахаа мэдэхийг хүссэн. Би Тэнгэрлэг Эцэгээс Сүнсийг сонсож, хэрхэн илүү сайн сонголт хийхээ мэдэхэд туслахыг, мөн буруу сонголтуудыг минь өршөөхийг гуйж залбирсан.
Ахлагч Дийтр Ф.Угдорфын ярьсан зүйл миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн.
“Эргэн ирэхийг шийдэж, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгчийн замаар алхаж эхлэх мөчөөс л Түүний хүч таны амьдралд ирж, үүнийг өөрчлөх болно.”
Их Эзэн үүнийг надад мэдүүлэхийг хүссэн гэдгийг, Сүнс үүний үнэнийг надад гэрчлэхийг би мэдэрсэн. Асуултаа тунгааж бэлдсэнээр би залбиралдаа хувийн хариулт авч чадсан билээ.
Жэймс М., 16 настай, АНУ, Хойд Дакота
3. Зарчим эсвэл урилгыг хэрэгжүүл
Онцгой санагдсан сургаал болон зарчмуудыг сонс. Дараа нь үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх зорилго тавь. Мөн та нар бошиглогч, төлөөлөгчдийн өгөх шууд урилгыг анхааралтай сонсож болно. Тэдгээр урилгаас дор хаяж нэгийг нь бичиж аваад, хэрэгжүүлэхээр ажилла. Итгэлээр үйлдэх нь бошиглолын сургаалын үнэнийг болон хүчийг мэдрэхэд тусална.