Бат бөх үндэснээс барьж авсан нь
Мелсида Хакобян, Армени
Би Орост сургуулийн сурагч байхдаа ойд баавгайтай тулгарсан хоёр хөвгүүний тухай айдас хүрмээр нэг түүхийг уншиж билээ. Хэдэн жилийн дараа намайг багш болсны дараа хэдэн найз маань мөөг түүх явах тухайгаа хэлж намайг хамт явах уу гэлээ. Би явахаас айж байсан ч зөвшөөрлөө.
Би ойд очоод баавгайтай тулгарвал өөрийгөө хамгаалах гэж саваа мод олж авлаа. Найз нар маань хайсан бор мөөгөө удалгүй олов. Харин би хурц улаан үзүүртэй мөөг хайсаар өөр тийшээ ганцаараа явчихсан байв.
Би мөөг хайж яваад халтирч унав. Мөөгний сагс агаарт дээш шидэгдсэн ч, би саваанаасаа чанга гэгч зуурсан байлаа. Босох гэж оролтол газар шавартай, халтирамтгай байлаа. Намагт орчихсоноо мэдээд айсан гэдэг нь! Усны гутал минь усаар дүүрч, би живж эхлэх нь тэр. Хөлөө сугалахыг хичээх тусам бүр гүнзгий шигдэж байлаа. Бүсэлхийгээрээ хүртэл шаварт шигдэх үед ёстой л толгойн үс арзасхийх шиг болов.
Найз нараа дуудсан ч зөвхөн тэмээлзгэнэ дүнгэнэх, мэлхий гуаглах л сонсогдоно. Уйлах үедээ гэнэт эмээгээ саналаа. Эмээ ямар нэг эвгүй байдалд орсон үедээ залбирдаг байж билээ. Тэр намайг дандаа л залбир гэдэг байсан ч, “Бурхан байхгүй шүү дээ” гэж би хариулдаг байв.
Гэвч намагт улам гүнзгий шигдсэн үед би тусламж хүсч Бурханыг дуудан залбирахаас өөр юу ч хийж чадахгүй болсон байлаа. “Та үнэхээр байдаг бол, надад туслаач!” гэж би хашгирлаа.
Бараг л тэр даруйд “Итгэ мөн бүү ай. Модны бөх ёзоороос барьж ав” гэж хэлэх намуухан дууг хоолойг сонслоо.
Эргээд хартал миний ард том мод байв. Саваагаа ашиглан модноос зуурч авч амжлаа. Ямар нэг зүйл намгаас өөрийгөө суга татан гаргах хүчийг надад өгсөн юм.
Нэл шавар болсон би газар дээр унаж, залбиралд минь хариулсан Бурханд талархлаа. Одоо би Бурхан байдагт итгэдэг болсон. Би Бурхан оршдогийг мэдэрч, дууг нь сонссон. Намгаас өөрийгөө гаргах хүчийг Тэр надад өгсөн юм.
Бошиглогч Иосеф Смит Ариун ойн төгөл дэх залбиралдаа хариу хүлээн авсан тухай үүнээс хойш удалгүй бүрэн цагийн номлогчид надад заахад би тэдэнд итгэсэн юм. Юутай ч гэсэн миний залбиралд Бурхан ойд хариулсан билээ. Сайн мэдээний бат бөх үндэс сууриас барьж авснаас хойш удалгүй би баптисм хүртэж, өнөөдөр Арменийн Гюмри Салбарт үйлчилж байна.
Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх хүүхдэд хайртайг би мэднэ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсондоо би баяртай байдаг. Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авсан бусад олон адислалдаа, ялангуяа олон жилийн өмнө үл итгэгч байхад залбиралд минь хариулсанд би бас баяртай явдаг билээ.