Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Авах ба өгөх—Сэтгэцийн эрүүл мэндэд зориулсан тусламж
2024 оны 9-р сар


Авах ба өгөх—Сэтгэцийн эрүүл мэнд-д зориулсан тусламж

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулгарах үед тусламж хүсэх эсвэл бусдад санал болгох олон арга зам бий.

гунигласан залуу эмэгтэйн дээр шүхэр барин зогсох залуу

Зураг чимэглэлийг Симона Лав

Та нар гунигласан, урам зориггүй, сэтгэл түгшсэн, санаа зовнисон эсвэл хямарсан үедээ юу хийх хэрэгтэй вэ?

Та нар дараах хариултуудыг бодож магадгүй. Үүнд: Сайн мэдээний дагуу амьдрах. Залбирах. Судруудаас унших. Ариун ёслолоос хүртэх. Эдгээрийг үргэлжлүүлэн хийх нь сайн буюу шаардлагатай ба олон асуудлыг шийддэг (мөн тэдгээрээс урьдчилан сэргийлдэг). Гэхдээ зарим асуудалд нэмэлт хүчин чармайлт шаардагддаг.

Хүн бүр заримдаа түгшүүр эсвэл гуниг мэдэрдэг нь ердийн үзэгдэл юм. Энэ бол амьдралын нэг хэсэг. Тэдгээрийг даван туулах олон эрүүл арга зам бий. Гэхдээ сэтгэлийн түгшүүр эсвэл сэтгэл гутрал таны амьдралд асуудал дагуулж, Сүнсийг мэдрэхэд саад болохуйц хүчтэй эсвэл удаан үргэлжилж байгаа бол үүнийг нэмэлт тусламжгүйгээр сайжирна гэж хүлээх нь бодит байдалд нийцэхгүй байж болох юм.

Сэтгэцийн эрүүл мэнд бол биеийн эрүүл мэнд билээ (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022], 29-ийг үзнэ үү). Бидний тархинд байдаг химийн бодисууд бидний сэтгэл хөдлөлийг зохицуулахад тусалдаг ба тархи нь биеийн нэг хэсэг юм. Сэтгэл гутрал, түгшүүр “бүгд таны толгойд” л бий гэж хүмүүс ярьдаг нь шууд утгаараа зөв бөгөөд толгой бол үнэндээ таны тархи байрладаг хэсэг юм. Гэхдээ асуудал нь хөл хугарах, мухар олгойн үрэвсэл гэх мэтээс тэс өөр байдаг.

Тусламж авах

Мормоны Номд “өвчний эх үүсвэрийг зайлуулахаар Бурханы бэлтгэсэн олон ургамал мөн үндсүүдийн онц сайн чанартайгаас” (Алма 46:40) нифайчууд адислагдсан гэж гардаг. Өнөөдөр бид эдгээр зүйлийг анагаах ухаан гэж нэрлэж байж магадгүй.

Өнөө цаг үед Бурхан өвчин, гэмтэл, тэр дундаа сэтгэцийн болон сэтгэлийн зовлон шаналалтай тэмцэх илүү олон арга замыг бэлдсэн. Чухамдаа нифайчуудын мөн бидний эмээ өвөөгийн зөвхөн мөрөөдөж байсан эмчилгээнүүд бидний үед л бий. Бид гайхамшгуудын цаг үед амьдарч байна! Мөн Тэнгэрлэг Эцэг биднийг эдгээрийг ашиглахыг хүсдэг.

Энэ нь сэтгэл гутрал эсвэл түгшүүртэй тэмцэж буй хүн бүрд эм, эмчилгээ хэрэгтэй гэсэн үг биш юм. Хүн болгон өөр. Гэхдээ нөхцөл байдал тань ямар ч байсан бай нэг зүйл тодорхой байгаа нь та ганцаараа зовж шаналах шаардлагагүй. Таны Тэнгэрлэг Эцэг танд туслахыг эрмэлздэг.

Тэнгэрлэг Эцэг тань танд хэрхэн туслахаа мэддэг. Бэрхшээл тань залбирал, итгэлээр шийдвэрлэгдэхээс эсвэл хүнд хэцүү цаг үеийг даван туулахад эм, эмч, эцэг эх, найз нөхөд, бишоп, өсвөр үеийнхний удирдагчид, багш нар, цэвэр агаар, дасгал хөдөлгөөнийг хослуулан адислалыг нь эрэлхийлэх шаардлагатай эсэхээс үл хамааран Түүнээс тусламж хүс. Тантай төстэй асуудалтай хүмүүс асуудлаа хэрхэн шийдсэнд хэт их анхаарах хэрэггүй. Тэнгэрлэг Эцэг танд нөхцөл байдалдаа тохирсон шийдлээ олоход туслах болно.

Тусч бай

Сайн мэдээ нь бусдад туслах тухай бөгөөд Аврагч Цагаатгалаараа дамжуулан бидэнд хэрхэн тусалсныг харуулдаг. “Ганцаардсан, тусгаарлагдсан эсвэл цөхөрсөн хүмүүст хүрч туслахыг үргэлж хичээ. Та нараар дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд тэдэнд тусал” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч, 12). Та нар эмч, эмчлэгч биш ч Христийн шавь нар бөгөөд Христийн шавь “гашуудах тэдний хамт гашууда[ж]; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруул[даг]” (Moзая 18:9).

Хайртай хүн чинь сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр гээд бусад сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан үед та нарын хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг бол сонсох явдал юм.

Сэтгэл санааны эрүүл мэндийн асуудалтай хүмүүс ихэнхдээ та нараас өөрсдийг нь ойлгож, хайраа хуваалцаасай гэж хүсдэг. Тэд таныг бүх зүйлийг шийдэх шидэт хариултыг өгнө гэж хүлээдэггүй. Тэд зүгээр л таагүй мэдрэмжүүдээ гадагшлуулах хэрэгтэй байж магадгүй. Тэд хэн нэгнийг өөрсөдтэй нь хамт байж, сонсож, “Чиний туулж байгаа зүйл үнэхээр таагүй байгааг би ойлгож байна. Уучлаарай. Би асуудлыг чинь шийдэхэд тусалж чаддаг ч болоосой. Миний тусалж чадах зүйл байвал надад хэлээрэй” гэх зэргээр нинжин сэтгэлээ илэрхийлэхийг хүсдэг.

Бас …

Та тусламж үзүүлж байгаа эсвэл танд тусламж хэрэгтэй байгаагаас үл хамааран зарим зүйлийг зөвхөн Бурхан л хийж чадна гэдгийг санаарай. Түүнд үүнийг даатга. Энэ хооронд өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст санаа тавихын тулд өөрийн чадах бүхнийг хий.