Порнографын циклийг эвдэх
Надад ганцаардмал бас арчаагүй санагдсан ч бишоп маань итгэл найдвар, тусламж эрж олох гол арга замуудыг сануулсан.
Би анх 13 настайдаа порнографтай холбогдсон. Юу гэдгийг нь мэдэхгүй бас ойлгоогүй ч сошиал медиагаас санаандгүй олж харсан юм. Ингэж анх санамсаргүй харсан бол цаашлаад сониуч зангаасаа болон зориудаар эрж хайх болсон.
Тэр үед удирдагчдын маань хэлсэн захиас порнографыг зөвхөн хөвгүүдэд тохиолддог зүйл шиг санагдуулдаг байв. Тиймээс би маш их ичгүүрийг мэдэрсэн. Өөрийнхөө асуудлын талаар хэзээ ч, хэнд ч хэлж чадахгүй юм шиг надад санагдсан. Би Есүс Христийн Цагаатгалын талаар мэддэг байсан ч өөрийгөө ийм асуудалтай цорын ганц охин учраас нөхцөл байдалд маань Аврагч тусалж чадахгүй гэж бодсон. Энэ нь надад хамаарахгүй мэт санагдсан.
Бишопын өрөө
Тэр жилүүдэд семинар эсвэл онцгой цугларалт гэх мэт Сүнс оршдог газруудад би бишоптойгоо уулзах өдөөлтийг олонтоо мэдрэв. Идэвхтэй гэр бүлээс гаралтай сайн хүүхэд гэсэн нэр төр маань яах бол гэсэн бодол намайг хойш суухад удаан хугацаанд нөлөөлсөн юм. Бишоп намайг байгаагаар минь хүлээн авна гэж бодсон ч хайраар дүүрэн хүн гэдэгт нь би итгээгүй. Надад шууд шийтгэл онооно гэж би бодсон.
Эцэст нь би түүнтэй уулзахад миний төсөөлж байснаас тэс өөр зүйл болсон. Тогтсон шийтгэл оноохын оронд бишоп маань надад: “Чи Бурханы охин хэвээрээ. Тэр чамайг одоо ч гэсэн хайрладаг, чи Түүний хувьд үнэ цэнтэй хэвээрээ” гэж хэлсэн.
Би хайрыг асар их мэдэрснээ санаж байна. Би амьдралдаа анх удаа Аврагчийн Цагаатгалын хүчийг тийм хүчтэй мэдэрсэн. Эргээд бодоход бишопын минь хэлсэн тэр үг яагаад тийм чухал байсныг би ойлгож байна.
Бурханы охин
Хүмүүс порнографтай тэмцэж байхдаа ичгүүрийг ахин дахин мэдэрдэг. Миний хувьд би мөн чанараа умартаж, эдгээр сөрөг сэтгэл хөдлөлөө дарахын тулд порнографыг ашигладаг байсан. Дараа нь би ичиж, өөрийгөө бусдаас тусгаарлан, энэ цикл давтагддаг байлаа.
Би “зүгээр л болихын тулд” өөрийн хүчинд түшиглэх гэж удаан хичээсэн. Гэвч би өөрөө үүнийг хийж чадахгүй байлаа. Бишоп маань надад Бурханы хайртай охин гэдгээ санахад тусалсан. Түүнтэй уулзаж, тэр үнэнийг санаснаар би жинхэнэ ахиц дэвшил гаргаж эхэлсэн.
Бурхан, Аврагч хоёрын тухай үнэн
Эхэндээ би залбирахаас айдаг байлаа. Би Тэнгэрлэг Эцэгийг шударга ёс, уур хилэнгийн Бурхан гэж бодож байсан. Гэвч үргэлжилсэн наманчлалын үйл явц надад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын мөн чанарыг ойлгоход тусалсан. Нэг удаа наманчлах нь намайг энэ асуудалд дархлаатай болгодоггүй гэдгийг мэдсэн маань үргэлжлүүлэн Тэдний бурханлаг тусламжид найдах боломжийг надад олгосон. Тэнгэрлэг Эцэг сорилтуудын маань талаар аль хэдийн мэдэж бас ойлгож байсан ба би зүгээр л Түүнд хандах хэрэгтэй байв.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр нигүүлсэж, ойлгодог гэдгийг би сурч мэдсэн. Чамайг Тэдэнд хандах үед Тэд чамтай мөр зэрэгцэн алхаж, алхам тутамд гараас чинь хөтлөх болно.
Сатаны заль мэхтэй тэмцэх
Бурханы мөн чанарыг ойлгох нь надад Сатан, түүний хэрэгслүүд мөн тэдгээр нь хэрхэн Бурханы эсрэг шууд ажилладгийг ойлгоход тусалсан. Сатаны хамгийн хүчирхэг аргуудын нэг нь ичгүүр бөгөөд энэ нь гэм буруугийн эсвэл “бурханлаг харуусал” (2 Коринт 7:10)-ын мэдрэмжээс ялгаатай. Гэм буруутай гэдгээ мэдрэх үедээ чи алдаа хийснээ ойлгодог. Гэхдээ ичгүүр нь чамайг гэм нүгэл үйлдэх үед өөртэйгөө холбоотой сөрөг мэдрэмжээ мөн чанартайгаа холбож, мөн чанараа мэдрэмжтэйгээ андуурч бодоход хүргэдэг.
Сатан намайг энэ сорилтыг ганцаараа даван туулж чадна гэдэгт итгүүлэхийг хүссэн. Энэ хуурамч итгэл нь порнографтай тэмцэлдэж буйгаа бишопдоо ярихад минь саад учруулсан. Надад асуудлаа даван гарах хүртлээ түүнтэй уулзаж чадахгүй юм шиг санагдсан. Чамд Аврагчийн эдгээх хүчийг эрэлхийлэх зохисгүй мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд Сатан сул талыг чинь ашигладаг.
Биднийг ганцаараа байх үед Сатан бидэн дээр ажилладаг тул хамгийн сайн хамгаалалт бол холбоо харилцаа гэдгийг би сурч мэдсэн. Заримдаа энэ нь бусадтай харилцах, сайн найзуудтайгаа утга учиртай цагийг өнгөрөөх гэхчлэн энгийн байж болно. Тэнгэрлэг Эцэгтэй, мөн өөртэйгөө болон бусадтай (ялангуяа таныг Тэнгэрлэг Эцэгийн адил хардаг хүмүүстэй) холбогдох нь Бурханы үнэ цэнтэй хүүхэд гэсэн жинхэнэ мөн чанараа санах хамгийн сайн арга зам юм.
Илүү өндөр зорилго
Сүүлдээ би порнографтай тэмцэж буй бусад залуу эмэгтэйд туслах өдөөлтүүдийг мэдэрч эхэлсэн. Би илүү том зорилгыг мэдэрсэн. Би эргэн тойрныхоо хүмүүсийн юу гэж бодохоос илүү Тэнгэрлэг Эцэгийн юу гэж бодоход анхаарахаар шийдсэн тул туршлагаа илэн далангүй ярьж эхэлсэн.
Чи үргэлжлүүлэн наманчлахаас ирдэг баттай баяр баясгаланг мэдэрснийхээ дараа үүнийг бусадтай хуваалцахыг хүсэх болно! Одоо би бүрэн цагийн номлогчоор үйлчилж байгаагийн хувьд энэ баяр баясгаланг үргэлжлүүлэн хуваалцсаар байна.
Миний захих захиас
Чи хэзээ ч ганцаараа биш, бас найдвар байгаа.
Энэ тэмцэл бол Аврагч, итгэлтэй дотнын хүмүүс, удирдагчдын тусламж, зөв арга хэрэгслийн дэмжлэгтэйгээр даван туулж чадах зүйл юм. Өөрийгөө тусгаарлалтаас гаргаж, Бурханы мэлмийгээр чамайг хардаг хэн нэгэнд ханд. Чамаас юу харж байгааг нь асуу!
Чиний тэмцэл ямар ч байсан бай Аврагчийн мөн Түүний Цагаатгалын нөлөө үргэлж чамайг хүрээлсээр байх болно. Тэнгэрлэг Эцэг чамд бүрэн дүүрэн хайртай бөгөөд байнга наманчлах нь чухал.