2009
Бусдыг болон өөрийгөө өргөн дэмжих нь
2009 оны аравдугаар сар


Бусдыг болон өөрийгөө өргөн дэмжих нь

Кати Витейкер Маршалл, Вашингтон, АНУ

1990 оны Талархлын өдөр байлаа. Би дөнгөж гэр бүлээсээ салсан хүндхэн байдалтай, танихгүй хотод хуулийн ангийн нэгдүгээр курсийн оюутан байв. Хүүхдүүд минь амралтаараа аавындаа очихоор явсан болохоор би амьдралдаа анх удаа Талархлын өдрөөр ганцаараа байлаа.

Эхлээд би өөрийгөө өрөвдөн харамсаж, сэтгэлээ онгойтол уйлмаар санагдлаа. Гэвч дараа нь адислалуудынхаа тухай бодлоо. Надад хоёр сайхан хүүхэд, гоё байшин, мэдлэг боловсрол олох, Есүс Христийн сайн мэдээгээр амьдралаа удирдуулах боломж надад байлаа. Би үнэхээр олон адислалаар адислагджээ.

Талархлын өдөр ойртсон үед хуулийн ангийн хэсэг оюутан Талархлын өдрөөс өмнөхөн гэр оронгүй хүмүүсийг хооллох үйлчлэлд туслахаар орон нутгийн сүм уруу очихоор төлөвлөж байсныг би мэдлээ. Би гэртээ ганцаардаж, уйтгарлан сууснаас оюутнуудтайгаа нэгдэж, үйлчлэлд тусласан нь дээр гэж шийдэв.

Хэдхэн хоногийн дараа би өлссөн, баярлаж талархсан, амьдралд хөлөө алдсан хүмүүст төмсний халуун нухаш аягалж байлаа. Өөрийнхөө төлөө харууссанаас бус харин Бурханы бүх хүүхдүүдийн амьдрал ахуй ямар байгаа нь хамаагүй тэднийг хайрлах хайрын улмаас нүдэнд минь нулимс цийлэгнэж билээ.

Талархлын өдөр шарсан цацагт хяруулгүй бол баярын өдөр байж чадахгүй юм шиг надад санагдав. Гэвч 6 кг цацагт хяруул надад хэтэрхий их байсан учир би өөр орнуудаас болон алс холын мужуудаас ирсэн хэдэн оюутанг урив. Би Америкийн уламжлалт талархлын өдрийн зоогийг хуваалцахыг хүссэн ч тэднийг мөн хувь нэмрээ оруулахыг хүсэв. Хүн бүрийг гэрээсээ дуртай нэг хоолоо авчрахыг хүссэн юм. Бидний Талархлын өдөр мартагдахын аргагүй, баярын өндөгтэй ороомог бусад олон сайхан хоолоор арвин баялаг болж өнгөрөв.

“Болгоогтун, би та нарт эдгээр зүйлийг та нар мэргэн ухааныг сурч болохын тулд хэллээ; та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Мозая 2:17) хэмээн Хаан Бенжамин тунхагласан.

Талархлын тэр өдөр би мэргэн ухаанд суралцсан юм. Гэртээ ганцаараа уйтгарлан сууснаас үйчлэлийг санал болгосноор би баяр баясгаланг олсон билээ. Үйлчлэл бол зөвхөн баярын үед төдийгүй, бидний амьдралд ямар нэг юм дутагдаж үгүйлэгдсэн үед, бас ямар ч үед аз жаргалын түлхүүр байдаг билээ. Бидний амьдрал ахуй ямар ч байсан хаанаас ч тусламж хэрэгтэй хэн нэгнийг олж болно. Бид ах эгч нараа өргөн дэмжсэнээр бас өөрсдийгөө өргөн дэмждэг.

Гэртээ ганцаардаж, уйтгарлан сууснаас сүм дээр очиж тэдэнд туслах нь дээр гэж би шийдсэн юм. Хэдхэн хоногийн дараа би өлссөн хүмүүст төмсний халуун нухаш аягалж байлаа.