2010–2019
Бурханы няцаашгүй гэрч: Мормоны Ном
2017 оны 10-р сар


2:3

Бурханы няцаашгүй гэрч: Мормоны Ном

Мормоны Ном бол Есүс Христийн тэнгэрлэг байдал, Иосеф Смитийн бошиглох дуудлага, энэ Сүмийн гарцаагүй үнэний талаарх Бурханы няцаашгүй гэрч юм.

Мормоны Ном бол зөвхөн манай шашны төдийгүй бидний гэрчлэлийн тулгуур чулуу бөгөөд бэрхшээлтэй эсвэл хариулт нь тодорхой бус асуудлуудтай тулгарах үед гэрчлэлийг маань аюулгүй байлгаж чадна. Үнэний дэнсэн дээр энэ ном бүх шүүмжлэгчийн санааг нэгтгэснээс ч илүү жин дардаг. Яагаад? Учир нь хэрэв энэ үнэн бол түүхийн болон бусад ямар ч тайлбараас үл хамааран Иосеф Смит бошиглогч байсан нь үнэн бөгөөд энэ сүм бол Есүс Христийн сэргээгдсэн Сүм болж таарна. Энэ шалтгаанаар шүүмжлэгчид Мормоны Номын бурууг олж тогтоох зорилготой байдаг боловч энэ ном үнэн учраас тэд давшгүй саад бэрхшээлтэй тулгардаг.

Эхлээд шүүмжлэгчид 23 настай, боловсрол нимгэн тариачин залуу олон зуун өвөрмөц нэр, газар, нарийн тодорхой түүх ба үйл явдлуудыг өгүүлсэн энэ номыг хэрхэн бүтээснийг тайлбарлах ёстой болно. Үүнийг тайлбарлахын тулд шүүмжлэгчид түүнийг суут ухаантан байсан ба Мормоны Номын түүхэн агуулгыг зохиохын тулд маш олон ном, орон нутгийн эх сурвалжуудыг ашигласан гэсэн санааг дэвшүүлдэг. Орчуулгын ажил эхлэхээс өмнө Иосефт дээрх эх сурвалжууд байхыг харсан гэж хэлдэг ганц ч гэрч байдаггүй нь тэдний санаатай зөрчилдөж байна.

Энэ таамаг үнэн байлаа гэхэд, Мормоны Номын гарал үүслийг тайлбарлахад үнэхээр хангалтгүй юм. Иосеф хэрхэн тэдгээр эх сурвалжийг уншиж, хэрэггүй мэдээллийг шүүж, хэн хаана, хэзээ байсан тухай нарийн түвэгтэй мэдээллийг хольж хутгалгүй хадгалж, дараа нь үүнийг чээжээр хэлж бичүүлсэн юм бол? гэдэг асуултад бас хариулах ёстой болно. Иосеф Смит орчуулж байхдаа ямар ч тэмдэглэлгүй байдаг байсан. Үнэндээ, түүний эхнэр Эмма “Түүнд хараад унших гар бичмэл эсвэл ном байгаагүй. … Хэрэв түүнд эдгээрийн аль нэг нь байсан бол надаас нуух боломжгүй байх байсан” хэмээн дурссан байдаг.

Тиймээс Иосеф 500 гаруй хуудастай номыг ямар ч тэмдэглэлгүйгээр хэлж бичүүлэх гайхалтай ажлаа хэрхэн гүйцэлдүүлсэн бэ? Үүнийг хийхийн тулд тэр суут ухаантан төдийгүй итгэмээргүй гоц ой тогтоолттой байх ёстой. Хэрэв энэ үнэн юм бол түүнийг шүүмжлэгчид энэ гайхалтай авьяасыг цохон тэмдэглэхгүй яасан юм бэ?

Гэвч өөр зүйл ч бас бий. Эдгээр таамаг нь уг номны түүхэн агуулгатай л холбоотой. Иосеф Сүнсийг мэдрүүлдэг номыг хэрхэн бүтээсэн мөн Тэр үеийн Христийн шашны итгэл үнэмшлүүдийг тодруулдаг эсвэл тэдэнтэй зөрчилддөг тийм гайхалтай сургаалыг хаанаас олсон юм бол гэсэн асуулт гол асуудал хэвээр байна.

Жишээлбэл, Мормоны Ном ихэнх Христийн шашинтай адилгүйгээр Адамын уналт бол зөв алхам байсан гэж заадаг. Мөн баптисм хүртэх үед хийгддэг, Библид байдаггүй гэрээнүүдийг уг ном илчилдэг.

Түүнчлэн Христ Цагаатгалаараа дамжуулан биднийг цэвэршүүлээд зогсохгүй төгөлдөржүүлж чадна гэдэг гайхалтай ойлголтыг Иосеф хаанаас авсан юм бол? гэж хэн нэг нь асууж болох юм. Тэр Алма 32 дахь итгэлийн тухай гайхалтай номлолыг хаанаас авсан бэ? Эсвэл Аврагчийн Цагаатгалын тухай судруудад бичигдсэн хамгийн агуу номлол болох Бенжамин хааны номлолыг хаанаас авсан юм бол? Эсвэл нарийн түвэгтэй мөн сургаалын хувьд баялаг чидуны модны ёгтлолыг тэр хаанаас авсан юм бол? гэж асууж болно. Би энэ ёгтлолыг унших үедээ нарийн сайн ойлгохын тулд бүдүүвч зураг зурдаг. Иосеф Смит эдгээр номлолыг ямар ч тэмдэглэлгүй, чээжээр хэлж бичүүлсэн гэдэгт бид одоо итгэх болж байна уу?

Ийм дүгнэлттэй зөрчилдөн, Бурханы нөлөө Мормоны Номоор дүүрэн байдаг нь гайхамшигт сургаалынх нь үнэнд, ялангуяа Есүс Христийн Цагаатгалын тухай сонгодог номлолуудад тодорхой харагддаг.

Хэрэв Иосеф бошиглогч биш байсан юм бол эдгээр болон бусад олон гайхалтай сургаалын ойлголтыг тайлбарлахын тулд шүүмжлэгчид түүнийг шашны суут ухаантан байсан гэсэн таамаг дэвшүүлэх ёстой болно. Хэрэв тийм байсан гэж үзвэл, Иосеф яагаад Христийн тохинууллаас 1800 жилийн дараа ийм өргөн хүрээтэй өвөрмөц, эргэлзээ арилгах сургаалуудыг авчирсан цорын ганц хүн байсан юм бол гэж хэн нэгэн асууж магадгүй юм. Учир нь энэ номын эх сурвалж нь гоц ухаан биш, илчлэлт байсан.

Иосеф авьяастай, гоц ой тогтоолттой шашны суут ухаантан байсан байлаа ч эдгээр авьяас дангаараа түүнийг чадварлаг бичээч болгохгүй. Шүүмжлэгчид Мормоны Номыг тайлбарлахын тулд Иосеф 23 насандаа байгалиас заяасан авьяастай бичээч байсан гэсэн үндэслэл гаргах ёстой болно. Тийм байгаагүй бол тэр хэрхэн хэдэн арван нэр, газар, үйл явдлыг алдаа мадаггүйгээр хоорондоо нийцсэн нэгэн цогц зүйл болгож чадсан бэ? Тэр хэрхэн дайны нарийн стратеги, уран яруу номлолуудыг бичиж мөн сая сая хүний өнгөөр ялган тодруулж, чээжилж, эш татаж, хөргөгчнийхөө хаалган дээр байрлуулдаг “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” (Moзая 2:17) эсвэл “тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25) гэх мэт хэллэгүүдийг зохиосон бэ? Эдгээр нь зүрх догдлуулсан мөн амьдарч, амьсгалж, урам дэм өгдөг захиасууд юм. Бодит байдал дээр Иосеф Смит 23 насандаа энэ ер бусын ажлыг ганцхан оролдлогоор ажлын ердөө 65 орчим хоногт бичиж чадах чадвартай байсан гэж үзэх боломжгүй.

Дадлага туршлагатай, чадварлаг бичээч болох ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхны Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээ 40 гаруй удаа өөрчлөн бичсэн гэдгээ хуваалцсан. Иосеф Смит өөрөө бүхэл бүтэн Мормоны Номыг, дараа хийгдсэн бага зэрэг дүрмийн засварыг эс тооцвол эхний оролдлогоороо хэлж бичүүлсэн гэдэгт бид одоо итгэх ёстой гэж үү?

Үүнийг хийх боломжгүй гэдгийг Иосефын эхнэр Эмма “Иосеф Смит [залуу байхдаа] Мормоны Ном мэтийн ном байтугай ойлгомжтой, сайн найруулгатай захидал ч бичиж эсвэл хэлж бичүүлж чаддаггүй байсан” гэж баталсан юм.

Эцэст нь бүр хэн нэг нь дээр дурдсан эргэлзээтэй дүгнэлтүүдийг бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн ч бай, шүүмжлэгчид бас нэгэн том саадтай тулгарна. Иосеф Мормоны Номыг алтан ялтсууд дээр бичигдсэн байсан гэж хэлсэн. Энэ нь тухайн үед хайр найргүй шүүмжлэл дагуулж байсан. Эртний түүх үйс эсвэл муутуун дээр бичигдсэн байдаг гэдгийг “хүн бүр” мэддэг байсан ч олон жилийн дараа эртний бичээс бүхий төмөр ялтсууд олдсон юм. Үүнээс гадна, Мормоны Номонд хүмүүс цемент ашигладаг байсан гэж гардаг ч эртний шүүмжлэгчид Америк тивд цементэн барилга байгууламж олдтол, үүнийг тэдний мэдлэг чадвараас хэтэрсэн зүйл хэмээн үздэг байсан. Шүүмжлэгчид одоо эдгээр болон үүнтэй төстэй эргэлзээ бүхий олдворуудыг юу гэж тайлбарлах вэ? Иосеф юмыг таахдаа ер бусын азтай байсан болж таарч байна. Ямар нэг байдлаар, аливаа зүйлийг зөв таах магадлал бага байсан ч оршин буй бүхий л шинжлэх ухаан, эрдэм мэдлэг өөрийнх нь эсрэг байхад ч тэр бүх зүйлийг зөв таасан болж байна.

Энэ бүхнийг авч үзсэний дараа, шүүмжлэгчдийн санал болгож буй хүчин зүйлүүд болон хүчнүүд тохиолдлоор нэгдэж, ад чөтгөрийн худал хуурмаг Мормоны Номыг зохиож бичих боломжийг Иосефт олгосон гэдэгт хэн нэгэн яаж итгэх юм бэ гэж хүмүүс асууж болно. Гэвч ийм байх боломжтой юу? Харин ч эсрэгээрээ энэ ном сая сая хүнд Сатаныг эсэргүүцэж, Христийнхтэй илүү адил амьдралаар амьдрахад сүнслэгээр нөлөөлсөн.

Зарим хүн шүүмжлэгчдийн тайлбарт итгэхийг сонгож болох боловч миний л хувьд энэ нь оюун санааны болон сүнслэг мухардалд хүргэнэ. Уг тайлбарт итгэхийн тулд би нотлогдоогүй дараалсан олон зүйлийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болно. Цаашилбал, би амьдралынхаа эцсийг хүртэл гэрчлэлдээ үнэнч үлдсэн 11 гэрч тус бүрийн гэрчлэлийг болон гайхамшигт үнэнээрээ энэ ариун нандин номын хуудас бүрийг дүүргэдэг тэнгэрлэг сургаалыг үгүйсгэж, би болон өөр үй олон хүн энэ номыг уншаад, бусад ямар ч номоос илүүгээр Бурханд илүү ойртсон бодит үнэнийг үл хэрэгсэж, Ариун Сүнсний баталгаа өгөгч шивнээг үгүйсгэх шаардлагатай болно. Энэ нь миний үнэн гэж мэддэг бүх зүйлтэй нийцэхгүй.

Сайн, ухаалаг найзуудын маань нэг нь хэсэг хугацаанд Сүмийг орхисон. Тэрээр саяхан надад эргэж ирсэн тухайгаа бичсэн юм. “Эхэндээ би Мормоны Номыг түүх, газарзүй, хэл, соёлын талаас нь нотлохыг хүсэж байсан. Гэвч би Есүс Христийн сайн мэдээ, Түүний аврах зорилгын талаар заадаг зүйлд анхаарал хандуулснаар энэ нь үнэн болох талаар гэрчлэлтэй болж эхэлсэн. Нэг өдөр би Мормоны Номыг өрөөндөө уншиж байгаад түр азнаж, өвдөг сөгдөн, чин сэтгэлээсээ залбирч, Тэнгэрлэг Эцэг Сүм болон Мормоны Ном гарцаагүй үнэн гэж миний сүнсэнд цуурайтуулан шивнэхийг мэдэрсэн. Би Сүмийг гурван жил хагас дахин дахин сонирхсоны эцэст үнэн гэдгийг нь бүх зүрх сэтгэлээрээ, бүрэн дүүрэн мэдсэн.”

Ямар ч хүн миний найзын адил Мормоны Номыг даруухнаар уншиж, тунгаан бодох цаг гаргаж, Сүнсний сайн үр жимсийг анхааралтай ажиглах аваас хүссэн гэрчээ хүлээн авах болно.

Мормоны Ном бол Бурханы бидэнд өгсөн үнэлж баршгүй бэлгүүдийн нэг мөн. Энэ бол илд ч, бамбай ч мөн бөгөөд зөв шударга хүмүүсийн зүрх сэтгэлийг аврах Бурханы үгийг тулаанд илгээж, үнэний хамгийн чухал хамгаалагч болж байдаг. Гэгээнтнүүд бид Мормоны Номыг хамгаалах онцгой эрхтэйгээс гадна дайралтыг хүлээн авч мөн тэнгэрлэг сургаалыг нь хүчтэйгээр номлож, Есүс Христийн тухай хамгийн чухал гэрчийг гэрчлэх боломжтой.

Би Мормоны Ном Бурханы бэлэг, хүчээр орчуулагдсан гэдгийг гэрчилж байна. Энэ бол Есүс Христийн тэнгэрлэг байдал, Иосеф Смитийн бошиглох дуудлага, энэ Сүмийн гарцаагүй үнэний талаарх Бурханы няцаашгүй гэрч юм. Энэ нь гэрчлэлийн маань тулгуур чулуу болдог бөгөөд бид хөрвүүлэгдсэн леменчүүдтэй адил “хэзээ ч итгэл алдраагүй” (Aлма 23:6) хэмээн яригдах болтугай. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Эмма Смит, in “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, 1879 оны 10-р сарын 1, 289, 290.

  2. Эмма Смит, in “Last Testimony of Sister Emma,” 290.

  3. Мормоны Номын “Гурван гэрчийн гэрчлэл” болон “Найман гэрчийн гэрчлэл”-ийг үзнэ үү.