Би юү? Израилын Хоньчин гэж үү?
Би Сүмд бусдад үйлчлэхээр ялангуяа идэвх султай болсон гишүүдийнхээр зочилсон мянга мянган уулзалтад оролцож, гэрч нь болсон хүн. Эдгээр уулзалтуудын үеэр Сүнс гайхамшигтайгаар юүлэгдэж байсныг би гэрчилж байна.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг бусдаас ялгаатай болгодог нэг онцлог бол бие биедээ үйлчилдэг “цалингүй удирдагчид” буюу хоньчдыг томилдог явдал мөн. Манай Сүмийн тойрог, салбар, гадас, дүүргүүдэд шашны цалингүй ажилтнууд байдаг. Мөн гишүүд бие биедээ үйлчилдэг.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бүр Израилын хоньчин байх дуудлагатай байдаг. Гишүүн-хоньчид бишопын болон салбарын ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд санваартны болон туслах байгууллагуудын удирдагч, бичиг хэргийн ажилтан, нарийн бичгийн дарга, багш нар, түүний дотор гэрийн болон айлчлагч багшаар гэх мэт бусад олон дуудлагад үйлчилдэг.
Хоньчдыг томилоход нэлээд хэдэн нийтлэг зүйл байдаг. Тэжээж, урамшуулан дэмжиж, үйлчлэх хонь хүн бүрд байдаг. Хүн бүрийг Их Эзэн Өөрийн томилогдсон үйлчлэгчдээр дамжуулан дууддаг. Хүн бүр өөрийнхөө үүрэг буюу хоньчны ажлаараа Их Эзэний өмнө хариуцлага хүлээдэг.
Алдагдсан хонийг эрэхүй
1980 онд 19 настайдаа Жозеф Серж Мерилус эх орон Гайтигаа орхиж ажил хайн Бүгд Найрамдах Доминикан Улсад иржээ. 18 сарын дараа тэрээр Гайтид буцаж ирэн, Марие Реймонде Эстерлинд хайр сэтгэлтэй болж, сүйт бүсгүйтэйгээ хамт Бүгд Найрамдах Доминикан Улсад эргэж ирсэн аж.
Тэд шинээр суурьшсан орондоо гэр бүлийн амьдралыг эхлэх үед Жозеф сүнслэг байдлаар цангаж буйгаа ойлгожээ. Тэд хэд хэдэн сүмд очсон боловч испани хэлтэй оронд Гайтийн креоле хэлээр хэл нэвтрэлцэж, ойлголцох нь хэцүү байв. Эцэстээ тэд өөрсдийг нь сүмд урьсан Хожмын Үеийн Гэгээнтэн хоёр номлогчтой уулзжээ. Жозеф Марие хоёр хэдэн удаа цуглаанд оролцож, номлогчид тэдэнд ярилцлагыг испани хэлээр тэвчээртэйгээр заасны эцэст тэр хоёр 1997 оны 9-р сард баптисм хүртжээ.
Жозеф Ням гарагийн хичээлийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэхээр дуудагдаж, дараа нь салбарын ерөнхийлөгчийн зөвлөх, хожим нь салбарын ерөнхийлөгчөөр үйлчилсэн. Гэвч олон юман дээрх үл ойлголцол, гомдол нь Жозеф Марие хоёр таван хүүхдийнхээ хамт идэвхгүй болж, орон нутгийн Сүмийн гишүүдийн ихэнх нь тэднийг мартахад хүргэжээ.
Дараагийн долоон жилд тэд дахиад дөрвөн хүүхэдтэй болж, Гайтигаас ач дүү, зээ охин дүү нь амьдрахаар иржээ. Жозеф маш их хүч чармайлт гаргаснаар испани, англи хэлээр чөлөөтэй ярьдаг болж, орон нутгийн нэг компанид англи, гайтийн креоле хэл заах болжээ.
2007 оны 7-р сард Их Эзэний алдагдсан хоньдыг эрэх явцад санваартны хоёр удирдагч эднийд хүрч ирсэн аж. Жозеф, Марие хоёр долоон жил сүмийн цуглаануудад оролцоогүй ч сайн мэдээний тухай гэрчлэл нь тэдэнд хэвээр байгааг тэд мэджээ. Удирдагчид тэднийг сүмд эргэж очихыг урихад маргааш нь тэд арван гурвуулаа очсон гэнэ. Тэд тэр үеэс хойш сүмд байнга явсаар байна.
Өнөөдөр Жозеф Бүгд Найрамдах Доминикан Улсын баруун өмнөд хэсэгт байдаг Барахонад салбарын номлолын удирдагчаар үйлчилж байна. Түүний хоёр том хүү бас салбарын удирдлагад үйлчилж байгаа бөгөөд ач хүү нь Залуу Эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр шинээр томилогдсон юм. Саяхан эднийхэн ариун сүмд явж, мөнхийн гэр бүл болон лацдан холбуулсан аж.
Бодоод үз л дээ. Алдагдсан 13 хонь олдож, хоёр хоньчин-гишүүн тэднийг олоод, энэ гэр бүлийг Их Эзэний сүрэгт эргүүлэн авчирч, тэжээн хариулж байна. Алдагдсан хоньдыг эрж хайх нь бидний үүрэг юм. Дээрх хүмүүс үүний үр дүнд л энэхүү гэртээ эргэж ирсэн юм.
Би Сүмд идэвх султай болсон хүмүүстэй очиж уулзсан мянга мянган уулзалтад оролцож, гэрч нь болсон хүн. Эдгээр уулзалтуудын үеэр Сүнс гайхамшигтайгаар юүлэгдэж байсныг би гэрчилж байна. Тэднийг сүрэгтээ эргэн ирэхэд баяртай байхыг, алдагдсан олон хонь эргэн ирж, Их Эзэний сүрэгт нийлж, бүрэн идэвхтэй болохыг би харсан хүн. Хүмүүс Сүнсийг мэдэрч, адислалуудыг гэрчилж, нулимс унагаж, гэрчлэлүүдийг хуваалцаж, залбирч, тэдгээр нь хариулагдаж мөн хайраа илэрхийлэхийг би олонтаа харсан. Хүмүүсийн амьдрал өөрчлөгдөхийг би харсан хүн.
Сүргийг тэжээх нь
МЭӨ 592–570 оны орчимд Бурхан хайхрамжгүй хоньчдын тухай Өөрийн бошиглогч Езекиелд ярьсан юм. Тэдний хайхрамжгүйн улмаас сүрэг бутран тарсан байдаг. Тэдгээр хоньчдын тухай Их Эзэн өгүүлсэн нь:
“Хүний Хүү Израилын хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэдгээр хоньчдод Эзэн Бурхан ийнхүү айлдаж байна[:]… хоньчид нь хонин сүргээ тэжээх ёстой бус уу? …
“Эмгэгтэй нэгнийг та нар эс тэнхэрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг нь та нар үл боож, бутарсныг нь та нар эс буцааж, гээгдсэнийг нь эс хайв. …
“… Тийм ээ, миний хонин сүрэг газрын бүх гадаргаар тараагдсан. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга байв.
“Эзэн Бурхан ийнхүү айлдаж байна; … Би тэднээс Өөрийнхөө хонинуудыг шаардана” (Eзекиел 34:2, 4, 6, 10).
Бид цуглааны олон өрөө, танхим бүхий сүмтэй болоод байна. Бид сүмд ирдэг хүмүүсийг сүнслэг байдал болон сэтгэл санааны хувьд өсгөн бэхжүүлэхэд их хүч чармайлт гаргаж тэжээдэг ч сүмд ирэх замаасаа төөрсөн тэднийг яах вэ?
Би Сүмд үйлчлэх дуудлага хүлээн авсан л бол, түүнд үйлчилж, анхаарал тавих бурханлиг үүрэг хүлээсэн, хонь надад байх ёстой. Жишээ нь, би багш байлаа гэхэд зөвхөн хичээлдээ суудаг хүмүүсийн хувьд төдийгүй бас ирэхгүй байгаа хүмүүсийн хувьд ч хоньчин юм. Тэднийг олж, тэдэнтэй танилцан, найз нь байж, хэрэгцээг нь хангахын төлөө үйлчилж, тэднийг хонин сүрэгт буцаан авчрах үүрэг надад байдаг.
Тэднийг буцааж авчрах нь
Гишүүн-хоньчид бид Лук 15 дахь сургаалыг санаж, тунгаан бодох юм бол амжилт олох болно. Их Эзэн энэ бүлэгт алдагдсан хонь, алга болсон мөнгөн зоос, үрэлгэн хүүгийн тухай сургаалт үлгэрүүдийг заасан байдаг. Энэ гурван үлгэрт “ямар нэгэн зүйл алдагдаад” дараа нь эргэж олдсон байдаг. Алдагдсан хонины тухай сургаалт үлгэрт Их эзэн ийн асуужээ:
“Та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ?
“Тэгээд хонио олбол, тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн,
“Гэртээ ирээд анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудаж, “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ.
“Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвт хүнээс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно (Лук 15:4–7).
Энэ сургаалт үлгэрт ердөө ганцхан хонь төөрч алга болсон бол, ийм тохиолдол манай тойрог, салбаруудад ховорхон байдаг шүү дээ. Гэвч сүргээс тасарч алдагдсан хонины тооноос үл хамааран, уг сургаалт үлгэрийн утга санаа адил юм.
Алдагдсан хоньд эргэж ирэх явц хэр зэрэг удаан байх ёстойг сургаалт үлгэрт заагаагүй. Бидний хэр хоньчид байх хүч чармайлтын үр дүнд зарим хоньд нэг удаагийн очилтоор эргэн ирж болох ч бусад нь байнгын, эелдэг уриалгахан урам дэмийг хэдэн жилийн туршид шаардах болно.
Ах эгч нараа эргүүлж авчрах явцад “сүрэгт … бидний буцаан авчирч байгаа” хоньд нь “Хоньчны зүрх сэтгэлд эрхэм үнэ цэнэтэй”1 бидэнд бүү мартуулаач.”1 Тэрбээр хоньдыг нэг бүрчлэн таньдаг мөн хүн нэг бүрийг төгс хайраар хайрладаг. Тэд бол Түүнийх учраас, хэрэв бид гуйж, Сүнсний дуу хоолойг сонсвол Тэрээр биднийг удирдан чиглүүлж, бидний хэлэх зүйлд сүнслэгээр нөлөөлөх болно. Бид Ариун Сүнсний хүчээр дамжуулан чин сэтгэлээсээ даруухнаар тэдэнд хүрч ажиллавал олон хүн нааштайгаар хариу үйлдэл үзүүлэх болно.
Их Эзэнээс бидний хүн нэг бүрд хариуцуулж өгсөн хоньдын талаар хүлээсэн ажил үүргийнхээ тайланг Түүний өмнө амжилттай тавихын тулд үүргээ санацгаая.